Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/22

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1804002780181 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад           

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                         З.Ганцоож

Улсын яллагч                                                          Б.Оюунцэцэг

Шүүгдэгч                                                             *******, *******

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч          *******

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч                ******* нар оролцов.

           

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, зөөгч, бармен мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, .. тоот хашаанд оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан Б- овгийн ******* ******* /*******

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механикийн электроникч мэргэжилтэй, “... ажилтай, ам бүл .., ээж аавын хамт .. дүүргийн .. дугаар хороо, .. дугаар гудамжны .. тоот хашаанд оршин суух ... овгийн******* ******* /РД:../

           Прокурорын яллах дүгнэлтэд:

            ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 29-30-ныг шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж Багануур дүүргийн  1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Хэрлэн” худалдааны төвийн урд талд байрлах автомашины зогсоол дээр “хот руу гарсан такси харсангүй” гэх шалтгаанаар хохирогч бие махбодид халдаж, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэсэн, улмаар түүний жолоодож явсан эзэмшлийн “Тоёота Приус” маркийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд талын хаалганы хуванцар салхины хамгаалалтыг хөлөөрөө өшиглөж хагалж гэмтээсэн зэргээр олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,

            ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 29-30 шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******той бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж Багануур дүүргийн  1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Хэрлэн” худалдааны төвийн урд талд байрлах автомашины зогсоол дээр “хот руу гарсан такси харсангүй” гэх шалтгаанаар хохирогч бие махбодид халдаж, толгойн хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж хүч хэрэглэсэн, улмаар түүний жолоодож явсан эзэмшлийн “Тоёота Приус” маркийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалгыг хөлөөрөө өшиглөж хонхойлгож гэмтээсэн зэргээр олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 11 дүгээр байрны 29-ний өдрийн 21 цаг өнгөрч байхад , нарын хамт Багануур дүүрэгт ирээд найз *******тай уулзаж Их суудал бааранд орсон. Бааранд үйлчлүүлж байхдаа 0.75 литрийн 2 шил архи болон пиво захиалж уусан. ******* бааранд хэдэн залуучуудтай маргалдаад байсан бөгөөд манай найзууд тэр залуучуудаас уучлалт гуйгаад гараад явсан. *******ыг дагуулаад ширээн дээрээ очиж суусан чинь ******* хоосон архины шилийг гараараа цохиж хагалаад гараа зүсчихсэн. Тэгсэн чинь бид нарыг баарнаас гар гээд гаргасан. Түүнээс хойш болсон асуудлыг сайн санахгүй байна… Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Машиныг нь маргааш өглөө харсан чинь хаалганы хөмсөг болон хаалган дээр нь миний гутлын мөр байсан тэгээд би өөрийгөө өшиглөсөн гэж бодсон…Архи хэтрүүлэн хэрэглэснээс болсон зүйлийг санахгүй байна…” гэсэн мэдүүлэг /хх-н 50-51, шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр миний төрсөн өдөр найз *******, Г, М нар Улаанбаатар хотоос ирсэн. Бид нар Их суудал бааранд 20 цаг өнгөрч байхад орж 2 шил 0.75 литрийн архи болон хүний 2 ширхэг пиво захиалж уугаад 23 цаг өнгөрч байхад баарнаас гарсан. Манай найз , нар хот руу явна гээд ******* бид хоёрыг орхиод явчихсан. ******* бид хоёр Г, М нарыг хайж Хэрлэн худалдааны төвийн зогсоол руу очсон бөгөөд тэнд зогсож байсан хүрэн өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочоос Улаанбаатар хот руу явна гэж 2 охин ирсэн үү гэж асуухад “би яаж мэддэг юм” гээд ууртайгаар өөдөөс хариулсан. Тэгэхээр нь таниас зүгээр асууж байна шүү дээ харсан бол хэлээд өгөөч гэхэд “би харах ёстой юм уу” гэхээр нь би цонхных нь завсраар гараа оруулж түүнийг татахад өөрөө буугаад ирсэн. Тэгсэн чинь ******* жолооч залуугийн өгзөг хэсэг рүү өшиглөсөн бөгөөд нөгөө залуу зугтаад явчихсан. Би түүний араас хөөгөөд гүйцээгүй бөгөөд жолоочтой хамт явж байсан залуу та нар болиоч гэж хашгирч байсан. Тэгээд буцаад машин дээр ирэхэд ******* жолоочийн суудал дээр сууж байсан, би *******ыг машинаас буулгахад ******* машины урд талын хаалгыг 1 удаа өшиглөсөн бөгөөд би арын хаалгыг нь 1 удаа өшиглөж хаасан. Тэгээд байж байтал цагдаагийн машин ирэхээр нь 8 дугаар байр чиглээд зугтаасан бөгөөд хайлшин хашаанд бүдэрч унаад цагдаад баригдсан. Автомашины баруун хойд хэсэгт нь өшиглөсөн. Хохирогчид 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч гомдол саналгүй гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 57-58 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 30-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад аавын эзэмшлийн БРА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байгаад У- гэх зүс таних залуутай тааралдсан. Тэгээд бид хоёр Хэрлэнгийн зогсоол дээр зогсож байхад машины хойд хаалгыг нэг залуу татаад “хот руу такси гарсан уу” гэж асуухаар нь би хараагүй мэдэхгүй байна гэж хариултал, чи яахаараа хардаггүй юм гэж хэлээд миний хамар руу 2 удаа цохиж, миний толгой дагз хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Энэ үед надтай хамт явсан У- гэх залуу та нар болиоч гэж хашгиртал намайг зодож байсан 2 залуу У- руу дайрсан бөгөөд тэр үед У- зугтаасан. Тэгсэн чинь нөгөө хоёр залуу миний машины жолооч талын хойд урд хаалга, дээд хөмсөг зэргийг өшиглөж, усны хамгаалалт хагалсан. Мөн баруун талын хойд хаалга хонхойсон, гупер хагарсан байсан. *******, ******* нар миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болон надад учирсан хохирол төлбөрт 1.500.000 төгрөг төлсөн. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-10 дугаар хуудас/

Гэрч өгсөн: “... машинд суугаад Хэрлэнгийн зогсоол дээр зогсож байхад машиных  нь хойд талын хаалгыг нэг залуу онгойлгоод хот руу ямар машин гарсан бэ? хөөе гээд согтуу захирангуй дуугархаар нь “мэдэхгүй байна, унаа авах юм уу” гэж асуухад цаанаас гар нь цус болчихсон нэг залуу жолоочийн хаалгыг онгойлгоод хот руу машин гарсан уу гээд байна шүү дээ гэхээр нь “мэдэхгүй гэж хэлсэн шүү дээ”  гэж хариултал нөгөө гар нь цус болчихсон залуу Е- ахын толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би буугаад очих гэтэл Е- ах “битгий цохь, зүгээр зугт” гэхээр нь би холдоод явсан. Тэгсэн чинь эхний хаалга онгойлгосон шар царайтай залуу намайг хөөж байгаад буцаад машин руу очиж машин 2-3 удаа өшиглөж байгаа харагдсан. Тэгэхээр нь хөөе чи наад машин яаж байна гэж хэлээд яваад очтол шар царайтай залуу машины руль дээр сууж байснаа буугаад хоёулаа Е-ийг хөөж бариад авсан. Намайг харахад гар нь цус болсон залуу Е-ийг цохиж байсан. Удалгүй цагдаа нар ирэхэд нөгөө хоёр залуу Н.Авирмэдийн дэлгүүрийн зүгт гүйгээд явсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19-р хуудас/

Автомашин, техникийн хохирлын үнэлгээний “...нийт дүн 204.000 төгрөг...” гэсэн 523 дугаартай тайлан /хх-н 30-р хуудас/

Шинжээчийн 09шэ/407 дугаартай “... биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 36-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан “....******* нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан...” гэсэн хуудас /хх-н 63-р хуудас/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 66-78-р хуудас/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 сарын 09 ны өдрийн 3/2246 дугаартай “…******* нь 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй…” гэсэн албан тоот /хх-н 96-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан “...******* нь урьд ял шийтгэлгүй...” гэсэн хуудас /хх-н 83-р хуудас/

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-н 61, 79-81-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

Улсын яллагч дүгнэлтдээ: “…*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хорих ял оногдуулах, *******ын эдлээгүй  нийтэд тустай ажил хийлгэх 300 цагийн ялыг нэмж нэгтгэх саналтай…” гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгчөөс “…******* нь хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирлоо бүрэн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тиймээс эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү…” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгчөөс “…******* нь хохирлоо бүрэн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг хамгийн багаар оногдуулж нийтэд тустай ажил хийлгэх 300 цагийн ялыг нэмж нэгтгэж өгнө үү…” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

              Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.

Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй  шүүгдэгч нар маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдлаа. Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

            Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 29-30-ныг шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн  01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Хэрлэн” худалдааны төвийн урд талд байрлах автомашины зогсоол дээр “хот руу гарсан такси харсангүй” гэх шалтгаанаар

            ******* нь хохирогч бие махбодид халдаж, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэсэн, улмаар түүний жолоодож явсан эзэмшлийн “Тоёота Приус” маркийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд талын хаалганы хуванцар салхины хамгаалалтыг хөлөөрөө өшиглөж хагалж гэмтээсэн болох нь      

            ******* нь хохирогч бие махбодид халдаж, толгойн хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж хүч хэрэглэсэн, улмаар түүний жолоодож явсан эзэмшлийн “Тоёота Приус” маркийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалгыг хөлөөрөө өшиглөж хонхойлгож гэмтээсэн болох нь тус тус шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэгүүд болон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн нь хохирогч бие махбодид нь болон эд хөрөнгө болох автомашинд нь халдсан үйлдлүүдээр нь тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж зааснаар *******, ******* нарын дээрхи үйлдлийг “бүлэглэн гүйцэтгэсэн” гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгч нарын үйлдэл хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг мөн  “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, эд хөрөнгө гэмтээж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нар нь хохирол төлбөрөө барагдуулсан болох нь шүүгдэгч нарын мэдүүлэгүүд, хохирогчийн “…1.500.000 төгрөг авсан, гомдол саналгүй…” гэсэн мэдүүлэг /хх-н 9,10-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул тэднийг хохирогчид хохирол төлбөргүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа хүлээж байгаа, хохирогчид учируулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ” гэж зааснаар шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээж, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан байх тул энэ зүйл хэсгийг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар *******т тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авбал зохино.

Шүүгдэгч *******од ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь урьд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж уг ялаа эдлээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 сарын 09 ны өдрийн 3/2246 дугаартай албан тоотоор /хх-н 96-р хуудас/ тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар *******од энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажлыг хорих ялд шилжүүлж 1 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоовол зохино.

Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгч ******* нь шүүхийн шатанд 5 хоног цагдан хоригдсон болох нь шүүгчийн захирамжаас харагдаж байх тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

            Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн *******, Их тугтан овгийн******* ******* нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Их тугтан овгийн******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг /1/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн *******ыг нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******од энэ тогтоолоор оногдуулсан нэг /1/ жилийн хорих ял дээр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял буюу нэг /1/ сар долоо /7/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт нэг /1/ жил нэг /1/ сар долоо /7/ хоногийн хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******од оногдуулсан нэг /1/ жил нэг /1/ сар долоо /7/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар *******т тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, *******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь гэм хорын хохиролд 1.500.000 төгрөгийг төлсөн, хохирогч Б.Е- нь хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  10. Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  11. Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
  12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  13. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            А.БЯМБАЖАВ