| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2019/0020/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/21 |
| Огноо | 2019-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/21
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904000190020 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Д.Аянагүл
Шүүгдэгч *******- нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан барааны засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 12 дугаар гудамжны 10 тоот хашаанд оршин суух урьд 4 удаагийн ял шийтгэгдэж байсан Б овгийн ******* ******* /РД:-/
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч *******- нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Улаан эрэг” гэх газарт хохирогч ******* өөрийн гэртээ ах ******* маргалдах үед “энийг алчихъя” гээд хутгаар хохирогчийн зүүн гарыг зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Төв аймгийн ******* сумын 417 дугаар хорих ангиас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр суллагдсан. Надтай хамт ял эдэлж байсан А.Г- гэх хүн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр над руу залгаж 2018 оны 12 сард суллагдсанаа хэлсэн. Тэгээд бид хоёр уулзаж 0.75 литрийн Хараа архи аваад манай гэрт очиж уусан бөгөөд архи дуусаж байхад Г-ын дүү Д- гэх хүн утсаар яриад монгол архи барьчихсан ирсэн. Тэгээд бид 3 уг монгол архийг хувааж уусан. Улаан эрэгт байх Д-ын гэрт хамт очоод архи ууж байхад Д- над руу томорч шоронгийн хулгайч гэх зэргээр хэлж хэрүүл хийгээд байсан. Энэ үед Г- Д-д хандаж “чи жоохон аятайхан бай, битгий хүнээс хэрүүл гуйгаад бай” гэж хэлж байсныг санаж байна. Д- бид хоёр маргалдаж байхад Д- миний баруун талын чих рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн бөгөөд тэр үед Г- бид хоёрыг салгасан. Би тухайн үед согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Ямартай ч Д- гар эсгэчихлээ гээд цусаа гоожуулаад явж байсан ба миний чихнээс цус гараад байхаар нь би 00-ын цаасаар чихээ бөглөж цусаа тогтоосон...” гэсэн мэдүүлэг /хх-н 65, 66-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Г- ах болон түүний найз ******* нартай гэртээ ирээд нэрмэл архи хувааж уусан. Тэр үед *******, Г- хоёр шорон яриад байхаар нь би “...шорон орон ярихаа боль...” гэж хэлтэл Г- “би олон жил хутгаар явсан хүн шүү, Г- бид хоёр гал хам байна хошного минь” гэх мэтээр олон юм яриад байхаар нь би “чи яасан их шорон ярьдаг пизда вэ” гээд хэлсэн чинь Ганбатаар ах “чи миний гал хамын урдаас пизда гэдэг яасан том пизда вэ” гээд над руу уурлаж намайг газар унагааж 3 удаа алгадахаар нь би “ахаа та яаж байгаа юм” гэхэд ах намайг “чи яасан пизда дууддаг юм, хүнтэй хэрэлдээд байх юм” гээд намайг загнаж байхад ******* ахын араас манай гал тогооны шүүгээнээс шар иштэй хутга аваад “энийг алчихъя” гээд далайхад нь би ахыг өөрийнхөө дээрээс холдуулаад *******ийн далайсан хутганы иртэй хэсгээс нь зүүн гараараа барьж байгаад *******ийг арагш нь өөрөөсөө зайлуулж зүүн хөлөөрөө толгойн баруун тал руу нь буюу баруун чих орчимд нь нэг удаа өшиглөхөд ******* арагшаа болохдоо хутгаа шувт татаж миний зүүн гарын дунд хурууг зүссэн. Тэгээд ******* намайг ална гээд гэр тойруулж хөөсөн. Би хажуу айл руу зугтаж ороод дуудлага өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 16,17-р хуудас/
Гэрч Н. өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 цаг 52 минутад яаралтай түргэн тусламжийн 103 дугаарын утсанд Улаан эргийн орчимд нутаглах Д- гэх айлд нэг нэгнийгээ хутгалах шиг боллоо гэсэн дуудлага ирсэн. Дуудлагаар очиж Д-ын биед үзлэг хийхэд зүүн гарын дунд хуруу гүн зүсэгдэж цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/
Гэрч А.Г-ын өгсөн: “..Д-ын гэрт архи ууж байхад ******* Д- руу хандаж би “чам шиг бандиас болж шоронд суусан, надад гай болов” гэх зэргээр хэлж тэр хоёр маргалдаад байсан. Би Д-ыг хүнтэй битгий хэрүүл хийгээд бай гэж хэлээд нэг удаа алгадсан. Гэтэл тэр хоёр намайг тоохгүй маргалдаж байгаад гэрийн зуухны урд барьцалдах шиг болсон. Энэ үед Д- миний гарыг зүсээд хаячихлаа гээд орилохоор нь хартал Д-ын зүүн гарнаас цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/
Шинжээч эмчийн 09шэ/027 дугаартай “…*******ын биед зүүн гарын дунд хурууны дотор хэсэгт оёдолтой шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “... 5 дугаар хороо, Улаан эрэг гэх газраас Эрүүл мэндийн нэгдлийн хүлээн авах тасагт гар нь зүсэгдсэн согтуу хүн дуудлагаар хүргэгдэн ирлээ...” гэсэн тэмдэглэл /хх-н 2-р хуудас/
Хэргийн газрын үзлэгийн “... Багануур дүүргийн 5 дугаар хороо, Улаан эрэг гэх газар иргэн Д-ын өвөлжөөний хашаа байх ба уг хашаанд урагш харсан байрлалтай зэрэгцээ байх 2 монгол гэрийн баруун талд байрлах гэрт хэрэг үйлдэгдсэн байв...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 6-10-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцсон “..1904000190020 дугаартай эрүүгийн хэрэгт бор шаргал өнгийн бариултай, ажлын хэсэг нь 14.3 см, бариул хэсэг нь 11.5 см, нийт 25.7 см урттай 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн мөрдөгчийн тогтоол /хх-н 14-р хуудас/
Шүүгдэгч *******-ийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан “...1996 оны 01 сарын 09-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан гэмт хэрэгт 6 сарын хорих ял шийтгүүлсэн, 2002 оны 05 сарын 01 ны 29 дугаартай шийтгэх тогтоолоор 242 дугаар зүйлийн 242.2-д заасан гэмт хэрэгт 3 жил тэнссэн, 2017 оны 07 сарын 06 нд Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1201 дугаар зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 сар баривчлах ял, 2017 оны 12 сарын 12 нд Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж 2018 оны 10 сарын 14 нд ялын хугацаа дуусч суллагдсан...” гэх хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-н 104,108-120-р хуудас/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 76-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...Ял тохиролцсон байгаа. Торгуулийн 500.000 төгрөгийг 5 сарын хугацаанд төлнө...“ гэжээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч *******- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 05 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг “Улаан эрэг” гэх газарт хохирогч ******* гэртээ ах ******* маргалдах үед “энийг алчихъя” гээд хутгаар хохирогчийн зүүн гарын дунд хурууны дотор хэсэгт ташуу чиглэлтэй 6х0.2 см зүсэгдсэн шарх гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
*******- нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хутгаар зүүн гарын дунд хурууг зүссэн үйлдлээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/027 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******-ийн үйлдэл нь иргэн *******ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна.
Хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Шүүгдэгч *******-ид хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шаргал өнгийн бариултай, ажлын хэсэг нь 14.3 см, бариул хэсэг нь 11.5 см, нийт 25.7 см урттай 1 ширхэг хутгыг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь дээрхи шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ