| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2019/0056/Э/ |
| Дугаар | 55 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Н.Мөнхбат
Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
Хохирогч Н.А
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д-О-д холбогдох 1916000820065 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт Д-н О.
Шүүгдэгч Д.О-н "...2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 0-0 тоотод хохирогч Н.А-г зодож, биед нь зүүн дээд зовхинд шарх гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Д.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Дүүгийн гэрт агсам согтуу тавьсан. Хэл амаар доромжилж айлын амгалан тайван байдал алдагдуулсан ... Гуя руу нь өшиглөж, шанаа руу нь 2 удаа цохисон ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Н.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би Д.О-н дүүгийнд очсон. Манай найз Л бид хоёр манай гэрт байхад П дуудахаар нь Л-н найз охин бид гурав тэднийд очсон. Бид хэд очоод нэг пиво уусан. Тэгээд П бид хоёр хоорондоо жоохон маргалдсан. Гэхдээ агсам согтуу тавиагүй. Тэгээд П хүүхдээ тэврээд дуугүй гараад явсан. Удалгүй гадаа машин ирж зогссон. Тухайн машинаас гурван хүн бууж ирсэн. Тэгээд намайг зодсон... Нүд хөмсөг рүү хоёр удаа цохисон. Тэгээд би ухаан алдаад унасан. Босоод ирэхэд хөмсөг задарсан байсан. Тэгээд бид хэд явсан ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Г.С-н мөрдөн байцаалтад өгсөн “... манай хамар хашааны Дашпунцагийн гэрт хүмүүс орлилдоод байхаар нь би эхлээд гэр лүү нь ороход хохирогч гээд байгаа залуу баруун талынх нь орны хажууд сууж байсан ба хажууд нь явж байсан 1 залуу, хүүхэн 2 нь эрүүл байсан ... зүүн талын хөмсөгний тэр хавьд шалбарсан байсан..." гэсэн мэдүүлэг /ХХ19-20/,
Гэрч Д.Г-н мөрдөн байцаалтад өгсөн "... би авга ах С-т Э орлиод байна зодолдож байгаа юм шиг байна чи орж үзээтэх гэсэн. Тэгээд С бид 2 гэр лүү нь ортол зүүн талын орон дээр Д-н эхнэр Э ухаан алдсан байдалтай байсан. Тэгээд тэнд байсан тэр хүмүүсийг гаргаж явуулаад гэрлүүгээ орсон ... зуухны хажууд зүүн талын хөмсөгний хажууд шалбарсан байдалтай байсан..." гэсэн мэдүүлэг /ХХ21/,
Гэрч М.Э-н мөрдөн байцаалтад өгсөн "... О ахын дүү нар гэр рүүгээ яв гэж хэлтэл Лхагваа нь эд нар ямар сүртэй юм бэ? гэж хэлээд гаднаас чулуу барьж орж ирээд О-н толгой руу нь 1 удаа цохисон. Тэгээд О ах А-н гараараа нүүрлүү нь цохиж байсан ... орон дээр А-тай барьцалдаж аваад О ах нүүр лүү нь цохиж байсан..." гэсэн мэдүүлэг /ХХ26-27/,
Гэрч Б.С-йн мөрдөн байцаалтад өгсөн "... Д-н ах зодолдсон би зүрх муутай болохоор айгаад гараад явсан. Удалгүй би гэрт нь ортол А ухаан алдаад унасан байсан ... Тэгээд буцаад ороод иртэл А-н баруун талын хөмсөг хэсэг рүү нь цохисон байсан..." гэсэн мэдүүлэг /ХХ28-29/,
Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтад дахин өгсөн "... А надаас архи нэхээд дайраад байсан. Тэгээд маргалдсан ... манай ах О А-н нүүр лүү нь гараараа 1-2 удаа цохисон. Мөн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн..." гэсэн мэдүүлэг /ХХ59-60/,
Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаартай “... 1. Иргэн А-н биед гэмтэл учирсан байна.
2. Иргэн А-н зүүн дээд зовхинд бохирлогдсон шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн шанаанд идээ болон цусан бүлэн гэмтэл тогтоогдпоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цусны бүлэг тогтоох шаардлагагүй болно..." гэсэн дүгнэлт /ХХ36-37/,
Шинжээч Д.Даваахүүгийн мөрдөн байцаалтад өгсөн "...А-н биед үүссэн гэмтлүүдээс зүүн дээд зовхинд үүссэн бохирлогдсон шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл шарх нь бохирлогдсноос болж үүснэ..." гэсэн мэдүүлэг /ХХ40-41/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О-н 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 0-0 тоотод Н.А-г зодож, биед нь зүүн дээд зовхинд шарх гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүхээс шүүгдэгч Д-О-д торгох ял оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуунь тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Хохирол хор уршгийн талаарх нотлох баримт байхгүй цаашид гарах эмчилгээний зардлыг урьдчилан тооцох боломжгүй байх тул хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн гаргасан эмчилгээ сувилгаа хийх шаардлагатай байх тул урьдчилан 500.000 төгрөг гаргуулж өгнө үү? гэх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Харин хохирогч Н.А-н мэс заслын улмаас үүссэн сорив үлдсэнийг арилгах шаардлагатай байна гэсэн хүсэлтийг хүлээн авч гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээг 1 сарын дотор авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч хохирогчийн эмчилгээний төлбөрт 382.420 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Д-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-О-д шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д-О-д сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 1.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээг 1 сарын дотор авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүгдэгч Д-О-д авсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч хохирогчийн эмчилгээний төлбөрт 382.420 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Д-О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА