Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2019/0621

 

“Х Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

        Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, Ч.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 128/ШШ2019/0596 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч “Х Ш” ХХК-ийн давж заалдах гомдлоор “Х Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 128/ШШ2019/0596 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн /1994 он/ 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, Газрын тухай хуулийн /2002 он/ 21 дүгээр зүйлийн 21.5.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 360, 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/916 дугаар захирамжуудын “Х Ш” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгох, 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээсэн захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай “Х Ш” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. ...Хүчит Шонхор худалдааны төвийн хашааны хаалгыг буулгаж хашаан дотор нь гудамж гаргана, нийтийн эзэмшил газар тул чөлөөл хэмээн Засаг дарга захирамж гарган илт хууль бус 2009 оны 360 дугаар захирамжийг хэрэгжүүлэхээр төрийн албадлага хэрэглэснээр хүнсний захын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, зогсоож хаах эрсдэл бий болсноор энэхүү маргаан эхэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагын гол агуулга нь нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар захирамжаар хуулийн ямар ч үндэслэлгүйгээр захын хашаан дотор нийтийн эзэмшил гудамж талбай байсан хэмээн “Х Ш” ХХК-ийн газраас хасаж, кадастрын зурганд өөрчлөлт оруулсан нь илт хууль бус болохыг тогтоолгох байсан. Гэтэл шүүхийн шийдвэрт тус хашааны хаалга бүхий нийтийн эзэмшил гэх маргаан бүхий газрыг хэн эзэмшиж байсан, ямар хууль зүйн үндэслэлээр тус захын эзэмшлээс хасах болсон талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байна. Маргаж байгаа дээрх хашааны хаалга бүхий газар нь шүүхийн шийдвэрт дурдаад байгаа 2001 оны 231 дүгээр захирамж, гэрээ кадастрын зургаар ч гэсэн “Х Ш” ХХК-ийн эзэмшилд байдаг, харин 2009 оны 360 дугаар захирамж, гэрээ кадастрын зургаар тус захын эзэмшлээс хасчихсан байтал бүр эсрэгээр нь газар эзэмших эрхийг нь баталгаажуулсан хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хавтаст хэргийн 82, 83 талуудад дээрх маргаж буй газрыг “Х Ш” ХХК-ийн эзэмшил газраас хэрхэн хасах талаар кадастрын зурган дээр тэмдэглэл хийж, бичиглэл үйлдсэн илэрхий баримтыг шүүх үнэлээгүй байна. Нийслэлийн засаг даргын 2009 оны 360 дугаар захирамжаар маргаж буй газрыг хасаж, кадастрын зурганд өөрчлөлт оруулсан атлаа уг захирамж дээр газар хасах, нийтийн эзэмшилд авах талаар ямар ч хууль зүйн үндэслэл дурдаагүй. Нийслэлийн Засаг даргын 2001 оны 231 дүгээр захирамж нь аль хэдийн 5 жилийн өмнө буюу 2006 онд дуусгавар болоод эрх зүйн үйлчлэлгүй “хүчин төгөлдөр бус” болчихсон бөгөөд оронд нь тухайн газар эзэмших эрхтэй холбоотой Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 160 дугаар захирамж гараад хүчин төгөлдөр мөрдөгдөж газар эзэмших эрхээ хэрэгжүүлж, төлбөрөө төлөөд явж байсан. Маргаж буй газартай холбоотой 5 жилийн өмнө дуусгавар болчихсон “хүчин төгөлдөр бус” захиргааны актыг үндэслэж, мөн түүнийг сунгаж, хүчингүйд тооцож гаргасан 2009 оны захирамж нь агуулгын хувьд бодит байдалд нийцэхгүй байна. “Х Ш” ХХК-д 17530 м.кв газар эзэмших эрх олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 160 дугаар захирамж, түүнийг үндэслэсэн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг 2006 оноос 2009 оны хооронд эрх зүйн хувьд хүчин төгөлдөр үйлчлээд “хэрэгжсэн” бөгөөд дараагийн маргаж буй 360 дугаар захирамж гарснаар эрх зүйн хувьд үйлчлэлгүй болж, газар эзэмших эрхийг сунгасан байна. Өөрөөр хэлбэл 2009 оны 360 дугаар захирамж бол газар эзэмших эрх олгосон захирамж биш харин 2006 оны 160 дугаар захирамжаар олгосон эрхийг сунгаж баталгаажуулсан захирамж гэдгийг анхаарсангүй. “Х Ш” ХХК нь 2006 оноос 2009 оны хооронд 17350 м.кв газрыг хууль ёсоор эзэмшиж байсан байна. Харин 2009 оны 360 захирамжаар 15945 м.кв болгож хассан байна. Захын хашаан дундуур гудамж гаргаснаа үргэлжлүүлэн гуравдагч этгээд иргэн н.Ганболдын эзэмшлийн 490 м.кв талбайгаас хасахгүйгээр кадастрын зургийг өөрчилж “Х Ш” ХХК-ийн газраас хасаж 167 м.кв давхцуулан шилжүүлсэн байдаг. Иймд кадастрын зургийг хуучнаар сэргээснээр давхцал арилахаар байна. Гэхдээ энэхүү давхцал нь нэхэмжлэгчийн хувьд маргааны гол зүйл биш болно” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгч “Х Ш” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 360, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/916 дугаар захирамжуудын “Х Ш” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоож, 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээсэн захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

Газрын тухай /1994 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т “...нийслэлийн хөгжилд чухал ач холбогдол бүхий ажил, үйлдвэрлэл эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах талаар шийдвэр гаргах” гэж Нийслэлийн Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгч “Х Ш” ХХК-д анх 1996 онд 12.894 м.кв газар ашиглах эрх олгосон, 2000 онд 0,1 га газар нэмж олгосон, 2001 онд дээрх газруудыг баталгаажуулж 14.665 м.кв газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч  “Х Ш” ХХК нь дээрх 14.665 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2001 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 231 дүгээр захирамжаар олгогдсон ашиглах эрхийн үндсэн дээр хүнсний захын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаад Нийслэлийн газрын албанд 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдөр  хүсэлт гаргасны дагуу /гэрээ, гэрчилгээ сунгуулах, талбайн хэмжээ нэмэгдүүлэх тухай/ Нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаар захирамжаар “Х Ш” ХХК-ийн ашиглаж байсан 14.665  м.кв газрын хэмжээг 15.945 м.кв болгон нэмэгдүүлж, эзэмших эрх болгон өөрчилсөн нь Газрын тухай хуулийн /2002 он/ 21 дүгээр зүйлийн 21.2 “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.2.3 “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ...” гэж заасантай нийцсэн байна.

 Нэхэмжлэгч “Х Ш” ХХК нь дээрх газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаар захирамж болон газар эзэмших эрхийн хугацааг сунгасан мөн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/916 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ “дуусгавар болсон 2001 оны 231 дүгээр захирамжийг дахин хүчингүйд тооцож хугацааг сунгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” гэж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаар захирамжаар олгогдсон 17.530 м.кв газрыг үндэслэлгүйгээр хасаж 15.945 м.кв болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт хамаарна” гэж маргасан.

Нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн захиргааны актууд нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтад хамаарах бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасныг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай”, 9.1.7 “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.9 “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж заасантай адилтган ойлгож хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Захиргааны актыг илт хууль бус болон хууль зөрчсөн гэж ялгамжтай авч үздэг бөгөөд илт хууль бус захиргааны акт анхнаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй, захиргааны актаар бий болсон үүргийг иргэн, хуулийн этгээд биелүүлэх шаардлагагүй, илэрхий алдаатай байхыг ойлгоно.

“Х Ш” ХХК нь 2009 оны 11 сараас хойш нэгж талбарын 18642313107778 дугаартай 13.179 м.кв, 18642313015848 дугаартай 2766 м.кв газрыг бодит байдалд хүлээн зөвшөөрч эзэмшиж ирсэн, Газрын кадастрын мэдээллийн санд дээрх хэмжээгээр бүртгэгдэж өөрчлөлт ороогүй, нийт 15.945 м.кв газар эзэмшиж байгаагаа зөвшөөрч эзэмших эрхээ сунгуулсан, уг хэмжээгээр газрын төлбөр төлсөн үйл баримтууд тогтоогдож байх тул анхнаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй илэрхий алдаатай захиргааны акт гэж үзэхгүй.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болох Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасныг зөрчиж төлөвлөгөөнд тусгах боломжгүй газарт Нийслэлийн Засаг даргаас ашиглах эрх олгогдон үйл ажиллагаа явуулж байгаа газрын эзэмших эрхийг 17.530 м.кв хэмжээгээр баталгаажуулж өөрт олгогдоогүй эрх эдэлсэн, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул хуульд нийцсэн захиргааны акт гэж үзэхгүй, энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Ийнхүү нэхэмжлэгч нь 17.530 м.кв газрыг хууль ёсоор эзэмшиж байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул 17.530 м.кв газрыг үндэслэлгүйгээр хасаж 15.945 м.кв болгосон гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 160 дугаар захирамж хүчин төгөлдөр хэрэгжиж байсан, Нийслэлийн засаг даргын 2009 оны 360 дугаар захирамжаар маргаж буй газрыг хасаж, кадастрын зурганд өөрчлөлт оруулсан атлаа газар хасах, нийтийн эзэмшилд авах талаар ямар ч хууль зүйн үндэслэл дурдаагүй, шүүхийн шийдвэрт тус хашааны хаалга бүхий нийтийн эзэмшил гэх маргаан бүхий газрыг хэн эзэмшиж байсан, ямар хууль зүйн үндэслэлээр тус захын эзэмшлээс хасах болсон талаар ямар ч дүгнэлт хийгээгүй” гэх гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар захирамжаар 2001 оны 231 дүгээр захирамжаар олгосон газар ашиглах эрхийн хугацааг сунгаагүй, харин газрын хэмжээг нэмэгдүүлж, эзэмших эрх болгон өөрчилсөн байх бөгөөд өмнө нь ашиглах эрх олгосон 231 дүгээр захирамжаа хүчингүйд тооцсоныг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэхгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв тул нэхэмжлэгчийн “хүчин төгөлдөр бус захиргааны актыг үндэслэж, мөн түүнийг сунгаж, хүчингүйд тооцож гаргасан 2009 оны захирамж нь агуулгын хувьд бодит байдалд нийцэхгүй” талаарх гомдол үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд шүүх Захиргааны ерөнхий хуулийг тайлбарлаж хэрэглэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй тул өөрчлөлт оруулах шаардлагагүйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 128/ШШ2019/0596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН