Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтох Гандиймаа |
Хэргийн индекс | 182/2021/03345/И |
Дугаар | 210/МА2024/01741 |
Огноо | 2024-09-11 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2024/01741
2024 09 11 210/МА2024/01741
Н.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2024/02399 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ц.*******д холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* ХХК
Гүйцэтгээгүй ажлын хөлс 31,337,860 төгрөгийг буцаан гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.*******, хариуцагч Ц.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Хариуцагч Ц.*******тай 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, өөрийн эзэмшил газар дээр 70.6 м.кв талбайтай канад загварын амины орон сууц бариулахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 80,248,000 төгрөгийг Ц.*******гийн данс руу шилжүүлсэн.
1.2. Дээрх ажлыг гэрээнд заасан хугацаандаа гүйцэтгээгүй, зарим нэг доголдлууд гарсан учраас гэрээнээс татгалзаж, мөнгөө бүхэлд нь буцаан авах байр суурьтай нэхэмжлэл гаргасан. Шүүхээс томилогдсон шинжээч болон өөрсдийн хийлгэсэн барилгын гүйцэтгэлийн төсөвт өртгөөр барилгын гүйцэтгэлийг 48,910,140 төгрөг гэж тогтоосон.
Иймд, ажлын хөлсөнд 80,248,000 төгрөгийн урьдчилгаа өгч тодорхой хэмжээний ажил хийгдсэн, уг хийсэн ажлын төсөвт өртөг нь 48,910,140 төгрөг болсон учраас гэрээгээ цуцлаж, илүү шилжүүлсэн төлбөр болох 31,337,860 төгрөг нэхэмжилж байна.
1.3. ******* ХХК-тай гэрээ хийсэн, тухайн компани хариуцна гэж байгаа боловч гэрээ байгуулснаас өөр байдлаар ажилд оролцоогүй. ******* ХХК-ийн нээлттэй мэдээллийн санд байгаа мэдээллээр иргэн Ц.******* нь тус компанийн гүйцэтгэх захирал ч юм уу, хувьцаа эзэмшигч юм уу ямар нэгэн хамааралгүй. Компаниар гэрээ хийгээд хувь хүн л барилга барьсан ийм харилцаа үүссэн. Иймд Ц.*******гаас зөрүү төлбөр болох 31,337,860 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч Ц.*******гийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Би анх гэрээг байгуулаад барилгын ажилд орсон. Барилгын ажлын бүх процессыг зургаар баримтжуулаад авч байсан. Чанартай материалыг ашиглаж хийсэн. Цар тахлын үе байсан болохоор материал хомсдох асуудлууд байсан. Гэхдээ аль болох хугацаа алдахгүйн үүднээс хичээж гэрээнийхээ дагуу ажлаа хийж явсан. Гэрээгээр модон угсралтаа дуусгаад гэрээнд зааснаар дараагийн санхүүжилт болох 25 хувийг авах байсан боловч Н.******* нь мөнгөө өгөөгүй. Дотор дулаалга, гипс, гадна террас, дээвэр гэх мэт бүх ажлыг хийсэн. Нэхэмжлэгчийг мөнгөө өгөх байх гэж найдаад өөрөөсөө болон компаниас мөнгө гаргаад ажлыг хийсэн. Барилгын дотор 90 хувьтай, замаск татах, паркет хийх хэмжээнд бэлэн болсон байсан. Төлбөрөө гүйцэт өгөхгүй байснаас болж маш их хугацаа алдсан.
2.2. Нэхэмжлэгчийн зүгээс Ц.*******г хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй, энэ асуудлыг компани хариуцах ёстой. Энэ талаар гуравдагч этгээдээс тодорхой тайлбар ирүүлсэн. Захирал чи төлөөлөөд зохицуулчих гээд тэр үед захиралтай би байнга мэдээлэл холбоотой байдаг байсан. Дансаа яах вэ гэхэд чи хувь дансаараа авчих гэж хэлсэн. Дансны хуулга дээр хүртэл харагдаж байгаа. Миний дансанд орсон мөнгийг бүгдийг нь барилгын ажилд зарцуулсан.
******* ХХК-ийн зүгээс тухайн барилгын ажлыг хийж гүйцэтгээд модон карказыг 15 хоногийн дотор босгосон. Тус компанийн зүгээс канад технологиор чанарын өндөр түвшинд Монгол Улсдаа танигдсан мэргэшсэн цөөхөн хэдэн инженерүүдийн нэг юм. Ц.*******гийн инженер технологи ур ухаанд суурилж тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг юм.
2.3. Гуравдагч этгээдийн зүгээс 106,000,000 гаруй төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэсэн төсвөө гаргаж өгсөн. Ажлаа хийж гүйцэтгээгүй асуудлыг ******* ХХК хариуцна. Инженерийн хувьд мэргэжлийн ажлаа нэхэмжлэгчид тайлагнаад явсан. Энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
3.1. Манай компани канад технологиор канад хаусыг мэргэжлийн өндөр түвшинд барьж, гүйцэтгэж ирсэн. Иргэн Н.*******тай 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулж 70,6 м.кв талбайтай байшинг 114,600,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон.
Дээрх гэрээг байгуулахаас 7 хоногийн өмнө миний бие Дарханд 14 хоногийн хугацаатай томилолтоор ажиллаж байсан тул Ц.*******д компанийг төлөөлж гэрээ хэлцэл хийх, компанийн захирлаар үлдээсэн байсан тул Ц.******* компанийг төлөөлж гарын үсэг зурсан.
3.2. Мөн компанийн данснаас зарлага гаргахад миний бие өөрөө байнга банк руу очих зэрэг хүндрэлтэй байсан тул Ц.*******гийн дансаар Н.*******ын гүйцэтгэлийн төлбөрийг хүлээж авсан. Гэрээ байгуулах бүхий л явцад Ц.******* нь надад тайлагнаж, надаас зөвшөөрөл авч хийсэн тул 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2104 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийг захиалагчийн өмнө ******* ХХК хариуцах ба мөн гүйцэтгэгчийн шаардах эрхийг эдлэх тул энэхүү гэрээтэй холбоотой гэрээний үүрэг, хариуцлага, гэрээнээс учирсан хохирол, гэрээ цуцлагдсан, хүчингүй болсноос үүсэх бүхий л асуудал Ц.*******д хамааралгүй, гагцхүү манай компанид хамааралтай асуудал болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
3.3. Барилгын ажлыг хийж гүйцэтгэж дуусах хангалттай боломжтой байсан боловч захиалагч санхүүжилтээ зогсоосноос бүх асуудал үүсч, бид өөрсдийн санхүүжилтээр 10 гаруй сая төгрөгийг гаргаж ажилласан. Нэхэмжлэгч маш их хэрүүлтэй, байнга дарамталж, тайван ажил хийлгүүлэхгүй санхүүжилтээ гэрээнд зааснаар шаардахад дээвэр хийчихвэл өгье гэхээр нь бид өөрсдийн санхүүжилтээр дээвэр хийсэн боловч өгөөгүй, мөн дахин гадна фасад хийчихвэл санхүүжилтийг чинь өглөө гэхээр нь мөн л хийгээд өгсөн боловч санхүүжилт өгөөгүй. Энэ маягаар захиалагчийн арга залинд автаж дотор дулаалга, цахилгаан, гипсэн хавтан, таазны рек, гадна террас гэх мэтээр явсаар барилгыг 90 хувьтай гүйцэтгэсэн боловч санхүүжилтээ өгөөгүй. Энэ барилгын ажлаас ямар ч ашиг олоогүй, харин 20 орчим сая төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ мөнгийг бид баримтаа бүрдүүлж Н.*******аас нэхэмжлэх болно.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан хариуцагч ******* овогт *******ын *******д холбогдох барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний төлбөрт илүү төлсөн 31,337,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 559,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүргийн харилцаа үүсээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан 2021.05.17-ны өдрийн Н.*******, ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх барилгын ажил гүйцэтгэх 2104 дугаар гэрээг анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Иргэн, хуулийн этгээдийн хооронд бичгээр гэрээ байгуулагдаж байгаа тохиолдолд хуулийн этгээдийг төлөөлөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зурах, эсхүл албан ёсны итгэмжлэл авсан этгээд гарын үсэг зурах ёстой.
Хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн лавлагаанаас харвал гэрээнд гарын үсэг зурсан Ц.******* нь ******* ХХК-ийн төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш, мөн хавтаст хэрэгт компанийн зүгээс гэрээ байгуулах эрхийг хариуцагч Ц.*******д олгосон эрх бүхий этгээдийн шийдвэр, итгэмжлэл байхгүй. Иргэний хуульд зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох ч Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүссэн байхыг шаардана.
Гэтэл анхан шатны шүүхээс хуулийн этгээдийг төлөөлөгчөөрөө дамжуулан гэрээ байгуулсан гэж дүгнэхдээ зөвхөн ******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн шүүхэд гаргасан тайлбарт үндэслэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
5.2. Ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн зохицуулалтыг авч үзэх юм бол хэлбэрийн хувьд тусгай шаардлага тусгагдаагүй байдаг. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээг ямар ч хэлбэрээр байгуулж болно гэсэн үг.
Хавтаст хэрэгт цугларсан баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараас харвал нэхэмжлэгч нь анхнаасаа иргэн Ц.*******тай холбогдож, ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлөө тохирсон, гэрээний төлбөрийг иргэн Ц.*******гийн хувийн дансанд шилжүүлсэн, гэрээг байгуулах болсон үндсэн нөхцөл нь иргэн Ц.*******гийн хувийн ур чадвар байсан, барилгын ажлыг Ц.******* өөрөө гардан гүйцэтгэсэн, ажлын төсвийг гаргаж өгсөн, барилгын ажилд гүйцэтгэх бараа материалын зардлыг Ц.******* өөрийн данснаасаа гаргаж байсан, барилгын ажилтай холбоотой санал, гомдлыг Ц.******* хариуцан барагдуулж байсан, гэрээний нэмэлт өөрчлөлтийг мөн Ц.*******тай байгуулсан зэрэг үйл баримт тогтоогдож байгаа. Эндээс дүгнэвэл нэхэмжлэгч болон хариуцагч Ц.*******гийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэдэг нь тогтоогдох бөгөөд анхан шатны шүүхээс дээрх үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй.
Иймд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
6. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:
6.1. Анх талуудын хооронд гэрээ байгуулагдах үед барилгын м.кв-ийн үнийг манай байгууллагаас 1,800,000 төгрөгөөр барьдаг байсан. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн төлбөрийг хямдруулаад өгөөч гэж гуйсны дагуу манай байгууллагаас нэмэгдсэн өртгийн албан татварыг нь хасах юм бол 10 хувь хямдарна гэж хэлээд 1,800,000 төгрөгөөр бодвол 127,000,000 төгрөгийн ажлыг хямдруулж 114,000,000 төгрөгийг би өөрийн хувь дансаар авсан ба тэр нь нэмэгдсэн өртгийн албан татварыг хассан учир өөрийнхөө дансаар авсан. Түүнчлэн миний дансанд орж ирсэн мөнгийг би бүгдийг нь барилга барихад зарцуулсан бөгөөд энэ нь банкны хуулгаар нотлогдоно. Нэхэмжлэгч 48,000,000 төгрөгийн ажил хийсэн гэж тайлбарладаг. Гэтэл Ковид-19 цар тахалын үед барилгад шаардлагатай зөвхөн модыг гэхэд л Канад улсаас 40,000,000 төгрөгөөр захиалан авч ирсэн байхад үүнийг нэхэмжлэгч тал ойлгодоггүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан гүйцэтгээгүй ажлын хөлс 31,337,860 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.1. Дээрх шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Ц.******* нь гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй зөрчсөн, гүйцэтгэсэн ажил доголдолтой байсны улмаас гэрээг цуцалж, ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлсэн, шинжээчийн дүгнэлтээр гүйцэтгэсэн ажлын төсөв 48,910,140 төгрөг болох нь тогтоогдсон тул ажлын гүйцэтгэлээс илүү төлсөн 31,337,860 төгрөгийг гаргуулна. Ажил гүйцэтгэх гэрээг ******* ХХК-тай байгуулсан тухайд маргахгүй боловч тус компанийг төлөөлөн гэрээнд Ц.******* гарын үсэг зурсан, мөн гэрээний дагуу ажлын хөлсийг Ц.*******гийн дансанд шилжүүлсэн, энэ гэрээний дагуу ажил гүйцэтгэхэд ******* ХХК оролцоогүй гэж тайлбарласан.
2.2. Харин хариуцагч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээ нь Н.******* болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан, уг гэрээнд компанийг төлөөлж гарын үсэг зурсан, Ц.******* нь энэ гэрээний оролцогч биш, инженерийн хувьд мэргэжлийн ажлаа нэхэмжлэгчид тайлагнаад явсан, гэрээ цуцалсны улмаас учирсан хохирлыг хариуцахгүй гэх агуулгаар тайлбарласан байна.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг захиалагчийн өмнө манай компани хариуцах ба мөн гүйцэтгэгчийн шаардах эрхийг эдлэх тул энэхүү гэрээтэй холбоотой бүхий л асуудал Ц.*******д хамааралгүй, гагцхүү манай компанид хамааралтай, ...барилгын ажлыг 90 хувьтай гүйцэтгэсэн боловч санхүүжилтээ өгөөгүй, 20 орчим сая төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ мөнгийг баримтаа бүрдүүлэн Н.*******аас нэхэмжлэх болно гэх агуулга бүхий тайлбарыг гаргажээ.
4. Нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ уг эрхийг зөрчсөн этгээдийг буюу хариуцагчийг өөрөө тодорхойлох эрхтэй боловч шүүх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд процесс ажиллагааг үр дүнтэй байхад чиглүүлэх үүрэгтэй.
Талууд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээдийн талаар маргаантай, энэ асуудлаар гуравдагч этгээд тайлбар гарган оролцож буй тохиолдолд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн удирдан чиглүүлэх, талуудын эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг хангах үүрэгтэй, энэ талаар хэргийн оролцогч нарыг чиглүүлж, хангалттай мэтгэлцүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчийн тайлбар, хэргийн нөхцөл байдлаас хамааран хариуцагч нь нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч мөн эсэх, хамтран хариуцагч татан оролцуулах эсэх, гэрээний дагуу гүйцэтгэх үүргийг хэн, хэрхэн гүйцэтгэсэн зэрэг асуудлаар талуудыг мэтгэлцүүлсэнээр хэн, хэний хооронд ямар харилцаа үүссэн болох нь тодорхой болохоос гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан ажиллагааг шүүх явуулах боломжтой.
Гэтэл анхан шатны шүүх талуудын маргаж буй зүйлийн талаар мэтгэлцэх зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй атлаа зохигчийн хооронд үүргийн харилцаа үүсээгүй гэх үндэслэлийг зааж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
5. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий хувийн сууцны төсөвт өртгийг тогтоосон Бэсгэ ХХК-ийн шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор уг дүгнэлтийг гаргасан шинжээч Д.ийг шүүх хуралдаанд оролцуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 183/ШЗ2022/11746 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна. /1хх-ийн 123, 124 дүгээр тал/
Дээрх захирамжийн дагуу шинжээч Д.ийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлд хамаарна.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчигдсөн, талуудын маргааны зүйлийн талаар мэтгэлцэх эрхийг шүүх зохих журмаар хангаагүй нөхцөлд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2024/02399 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 559,190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.ГАНДИЙМАА