Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 375

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвсүрэн, нэхэмжлэгч “Б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж , Л.Ш, хариуцагч Б.Х , Т.Б , гуравдагч этгээд “Т Л” ХХК-ийн өмгөөлөгч А.М-Ө нарыг оролцуулан “Б” ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Х , Т.Б нарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: “Б” ХК 

Хариуцагч: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Х , Т.Б

Гуравдагч этгээд: “Т Л” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 02-07-135/308 тоот “Барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай” актыг хүчингүй болгуулах”

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 02-07-135/1055 тоот улсын байцаагчийн дүгнэлт, 02-07-135/308 тоот акт гаргаж, манай компанийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, СУИС-ын хойд талд хууль дүрмийн дагуу зохих зөвшөөрөл авч барьж байгаа 16 давхар бизнес хөгжлийн төвийн барилгыг түр зогсоох шийдвэр гаргажээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчдын гаргасан дээрх акт, дүгнэлт нь бодит үнэнд нийцэхгүй, нөхцөл байдлыг газар дээр нь зураг төсөл баримт бичигтэй нь тулгаж танилцаагүй, хэмжилт шалгалт хийгээгүй, актад дурдсан зөрчлүүд тогтоогдоогүй байхад гарсан. Иймд дээрхи захиргааны акт илт хууль бус гэж үзэж байна.

Учир нь улсын байцаагчдын актыг гаргахдаа урьдчилан дүгнэлт гаргаж, түүндээ үндэслэсэн байдаг. Улсын байцаагчдын акт гаргасан үндэслэл нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны А/06 тоот тушаалаар баталсан “Барилгын талбайн зохион байгуулалтын зураг батлах журам” бөгөөд энэ журам нь ч хууль бус байдаг. Журам баталсан гэх А/06 тоот тушаал нь 4 заалттай бөгөөд хавсралтаар энэ журмыг баталсугай гэсэн үг үсэг байхгүй мөртлөө тушаалын 1 дүгээр хавсралтаар батлав гэсэн журам хавсаргасан нь ойлгомжгүй, ийм журмыг баталсан захиргааны акт биш гэж тайлбарлаж болохоор, мөн баталгаажаагүй журмыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид баримтлан акт дүгнэлт гаргасан болж байгаа юм.

Гэтэл барилгын салбарын норм дүрмийг сайд батлахаар хуульчилсан бүрэн эрхтэй бөгөөд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 107 дугаар тушаалаар баталсан “Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт” БНбД 12-01-09 (ССМ 12-01-09) гэсэн барилгын дүрмээр зохицуулан нормчилж, Барилгын талбайн зохион байгуулалтын зургийг боловсруулж баталж мөрдөх үүргийг барилгын гүйцэтгэгч хийхээр зохицуулсныг зөрчиж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өөрт олгогдоогүй эрх эдлэн “Барилгын талбайн зохион байгуулалтын зургийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар баталгаажуулахаар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт баталсан нь ноцтой үр дагавар хохирол учруулах үр дагаварт хүргэлээ.

Барилгыг хааж зогсоосноос үүдэн тус барилга дээр ажиллаж байсан манай компанийн хэвийн үйл ажиллагаа зогсож, компанийн орлого санхүүжилт тасалдан, 82 барилгачин ажлын байр, цалингүй болж, тэдний ар гэрийн 250 гаруй иргэний амьдрал цалин хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн баталгаа алдагдан, тус барилгад оруулсан хөрөнгө мөнгө түгжигдэн эрсдэлд орж байгаа бөгөөд барилгын ажлын улиралд цаг алдах зэрэг асар их хохирол учрахаар байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын актыг үндэслэн Улаанбаатар ЦТС цахилгааныг тасалснаас болж манай баригдаж байгаа барилга болон 9 давхар 2 орон сууцны ашиглагдаж байгаа барилгын подвалын хэсэг хөрсний усанд автагдаж, барилгын арматур, төмөр эдлэлүүд зэвэрч асар их хохирол үүсэхэд тулаад байна.

Энэ журмыг мөрдүүлэх нэрийн дор барилгын нийт байгууллагуудыг дарамтлан барилгыг нь хааж зогсоох, акт дүгнэлт гарган ажил үйлдвэрлэлийг нь зогсоож Монгол Улсын хууль, дүрмийг ноцтой зөрчиж байгааг шалгуулж шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргав.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дээрх журам нь Захиргааны Ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т “...тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” гэсэн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасны дагуу Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэх” гэсэн заалтыг зөрчсөн, хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасны дагуу “ ...тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж гарсан байдаг.

Хуулийн эдгээр заалтуудыг зөрчиж гарсан журам болон уг журмыг үндэслэн гаргасан акт, дүгнэлтийг хүчингүй болгуулах асуудлуудыг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Б од 2016 оны 09 дүгээр сарын 06-нд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дээд шатны байгууллага болох Нийслэлийн Засаг дарга Су.Б од 2016 оны 08 дугаар сарын 18-нд, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын албанд 2016 оны 09 дүгээр сарын 02-нд албан ёсоор тус тус хүсэлт гаргасан.   

Нийслэлийн Засаг дарга Су.Б од хүргүүлсэн хүсэлтийн хариуг 09 дүгээр сарын 27-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Д ирүүлсэн бөгөөд уг бичигт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт журам дүрэм батлах талаар хуулиар тусгайлан эрх олгосон эсэх тухай огт дурдаагүй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас баталсан дээрхи журам нь Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдах барилга байгууламжууд, барилгын компаниудад мөрдөгдөх гадагш чиглэсэн шинжтэй байгааг үгүйсгэсэн, хариуг өгөхдөө хууль бус акт гаргасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өөрөөс нь ирүүлсэн 02-01/3025 тоот албан бичгийг хуулбарлан ирүүлсэн байна. Урьдчилан шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн аваагүй, Захиргааны байгууллага албан тушаалтнаас асуудлыг урьдчилан шийдвэрлэх хуулийн хугацаа өнгөрсөн тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад хүрлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн 02-07-135/1055 тоот дүгнэлт, 02-07-135/308 тоот актын заалтууд үндэслэлгүй, худал болохыг доорх тайлбарууд нотолно гэж үзэж байна. Үүнд:

4. Актын 1 ба 2-т заасан зөрчлийн тухайд:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 06 дугаар сарын 25-нд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 28/13 тоот тогтоолоор батлагдсан “Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн Техник эдийн засгийн үндэслэлийг баталж, Чингэлтэй дүүргийн 4,5,6,8 дугаар хорооны 243.3 га газрыг хамруулан буулгаж шинэчлэх хуучин барилгуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг (ХЕТ) батлахдаа СУИС орчмын барилгууд хамрагдаж, тэдгээрийн хуучин барилгад олгосон газрын зориулалтыг өөрчлөн шинэчлэн барилгажуулахыг Нийслэлийн Засаг дарга, Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан байдаг.

Энэ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу манайх өөрийн эзэмшил өмчлөлд байсан 2 давхар худалдаа үйлчилгээний хуучин барилгаа буулган орчны ерөнхий төлөвлөгөө, зураг төслийг журмын дагуу батлуулан барилга эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлөө авсан. 

Манай барилгын зураг төслийг батлахдаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бизнес-үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж, зураг төслийн даалгаврыг баталсан тул Улаанбаатар хотын батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлсэн хот төлөвлөлтийн бодлого болно. Газрын гэрчилгээнд бичсэн зориулалт нь шинэ барилга баригдаж ашиглалтад хүлээн авсны дараа өөрчлөгддөг журамтай. Иймд барилгажих талбайн зориулалт өөрчилсөн, зөвшөөрөл авалгүй барилга барьсан гэсэн буруутгал үндэслэлгүй юм.

5. Актын 3-д заасан зөрчлийн тухайд:

Манай барилгын барилгажилтын талбайн хэмжээг зураг төслийн даалгаварт тэмдэглэснээр 37х18 гэж хуучин барилгын суурийн хэмжээгээр авч 666 м.кв гэж үзээд ногоон байгууламж, талбайн асуудлаар зөрчилтэй гэж буруутгасан байна. Хот байгуулалтын тухай хуулийн 12.8 дахь заалт нь хуучин барилгыг буулгаж барих барилгад хамаарахгүй, чөлөөт газар талбайд баригдах барилгын талбайн харьцааны зохицуулалт юм. Гэтэл манай хуучин барилгын газрын хэмжээ 756 м2 бөгөөд шинээр барьж байгаа барилгын хэмжээ 32х18 м буюу 576 м.кв юм. Ажлын зургийн хэмжээ, зураг төслийн даалгаврын хэмжээг зөрүүтэй байгааг үзэлгүй буруутгасан байна. 576м:756х100=23,8 хувь нь барилгажаагүй, Хот байгуулалтын тухай хуулийн 12.8-д заасан заалтыг уг хуулийн 12.6.3-аар тодруулан орчны зам талбайг оруулан тооцохоор хуульчилсан, мөн хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-03-ийн 4.2 дугаар заалтаар барилгажсан нутаг дэвсгэрийн 25%-иас багагүй нь цэцэрлэгжүүлсэн байх энд бичил хорооллын цэцэрлэгжүүлсэн талбайг оруулан тооцно.” гэж нормчилсон.

Манай барилгын барилгажаагүй 23.8%-иас (180 м.кв) давхар дундын задгай ногоон талбай, террасс 85 м.кв-ыг оруулан тооцвол 35% байгаа, мөн подвалын авто зогсоол 510 м.кв-ыг оруулан 595 м.кв болно. Ногоон байгууламж, авто зогсоолын талбай нь барилгажих талбайгаасаа их байгааг үзэж шалгаагүй байж төлөвлөлтийн норм зөрчсөн гэж худал акт гаргасан байна. Төлөвлөлтийг хуульд нийцэж байгаа эсэхийг зураг төслийн экспертизийн шатанд шалгаж тогтоодог. Актын энэ буруутгал огт үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй байна.

6. Актын 4, 5, 6-д заасан зөрчлийн тухайд:

Ажлын зурагт Онцгой байдлын ерөнхий газрын галын байцаагчийн тавьсан шаардлагын дагуу зураг төслийн зохиогч галын гадна шатны тавцанг бетоноор хийх болсноос гомдол гаргаад байгаа “Т Л” ХХК-ийн 2 давхар хуучин барилгын төмөр дээврийн хормойн хэсгийг нэг л хэсэгт 20 см түр сөхөж бетон балкон хийгдсэн юм. Манай компанийн газар эзэмшлийн агаарын хэсэгт орсон “Т Л” ХХК-ийн барилгын дээврийн хормой бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлд халдсан, өмчлөлийн хил заагийг зөрчөөгүй байдаг. Газар эзэмшил болон өмчийн хил заагийг геодезийн хэмжилтээр тогтоосон тооцоо, схем зураглалыг хавсаргав.

Энэ асуудлыг манайх тус компанид албан ёсоор мэдэгдэж, дээврийг засварласан бөгөөд тэр үед бороо орж дотор таазаар бага зэрэг ус гоожсоныг бид засварлаж өгөх санал тавьсан боловч татгалзсан. Уг асуудлыг улсын байцаагчийн акт тавьж барилга зогсоох хэмжээний зөрчил гэж үзэхгүй, харин хоёр байгууллага хоорондоо зохицох асуудал юм” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 02-07-135/1055 тоот дүгнэлт, 02-07-135/308 тоот актаар манай барилгын ажлыг 2016 оны 09 дүгээр сарын 19-нд, “Т Л” ХХК-ийн нэхэмжлэлээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүгч Оюунгэргэлийн захирамжаар 2016 оны 11 дүгээр сарын 22-ноос 12 дугаар сарын 06-нд 2 удаа хааж зогсоосноос дараах сөрөг үр дагаварт хүрлээ.

Барилгыг хааж зогсоосноос үүдэн тус барилга дээр ажиллаж байсан манай компанийн хэвийн үйл ажиллагаа зогсож, компанийн орлого санхүүжилт тасалдан, 82 барилгачин ажлын байр, цалингүй болж, тэдний ар гэрийн 250 гаруй иргэний амьдрал цалин хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн баталгаа алдагдан, тус барилгад оруулсан хөрөнгө мөнгө түгжигдэн эрсдэлд орж одоо болтол саатаж байна.

Барилгын ажил өрнөдөг улиралд цаг алдаж, өвлийн бэлтгэл ажлууд хийгдэхгүй болсон зэрэг хохиролд орсон, үүнтэй холбогдсон үр дагавар цаашид ч нэмэгдэхээр байна. Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын үйп ажиллагааны улмаас манай компанийн эрх ашиг ноцтой хөндөгдсөн тул Захиргааны хэрэг үүсгүүлэхээр нэхэмжлэл гаргасан юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчдын гаргасан акт хууль бус гэж үзэж доорх үндэслэлүүдийг гаргаж байна.Үүнд: 1. Юуны өмнө Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид акт тавихдаа хэрэглэх ёсгүй хуулийг үндэслэл болгосон байдаг. Акт тавьсан объект нь хууль зүйн хувьд “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай болон хэмжил зүй, газрын кадастрын маргааны асуудал бөгөөд энэ асуудлыг шинээр барилгажих сул чөлөөтэй талбайд барилгажуулах асуудлыг зохицуулсан Хот байгуулалтын хууль, норм дүрмээр зохицуулагдахгүй гэдгийг ойлгохыг хүсээгүй, шинээр гарсан "Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай болон Кадастрын зураглал, газрын кадастрын тухай хуулийг үл хэрэгсэн манайхыг буруутгаж захиалгаар акт тавьсан.

Хот байгуулалтын хуулийн зорилт гэсэн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь харьцангуй бие даан хөгжих бүс нутгийн зохистой бүтэц бүрдүүлэх, хот тосгоныг хот төлөвлөлтийн дагуу барьж байгуулах ....харилцааг зохицуулах” гэж шинэ газар нутгийн хөгжлийн зохицуулалт байхад харин Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн зорилт гэсэн 1 дүгээр зүйлийн 1.1-д “ Энэ хуулийн зорилт нь ....хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот суурин газрын барилгажсан хэсэг. Нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин ....төлөвлөн барилгажуулах харилцааг зохицуулна” гэсэн. Мөн хуулийн 3.1-д “хот суурин газрын барилгажсан хэсэг, барилга байгууламжийг буулган шинээр барилгажуулахад ....өмчийн хэлбэр харгалзахгүй энэ хууль үйлчилнэ” гэж маш тодорхой хуульчилсан байдаг) Хуулийг буруу хэрэглэж акт тавьснаар Хот байгуулалтын тухай хуулийн 3.1.1, 3.1.3 болон Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 1.1, 3.1-ээс гадна мөн хуулийн 9 дүгээр зүйл бүхэлдээ, 10.1.1, 10.1.3 болон 15 дугаар зүйл бүхэлдээ Хяналтын тогтолцоо гэсэн бүлэг бүхэлдээ зөрчигдсөн байна.

2. Энэ үйлдэл нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “Хяналт шалгалтыг зөвхөн хууль ....эрх зүйн актыг дагаж мөрдөхөөр... гагцхүү хуулиар эрх олгогдсон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх гэснийг илт зөрчсөн, мөн хуулийн 4.1.7-д “хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн дүгнэлтийг хяналт шалгалтын байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх, хуулийн 10.12.1-д “Шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх”-ээр хуульчилсныг илт зөрчсөн. Хяналт шалгалтыг гүйцэтгэх журмуудыг зөрчсөн.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эдгээр байцаагчид нь дээрх хууль тогтоомжийг зөрчсөний зэрэгцээ Хот байгуулалтын хууль,  Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хууль, Газрын хууль болон Газрын Кадастрын тухай хуулиар зохицуулж, тусгайлсан хяналт шалгалт хийж шийдвэрлэх эрхийг Мэргэжлийн хяналтын байгууллага байцаагчид олгоогүй байдаг. Байцаагчид Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Аймаг нийслэлийн Хот байгуулалт ерөнхий төлөвлөгөөний газар, кадастрын хяналтын хэлтэс, Дахин төлөвлөлтийн хяналтын хороонд дээрх хуулиудаар тусгайлан олгосон эрхэд халдаж, гуравдагч этгээдийн захиалгаар акт тавьж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснээс гадна барилгад ихээхэн хохирол учруулсан байгаа.

Хууль буруу хэрэглэж, эрхгүй мөртлөө бусдын эрх, чиг үүрэгт халдан захиалгаар байцаагчийн акт гаргасны зэрэгцээ акт тавихдаа Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Мэргэжлийн хяналтын нийтлэг журмыг ноцтой зөрчсөн байдаг.

Тухайлбал: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах; мөн хуулийн 10.12.1-д хяналт шалгалтыг хийхдээ холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах бөгөөд, шаардлагатай гэж үзсэн асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ” гэж заасан байдаг.

Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч Б.Х , Т.Б нар нь акт дүгнэлт гаргахын өмнө шинжээч томилж нягтлаагүй, өөрсдөө ч үзэж шалгаагүй байж энэ хуулийн заалтуудыг үл хэрэгсэн акт гаргасан. Гуравдагч этгээдээр оролцож байгаа “Т Л” ХХК-ийн хүсэлтийг тэргүүн ээлжид тавьж, тэдэнд манай барилгаас болж ямар хор хөнөөл, хохирол юу учирсан, энэ нь үнэн байдалтай хэрхэн нийцэж байгааг хуулийн дээрх заалтуудын дагуу нягтлаагүй гомдол гаргагчийн ам мэдүүлгийг үнэн зөв гэж үзсэн байдаг. Актынхаа 1-д заасан үндэслэлд дурдсан барилгын газрын тэг тэнхлэгийн хэмжээг нарийвчлан шалгаагүй тиймээс ч тоо хэмжээг 32м х18м байгааг 37м х 18м гэж андуурч акт тавьсан.

Энэ тоо, хэмжээнүүд нь Чингэлтэй дүүргийн ИХАШ-ээс хийлгэсэн Кадастрын шинжээчдийн хэмжилтээс (хэрэгт авагдсан) болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан АТД-т заасан хэмжээнээс 90 м.кв, олгосон газрын кадастрын хэмжээнээс 108 м.кв-аар бага байгааг үзэж шалгаагүй, барилга дээр хийгдсэн геодезийн хэмжилтийн шинжилгээгээр тогтоосноос зөрүүтэй буруу тоо хэмжээ байгаа нь энэ акт гоомой алдаатай гарсанг нотолж байгаа юм. 

4. Хот төлөвлөлтийн үүрэг хариуцлагыг хуулиар хүлээн ажилладаг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын баталгаажуулсан АТД болон БХБ-ийн сайдын баталдаг хот төлөвлөлтийн норм, нормативыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид хянан засварлаж, түүнийг үнэлэх, улмаар түүнийг буруугаар ашиглах ямар ч эрхгүй мөртлөө энэ талаар актын үндэслэлдээ норм, нормативын заалтыг буруу ойлгон тайлбарлаж буруу дүгнэлт өгч акт тавьсан байдаг.

Байцаагчдын тавьсан акт нь бүхэлдээ Монгол Улсын Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д “Хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу дараах асуудлыг тооцон төлөвлөнө”: 24 дүгээр зүйлийн 24.1.5-д “холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх, мөн хуулийн 24.2 “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан тухайн газар нутагт газар эзэмших, ашиглах эрх олгох болон хот байгуулалтын бусад үйл ажиллагаа явуулахыг тодорхой хугацаагаар түр зогсооно”, 10.1.1 “хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баримтлан төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоож, шийдвэр гаргах” гэсэн хуулийн заалтын дагуу манай барилгын ХЕТ, БЕТ-нүүд нь дээрх хуулийн заалтад нийцэж хийгдсэнийг хянаж шалгахгүйгээр санаанаасаа буруутгаж акт тогтоосон юм. 16.4-д “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулгах, дахин төлөвлөх шийдвэр гаргана”, 20.1.2-т “хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдсан байх” гэсэн заалт, Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөх, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдох харилцааг зохицуулахад өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй энэ хууль үйлчилнэ" гэсэн заалтаар хуучин барилгыг буулгаж, шинээр барих харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулах болсон акт тавьсан байцаагчид огт мэддэггүй Хот байгуулалтын тухай хуулиар зохицуулна гэж буруу ойлгож актынхаа үндэслэл болгосон байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ” гэж зааснаар тусгайлсан хууль болох Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баримтлах ёстой гэж үзэж байна. Энэ хуульд хуучин барилгаа буулгаад өөрийн газар талбайд дахин шинэ барилга барихад Хот байгуулалтын тухай хуулийн нормчлолыг авч үзэхгүй бөгөөд Аймаг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр батлагдсан ХЕТ, БЕТ-г баримтлах ёстойг байцаагчид мэддэггүй учраас манай компанийг актаар буруутгасан байна.

5. Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНБД 30-01-04-ийн 4.2-д ногоон байгууламжийн төлөвлөлтийг шинэ чөлөөт талбайд тодруулан нормчилж “Хот суурины барилгажсан нийт талбайн 40%-иас багагүй, харин сууцны хорооллын дундах барилгажсан нутаг дэвсгэрийн 25%-иас багагүй нь цэцэрлэгжүүлсэн талбай байна” гэж нормчилсныг огт харгалзаагүй акт тавьсан байдаг.

Мөн Хот сууринг дахин хөгжүүлэх тухай хуулийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 6 дугаар сарын 25-ны 28/132 тоот тогтоолоор батлагдсан “Бага тойруугийн хуучин барилгыг буулгах оновчтой төлөвлөлтийн техник, эдийн засгийн үндэслэл, дахин ногоон байгууламжтай барилгажуулах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу баригдаж, 1893 м.кв авто зам ил зогсоолтой, 1016,3 м.кв ногоон байгууламжтай, энэ нь нийт барилгажих талбайн 49.8% байхаар зураг төсөл нь батлагдсан. Энэ зураг төсөл нь хуулийн дээрх заалтууд болон норм дүрэмд нийцсэн эсэхийг зураг төслийн экспертизээр шалгаж баталгаажуулсан байхад эдгээр хууль, дүрмийг буруу ойлгон өөрт ашигтайгаар тайлбарласан, улмаар барилгажсан талбай болон ногоон байгууламж, авто зогсоолын хэмжээг зурагт тусгагдсаныг огт үзэлгүйгээр норм зөрчсөн гэж хийсвэр дүгнэлт гаргасан.

Манай барилгын барилгажсан талбайн 124% нь ногоон байгууламж, авто зогсоол байгаа бөгөөд орчны барилгуудыг оруулж Нийслэлээр баталгаажуулсан Хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөгөөр нийт барилгажих талбайн 49.8% нь сул чөлөөт ногоон байгууламж, авто зогсоол, цэцэрлэгжсэн талбай байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын акт тогтоосон байцаагчид үзээгүйг нотолно. (Зураг схемийг үзүүлэх) Шалгаж байгаа объектынхоо ХЕТ, БЕТ, батлагдаж хянагдсан зураг төсвийг нарийвчлан үзэж танилцахгүйгээр акт тавьсан гэсэн үг. Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн актын 3 дугаар заалт бүхэлдээ үндэслэлгүй худал гарсан гэж үзэж байгаа юм.

6. Мөн актад Нийслэлээс олгосон газрын хуучин гэрчилгээнд (2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №55 захирамжаар олгосон) заасан үйлдвэрлэлийн зориулалттай гэснийг зөрчсөн, бизнес үйлчилгээний төв барьж байгааг буруутгаж акт тавьсан байгаа.

Гэтэл манайх хуучин үйлдвэрлэлийн зориулалттай гаражаа актлан буулгаж, (756 м.кв) түүнийхээ газар дээр Нийслэлийн иргэдийн. Төлөөлөгчдийн Хурлын 28/132 тоот тогтоолоор батлагдсан Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраа № 695 тоот АТД батлуулж, уг даалгаварт “Контор үйлчилгээний барилга” барихаар заагдсаны дагуу зураг төслөө зохиолгож, өөрийн барилгаа буулгаж шинэчлэн барилгажуулсны дараа газрын болон үл хөдлөхийн гэрчилгээг шинэчилдэг, барилгын ашиглалтад оруулсан улсын комиссын акт гарсны дараа шинээр олгодог дүрэмтэйг мэддэггүй юм байна. Энэ үүднээс бас л буруу гэж үзэж акт тавьсан байдаг. 2005 онд авсан хуучин гэрчилгээ, 2015 онд батлагдсан Хот суурин газрыг  дахин хөгжүүлэх тухай хуулийн дахин төлөвлөлтийг шинэ хуулиар хэрхэн зохицуулсныг байцаагчид танилцаагүй байж хийсвэрээр буруутгасан юм.Иймд газрын зориулалтыг өөрчлөн өөр барилга дур мэдэн барьсан гэсэн актын 1 ба 2 дугаар заалт нь огт үндэслэлгүй.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид нь байцаагчийн дүгнэлт болон акт гаргахдаа барилгын талбайд төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай бидэнд огт мэдэгдээгүй, манай удирдах болон инженерүүдэд энэ тухайгаа танилцуулж, барилгын зураг төсөл болон холбогдох баримт бичигтэй огт танилцаагүй бөгөөд “Т Л “ХХК-ийн гомдлын дагуу барилга дээр үзлэг хийх юм гэж нэг л удаа ирсэн тэгээд л акт дүгнэлт гаргасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.6-д “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн, манайхыг дарамтлах зорилгоор ажилласан байдаг. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д “Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана:

5.3.9 шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, 

5.9.2 улсын байцаагчийн санал, дүгнэлт,

5.9.3 шалгуулагч этгээдийн санал, хүсэлт гэсэн байтал шалгалтын удирдамж байхгүй, манайд үзүүлээгүй, тэмдэглэл хөтөлж шалгуулж буй этгээдэд өгөөгүй, тогтоогдсон нөхцөл байдал, улсын байцаагчийн болон шалгуулагчийн санал хүсэлтийн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, манайх үндсэндээ мэдээгүй байсан. Харин акт нь сүүлд компанид ирсэн. Үүнээс үзвэл шалгалт хийсэн байцаагчийн акт гаргасан үйл явц нь Төрийн хянан шалгалтын тухай хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчсөн юм. Манайхыг энэ талаар ямар ч мэдээлэлгүй байхад гуравдагч этгээдээр оролцогч “Т Л” ХХК нь байцаагчийн энэ актыг хавсаргаж ЧД-ийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж манай барилгыг битүүмжлэн зогсоох шүүгчийн захирамж гаргуулсан нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид нь “Т Л” ХХК-тай ашиг сонирхолтойг харуулж байгаа юм.

Төрийн хянан шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12-т “Шалгалтын үр дүнд илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох зорилгоор улсын байцаагч тухайн шалгуулагч этгээдийн үйл ажиллагааг түр зогсоосон, эд хөрөнгийг битүүмжилсэн тохиолдолд дээд шатны улсын байцаагч ажлын 5 өдрийн дотор улсын байцаагчийн авсан арга хэмжээг хянан үзэж түүнийг өөрчлөх эсэх асуудлаар шийдвэр гаргаж, шалгуулагч этгээдэд албан ёсоор бичгээр мэдэгдэнэ” гэж хуульчилсан байдаг. Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид 2016 оны 8 дугаар сарын 30-нд акт тавьж барилгын ажлыг зогоосон, улмаар битүүмжилсэн мөртлөө энэ талаар гаргасан хүсэлтийг үл хэрэгсэн 5 хоногийн дотор хариу өгөөгүй, актыг хүчингүй болгох эрх бүхий Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын албанд манайх хүсэлт гаргасан боловч огт хариу өгөөгүй таг болсон. Тэгсэн мөртлөө Захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүссэн хойно 2016 оны 11 дүгээр сарын 29-нд Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 7/3226 тоотоор “асуудлыг хянан шалгаж шийдвэрлэх боломжгүй” гэсэн учир битүүлэг хариу ирүүлсэн байдаг. Актын зөв буруугийн талаар мэргэжлийн үүднээс тодорхой хариу өгч, шийдвэрлэх эрх бүхий дээд шатны байгууллагын энэ байдал нь өөрийн харъяа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид хууль зөрчин акт тавьж, худал гомдол гаргагчийн хүсэл сонирхолд автагдсаныг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл гэж үзэж байгаа. Энэ бичиг хавтаст хэрэгт авагдсан болно.

7. Актын 4, 5, 6 дугаар зүйлд манай барилгыг “Т Л” ХХК-ийн конторын барилгад гэмтэл учруулж, хагарал суулт өгч үүнээс болж барилга нурж байгаа гэсэн үндэслэл нь огт нотлогддоггүй. Учир нь энэ буруутгал нь ИХАШШ-ээс хийлгэсэн ШУТИС-ийн “Геотехникийн төв”-ийн хөндлөнгийн шинжээчдийн шүүх шинжилгээний дүгнэлтээр “Т Л” ХХК-ийн болон орчны барилгад суулт хагарал үүсгэсэн, хохирол учруулсан, барилгад доргилт өгснөөс цаашид суурь хөрсөнд нөлөөлөхгүй, учирсан ямар нэг хохирол одоогоор илрээгүй” гэж дүгнэснээр няцаагдаж байгаа юм. Шинжээчдийн энэ дүгнэлт хэрэгт авагдсан байгаа. Гуравдагч этгээд ч эрх ашиг нь яаж хөндөгдсөнөө одоо болтол нотолж чадахгүй байгаа, үүнийг шүүхээс томилогдсон шинжээчийн хоёр дүгнэлтээр эрх ашиг нь хөндөгдсөн зүйлгүй, газар эзэмшлийн хил хязгаарт манайхыг халдаагүй гэж үзсэн тул актын 4, 5, 6 дугаар заалтын буруутгал нь ямар ч үндэслэлгүй болох нь тогтоогдсон.

Энэ асуудлаар 2017 оны 2 дугаар сарын 23-нд Шүүхийн үзлэг хийж “Т Л” ХХК-д ямар хохирол учруулсан эсэхийг газар дээр нь нүдээр үзсэн. Актын төгсгөлд барилгын ажлыг зөвшөөрөлгүй гүйцэтгэсэн байна гэж гүтгэсэн байна. Шүүхэд барилга эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилгын ажлын тусгай зөвшөөрлүүдийг хавтаст хэрэгт ирүүлсэн байгаа.

Энэ бүх үндэслэл нотолгоо нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчдын гаргасан акт, дүгнэлтийн бүх заалт, үндэслэлүүд Монгол Улсын дээр дурдсан хуулиудыг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн, өөрт хуулиар олгогдоогүй эрх эдлэн бусдын чиг үүрэгт дур мэдэн халдсан, акт гаргахдаа хууль зөрчсөн, гаргасан актын заалтууд нь бүхэлдээ худал хуурмаг болох нь хөдлөшгүй баримт нотолгоогоор няцаагдаж байгаа тул энэ актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан юм.

Энэ дашрамд дурдахад Чингэлтэй дүүргийн ИХАШШ-д “Т Л” ХХК-ийн нэхэмжлэлээр хөрөнгө хамгаалуулах гэсэн нэхэмжлэлтэй иргэний хэрэг тусдаа хянагдаж байсан бөгөөд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож давж заалдах шатны шүүхийн ..... тоот тогтоолоор эцэслэн шийдсэн. Мөн Чингэлтэй дүүргийн ИХАШШ-ээс “Т Л” ХХК-ийн хөрөнгө хамгаалуулах хэргийг хуулийн зохих үндэслэлээр шүүхээс шийдвэр гаргаж буцаасан болно. Эдгээр шийдвэрүүд хэрэгт авагдсан байгаа” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Х , Т.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б" ХК-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Х , Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Б нарт холбогдох захиргааны хэрэгт тайлбар хүргүүлэх тухай.

1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 06 дугаар сарын 25-нд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 28/13 тоот тогтоолоор батлагдсан “Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэлийг баталж, Чингэлтэй дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хорооны 243,3 га газрыг хамруулан буулгаж шинэчлэх хуучин барилгуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлахдаа СУИС орчмын барилгууд хамрагдаж, тэдгээрийн хуучин барилгад олгосон газрын зориулалтыг өөрчлөн шинэчлэн барилгажуулахыг Нийслэлийн Засаг дарга, Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан байдаг. 

Энэ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу манайх өөрийн эзэмшил өмчлөлд байсан 2 давхар худалдаа үйлчилгээний хуучин барилгаа буулган орчны ерөнхий төлөвлөгөө, зураг төслийг журмын дагуу батлуулан барилга эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлөө авсан. Манай барилгын зураг төслийг батлахдаа Нийслэлийн иргэдийн Төлөвлөгөөний Хурлаас баталсан “Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бизнес-үйлчилгээний зориулалттай болгон өөрчлөж, зураг төслийн даалгаврыг баталсан тул Улаанбаатар хотын батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлсэн хот төлөвлөлтийн бодлого болно. Газрын гэрчилгээнд бичсэн зориулалт нь шинэ барилга баригдаж ашиглалтад хүлээн авсны дараа өөрчлөгддөг журамтай. Иймд барилгажих талбайн зориулалт өөрчилсөн, зөвшөөрөл авалгүй барилга барьсан гэсэн буруутгал үндэслэлгүй юм гэх тухайд. 

Тайлбар 1:

“Б к” ХК-ийн Контор үйлчилгээний барилгад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас /хуучнаар/ 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 695 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгож баталгаажуулсан байдаг, энэ нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 06 дугаар сарын 25-нд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 28/13 тоот тогтоолоор батлагдахаас өмнө "Хот байгуулалтын тухай” 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь /олгосон газарт зориулалтын бус барилга байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах/ заалтыг зөрчиж үйлдвэрийн зориулалттай газарт 38.0мх18.0м хэмжээтэй зоорьтой 16 давхар Контор үйлчилгээний барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон байдаг.

2. “Манай барилгын барилгажилтын талбайн хэмжээг зураг төслийн даалгаварт тэмдэглэснээр 37х18 гэж хуучин барилгын суурийн хэмжээгээр авч 666 м.кв гэж үзээд ногоон байгууламж, талбайн асуудлаар зөрчилтэй гэж буруутгасан байна. Хот байгуулалтын тухай хуулийн 12.8 дахь заалт нь хуучин барилгыг буулгаж барих барилгад хамаарахгүй, чөлөөт газар талбайд баригдах барилгын талбайн харьцааны зохицуулалт юм. Гэтэл манай хуучин барилгын газрын хэмжээ 756 м.кв бөгөөд шинээр барьж байгаа барилгын хэмжээ 32х18 м буюу 576 м.кв юм. Ажлын зургийн хэмжээ, зураг төслийн даалгаврын хэмжээг зөрүүтэй байгааг үзэлгүй буруутгасан байна. 576м:756х100 23,8 хувь нь барилгажаагүй, Хот байгуулалтын тухай хуулийн 12.8-д заасан заалтыг уг хуулийн 12.6.3-аар тодруулан орчны зам талбайг оруулан тооцохоор хуульчилсан, мөн хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-03-ийн 4.2 дугаар заалтаар барилгажсан нутаг дэвсгэрийн 25%-иас багагүй нь цэцэрлэгжүүлсэн байх, энд бичил хорооллын цэцэрлэгжүүлсэн талбайг оруулан тооцно гэж нормчилсон.

Манай барилгын барилгажаагүй 23.8%-аас (180 м.кв) давхар дундын задгай ногоон талбай, террасс 85 м.кв-ыг оруулан тооцвол 35% байгаа, мөн подвалын авто зогсоол 510 м.кв-ыг оруулан 595 м.кв болно. Ногоон байгууламж, авто зогсоолын талбай барилгажих талбайгаасаа их байгааг үзэж шалгаагүй байж төлөвлөлтийн норм зөрсөн гэж худал акт гаргасан байна. Төлөвлөлтийг хуульд нийцэж байгаа эсэхийг зураг төслийн экспертизийн шатанд шалгаж тогтоодог. Актын энэ буруутгал огт үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй байна” гэх тухайд.

Тайлбар 2:

Тухайн барилга нь 756 м.кв эдэлбэр газартай бөгөөд тухайн эзэмшил газартаа 18.0х37.0 м хэмжээтэй 16 давхар барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байдаг. Мөн барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохдоо магадлалаар хянагдаж баталгаажсан зурагт заасан урт өргөн давхрын тоо хэмжээг баримтлан олгодог болно.

“Б к” ХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгад 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 02-03/597 дугаартай удирдамжийн дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт /хуучнаар/ 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 02-07-135/1055 дугаартай Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хуулийн хэрэгжилтийг хангаагүй тухай дүгнэлтийг хүргүүлсэн.

Дээрх дүгнэлтийг үндэслэн улсын ахлах байцаагчийн 02-07-0135/308 дугаартай актыг үйлдсэн болно.

Мөн тухайн барилгын хэмжээг 32.0х18.0 м хэмжээтэй 578 м.кв болгосон нь нийт барилгажих талбайн 70%-иас илүү гарсан байна.

Энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дахь /төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх/, 12.8 дахь /Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна/, 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх /хот байгуулалтын тухай хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх/ заалтуудын шаардлагыг хангахгүй байна.

“Б к” ХК нь өөрийн барилгын ажлын зураг төслийг “П т” ХХК-ийн /ПТ-14/10/02 шифртэй/ гүйцэтгүүлж “Э С С С к” ХХК-ий 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 225/2014 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.

Энэ нь өөрийн захиалгаар баригдах барилгын ажлыг зургийг өөрийн “Э С С С к” ХХК-иар магадлал хийлгэсэн нь хуульд нийцэхгүй байгаа харагдаж байна.

3. “Ажлын зурагт Онцгой байдлын ерөнхий газрын галын байцаагчийн тавьсан шаардлагын дагуу зураг төслийн зохиогч галын гадна шатны тавцанг бетоноор хийх болсноор гомдол гаргаад байгаа “Т Л” ХХК-ийн 2 давхар хуучин барилгын төмөр дээврийн хормойн хэсгийг нэг л хэсэгт 20 см түр сөхөж бетон балкон хийгдсэн юм. Манай компанийн газар эзэмшлийн агаарын хэсэгт орсон “Т Л” ХХК-ийн барилгын дээврийн хормой бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлд халдсан, өмчлөлийн хил заагийг зөрчөөгүй байдаг. Газар эзэмшил болон өмчийн хил заагийг геодезийн хэмжилтээр тогтоосон тооцоо, схем зураглалыг хавсаргав. Энэ асуудлыг манайх тус компанид албан ёсоор мэдэгдэж, дээврийг засварласан бөгөөд тэр үед бороо орж дотор таазаар бага зэрэг ус гоожсоныг бид засварлаж өгөх санал тавьсан боловч татгалзсан. Уг асуудлыг улсын байцаагчийн акт тавьж барилга зогсох хэмжээний зөрчил гэж үзэхгүй, харин хоёр байгууллага хоорондоо зохицох асуудал юм” гэх тухайд. 

Тайлбар 3:

Тус “Бизнес хөгжлийн төв"-ийн барилгын хойд тал руу гарсан консолийн дам нурууны цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ “Т Л” ХХК-ийн эзэмшлийн 2 давхар оффис, үйлчилгээний барилгын дээврийн хормойг эвдэж барилга угсралтын ажил гүйцэтгэсэн байгаа нь "Барилгын тухай" хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх /зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх/ заалтыг зөрчсөн дээврийн хормойг эвдсэнээс борооны ус нэвчиж оффисын өрөөний хана, таазны замаск, обой халтардаж паркетан шал норсон байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх /механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эзлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх/ заалтуудыг тус тус зөрчсөн байна.

“Б” ХК Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Т Л" ХХК-ийн 2 давхар хуучин барилгын төмөр дээврийн хормойн хэсгийг нэг л хэсэгт 20 см түр сөхсөн гэж байгаа боловч газар дээр хийсэн хяналт шалгалтаар эвдсэн байгаа болно.   Иймд улсын /ахлах/ байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02-07-135/308 дугаартай актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна. 

Улсын /ахлах/ байцаагч нь төрийн хяналт шалгалтын дагуу хяналт шалгалтын ажлыг хийж эрх зүйн баримт бичгийг үйлдсэн болно” гэжээ. 

Гуравдагч этгээд “Т Л” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т Л” ХХК нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1142 дугаар захирамжаар тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 154/0026 дугаар бүхий 505 м.кв газрыг орон сууц үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг ба уг газар дээр 235 м.кв бүхий үл хөдлөхийн эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2202001... дугаарт бүртгэгдсэн, 800 сая төгрөгийн үнэ бүхий 2 давхар конторын зориулалт бүхий барилга байдаг. Гэтэл манай компанийн эзэмшил газрын урд хэсэгт хөрш залгаа газар эзэмших эрхтэй “Б к” ХК нь өөрийн эзэмшлийн өмнөх 2 давхар барилгаа буулган шинээр Бизнес хөгжлийн төвийн барилгыг барихаар холбогдох байгууллагаас зургийн даалгавар болон эскиз зургаа батлуулан барилгын ажлыг явуулахдаа Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хууль, Барилгын норм ба дүрэм, холбогдох бусад стандарт шаардлагыг илт зөрчиж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул манай компаниас холбогдох мэргэжлийн байгууллагад хандаж энэхүү хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоолгох тухай хүсэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаар газар дээр нь очиж барилгын үйл ажиллагаатай танилцаж, хяналт шалгалт хийсний үндсэн дээр 6 зөрчлийг илрүүлж, барилгын ажлыг түр зогсоох тухай 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02-07-135/308 дугаар актыг гаргасан нь ямар нэг хуулийг зөрчөөгүй, хууль ёсны дагуу гарсан шийдвэр гэж үзэж байгаа болно.

Нэхэмжлэгч байгууллагын гаргасан зөрчлийн хувьд:

1. Барилгажих талбайн зориулалт буюу Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн 756 м.кв газрынхаа зориулалтыг хуульд зааснаар одоогийн барих гэж байгаа контор, үйлчилгээний зориулалттай болгож өөрчлөөгүй.

Тус компанитай адилаар бүх аж ахуйн нэгж байгууллага өөрсдийн эзэмшил газрын зориулалтаа шинээр төлөвлөж барих гэж буй барилга үйл ажиллагааныхаа зорилтдоо нийцүүлэн хамгийн түрүүнд тухайн газар эзэмшүүлэх эрх олгосон байгууллагаас зориулалтаа өөрчлөх тухай шийдвэрийг гаргуулах ёстой байдаг ба үүнийг хийгээгүйгээс болж газар эзэмших гэрээ, Газрын тухай хуульд заасан газраа зориулалтын дагуу ашиглах гэсэн энэхүү ойлголт энэ тохиолдолд алдагдахад хүрч байна.

Тодруулбал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газраа зориулалтын дагуу 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй бол газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох талаар маш тодорхой заасан байдаг. Гэтэл энэхүү хуулийг хэрэгжүүлэх тохиолдолд нэхэмжлэгч компанийг газраа зориулалтын дагуу ашигласан эсэх, газар эзэмших эрхийн гэрээг хэрхэн дүгнэх тухай асуудал тодорхойгүй байдалд хүргэх сөрөг үр дагавартай иймээс тухайн газар эзэмшигч заавал эзэмшил газрынхаа зориулалтыг анх олгогдсон зориулалтаас өөрчлөх тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөрчлөлт хийлгэх ёстой хуулийн зохицуулалт, амьдрал дээр хэрэгждэг бодит практик байдаг. 

Гэтэл нэхэмжлэгч байгууллага энэ үүргээ биелүүлээгүй байж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан гэх нэрээр өөрийн дураар зориулалтыг өөрчлөх нь үндэслэлгүй гэж үзэж байгаа ба хуульд маш тодорхойгоор заасан байхад үүнийг зөрчиж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, эх загвар зураг, ажлын зураг төсөлд магадлал хийж баталгаажуулсан нь ямар ч үндэслэлгүй хуулийг зөрчсөн гэж хариуцагчаас зөв дүгнэлт гаргасан.

Товчхондоо барилга барьж байгаа нь газраа ашиглаж байгаа нэг хэлбэр ба газар байхгүй тохиолдолд барилгын үйл ажиллагаа, барилга гэж зүйл тусдаа яригдах боломжгүй тиймээс газрын зориулалтаа зохих журмын дагуу зайлшгүй өөрчлөх шаардлага хамгийн чухал ба энэ хүрээнд эрх бүхий байгууллагаас шийдвэр гарах нь ойлгомжтой байна.

2: “Б к” ХК-ийн контор үйлчилгээний барилгын батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаварт нийт эзэмшил газрын 666 м.кв буюу 88 хувьд нь, эх загвар зураг болон ажлын зураг төсөлд 624 м.кв буюу 82.5 хувьд барилгажихаар төлөвлөсөн нь барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй, ногоон байгууламж, авто зогсоолыг 30-аас доошгүй хувьд төлөвлөж барих, батлуулах хуулийн шаардлагыг биелүүлэлгүйгээр хууль зөрчсөн.

3. Батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаварт АБ, ГВ талуудыг цонхгүй төлөвлөх, нэгдүгээр давхрыг арктай задгай төлөвлөж, авто машины зогсоол төлөвлөх гэж даалгавар өгөгдсөн байхад үүнийг зөрчиж, АБ, ГВ талуудад цонхтой, галын гарц, шат мөн битүү авто гараж байхаар төлөвлөж, бүр даалгаварт өгөгдөөгүй консолыг 4 давхраас эхлэн төлөвлөж бусдын эзэмшлийн газар, барилга руу тулган барьж, үүнийгээ барихдаа гуравдагч этгээдийн өмчид үндэслэлгүй халдсан нь бодит байдал дээр тодорхой, холбогдох баримтуудаар нотлогдож байгаа болно.

Тодруулбал дээрх архитектур төлөвлөлтийн даалгаварт дурдсан зүйлийг хийгээгүй нь барилгын зураг төсөлд тавих шаардлагыг хангаагүй буюу эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх энэхүү шаардлагыг хангаагүй зөрчлийг хуулийн дагуу зөв тогтоон илрүүлсэн.

4. Тус үйлчилгээний барилга нь хойд талд байрлах гуравдагч этгээд болох манай компанийн 2 давхар барилгаас 2.7 метр, урд талд байрлах 3 давхар барилгаас 3 метр зайд байрлаж байгаа нь “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” 30.01.04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтыг зөрчсөн. Учир нь тус хавсралтад дурдсанаар хамгийн галд тэсвэршилтэй барилга нь хоорондоо 6-10 метрийн зайд баригдах ёстой ба энэ нь хэрэв гал гарсан тохиолдолд хажуугийн барилга шатахгүй байх, түймэр дамжин асахгүй их хэмжээний хохирол учрахаас урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү заавал мөрдөх ёстой стандарт зөрчигдөхөд хүрч байна.

5. Суурийн байгууламжийн хувьд хажуу барилгынхаа аюулгүй байдлыг бодож төлөвлөх ёстой тэр зүйлийг зөрчсөн болно. Энэ нь манай компанийн барилга нь ойролцоогоор 3-4 метрийн суурьтай барилга ба нэхэмжлэгчийн барьж буй барилга нь 16 давхар барилга хоорондын зай нь 2,9 метр байхад стандартын дагуу нил суурийг ийм ойр зайд барих боломжгүй бөгөөд ойр байгаа барилга нь нурах, хананд нь ан цав үүсэх, хөрсний гулгалт, суурийн доод хэсгийн бат бөх чанар алдагдах нь бодит нүдээр харахад дэндүү ойлгомжтой, манай компанийн 2 давхар барилгын ашиглалт, тэр барилгад ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг маш хүнд байдалд оруулж байгаа үйл ажиллагаа болж байна.

6. Нийтийн эзэмшлийн зам талбай руу зургийн даалгаварт төлөвлөгдөөгүй зүйлийг ажлын зурагт тусгаж батлуулан түүнийхээ дагуу барилга барьж байгаа нь бас л холбогдох хууль журмыг ноцтой зөрчсөн. Учир нь барилга барихдаа эзэмшил газрынхаа хил заагт багтааж барихаас бус агаар дээр гарахаараа газрын хил заагаасаа илүүгээр барьж болох талаар хуульд эрх олгоогүй, агаарын хил, газрын хил нь тэр хэмжээгээрээ адил байх нь хэний ч ойлгох маш тодорхой асуудал гэтэл үүнийг үл ойшоох байдлаар баруун талруугаа нийтийн эзэмшлийн зам талбай руу оруулан барилга барьж байгаа нь мөн л хуулийг зөрчсөн үйлдэл болж байна.

7. Хамгийн чухал зүйл бол Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гарсны дараа барилгын ажлыг эхлүүлэх ёстой байтал тэгэлгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн болох нь хяналт шалгалтаар тогтоогдсоноос үзэхэд нэхэмжлэгч компани анхнаасаа уг барилгын ажлыг хууль бусаар явуулсан байна.

8. Барилгын ажлын зургийг “П т” ХХК-иар гүйцэтгүүлж, “Э С С С к” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 225/2014 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан гэх боловч өөрийн эзэмшлийн магадлал хийх тусгай зөвшөөрлийн эрхгүй компаниар гүйцэтгүүлсэн нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.16-д заасныг тус тус зөрчсөн ашиг сонирхлын хувьд нэгдмэл нэг зорилготой учир хуульд заасан хараат бус, бие даасан байх шаардлага бүрэн хангагдаагүй гэж үзэж байна.

Эрх зүйт төрийн өнөөгийн энэ нийгэмд нэг хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нөгөө хүн, хуулийн этгээдийн эрхээр хязгаарлагдаж, түүнийг нь хуулиар зохицуулан хамгаалсан байтал ийнхүү хүч түрэмгийлэн, эзгүй байх үеэр нь өмч хөрөнгөнд нь халдаж зөвхөн өөрсдийгөө бодож үйл ажиллагаа явуулах нь яасан ч хуулийн дагуу явагдсан гэж зөвтгөгдөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Гуравдагч этгээдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлэмж, энэхүү барилгыг нурааж дахин шинээр төлөвлөж барих /ирээдүйд бий болох/ тэрхүү зүйлийг бүхэлд нь үгүй хийж зөвхөн өөрийн эрх ашгаа бодож хууль бус ажиллагаа хийж зүгээр байсан барилгын дээврийг дураар эвдсэн үйлдэл болон бусад илт хууль зөрчсөн энэхүү үйлдлүүдийг хариуцагч байгууллага зохих журмын дагуу шударгаар шалгаж тогтоосон учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дурдсан үндэслэлүүд хууль бус хяналт шалгалт хийж, үндэслэлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нь өөрсдийн гаргасан зөрчлөө ухамсарлан адил тэгш байдлаар хандаж алдаа дутагдлаа залруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Яагаад адил тэгш байдлаар хандах гэж дурдсан учир нь “Б к” ХХК-ийн эзэмшил газар, баригдсан барилга руу нь тулгаж мөн зургийн даалгаварт төлөвлөгдөөгүй байсан консолыг 2 давхраас эхэлж барьсан байдаг боловч “Б к” ХХК-иас гомдол гаргасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 07/153/115 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу тус барьсан консолоо буулгасан атлаа манай компанийн хана, эзэмшил газар руу оруулсан, зургийн даалгаварт тусгагдаагүй консолоо буулгахгүй байгаа нь тэгш бусаар хандсан үйлдэл гэж үзэж байна.

Уг дүгнэлтэд адил зөрчил гаргасныг нэг бүрчлэн дүгнэсэн байдаг ба түүнийг хууль бус гэж маргаагүй, тус дүгнэлт хүчин төгөлдөр хэвээр байхад одоо яг адил гаргасан дүгнэлтийг үндэслэлгүй гаргасан гэж маргаж байгаа нь хийсэн үйлдэл, одоо гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэл 2 нь хоорондоо зөрсөн үйлдэл гэж үзэж байна.

Жич: Нэхэмжлэгчийн гол зүйл болгоод байгаа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хүртэл манай өмчлөлийн барилгаас зайтайгаар төлөвлөгдсөн байгаа нь тодорхой харагдаж байхад тус төлөвлөгөөний дагуу хийсэн гэж тайлбарлаж байгаа нь мөн л өөрсдийн хийсэн үйлдлээ үгүйсгэх тус төлөвлөгөөг бодит байдал дээр зөрчсөн болох нь тогтоогдож байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХК нь “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 06-ны А/06 тоот тушаалаар баталсан Барилгын талбайн зохион байгуулалтын зураг батлах журам”, түүнийг үндэслэн барилгын ажлыг түр зогсоох НМХГ-ын улсын байцаагчийн акт, дүгнэлтүүдийг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 02-07-135/308 тоот “Барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай” актыг хүчингүй болгох” хэмээн багасгаж, тодруулсны хүрээнд шүүх хэргийг хэлэлцэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

Гуравдагч этгээд “Т Л” ХХК-ийн гомдлоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 02-03/597 дугаар бүхий удирдамжийн  дагуу нэхэмжлэгч “Б” ХК-ийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн газар дээр барьж буй барилгын талбайд 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр шалгалт хийж, улмаар “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 02-07-135/308 тоот “Барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай” акт  гарсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч тус актыг хүчингүй болгохоор маргасан.  

Маргаан бүхий акт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэсэн байх бөгөөд хянан шалгалтаар нийт 6 зөрчил илэрсэн гэж үзсэн байна. Актад заагдсан 1, 2 дугаар зөрчлийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2005 оны 555 дугаар захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон газарт “Б” ХК-д газрын зориулалтыг зөрчиж контор үйлчилгээний барилгын зориулалтаар барилгын эх загвар зураг, Архитектур төлөвлөлтийн даалгавар /АТГ/, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл  олгосон нь Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх тухайд:     

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 06 дугаар сарын 25-ны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 28/13 тоот  “Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэлийг батлах тухай” тогтоолын 1 дүгээр заалтаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д нийцүүлэн Бага тойруу буюу Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хорооны ...  243,3 га нутаг дэвсгэрийн хэмжээнд боловсруулсан “Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэл”-ийг хавсралтаар баталжээ.   

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 555 тоот шийдвэрийг үндэслэн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 756 м.кв газрыг 15 жилийн хугацаатай үйлдвэрлэлийн зориулалтаар “Б” ХК-д эзэмшүүлсэн 052170 дугаар бүхий Газар эзэмших эрхийн гэрчилгээ  2005 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр олгогдож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг хийсэн байна. “Б” ХК-ийн эзэмшиж буй 18642312955067 нэгж талбарын дугаартай газрын байршил нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд буюу “Соёл урлагийн их сургууль”-ийн орчимд байх ба тэнд байрласан хуучин барилгууд нь Нийслэлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хамрагдсан байна.

 Хот байгуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар хот, тосгоны нутаг дэвсгэрийн бүсчлэлийг орон сууц, олон нийтийн бүс, үйлдвэрлэлийн бүс, инженер шугам сүлжээ болон зам тээврийн бүс, ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс, хөдөө аж ахуйн бүс, зуслангийн бүс, тусгай зориулалтын бүс гэж хот байгуулалтын норм ба дүрэм, журмын дагуу төлөвлөж тогтоодог бөгөөд  Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр нь орон сууц, олон нийтийн бүсэд хамаарахаас гадна “Б” ХК-ийн эзэмшлийн тухайн газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй юм. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “...ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, ... дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй энэ хууль үйлчилнэ”, 16 дугаар зүйлийн 16.4-т “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулгах, дахин төлөвлөх шийдвэр гаргана”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдсан байх” гэж заасан.     

Иймд нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газар дээрх хуучин барилгаа буулгаад төрийн эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэрээр дахин төлөвлөлтөд хамрагдаж буй тохиолдолд нэхэмжлэгчийг газрын зориулалтыг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн “...манайх өөрийн эзэмшил өмчлөлд байсан 2 давхар худалдаа үйлчилгээний хуучин барилгаа буулган Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бизнес-үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж, зураг төслийн даалгаврыг баталсан тул барилгажих талбайн зориулалт өөрчилж, зөвшөөрөлгүй барилга бариагүй ... гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.  

Актад заасан 3 дахь зөрчил нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 “...төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх, 12.8 ”... барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна...”, 22 дугаар зүйлийн 22.1.1 “ ... хот байгуулалтын тухай хууль тогтоомж, норм ба дүрэм журам, стандартыг дагаж мөрдөх” гэсэн заалтыг зөрчсөн гэх тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 555 тоот шийдвэрээр “Б” ХК-д олгосон 052170 дугаар бүхий Газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын хэмжээг 756 м.кв, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 1/36 тоот албан бичгээр ирүүлсэн нотлох баримт  болон газрын байршлын кадастрын зургаар   нэхэмжлэгчийн эзэмшил газар нь 18642312955067 нэгж талбарын дугаар бүхий 724 м.кв газар, НИТХ-ын 2015 оны 28/23 тоот “Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэлийг батлах тухай” тогтоолын дагуу хийгдсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний барилгажилтын талбайн үндсэн үзүүлэлтүүдэд  нэхэмжлэгчийн эдэлбэр газрын хэмжээг 724 м.кв гэж заажээ. “Б” ХК-ийн эзэмшиж буй Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд СУИС-ийн баруун хойд байрлалтай хуучин байсан 2 давхар гараж, конторын зориулалттай барилгын хэмжээг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000131912 дугаар гэрчилгээнд 1526 м.кв гэснийг 2 давхарт хувааж логикоор бодоход барилга нь сууриараа 768 м.кв байсан байхаар байна. “Б” ХК-ийн эзэмшил газрын талбайн хэмжээ нь хоорондоо дээрх байдлаар зөрүүтэй байгаа боловч талууд энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй юм. 

Нэхэмжлэгчийн “... хуучин барилга нь дахин төлөвлөлтөд орсон бөгөөд шинээр барьж буй барилгын хэмжээ 32х18 м буюу 576 м.кв буюу нийт эзэмшил газрын 23.8 хувьд /576м:756х100/ нь барилгажаагүй..., барилгын зоорийн давхартаа 510 м.кв авто зогсоолын талбайтай, давхар дундын задгай ногоон талбай террасыг 85 м.кв байхаар төлөвлөсөн нь ногоон байгууламж, авто зогсоолын талбайн нийт хэмжээ 595 м.кв юм, мэргэжлийн хяналтын байцаагч шинээр баригдаж буй барилгын барилгажилтын талбайн хэмжээг Архитектур төлөвлөлтийн даалгаварт /АТД/ 37х18 гэж тэмдэглэснээр хуучин барилгын суурийн хэмжээгээр авч 666 м.кв гэж тооцож ногоон байгууламж, талбайн асуудлаар зөрчилтэй гэж үзсэн нь үндэслэлгүй...” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. Учир нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т “...төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх” заалт нь хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэхдээ шинээр төлөвлөж байгаа барилгад хамаарах шаардлага болно. Гэтэл ”Б” ХК нь хуучин байсан байшингийн суурь дээр барилга барьж байгаа тул энэ талаархи хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.  

Маргаан бүхий актад дурдсан 4 дэх зөрчил болох Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 695 дугаартай АТД-ыг зөрчиж хойд талд байрлах “Т Л” ХХК-ийн оффис, үйлчилгээний барилгын эзэмшил газар луу орсон, баруун зүүн тал руу консоль гаргасан нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтуудыг зөрчсөн гэх тухайд: 

Шүүхээс эрх бүхий байгууллагаас энэхүү зөрчилтэй холбоотой тайлбарыг шаардсаны дагуу Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн албан бичигт  “... 695 дугаартай АТД-т “Б” ХК-ийн барилга нь консолгүй байхаар өгөгдсөн боловч барилгын эх загвар зураг боловсруулах шатанд Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулын норм дүрэм БНбД 21-02-02-ийн заалтын дагуу барилгын гадна галын шат нэмж төсөллөх шаардлагаар барилгын босоо чиглэлд галын шатыг барилгын багана, дам нуруутай холбох зорилгоор консолтой төлөвлөснийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор .... хууль, дүрэмд нийцүүлэн “Б” ХК-ийн эх загвар зургийг баталгаажуулсан байх тул Архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөх шаардлагагүй болохыг уламжилж байна” гэжээ. 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд баригдаж буй “Б” ХК-ийн контор, үйлчилгээний барилгын эскиз зургийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж баталж, тус барилгын ажлын зургийг “Петронас тауер” ХХК боловсруулж, экспертизийн баталгаажуулалтыг Барилгын зөвлөх үйлчилгээний “Э С С С” корпораци хийж, Онцгой байдлын Ерөнхий газрын хяналтын хэлтэс зөвшөөрч баталгаажуулсан байна.  

Төрийн эрх бүхий байгууллагаар батлагдсан зураг төслийн дагуу  Нийслэлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар баригдаж буй барилгын гал, ослын орц, гарц нь онцгой байдлын үед ашиглагдах учиртайг тэмдэглэх нь зүйтэй юм.   

Нэхэмжлэгч барьж буй барилгынхаа хойд тал руу гарсан консолийн дам нурууны цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ “Т Л” ХХК-ийн эзэмшлийн 2 давхар оффис, үйлчилгээний барилгын дээврийн хормойг эвдсэн гэж хариуцагч,  гуравдагч этгээд маргадаг, харин нэхэмжлэгч “...“Т Л" ХХК-ийн 2 давхар хуучин барилгын төмөр дээврийн хормойн хэсгийг нэг л хэсэгт 20 см түр сөхөж бетон балкон хийгдсэн, энэ асуудлыг манайх тус компанид албан ёсоор мэдэгдэж, дээврийг засварласан, тэр үед бороо орж дотор таазаар бага зэрэг ус гоожсоныг бид засварлаж өгөх санал тавьсан боловч татгалзсан, ...  манай компанийн эзэмшил газрын агаарын хэсэгт “Т Л” ХХК-ийн барилгын дээврийн хормой орсон... “ гэх тайлбарыг хийдэг. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн улсын байцаагч Т.Б актын 5, 6 дахь  зөрчлийг шалгаж тогтоосон гэх боловч “Т Л" ХХК-ийн 2 давхар хуучин барилгын төмөр дээврийн илүү гарсан хормойн хэсэг нь бодит байдалд хэний эзэмшил газрын агаарын хэсэгт байрлаж байгаа болохыг шалгаж тогтоогоогүй гэдгээ шүүх хуралдааны явцад мэдүүлснийг тэмдэглэх нь зүйтэй юм. “Т Л” ХХК-ийн барилгын дээврийн хормойн хэсэг нь өөрийн эзэмшил газрын хэмжээнээс илүү гараагүй тохиолдолд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх тул барилгын дээвэр нь өөрийн эзэмшил газрын хил заагийг давсан эсэхийг тогтоосны үндсэн дээр акт тавих ёстой. 

 Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар цугларсан фото зураг, шүүхээс хийсэн газрын үзлэгээс дүгнэхэд гуравдагч этгээдийн барилгын дээврийн хормойг эвдсэнээс борооны ус нэвчиж, оффисын өрөөний хана, обой халтардсан болох нь тогтоогддог, энэ талаар талууд маргадаггүй, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг бөгөөд засварлаж өгөх санал тавьсан, хэзээ ч янзалж өгөхөд бэлэн гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлснээс гадна нэхэмжлэгчийн “барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл” -д “... дам нурууны хэв хашлага хийхэд “Т Л” ХХК-ийн барилгын дээврийн хормой орсон, ...  дээврийн төмөр хормойг 20-25 см сөхөж хийв, ... дээврийн хормойг янзалж, тэгшлэв, завсар зай гарсан газрыг силкон шахаж битүүлэв...” гэснийг дурдах нь зүйтэй байна. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн 02-07-135/308 дугаар актаар “...2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэв...” гэсэн нь төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр Бага  тойруугийн хуучин барилгыг буулгаж, дахин төлөвлөлтөд орсон барилгын ажлыг актад дурдсан дээрх 6 зөрчлийн улмаас зогсоосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ гэж шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл, манай улсад улирлын чанартай хийгддэг барилгын ажлын онцлогийг харгалзан үзэж, барилгын ажлыг зогсоох хэмжээний зөрчил байсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж, бодит нөхцөл байдлыг сайтар нягталж, тогтоосны үндсэн дээр маргаан бүхий акт гараагүй байна.  

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, ... , тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, ... ”,  10.9.11-т “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж заасны дагуу хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, осол аюул гарч болох тохиолдолд үйл ажилллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн зогсоох хуулийн зохицуулалттай байтал  бодит нөхцөл байдлыг нягталж, тогтоохгүйгээр гуравдагч этгээдийн гомдлоор нэхэмжлэгчийн барилгын үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон нь буруу байна.   

Нэхэмжлэгчийн зүгээс “....Хот, суурин газрыг дахин төлөвлөх тухай хуульд зааснаар төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороо нь хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх ёстой, мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар акт тавих ёсгүй... “ гэж  маргадаг. Хэдийгээр Хот суурин газрыг дахин төлөвлөх тухай хуульд хяналтын тогтолцоог Хяналтын хороо хэрэгжүүлэхээр заасан боловч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-т “Төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналтыг холбогдох шатны мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасан тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.   

Хэргийн оролцогчид шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд хийсэн тайлбар мэдүүлгээ дэмжих зорилгоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, түүнтэй холбоотой гарсан шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бусад нотлох баримтуудыг ирүүлсэн нь цаг хугацааны хувьд маргаан бүхий 02-07-135/308 дугаар акт гарснаас хойш байх тул шүүх дүгнэлт өгөөгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй юм.  

Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн 02-07-135/308 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч “Б” ХК-ийн нэр зарим бичиг баримтад “Б к” ХХК гэж өөрөөр бичигдсэн байх бөгөөд Улсын бүртгэлийн гэрчилгээнд “Б” ХК гэж бүртгэгдэж, дүрмийн шинэчилсэн найруулгыг 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр бүртгэсэн байх тул албан ёсны “Б” ХК нэрээр шүүхийн шийдвэрт орсон болно.   

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.9.11, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 16 дугаар зүйлийн 16.4, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 02-07-135/308 тоот “Барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай” актыг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ДОЛГОРСҮРЭН