Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 183/2023/01393/И |
Дугаар | 210/МА2024/01793 |
Огноо | 2024-09-23 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2024/01793
2024 09 23 210/МА2024/01793
С ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/02356 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ЭГ-т холбогдох,
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний дагуу олговол зохих санхүүжилтээс дутуу олгосон 552,596,000 төгрөг гаргуулах, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн УБ-02/003 дугаартай Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, худалдан авах гэрээний 2.1.7.5 дахь заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус нөхцөл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, К.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/16 тоот Коронавируст халдвар /Ковид-19/-тай иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх түр ор Дэлгэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах тухай тушаалын дагуу тус эмнэлгийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 дугаар Коронавируст халдвар /Омикрон/ халдвартай иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх түр ор дэлгэх тухай тушаалаар эмнэлгийн хэмжээнд 230 ор дэлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээний шаардлагатай бэлэн байдлыг ханган хүний нөөц, эм, эмийн хэрэгсэл, оношлуур, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, унаа шатахууны, нөөц, хүнс, бараа материалын нөөцийг хангалттай хүрэлцэхүйц хэмжээгээр тооцон авч үйл ажиллагаандаа зарцуулсан болно. Тус эмнэлэг нь ЭГ-тай байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №02-2/66 тоот гэрээний 5.8-д зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн 232 иргэний эмчилгээний санхүүжилт болох 543,365,000 төгрөгийн нэхэмжлэхээ 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 тоот албан бичгийн хамт хүргүүлсэн бөгөөд тус газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08/542 тоот албан бичгээр Улсын онцгой комиссын Ор зохицуулах баг-аас ирүүлсэн жагсаалтад байхгүй 61 иргэний 133,160,000 төгрөг, 1-2 хоног эмчилсэн 7 хүний 22,465,000 төгрөгийг, давхар нэхэмжилсэн, оношилгоо шинжилгээ бүрэн хийгээгүй 2 иргэний 4,320,000 төгрөг нийт 70 иргэний 159,945,000 төгрөгийг хассан тухай хариуг хавсралтын хамт ирүүлсэн. Бидний зүгээс дээрх 61 иргэдийн нэрсийг Улсын онцгой комиссын ор зохицуулах багаас ирүүлсэн нэрстэй тулгахад зөрүү гараагүй бөгөөд дахин бусад нэхэмжлэлүүдтэй тулгалт хийн нягталж тооцоолоход жагсаалтад нэр байхгүй, регистрийн дугаар алдаатай гэх 49 иргэний 106,700,000 төгрөгийн тооцоолол гарсан ч энэхүү санхүүжилтийг олгоогүй. Үүний дараа 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд хэвтэн эмчлүүлсэн 225 иргэний ковидын тусламж үйлчилгээний санхүүжилтийн зардал 513,060,000 төгрөгийн нэхэмжлэхийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 32 тоот албан бичгийн хамт хүргүүлсэн бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 08/1147 дугаар хариу албан бичгээр Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/33 дугаар тушаалд заасан халдварын Ковид-19 оношилгоо, эмчилгээний заавар баримтлаагүй, өвчний хүндийн зэргийн ахиулж үнэлсэн зөрчил гаргасан байх тул хяналтаар 115 иргэний 254,520,000 төгрөгийг, цахим системээр 51 иргэний 118,000,000 төгрөгийг хассан тухай хариуг хавсралтын хамт ирүүлсэн.
Эмнэлгийн зүгээс дээрх санхүүжилтээ бүрэн авахаар удаа дараа хандаж байсан боловч шийдвэрлээгүй тул Эрүүл мэндийн сайдад 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 42 тоот, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 93 тоот, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 180 тоотоор нийт 3 удаа, Монгол Улсын шадар сайдад хандан 2022 оны 11 дүгээр сарын 10- ны өдрийн 179 дүгээр албан бичгээр хүсэлт, гомдол хүргүүлсэн. Гомдлын дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2/5311 дүгээр албан бичгээр гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлыг гэрээнд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагч ЭГ-т үүрэг болгосон ч хэрэгжүүлээгүй тул Эрүүл мэндийн яамнаас өгсөн үүргийг хэрэгжүүлэхийг хүсч хариуцагч талд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн боловч шийдвэрлэсэн эсэх талаар хариу ирүүлсэнгүй. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ЭГ- болон С ХХК нарын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №02-2/66 тоот Хувийн хэвшлийн эрүүл мэндийн Байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн УБ-02/003 тоот Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ-нүүдийн дагуу олговол зохих санхүүжилтээс дутуу олгосон 552,596,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.3-т Эрүүл мэндийн даатгалын байгууллага гэж эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээдийг хэлэх ба тус байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.1 төрийн алба, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах болон бусад захиргааны эрх зүйн харилцаанд, 52.2.3 дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд гэж зааснаар нийгмийн суурь үйлчилгээ буюу нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх, иргэн даатгуулагчийн эрүүл мэндийн санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой сан бүрдүүлж ажилладаг. Иймээс Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээг байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ гэж зааснаар тусламж үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагатай Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулан уг гэрээний дагуу иргэн даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан нэхэмжлэлийн хяналтын шалгуур үзүүлэлтээр хянаж санхүүжилтийг олгож ажиллаж байна. Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын гэрээнд өөрчлөлт оруулах ямар нэгэн эрх байхгүй. Түүнчлэн манай газар болон эрүүл мэндийн байгууллагын хооронд байгуулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээтэй холбоотой маргааныг удаа дараа Захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэж байгаа болно. Иймд Сэргээн засах клиник ХХК-ийн нэхэмжлэлтэй тус газарт холбогдох иргэний хэргийг харьяаллын дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЭГ-аас 523,386,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29,210,000 төгрөгийг болон Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 11 -ний өдрийн УБ-02/003 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус нөхцөлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,990,830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 2,774,880 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
ЭГ- болон С ХХК-тай байгуулсан 2022 оны УБ-02/003 дугаартай Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.1.3-т хэрэв аль нэг тал маргааныг хэлэлцээ хийж шийдвэрлэхээр бичгээр хүсэлт тавьснаас хойш ажлын 10 хоногт, эсхүл энэхүү гэрээний 6.1.1, 6.1.2-т заасны дагуу талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бол Захиргааны хэргийн шүүхээр; гэж гэрээ байгуулахдаа харилцан тохиролцсон байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 344 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгуулсан. Дээрх хуульд зааснаас үзвэл ЭГ- нь Захиргааны ерөнхий хуульд заасан Захиргааны гэрээ байгуулан ажилладаг бөгөөд гэрээтэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэх шүүхийн харьяалалтай гэж үзэхээр байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 128/Ш32023/1860 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжид гомдол гаргах эрх нь нэхэмжлэгч талд нээлттэй байсан бөгөөд эрхээ хэрэгжүүлээгүй, анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг давж заалдаагүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 127 дугаар зүйлийн 127.5 дахь хэсэгт Хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй. гэж заасан байна. Иймд хэргийн харьяаллын асуудлыг нэг мөр шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.
4.2. Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэхдээ Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/503 дугаар тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам болон холбогдох хуулийг дагаж мөрддөг. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4,-т Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн өмчийн бүх хэлбэрийн эмийн сангаас бусад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг нь харгалзан сонгон шалгаруулах үйл ажиллагааг энэ хуулийн 14.9.11-д заасан журмын дагуу зохион байгуулах; гэж заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагатай ЭГ- даатгалын гэрээ байгуулан ажилдаг.
Магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан нь ЭГ-т шууд хамаарах асуудал биш бөгөөд Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Сэргээн засах клиник эмнэлгийн хоорондын асуудал тул учирсан гэх хохирлыг буруутай байгууллагаас нэхэмжлэх шаардлагатай гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзахдаа талуудын хооронд байгуулагдсан гэрээ, хэлцэл нь хувийн эрх зүйн харилцаанд хамаарах учраас гэрээний төлбөртэй холбоотой асуудлыг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т заасныг баримталж Захиргааны хэргийн шүүхээс гэрээтэй холбоотой хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, хэргийг хүлээн авахаас татгалзсан учраас хариуцагчийн харьяаллын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлүүлсэн. Уг нөхцөл байдлаас харахад шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзэхгүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс магадлан итгэмжлэлийн хугацааны асуудлаас шалтгаалан байгууллагад хохирол учирсан талаарх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй. Гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байх үед үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг Даатгалын сангаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. С ХХК нь Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн сайдын тушаалын хавсралтаар баталсан магадлан итгэмжлэлийн журамд заасан хугацаанд хүсэлт гаргасан гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч ЭГ-т холбогдуулан хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний дагуу олговол зохих санхүүжилтээс дутуу олгосон 552,596,000 төгрөг гаргуулах, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн УБ-02/003 дугаартай Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, худалдан авах гэрээний 2.1.7.5 дахь заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус нөхцөл болохыг тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч иргэний шүүхийн харьяалал биш, захиргааны хэргийн харьяаллын хэрэг гэж маргажээ.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээг байгуулж, үүргээ гүйцэтгэсэн боловч гэрээнүүдийн дагуу олговол зохих санхүүжилтийг бүрэн олгоогүй, санхүүжилтээс жагсаалтад нэр байхгүй, регистрийн дугаар алдаатай, эмчилгээ оношлогооны заавар баримтлаагүй, өвчний хүндийн зэргийг ахиулж үнэлсэн зөрчил гаргасан гэж хууль бусаар олговол зохих санхүүжилтээс дутуу олгосон 552,596,000 төгрөгийг гаргуулах, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний 2.1.7.5-д заалт нь төрийн байгууллагын үйл ажиллагаанаас хамааралтай харилцаа байхад эмнэлгийн байгууллагын даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтээ авах боломжгүйд хүргэх үр дагавартай тул хүчин төгөлдөр бус нөхцөл болохыг тогтоолгоно гэж тайлбарлажээ.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШЗ2023/1860 дугаар захирамжаар дээрх С ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргаагүй байна.
/хх11-15/
4. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ буюу захиргааны гэрээнээс үүссэн хохиролтой холбоотой агуулга бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
4.1. Захиргааны Ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно гэж заасан байх ба захиргааны гэрээтэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан.
5. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д нийцээгүй байна.
6. Түүнчлэн, уг нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсан талаар нэхэмжлэгч гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүхийн харьяаллыг зөрчих үндэслэл болохгүй.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/02356 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, С ХХК-ийн нэхэмжлэлтэй Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний дагуу олговол зохих санхүүжилтээс дутуу олгосон 552,596,000 төгрөг гаргуулах, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн УБ-02/003 дугаартай Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, худалдан авах гэрээний 2.1.7.5 дахь заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус нөхцөл болохыг тогтоолгох тухай ЭГ-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Ц.АЛТАНЦЭЦЭГ