Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 25

 

Д.Д-д холбогдох тогтоол биелүүлэхтэй холбогдон гарсан асуудлыг шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжийг хянах тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч        Я.Туул

Шүүгчид                     Б.Манлайбаатар

                                    Ц.Амаржаргал

Оролцогчид:                        

                                    Прокурор                                          Б.Даваадулам

                                    Ялтны өмгөөлөгч                            Д.Оюунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Д-гийн Д-д холбогдох хорих ял эдлэхээс чөлөөлүүлэх тухай материалыг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцээд:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжаар:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /1986 оны/ 45 дугаар зүйлийн 1.г-д зааснаар ялтан Бэсүд овогт Д-гийн Д-ын /РД:ТИ54100212/ эдлээгүй үлдсэн 6 жил 2 сар 14 хоногийн хорих ялаас чөлөөлж, түүнийг нэн даруй суллахаар    шийдвэрлэжээ.

Прокурор Б.Даваадулам давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Улаанбаатар хотын шүүхийн 1992 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаартай магадпалаар ялтан Д.Д-ын эдлээгүй үлдсэн 8 жил 21 хоногийн хорих ялаас өвчнийг эмчлүүлж, ял эдлэх боломжтой болтол хугацаагаар хойшлуулсан.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 332 дугаар зүйлийн 332.1.1-д ялтан ялаа эдлэхэд саад болох хүнд өвчнөөр өвчилсөн бол эдгэртэл нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно гэж заасан /2007 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/.

Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлгийн дэргэдэх эмч нарын хяналтын комиссын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай шийдвэрээр /хувийн хэрэг 115 дугаар хуудас/ ялтан Д.Д- нь Уушигны сорвижсон хөндийт сүрьеэ, зүүн бөөрний шохойжилт гэсэн оноштой ба түүний биеийн байдал, зөвлөх эмчийн үзлэг, шинжилгээнүүдийг үндэслэн нэгдсэн эмнэлгийн “Эмч нарын хяналтын комисс"- ын хурлаар хэлэлцэн “ял эдлэх чадвартай” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 76 дугаар зүйлийн 76.1.4-т “арван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бол арван таван жил өнгөрсөн гэдэг нь хуульд заасан хугацаанд ямар нэг шалтгаанаар түүнийг биелүүлэх байгууллага, албан тушаалтанд хүргүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй орхисон, ялтан удаан хугацаагаар өвчилсөн, тогтоол биелүүлэхэд бодитой саад учруулах онцгой нөхцөл байдал үүссэн зэрэг нөхцөл байдлын улмаас хуульд заасан хугацаа нэгэнт өнгөрсөн бол нөхөн биелүүлэх боломжгүй болох тухай ойлголт юм. Ялтан Д.Д-ын хувьд шийтгэх тогтоолыг огт биелүүлээгүй үйл явдлын талаар яриагүй, ялтан ял эдэлж байгаад өвчний учир хуульд заасан үндэслэлээр өвчнийг эдгэртэл ял хойшлуулаад буцаагаад ялыг эдлүүлэх тухай ойлголт юм.

Шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334.2 дах заалтыг зөрчсөн үйлдэлд нь прокурор “...ялтан нь хорих анги, прокурорын байгууллагад холбогдох асуудлыг тавилгүй шууд шүүхэд хүсэлтийг гаргасан ба шүүх хуралдааны товыг зарлаж прокурор оролцуулахыг зааж байгаа нь үндэслэл муутай байх тул хүлээж авах боломжгүй” тухай 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 7/147 тоот албан бичгээр мэдэгдсэн байхад уг асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон прокурорт харъяаллын дагуу шилжүүлээгүй байна.

Аймгийн прокурорын газар хуульд заасан үндэслэл журмаар холбогдох ажиллагааг хийхийг санал болгосон ба шүүх хуралдаанд прокурор оролцуулахгүй талаар дурдаагүй болно.

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн ... 76 дугаар зүйлд зааснаар ялтныг ... ялаас чөлөөлөх тухай асуудпыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтыг үндэслэн гаргасан прокурорын дүгнэлтийн дагуу ...шүүгч... шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчиж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтгүй, прокурорын дүгнэлтгүй байхад шүүх хуралдааныг зарлаж шийдвэр гаргасан, мөн зүйлийн 340 дүгээр зүйлийн 340.1 “тоггоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шүүх хуралдаанаар прокурорыг оролцуулан шйидвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчиж, прокурор оролцоогүй байхад үндэслэлгүй шийдвэр гаргасан нь буруу байна.

Иймд сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамж хууль ёсны бус үндэслэлгүй байх тул хүчингүй болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4-д заасныг баримтлан эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Б.Даваадулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.

Ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тухайн хэрэг нь хүний эрх, эрх чөлөө, Үндсэн хуультай холбоотой асуудал юм. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна.  Үндсэн хуулийн цэцээс шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй гэсэн шийдвэр гарсан. Д.Д- нь заавал прокурорын байгууллагаар дамжуулахгүйгээр Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу шүүхэд гомдол гаргах эрхтэй. Хөөн хэлэлцэх хугацааг анхаарч үзнэ үү. Д.Д- нь өвчний улмаас хорих ял эдлэхээс чөлөөлөгдсөн. 1986 оны хууль өөрчлөгдсөн. Ялтанг хорих ял эдлэхээс чөлөөлөхдөө ялтны хувийн байдал, нийгмийн хор аюулыг шүүх анхаарч үзэх ёстой. Тухайн хэрэг нь 31 жилийн өмнөх асуудал юм. Хорих ял эдлэхээс хойшлуулсан байхад хорьдоггүй. 15 жил өнгөрсөн бол тогтоол биелүүлж болохгүй гэж заасан. Эрх зүйн байдлыг дэрдүүлсэн хуулийг хэрэглэж болно гэж заасан байхад прокурор эрх зүйн байдлыг дордуулж байна. 63 настай хүн ял эдэлж явахад боломжгүй. Хүний эрх чөлөөг дээдэлсэн хуулийг хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий…” байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.1 дэх хэсэгт “....хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтыг үндэслэн гаргасан прокурорын дүгнэлтийн дагуу...шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ”, мөн энэ хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1, 340.5 дахь хэсгүүдэд тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэхдээ прокурорыг оролцуулах, улмаар түүний дүгнэлтийг сонсож, шүүгч захирамж гаргахаар заасан байхад анхан шатны шүүх ялтан Д.Д-ын гаргасан өргөдлийг шууд хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 333, 334, 340 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд  21 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, ялтны хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.3, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай “Хорих ял эдлэхээс чөлөөлөх тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, ялтан Д.Д-ын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                               ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                   ШҮҮГЧИД                                        Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                            Ц.АМАРЖАРГАЛ