Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтох Гандиймаа |
Хэргийн индекс | 183/2022/03996/И |
Дугаар | 210/МА2024/01737 |
Огноо | 2024-09-09 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/01737
2024 09 09 210/МА2024/01737
Д.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/02766 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.*******д холбогдох
Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлж, хохирол 20,400,000 төгрөг гаргуулах үндсэн,
байшингийн үнэ 36,542,016 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний өмчлөлийн улсын бүртгэлийн *******, Г-******* дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт хариуцагч Д.******* нь зөвшөөрөлгүй гэр барин амьдарч, өмчлөгч миний газраа өмчлөх, ашиглах эрхийг хэрэгжүүлэх боломжийг эдлүүлэхгүй байна.
1.2. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Нисэхийн 8-р гудамж, ******* хаягтай газрын өмчлөх эрхтэй болсон. Гэтэл уг газарт хариуцагч Д.******* нь миний зөвшөөрөлгүй 17 жил амьдарч байна. Би, удаа дараа газраа чөлөөлж өгөхийг биечлэн очиж шаардаж, хорооны Засаг даргад хандаж, мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд газраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Гэвч Захиргааны хэргийн шүүхэд хандаж дахин 2 жил гаруй цаг хугацаа алдагдуулж, энэ хугацаанд анх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс миний газар дээр зөвшөөрөлгүй байшин барьсан, намайг шүүхээр газраа чөлөөлүүлэх гээд явж байх хугацаанд байшингаа барьж дуусгаад, газрын үнэ, байршил зэргийг ашиглан үнэлгээ гаргаж энэ мөнгийг надаас нэхдэг ийм л хууль, шүүхийг ч тоохгүй болчихсон хүн. Захиргааны хэргийн шүүх миний өмчлөл мөн болохыг тогтоосон, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин ирсэн энэ хугацаанд би өөрийн өмчлөлийн газраа эзэмшиж, ашиглаж чадахгүй энэ хүн хэрүүл зарга хийж миний газарт 17 жил үнэгүй амьдарсан. Иймээс зөвшөөрөлгүй амьдарч байгаа Д.*******аас миний газрыг чөлөөлүүлж өгнө үү.
1.3. Мөн Д.******* нь миний газарт 2007 оны 3 сараас 2024 оны 3 сар хүртэл 17 жил нэг ч төгрөгийн түрээс төлөлгүй амьдарч, газрыг үнэгүй ашигласан тул сарын түрээсийг зах зээлийн ханш 100,000 төгрөгөөр тооцож 204 сарын түрээс 20,400,000 төгрөгийг гаргуулахаар шардаж байна.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Д.******* би эхнэр Т.*******гийн хамт 2007 оноос Хан-Уул дүүргийн 10-р хороо, Нисэхийн 8 дугаар гудамж, ******* хаягт оршин сууж амьдарч, одоо ч амьдарсаар байгаа билээ.
2.2. Уг газрыг ийн гээс тухайн үед авч байсан. Д. нь уг газар дээрээ гэр барин 5 жил амьдарч байгаад надад шилжүүлж өгсөн. Тухайн үед намайг газар хайж байсныг Д. нь манай найз н.аас мэдсэн байсан. Ингээд Д. болон түүний гэр бүлийн хүнтэй уулзсан. Хашаа хороог янзлаад авч болно гэж, би ч зөвшөөрч авсан. Би, тухайн үед хашааг нь битүүлж янзалж авсан. Мөн тогны өр буюу хуримтлагдсан байсан мөнгийг нь ч бас төлсөн.
Одоо уг газар дээрээ байшин барьж, түүндээ амьдарч байна. Гэтэл Д.******* гэх хүн гарч ирж газар чөлөөл, нүү гэх байдлаар дайрч давшлах болсон. Иргэн би 2007 оноос хойш 2022 оныг хүртэл 15 жил гаруй хугацаанд уг газрыг эзэмшиж, ашиглаж байна. Гэтэл энэ бүх хугацаанд огт чимээ аниргүй байж байснаа өмчлөгч гэх этгээд гарч ирснийг хүлээн зөвшөөрөхгүй, ойлгохгүй байна. Уг газар дээр газраас үл салгаж болох газарт бэхлэгдсэн миний үл хөдөх эд хөрөнгө байгаа. Газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1. Д.******* би эхнэр Т.*******гийн хамт 2007 оноос хойш Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 10-р хороо, нисэхийн 8 дугаар гудамж, ******* хаягт оршин сууж амьдарч, одоо байшин барьж амьдарч байна. Анх уг газрыг иргэн Д.гээс худалдан авч, хашааг битүүлж, янзалсан.
3.2. Гэтэл Д.******* гэх хүн гэнэт гарч ирээд газар чөлөөл, нүү гэсэн нэхэмжлэлийг удаа дараа шүүхэд гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэн би, өөрийн гэр бүлийн хамтаар уг газрыг 2007 оноос хойш 2022 оныг хүртэл 15 жил гаруй хугацаанд эзэмшиж, ашиглаж, засан сайжруулж амьдарч ирсэн. Гэтэл энэ бүх хугацаанд уг газарт амьдарч байгаагүй этгээд өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэх нэрийдлээр хөөж туугаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
3.3. Иргэн би, 2020 оноос 2022 оныг хүртэл хугацаанд Улаанбаатар хот, Хан-Уул, 10-р хороо, Нисэх 8-р гудамж, ******* хаягт 48 м.кв амины орон сууцыг барьж бий болгосон. Уг үл хөдлөх эд хөрөнгөдөө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах гэж хандахаар газар өмчлөгчийн зөвшөөрөл хэрэгтэй гэх тайлбарыг өгсөн. Шүүхээс намайг болон миний гэр бүлийг газар чөлөөл гэх шийдвэрийг гаргавал уг эд хөрөнгөө эзэмшиж, ашиглах боломжгүй болж, Д.*******д эзэмшиж ашиглах боломж бүрдэхээр байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасан. Уг эд хөрөнгийг маань газраас салгах боломжгүй газарт бэхлэгдсэн байгаа. Иргэний хуульд бусдын эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах эрхийг олж авсан этгээд үүний үнийг төлөх үүрэгтэй. Д.******* миний зүгээс үл хөдлөх эд хөрөнгөө үнэлүүлж, шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 36,542,016 төгрөгөөр үнэлсэн ба уг үнийг Д.******* нь төлөх үүрэгтэй гэж үзэж байна.
4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
4.1. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүмүүст ямар ч зөвшөөрөл өгөөгүй байхад хууль бусаар байшин барьсныг зөвшөөрөхгүй. Надтай тохиролцоогүй. Шүүхэд өгөхөд тэнд байсан үхрийн саравчаа битүүлж байшин болгосон.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Нисэхийн 8-р гудамж, ******* хаягт байршилтай 700 м.кв хэмжээ бүхий, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, ******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Д.*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Д.*******д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 20,400,000 төгрөгт холбогдох хэсгийг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 330,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Иргэний эрх зүйн харилцааны явцад иргэн, хуулийн этгээд эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 65.1.3-т Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэж заасан.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасан. Тодруулбал, Бусдын эзэмшил, ашиглалтаас хөрөнгө шаардаж байгаа этгээд нь урьдчилан иргэний эрх зүйн хүрээнд шаардлага гаргаж эрхээ хамгаалах талаар арга хэмжээ авах ба энэ нь үр дүнд хүрээгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргахаар хуульчилсан.
Д.*******гийн нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох хэргийн баримтаас харвал нэхэмжлэгч нь шүүхэд хандахын өмнө шаардлага гаргаагүй байна. Энэ нь шүүхээс гадуур урьдчилан хандах, шаардлага гаргах хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй байна.
6.2. Тус хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2024/00209 тоот магадлалаар шийдвэрлэсэн. Уг магадлалын хянавал хэсэгт хариуцагчийн барьсан байшин нь нэхэмжлэгчийн гаргасан газар чөлөөлүүлэх тухай шаардлагад хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй, уг байшин үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй байдлаас газрын бүрдэл хэсэг болох эсхүл уг газраас салгаж болох эд хөрөнгө эсэх талаар тодруулах ажиллагаа хийгдээгүй байна гэсэн.
Гэтэл анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэгчийн бичгээр шүүхэд гаргасан баримтаас харвал хариуцагчийн эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн газар чөлөөлүүлэх шаардлагад хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй хэвээр байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн.
Түүнчлэн хэрэв нэхэмжлэгчийн газар чөлөөлүүлэх шаардлагад хариуцагчийн эд хөрөнгө хамаарч байгаа тохиолдолд хариуцагч уг эд хөрөнгөө газраас салгах боломжтой эсэх талаар талуудын мэтгэлцээн өрнөх учиртай байхад энэ талаар мэтгэлцээн анхан шатны шүүхэд өрнөөгүй.
Нөгөөтэйгүүр, Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн газар чөлөөлүүлэх шаардлагад хариуцагчийн эд хөрөнгө хамаарахгүй байгаа тохиолдолд сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн талаар шийдвэрлэгдэх учиртай.
6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан. Иймээс шүүхээс гарч буй шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, захирамж заавал биелэгдэх учиртай бөгөөд үүнийг хэргийн оролцогч, шүүх, шүүгч биелэлтийг хангах учиртай.
Хэрэгт авагдсан баримтаас харвал 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/Ш32022/19945 тоот захирамжаар гэрчээр Т.*******г асуухаар шийдвэрлэсэн боловч уг гэрчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуугаагүй шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
6.4. Д.******* нь 2007 оноос хойш Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 10-р хороо, Нисэхийн 8 гудамж, ******* хаягт оршин сууж амьдарч, одоо ч амьдарч байна. Анх уг газрыг иргэн Д.гээс тухайн үед худалдан авсан. Д. нь хашаа хороог нь янзлаад авч болно гээд тодорхой хэмжээнд мөнгөн төлбөр тохирч авсан.
Д. нь уг газар дээрээ 5 жил амьдарч байгаад 2007 онд надад шилжүүлсэн. Д.******* нь эхнэр Т.*******гийн хамт уг газарт ирээд хашаа хороог нь битүүлж, янзалсан. Мөн тогны өр буюу хуримтлагдсан байсан мөнгийг нь төлсөн. Одоо уг газар дээрээ байшин барьж амьдардаг.
Гэтэл Д.******* гэх хүн нь уг газарт Д.******* 15 жил гаруй /өнөөдрийн байдлаар 17 жил/ хугацаанд амьдарсны дараа гэнэт гарч ирээд ... газар чөлөөл, нүү... гэсэн нэхэмжлэлийг удаа дараа шүүхэд гаргасан нь үндэслэлгүй. Учир нь:
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна, 82 дугаар зүйлийн 82.1-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан тул хариуцагчийн зүгээс газрыг чөлөөлөхөөс татгалзаж байна.
Нэхэмжлэгч нь уг хугацаанд эрхийн зөрчлийн талаар мэдэж байсан боловч шаардлага гаргалгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна.
6.5. Иймд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/02766 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл байхгүй. Тухайн газрыг нэхэмжлэгч өөрийн өмчлөлөө чөлөөлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд Нийслэл болон дүүргийн Засаг дарга нарын зүгээс тухайн өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлж өг гэх процесс байхгүй. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг үндэслэж, хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн хэргийн материалд тухайн газрыг худалдаж авсан гэх баримт байхгүй. Хариуцагчийн зүгээс эд хөрөнгийг гаргуулж, өмчийн асуудлыг орхигдуулсан гэж маргасан. Анхан шатны шүүхээс хариуцагчийн ямар өмчлөлийн зүйлийг орхигдуулж шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Хариуцагчийн зүгээс өөрийн өмч болохыг тогтоож чадаагүй атлаа өөрийн өмч гэж маргадаг. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нотлох баримт гаргуулан авсан баримт нь хавтаст хэргийн 57-59 дүгээр талд авагдсан.
7.2. Нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр анхан шатны шүүхэд хандахад тухайн газарт уг байшингийн хундамыг тавьж байсан. Гэвч хариуцагч нь анхан шатны шүүх хуралдааны явцад тухайн хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлж байхад уг барилгыг барьж дуусгасан гэх тайлбарыг гаргадаг. Мөн хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа бид нар 2022 онд тухайн байшинг барьж дуусгасан гэж дурдсан. Мөн уг хэрэг маргааны үйл баримтыг тодруулахын тулд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийсэн. Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахад анхан шатны шүүх нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нотлох баримт гаргуулж, хэрэгт хавсаргасан. Уг нотлох баримтуудаар тухайн газар нь Д.*******гийн өмчлөлийн эд зүйл гэдгийг тогтоосон. Гэрч оролцуулах тухай шүүгчийн захирамж гарснаас хойш нийт 3 удаа шүүх хуралдааныг товлосон. Анхан шатны шүүх хуралдааныг эхлэх болгонд талуудаас тодруулж асуухад тухайн хүсэлтийг дэмжсэн хандлага гаргаагүй. Гэрч оролцуулах хүсэлтийг хангахын тулд анхан шатны шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулсан. Тухайн гэрч нь хариуцагчийн эхнэр боловч анхан шатны шүүх хуралдаанд өвчтэй учраас ирж чадаагүй байх тул шүүх хуралдаанд заавал оролцуулна гэж тайлбарладаг. Гэвч тухайн өдрөөс хойш 3 удаагийн анхан шатны шүүх хуралдааны явцад гэрч оролцуулах талаар дурдаагүй атлаа давж заалдах шатны шүүхэд уг асуудлаар гомдол гаргасан нь үндэслэлгүй. Уг хэрэг маргаан нь 4 жилийн турш үргэлжилж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Нисэхийн 8-р гудамж, ******* хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-*******, улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг чөлөөлүүлж, 20,400,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 36,542,016 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, газар чөлөөлөх шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Харин тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйл, заалт оновчтой бус болсныг залруулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зохицуулсан.
Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нь шаардаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх учиртай, эдгээр нөхцөл хангагдсан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл бүрдэнэ.
4.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 214 дугаартай магадлалаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт холбогдох Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006.08.28-ны өдрийн Д.*******д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006.08.25-ны өдрийн 214 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2006.09.30-ны өдрийн 430 дугаар захирамжийн Д.*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох тухай Д.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-ийн 7-13 дугаар тал/
Тодруулбал, дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр талуудын маргаж буй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 8 дугаар гудамж *******од байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын эзэмших эрхийг тус дүүргийн Засаг даргын 2006 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 214 дүгээр захирамжийг үндэслэн Д.*******д олгож, 8027/05393 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон болохыг тогтоосон байна.
Иймд, маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Д.******* нь хуульд заасан журмын дагуу эзэмшилдээ авсан, энэхүү эзэмшил 2006 оноос үүссэн байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх зарчимд нийцжээ.
4.2. Улмаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар дээрх газрын өмчлөх эрхийг газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт Д.*******гийн нэр дээр бүртгэж, эрх бүхий байгууллагаас ******* дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр олгогдож, нэхэмжлэгч нь газар өмчлөх эрхээ баталгаажуулсан байна. /хх-ийн 26 дугаар тал/
Дээр дурдсанаар нэхэмжлэгчийг маргаж буй газрын өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардлагыг гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ.
4.3. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, мөн зүйлийн 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаар газар эзэмших эрхийг олж авахдаа Монгол Улсын аливаа иргэн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших хүсэлтийг бүрдүүлбэл зохих баримт бичгийг хавсарган харъяа газрын албанд гаргах ба уг хүсэлтийг хуульд заасан хугацаанд, өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн дарааллын дагуу эрх бүхий этгээд шийдвэрлэх бөгөөд ийнхүү газар эзэмшүүлэх шийдвэр гарснаар газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосны үндсэн дээр газар эзэмших эрх үүсэх болохыг Газрын тухай хуулийн 28-34 дүгээр зүйлд зохицуулжээ.
Хариуцагч Д.******* нь хуульд заасан дээрх журмаар газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй болох нь өөрийнх нь тайлбар болон хэрэгт авагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 214 дугаартай магадлалаар тогтоогдсон. Иймд, маргаан бүхий газарт 2007 оноос хойш амьдарч буй нь хариуцагчийг хуулийн дагуу газар эзэмших эрхийг олж авсан гэж үзэх үндэслэл болохгүй тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид газрыг буцаан өгөх үүрэгтэй.
4.4. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байхыг заасан бөгөөд энэхүү зохицуулалт нь хуульд тусгайлсан заалт байхгүй тохиолдолд хэрэглэгдэнэ.
Талуудын хооронд үүссэн үл хөдлөх эд хөрөнгө буюу газар чөлөөлүүлэх маргаан нь гэрээний бус хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаагаар зохицуулагдах тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэхгүй, харин хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг.
Нэхэмжлэгч нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр газар өмчлөх эрхээ баталгаажуулсан, энэ үеэс өмчлөх эрх зөрчигдсөн тухай мэдсэн буюу мэдэх ёстой байсан гэж үзэх бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна. Уг хугацааг хэтрүүлсэн талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.
5. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс 2007 оны 3 дугаар сараас 2024 оны 3 дугаар сарын хүртэлх хугацаанд газрын түрээсийн төлбөрийг сарын 100,000 төгрөгөөр тооцож, 20,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийхгүй ба энэ нь талуудын зарчимд нийцнэ.
6. Дээр тайлбарласанчлан Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлдэг, хариуцагч нь хуульд заасан энэ журмаар эзэмших эрхээ олж аваагүй тул түүний эрх хуулиар хамгаалагдахгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшсэн, тухайн газар дээр дур мэдэн байшин барьсан нь мөн хууль бус үйлдэл болох учир түүний хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлөх нь уг газар дээрх байшинг шилжүүлэх үр дагаврыг агуулах тул ийнхүү дур мэдэн барьсан байшингийн үнэ буюу барихад гарсан зардлыг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй юм. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.
Түүнчлэн, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасныг дурдах нь зүйтэй.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дараах давж заалдах гомдол мөн хангагдахгүй. Үүнд:
7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь нэхэмжлэлийн шаардлагыг эхлээд шүүхээс өөр байгууллага, албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлэх, уг шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг заасан. Талуудын тохиолдолд хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлүүлэх журам байхгүй тул шүүхэд хандахаас өмнө зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар шаардлага гаргасан эсэх нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй. Иймд, урьдчилан шийдвэрлүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй байна.
7.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Т.*******гаас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийн үндэслэлээ зохигчид харилцаж байсан эсэх, газар эзэмшлийн асуудал зэргийг тодруулах шаардлагатай гэж тайлбарласан байх ба уг хүсэлтийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШЗ2022/19945 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэжээ. /хх-47-48 дугаар тал/
Хариуцагч нь нэхэмжлэгчийг мэдэхгүй, маргаж буй газрыг н. гэх хүнээс худалдаж авсан гэж тайлбарладаг, мөн нэхэмжлэгч нь газрын эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан болох нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 214 дугаартай магадлалаар тогтоогдсон. Энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд дурдсан нөхцөл байдлыг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар маргах эрхгүй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй буюу энэ талаар мэтгэлцээн явагдах учиргүй.
Иймд, анхан шатны шүүх Т.*******гаас гэрчийн мэдүүлэг аваагүйг буруутгах үндэслэлгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.
7.3. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт газрыг чөлөөлөх гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг ойлгоно гэж заасан.
Тодруулбал, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газар дээрх хариуцагчийн барьсан байшинг чөлөөлөх шаардлага гаргасан эсэхээс үл хамааран газар чөлөөлөх шаардлагад газрыг анхны байдалд оруулж, хүлээлгэн өгөх агуулга илэрхийлэгдэнэ.
Түүнчлэн талууд хариуцагчийн барьсан байшинг хэрхэх талаар маргаж, уг байшингийн үнэлгээг шинжээчээр тогтоолгож, мэтгэлцсэн байх тул энэ талаар мэтгэлцээн өрнөөгүй, хариуцагчийн эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн газар чөлөөлүүлэх шаардлагад хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/02766 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...106.2 гэснийг 106.1 гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 410,861 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Т.ГАНДИЙМАА