Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2017/01248

 

Б.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

         2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00988 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

      2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1350 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: Б.Т

           Хариуцагч: Б.С,

           Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба          

           Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Нэхэмжлэгч Б.Тийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч, хариуцагч Б.С ын төлөөлөгч Д.О, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

           Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Би бэр эгч П.Д мөнгө хэрэгтэй болсон гэхээр Сүхбаатар гэх хүнээс өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, СОТ-1 дүгээр байр, 4 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалан 15 сая төгрөгийг 2014-12- 02-ны өдрөөс 2015-01- 02-ны өдөр хүртэл, сарын 5 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож зээлсэн. Зээл буцааж төлөх явцад бэр эгч санхүүгийн хувьд төлөх боломж муу болсон. Хугацаандаа биш ч гэсэн цувуулсаар бэлнээр болон бэлэн бусаар 10сая орчим төгрөг буцаан төлсөн. Гэтэл  Сүхбаатар нь найз болох мөнгө хүүлэгч  Даваасүх, Саранзул гэх хүмүүстэй нийлж зээл бүрэн төлж чадахгүй  байдлыг ашиглан маш олон тооны гэрээг бичгээр  дүр эсгэн байгуулж, сүүлдээ 15 сая төгрөг 52 сая төгрөг болж өссөн. Өөрөөр хэлбэл, хүү, алдангитайгаа нийлээд ийм болсон гээд  өгсөн 10 сая төгрөг нь  хүү нь байсан гээд 2015-05- 13-ны өдөр Б.С нь дээрх 52 сая төгрөгөнд тооцож орон сууцыг минь өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан.  Би Б.Саас огт мөнгө зээлж авч байгаагүй, дээр нь 2014-12-02 -ны өдрийн зээлийн гэрээний үүрэг хэзээ ч 52 сая төгрөг болохгүй байхад  орон сууцыг  маань шилжүүлж авсан. Одоо бид гудамжинд гарах дээрээ тулаад байгаа ба мөнгө хүүлэгч хүмүүс 15 сая төгрөг зээлж 10 сая  төгрөг  буцаан авсан ч  хууль зөрчин үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээг байгуулсан нь  анхнаасаа хууль бус, хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймд 2015-05-13-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, СОТ-1 дүгээр байр, 4 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Т намайг буцаан тогтоож өгнө үү гэжээ.

         Хариуцагч, түүний төлөөлөгч /хх 30/шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч  Сүхбаатар, Даваасүх гэх хүмүүсийн талаар нэхэмжлэлдээ бичжээ. Дээрх хүмүүсийг миний бие огт танихгүй. Би  дээрх иргэдтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулан тухайн орон сууцны өмчлөх эрхийг олж авсан ба гэрээ байгуулахад талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлж үүргээ хүлээн зөвшөөрч байгуулсан. Миний бие Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол СОТ-1 байрны 4 тоотод байх орон сууцыг С.Баярсайхан, М.Отгонтуяа, Б.Т нарыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016-01-27-ны өдөр шийдвэр гаргаж, нэхэмжлэлийг хангаж, орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж албадан гаргахаар болсон. Нөгөө талаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол СОТ-1 байрны 4 тоотод байх орон сууцнаас С.Баярсайхан, М.Отгонтуяа, Б.Т нарыг чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй хэрэг шүүхэд хянагдаж байхад дээрх иргэд нь үүргээ хүлээн зөвшөөрч 2016-04-28-ны өдрийн дотор орон сууцыг чөлөөлж өгөх эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд гаргаж өгсөн. Б.Т нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-01-27-ны өдрийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргахдаа дээрх гэрээг гарган өгсөн байдаг, шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Гэрээг шүүх дүгнэсэн  нь ИХШХШТХ-ийн 40.4, 120.4 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Нэхэмжлэгч нэг асуудлаар удаа дараа шүүхэд хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийг хүлээн авсан боловч  хариу тайлбар ирүүлээгүй байна.

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00988 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул  Б.Сд холбогдох, 2015-05-13-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, СОТ-1 дүгээр байр, 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.Тийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 417 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1350 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00988 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

         Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2015.05.13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь  зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэгт тооцон үүрэг дуусгавар болох хэлцэлд үндэслэгдэн хийгдсэн нь тогтоогддог. Хуулиараа шүүхийн журмаар барьцаа хөрөнгөнөөс шаардлага хангуулах ч Б.Саас надад  мөнгө бодитой ирж байгаагүй билээ. Энэхүү үүрэг дуусгавар болох хэлцэл бол нэгдүгээрт хөрөнгийн эзэнтэй байгуулсан гэрээ биш байдаг , хоёрдугаарт барьцааны гэрээг үндэслэн хийгдсэн гэх боловч тус барьцааны гэрээн дээр барьцаа хөрөнгөөр шаардлага хангах болбол шүүхийн журмаар худалдан борлуулна гэсэн тохиролцоог зөрчсөн. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээгээр талууд шүүхийн журмаар худалдан борлуулна гэж тохиролцсон, мөн Үл хөдлөх барьцааны тухай хуулийн 44.1-д “Барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах ажиллагааг хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж заасан. Гэрээгээрээ тохиролцоо байх хэрэгтэй ба талууд зөвхөн шүүхээр барьцааны шаардлагыг хангуулахаар харилцан тохиролцсон . Гэтэл энэ байдлыг шүүх гуйвуулан хууран мэхэлсэн гэдэг үндэслэл өөрөө гарган ирээд түүнийгээ өөрөө үгүйсгэсэн байх юм. Манайх огтоос хууран мэхэлсэн асуудал яриагүй. Түүнчлэн үл хөдлөх барьцааны тухай хууль зөрчсөн үндэслэлийн талаар ч тайлбар хийгээгүй. Худалдах-худалдан авах гэрээний талаарх дүгнэсэн шүүхийн шийдвэр байгаа гээд байдаг. Гэтэл энэ яриад байгаа шүүхийн шийдвэр нь орон сууц чөлөөлөх нэхэмжлэлийг хангасан шийдвэр юм. Тэгээд ч энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ч түүнийг нь гомдлоор тухайн шүүх хүлээн авч хэлэлцээд 2017.02.22-ны өдөр тогтоол гарган Баянгол, Хан Уул, Сонгиохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.27-ны өдрийн 102/ШШ2016/00941 дүгээр шийдвэрт Б.Т, Б.С нарын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай үйл баримтыг дүгнэсэн байна, энэ талаарх шийдвэр хүчин төгөлдөр байна” гэж үзэх боломжгүй тухайгаа дүгнэсээр байтал энэ тогтоолыг үл ойшоон дахин энэ үндэслэлээр  хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Энэ тогтоол үндэслэлтэй ба миний хувьд тэрхүү худалдах-худалдан авах гэрээтэй тухайн байр чөлөөлүүлэх тухай хэргийг шийдвэрлэж байх тэр үед нэхэмжлэл гарган маргаагүй /хариу тайлбараар хангалттай маргасан/ , харин дараа нь бие даасан нэхэмжлэл гарган маргасан. Гэтэл шүүх заавал тухайн үед сөрөг нэхэмжлэл гаргах ёстой байсан мэтээр тайлбарлажээ. Угтаа бол энэ гэрээг байгуулагдсан гэдэгтэй маргаагүй гагцхүү энэ гэрээ хууль зөрчсөн гэдгийг тогтоолгох гээд байгаа.  Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг  хангаж  өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.Т 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б.Сд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 2-р хороолол, СОТ 1-ийн 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага тавьжээ. /хх 1-2/ Хариуцагч Б.С нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Т нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг хариуцагчаар татах хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан, шүүх 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШЗ2016/26336 дугаар захирамж гаргаж хүсэлтийг хангасан /хх 13,19/ боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан /хх 54/ байв.

    Анхан шатны шүүх Б.Сд холбогдох Б.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох нэхэмжлэлээс нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүх ийнхүү шийдвэр гаргахдаа “...2015-01-27-ны өдрийн зээлийн гэрээгээр  Б.С нь  П.Дэлгэрсүрэнд 43 сая төгрөг зээлүүлэхдээ СОТ-1-р байр, 4 тоот орон сууцыг барьцаалж Б.С, Б.Т, П.Дэлгэрсүрэн нар гэрээ байгуулсан... улмаар зохигчид 2015-05-13-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулж 2015-01-27-ны өдрийн зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэгт нэхэмжлэгч орон сууцаа хариуцагчид худалдахаар харилцан тохиролцсон нь тогтоогдсон... маргааны зүйл болсон  орон сууцыг  Б.Т нарын хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай шүүхийн 2016 оны 102/ШШ2016/00941 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр болсон нь нотлогдсон...хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул 2015-05-13-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар шүүх дахин дүгнэлт өгөх шаардлагагүй... талууд зээлийн болон барьцааны гэрээний талаар шаардлага гаргаагүй байхад уг хэлцлийн үндсэн дээр үүссэн худалдах-худалдан авах гэрээг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй...” гэсэн дүгнэлт хийн, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. 

        Б.Т хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... барьцаа хөрөнгөнөөс шаардлага хангуулдаг хэдий ч нэхэмжлэгчид Б.С мөнгө өгөөгүй.... үүрэг дуусгавар болох хэлцэл хөрөнгийн эзэнтэй байгуулагдсан гэрээ биш... гэрээнд барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар тохиролцсон байгаа... нэхэмжлэгч хууран мэхэлсэн асуудал яриагүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийсэн... хүчин төгөлдөр болсон гэх шийдвэр нь орон сууц чөлөөлөх асуудалтай холбоотой байхад шүүх дахин  хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна...гэрээ байгуулагдсан талаар маргаагүй харин  гэрээ хууль зөрчсөн гэдгийг тогтоолгох нэхэмжлэл гаргасан...” гэжээ. 

         Нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргааны зүйл болсон орон сууцыг талууд зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн буюу маргаан нь зээлийн болон барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой нь тогтоогдсон байна.

 Нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой зээлийн гэрээний маргаан шийдвэрлэгдээгүй, энэ тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан эсэх нь тодорхойгүй байхад барьцааны үүрэгтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хуулийн  87, 156, 160-р зүйлд нийцэхгүй гэж үзлээ. 

 Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Шүүх Б.Тийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлтэй холбоотой хариуцагч нарыг нэхэмжлэгчээс тодруулсны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасны дагуу шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

      1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00988 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1350 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 418.000 төгрөгийг Б.Тт захирамжаар буцаан олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ