Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/01803

 

 

 

 

 

 

 

 

      2024         09            23                                        210/МА2024/01803                  

 

 

 

Г.Мын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/01319 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Мын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х” ХК-д холбогдох,

 

Хны гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б-22/272 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

...2021.11.19-нд Дотоод Аудитын газраас 2021.07.10, 2021,07.24-ний өдрүүдэд банкны ажилтны цалингийн нууцлалтай данс болон цалингийн түр дансанд хандсан тодруулгын хариу тайлбар ирүүлэх талаар надад ажлын цахим шуудангаар мэдэгдсэн. Ажлын шаардлагаар цалингийн нууцлалтай дансанд хандсан тайлбараа хүргүүлсэн ба цалингийн түр дансанд хандсан шалтгаанаа санахгүй учир тодорхойлоогүй илгээсэн болно.

...Тус тайлбарыг илгээснээс хойш 2022.02.11-ний оройн 17:55 минутад шууд удирдлага буюу СБХХ-н захирал халагдах тушаал ирснийг мэдэгдэн ажлаа яаралтай хүлээлгэн өгөхийг шаардсан. ...Нууцлалтай цалингийн дансны эзэмшигчдийн зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй, тус данснуудад хандсанаар банканд ямар нэгэн бодит хохирол учруулаагүй гэж үзэж байна. Гэтэл хариуцагч банкны гүйцэтгэх захирлын 2022-02-11-ний өдрийн Б-22/272 тушаалаар ажлаас халсан шийдвэрийг 2022-02-14-ний өдөр хүлээн авсан.

Хариуцагч банк нь миний тайлбар үндэслэлтэй эсэх, албан шаардлагаар дансанд хандсан эсэхийг нягталж үзэлгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлэн ажлаас халсанд гомдолтой байна. Тус дүүргийн шүүхэд хариуцагч талаас гаргасан тайлбар үндэслэл үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч банк нь 2021.11.19-ний өдөр миний цахим шуудангийн хаягаар захиа илгээж бусдын цалингийн дансанд нэвтэрсэн шалтгаанаа тайлбарлахыг шаардсан байдаг. Энэ нь миний гар утсанд хадгалагдаж байгаа. Надад хандаж тайлбар ирүүлэхийг хүссэн тухайн өдрөөс зөрчлийг илрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн зөрчлийг илрүүлээд шалгах, нотлох хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.6 дах заалтад хамаарахгүй. Хариуцагч нь тайлбартаа 2021.07.24-нд гаргасан зөрчилд 2022.01.25-наас хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах боломжтой гэсэн нь хуульд нийцэхгүй юм. 1999 оноос хэрэгжиж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн сахилгын шийтгэлд холбогдох зохицуулалтын зөрчил гаргаснаас хойш 6 cap, илрүүлснээс хойш 1 cap гэсэн хугацаа давхцаж хэрэглэгддэг хугацаа гэдэг нь шүүхийн практикаар нэгэнт тогтоогдсон ойлголт болохыг хөдөлмөрийн эрх зүйн маргаан шийдвэрлэсэн аль ч шүүхийн шийдвэрээс харж болно. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй тул нэхэмжлэлээ дэмжиж байна

Хөдөлмөрийн гэрээний 10.2.5, 10.2.24 дахь заалтууд Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн ерөнхийлөн зохицуулсан заалтууд байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар нарийвчлан нэрлэн заасан байх ёстой. Ес зүйн хорооны шийдвэрийг үндэслэсэн гэх боловч 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ёс зүйн хороо хуралдаагүй. Шууд шийдвэрийг баталгаажуулсан. Олонхын саналаар гаргана гэсэн журамтай ч асуудлыг ямар байдлаар шийдвэрлэсэн талаар баримт байхгүй. Хурлын тэмдэглэл, хурлын шийдвэр хоёр нь 2 өөр агуулгатай. Гэтэл хариуцагч талаас хуралдааны тэмдэглэл гардаггүй гэдэг...Ажилтнаас тухайн илэрсэн зөрчилтэй холбоотой тайлбар авахдаа оногдуулахаас өмнө мэдэгдэж, тайлбар авах ёстой. Нэхэмжлэгчээс мэйл аваад мэйлийг тайлбар гэж тайлбарлаж болохгүй. Ёс зүйн хороонд өөрийгөө өмгөөлөх тайлбар гаргах эрхтэй...Харилцагч нь ажилтны зөрчлийг нууцлалтай дансдад 7 сарын 9, 7 сарын 24-ний өдрүүдэд хандсан гэж байна. Гэвч хяналт шалгалт эргэлзээгүйгээр тогтоосон эсэх, мэдээллийн эзнээс тайлбар авсан эсэх, тайлбар байхгүй, гомдол гаргагч нь харилцагч биш байна.  Ноцтой зөрчил гэж үзсэн нэг ч дүгнэлт байхгүй. 4 ангилалтын аль хэсэгт орж байгаа нь тодорхойгүй байна...Цалинг нэхэмжлэгчийн 2022.01, 2121.12, 2021.11 сарын цалин лавлагаанаас бодоход 2,169,671 төгрөг сарын, өдрийн 103,317.06 байна. Өнөөдрийг хүртэл хугацаа 25 сар 15 хоног, нийт 55,791,540 төгрөг болж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн эсэх: Худалдаа, хөгжлийн банкны Дотоод аудитын газар нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд шалгуурт суурилсан эрсдэлийн аудит хийж гүйцэтгэсэн /Аудитын шалгалт хийсэн хугацаа: 3 cap 12 өдөр/ бөгөөд Аудитын тайлан 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор гарч тус тайлангаар Г.Мын гаргасан зөрчил баталгаажсан. Г Мын сүүлд гаргасан зөрчил нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байх ба Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу уг хугацаанаас хойш зургаан cap, зөрчил илэрсэн буюу 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах боломжтой. Тус банк нь Г.Мад 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдөр Б-22/272 тоот Гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан. Ингэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэг, 123.6 дахь хэсгийг тус тус үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах хугацааг тоолж сахилгын шийтгэл ногдуулсан. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл тасалдах зохицуулалтыг хууль хэрэгжиж эхэлсэн хугацаа болох 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс аудитын шалгалтын хугацаа хийгдэж дууссан хугацаа болох 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хугацаанд тасалдуулж тооцсон.

...Ажил олгогч болох Худалдаа, хөгжлийн банк Г.Мад сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлээгүй байна.

Г.Мад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл үндэслэлгүйгээр ногдуулсан эсэх: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Хариуцагч банк нь миний тайлбар үндэслэлтэй эсэх, албан шаардлагаар дансанд хандсан эсэхийг нягталж үзээгүй гэсэн байна. Г.Ма нь тус банкны Санхүүгийн бүртгэл, хяналтын хэлтэс (СБХХ гэх)-ийн Санхүүгийн бүртгэл, хяналтын ажилтан (СБХА гэх) Б.Б, СБХХ-ийн СБХА С.М нарын дансны үлдэгдэл болон нийт ажилтнуудын цалинг олгодог Банк, салбар хоорондын тооцооны түр дансны үлдэгдлийг ажлын бус шаардлагаар, хувийн ашиг сонирхлын үүднээс тус тус шалгасан нь Шалгуурт суурилсан эрсдэлийн аудит-ын тайлангаар тогтоогдсон. 

Худалдаа, хөгжлийн банкны дансдад хандах эрхийн зохицуулалтын заавар-ын 2 дуraap зүйлийн 2.3.1 дэх заалтад заасны дагуу Банкны цалингийн түр данс болон ажилтнуудын цалингийн данс нь хандах эрхийн зохицуулалттай данс 4-д хамаарах бөгөөд зөвшөөрөл аваагүй ажилтнууд тэдгээр дансанд хандах эрхгүй байдаг...

Иймд, тус банк нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 78 дугаар зүйлийн 78.1.9 дахь заалт, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Худалдаа, хөгжлийн банкны дүрэм-ийн 9 дүгээр зүйлийн 9.10.6 дахь заалт, Худалдаа, хөгжлийн банкны Хөдөлмөрийн дотоод журам-ын 7 дугаар зүйлийн 7.2.5 дахь заалт, 7.3 дахь хэсэг, Гансүхийн Матай 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 21/1936 тоот Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн, Г.Мын Б.Б, С.М болон тус банкны нийт ажилтнуудын цалингийн түр дансны буюу нууцлалтай дансны үлдэгдлийг ажлын бус шаардлагаар, удирдах ажилтны зөвшөөрөлгүйгээр, түүний хяналтаас гадуурх зориулалтын бус программ ашиглан шалгасан үйлдлийг Худалдаа, хөгжлийн банкны Хөдөлмөрийн дотоод журам-ын 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалт, Худалдаа, хөгжлийн банкны Ёс зүйн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3,3.3.11 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.9.4.а дахь дэд заалт, 5 дугаар зүйлийн 5.15.2 дахь заалт, түүнтэй байгуулсан 21/1936 тоот Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.5 дахь заалт, түүний Ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зүйлийн 4.3.1, 4.3.3 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн ба түүний эдгээр зөрчил нь түүнтэй байгуулсан 21/1936 тоот Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.5, 10.2.6, 10.2.13, 10.2.20, 10.2.24 дэх заалтад заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарч байсан тул Ажил олгогч болох Худалдаа, хөгжлийн банк Г.Мад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мыг урьд эрхэлж байсан Санхүүгийн удирдлага, хяналтын газрын харьяа Санхүүгийн бүртгэл, хяналтын хэлтсийн санхүүгийн бүртгэл, хяналтын ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Х ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 55,791,540 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мын 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Х ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

1. Нэхэмжлэгч Г.Ма нь өөрийн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн тухайд:

Нэхэмжлэгч Г.Ма нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тухайн нэхэмжлэлд “Өнгөрсөн хугацаанд дээрх нотлох Дотоод Аудитын газрын тодруулга, зөрчлөөс өөр ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй болно. Нууцлалтай цалингийн дансны эзэмшигчдийн зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй, тус данснуудад хандсанаар банканд ямар нэгэн бодит хохирол учруулаагүй гэж үзнэ” гэж дурдсан.

Тус тайлбараас дүгнэвэл, нэхэмжлэгч Г.Ма нь нууцлалтай дансанд зохих зөвшөөрөлгүй хандсанаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх ба хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Мын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь зохигчийн тайлбарт хамаарах бөгөөд нотолгооны хэрэгсэл гэж үзэх боломжтой юм.

2. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй тухайд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа “Банк нь миний тайлбар үндэслэлтэй эсэх, албан шаардлагаар дансанд хандсан эсэхийг нягталж үзэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан гэж дурдсанаас үзвэл Г.Ма нь өөрийн зөрчлийг ноцтой зөрчил биш буюу ажлаас халах хэмжээний хариуцлага ногдуулах ёсгүй гэж үзэн, нэхэмжлэлийг гаргасан ба энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд өөрөө хэлсэн байдаг.

Гэтэл, Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.6 дахь хэсэгт шүүгч нь Г.Мын гарсан зөрчлийг ноцтой зөрчил гэж хөдөлмөрийн гэрээнд заасан байна гэж дүгнэсэн атал нотлох баримтаар тогтоодохгүй байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт гаргалгүй, хоёрдмол байдал бий болгожээ.

Мөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасантай уг шийдвэр нийцээгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл нь шаардлагатайгаа шалтгаан холбоотой байх зарчимд нийцүүлэн, шийдвэрлээгүй.

Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах болсон үндэслэлд банканд олон жил ажилласан бөгөөд зөрчлийн талаар миний тайлбар үндэслэлтэй эсэхийг нягталж үзэлгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтрүүлэн, ажлаас халсанд гомдолтой байх тул банкны гүйцэтгэх захирлын Б-22/272 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох тухай шаардлага гаргасан. Шүүхийн шийдвэрийн 8.6 дахь хэсэгт Маргааны тохиолдолд ажилтан тус зөрчлийг гаргасан эсэх марган мэтгэлцэж буй тохиолдолд ажил олгогч тухайн зөрчлийг шүүхэд шаардлага хангасан нотлох баримтуудаар нотлох үүргийг хүлээнэ гэж дүгнэсэн. Гэтэл, нэхэмжлэлийн үндэслэл нь зөрчил гаргасан эсэх асуудал биш харин зөрчлийг шалгасан эсэх болон хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн тухай байгааг дүгнэлгүй нэхэмжлэл гаргах болсон үндэслэлд хамааралгүй агуулгыг барьж шийдвэр гаргасан.

Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн 8.5 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4 дэх хэсэг, 123.6 дахь хэсэг зааснаар ажил олгогч аудитын шалгалт хийсэн хугацааг харгалзан, ажил олгогчийн санаачлагчаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэлийг хуульд заасан хугацаанд ногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл буюу "миний тайлбар үндэслэлтэй эсэхийг нягталж үзэлгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтрүүлсэн" гэх нэхэмжлэлийн үндэслэл нь үндэслэлгүй гэх агуулгатай буюу банк аудитын шалгалт хийж зөрчлийг шалгасан, мөн уг хариуцлага тооцох тухай шийдвэр нь хуульд заасан хугацаанд гарсан гэж тус тус дүгнэсэн.

Иймд, шүүхийн шийдвэр нэхэмжлэл гаргах болсон үндэслэлд хамаарахгүй буюу зөрчил гаргасан эсэх агуулгын хүрээнд үнэлэн, дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийг хэрэгжүүлээгүй тухайд:

Хариуцагчийн зүгээс Дотоод аудитын газрын А-2021/23 тоот тайлан, Г.Мын хандах эрхийн зохицуулалттай буюу дансанд хандсан үйлдлийн лог зэргийг нотариатаар гэрчлүүлсэн өгсөн ба боловч шүүх тухайн нотлох баримтуудыг хуулийн шаардлагагүй хангаагүй гэж үзэн үнэлэлгүйгээр шийдвэрийг гаргажээ.

...дээр дурдсан нотлох баримт нь шүүх хуралдааны явцад нотлох баримтын шаардлага хангаагүй нь илэрсэн ба шүүгч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулахаар байсаар байтал шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байна.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/01319 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

  

   5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалсан. Учир нь хариуцагчаас ирүүлсэн зөрчилтэй холбоотой нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу цахим мэдээллээс шууд хуулбарлаж өгсөн баримт байдаг. Тиймээс уг мэдээллүүдийг нотлох баримтаар үнэлээгүй, үнэлэх шаардлагагүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан. Гомдолд хариуцагч алдаагаа хүлээн зөвшөөрсөн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэх агуулгаар ярьсан. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагад алдаагаа хүлээн зөвшөөрсөн гэх агуулга байдаггүй. Хавтаст хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудад Г.Мын өөрийн гаргасан тайлбарууд биш болох нь тогтоогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар тайлбар аваагүй. Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар хэсгийн 2.12-т зааснаар гүйцэтгэх захирал аливаа ажилтныг ажлаас халахдаа тэргүүн дэд захиралтай зөвшилцөөгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Зөрчил тогтоогдохгүй байгаа нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Г.Маас хариуцагч “Худалдаан хөгжлийн банк” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

 Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг хянан шийдвэрлээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимтай нийцээгүй байна.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар “Х” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б-22/272 тоот тушаалаар Г.Мыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан буюу тус банкинд ажиллаж байсан болон ажиллаж буй ажилтнуудын нууцлалтай цалингийн данс, мөн банк, салбар хоорондын тооцооны нууцлалтай дансанд тус тус ажлын бус хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тэдгээрийн хооронд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн талаар маргаагүй боловч ажилтан зөрчил гаргасан, тухайн зөрчил нь ноцтой зөрчилд тооцогдох эсэх талаар маргажээ.

 

4. “Х” ХК-ийн Дотоод аудитын газрын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хяналт шалгалтын тайланд дурдсанаар банкны 32 ажилтныг харилцагчийн дансанд ажлын бус шаардлагаар хандаж мэдээлэл авах нийтлэг зөрчил илэрсэн гэсэн үндэслэлээр, мөн ажлын шаардлагаар хандсан байх боломжтой ч баримтаар баталгаажуулаагүй “тодорхой санахгүй байна, андуурч хандсан” гэсэн тайлбар өгсөн 56 ажилтны талаарх асуудлыг хэлэлцэхийг зөвлөсөн байна.

 

Хэдийгээр ажилтан Г.Ма нь өөрийн гаргасан тайлбараар харилцагчийн дансанд нэвтэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч энэхүү тайланд холбогдох ажилтнуудын нэр болон холбогдсон зөрчлийн талаарх мэдээлэл тодорхойгүйгээс нэхэмжлэгчийн үйлдэл нь хувийн ашиг сонирхлын үүднээс, эсхүл ажлын шаардлагаар хандсан бөгөөд хожим шалтгааны талаар санахгүй байгаагийн алинд хамаарах нь тодорхойгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд ажилтан харилцагчийн данс /хувийн мэдээлэл/-д чухам ямар шаардлага, шалтгаан, сэдлээр хандаж танилцсанаас хамаарч түүний үйлдэл, эс үйлдэхүйг ноцтой зөрчилд тооцох эсэхийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШЗ2023/05759 тоот захирамжаар 1 дүгээр хавтаст хэргийн 22, 23, 24, 25 дахь талд авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр нотлох баримтаас хасчээ.

 

Тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “..., хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан.

 

   Тодруулбал, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд нотолгооны ач холбогдолтой баримтыг дээр дурдсан үндэслэлээр нотлох баримтаас хасах нь учир дутагдалтай бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар зохигч нар өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх баримтыг гаргаж өгөх үүрэгтэй боловч үйл баримтыг тогтоох, талуудын мэтгэлцэх эрхийн хүрээнд тийнхүү шаардлага хангаагүй баримтыг хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр өгөхийг тэдгээрээс шаардах, энэ талаар тайлбарлах нь шүүхийн үүрэг болно.

 

6. Хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 26, 27, 158-161 дэх талд авагдсан “Х” ХК-ийн Дотоод аудитын газрын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хяналт шалгалтын тайлан, Ёс зүйн хорооны хурлын шийдвэр болон ажилтан Г.Мын тайлбар гэх эдгээр баримтууд нь дутуу буюу бүрэн бус, хэзээ, хаана, хэнд холбогдох ямар асуудлаар хурал хийж, улмаар ямар шийдвэр гаргасан болох нь, түүнчлэн ажилтанд түүний холбогдсон зөрчлийн талаар хэзээ ямар арга хэрэгслээр мэдэгдэж, хариу тайлбар авсан эсэх нь тус тус тодорхойгүй байна.

 

Зохигч нар ажилтан Г.Мыг банкны харилцагчийн дансанд хандсан гэх үйл баримтын талаар маргаагүй боловч хувийн ашиг сонирхлын үүднээс, эсхүл ажлын шаардлагаар хандсан хэдий ч хожим шалтгааны талаар санахгүй байгаагийн аль нь болохыг тогтоох нь маргааны зүйл мөн бөгөөд зөрчлийг шалган тогтоосон гэх Дотоод аудитын газрын хяналт шалгалтын тайлан, Ёс зүйн хорооны хурлын шийдвэрээс гадна ажилтны өөрийнх нь тайлбарыг нотлох баримтын шаардлага хангуулж аваагүй байх тул давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй байна.

 

Харин хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлээр нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийн хувьд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой атлаа гаргаж өгөөгүй нь үүнд хамаарахгүй тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7. Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/01319 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436,908 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.БАДРАХ

 

 

           ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

 

           Б.МАНДАЛБАЯР