Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2023/0069/з |
Дугаар | 001/ХТ2023/0082 |
Огноо | 2023-10-30 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2023/0082
“А” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Татварын ерөнхий газар, тус газрын Том
Татвар төлөгчийн газарт тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: М.Батсуурь
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0438 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2023/0454 дүгээр магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 357 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, П.Д, Ц.Т нарыг оролцуулан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Гадаад валютын ханшийн зөрүүтэй бодит алдагдал 4,487,553,635.16 төгрөгийг татвар ногдох орлогоос хасч тооцохгүй байгаа, үүнээс шалтгаалан манайхаас улсын төсөвт 1,043,221,562.38 төгрөгийн татварын илүү төлснийг тооцохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, энэхүү төлсөн 1,043,221,562.38 төгрөгийг ирээдүйн төлөх татвараас суутган тооцохыг хариуцагч нарт даалгах;
2.Хэргийн нөхцөл байдал: Татварын алба “А” ХК-ийн 2014-2016 оны албан татвар ногдуулалт, төлөлтөд хийсэн хяналт шалгалтаар татварын илүү төлөлт тогтоогдоогүй гэж үзэж, гадаад валютын ханшийн зөрүүтэй бодит алдагдлыг татвар ногдох орлогоос хасах, мөн улсын төсөвт илүү төлснийг татварыг хасаж тооцохоос татгалзсан.
3.Нэхэмжлэгчээс “... зээлийг эргүүлэн төлөх үед ханшийн зөрүүний бодит алдагдлыг тооцоолоогүй тайлагнасан тайланд зөрүү үүссэн, тухайн үед тайлангийн залруулга хийхийг хориглодог байсны улмаас хугацаа хэтэрсэн, 2019 онд татварын багц хууль батлагдсан, хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж шүүхэд хандсан” гэж, хариуцагчаас “... татварын илүү төлөлт нь актаар баталгаажиж тогтоогдоогүй” гэж тус тус маргажээ.
4.Анхан шатны шүүх: “ ... “зээлийг эргэн төлөх хугацаанд ханшийн зөрүүний алдагдлыг тооцолгүй тайлагнасны улмаас зөрүү үүссэн, залруулга хийхийг хориглосны улмаас хугацаа хэтэрсэн, шинээр батлагдсан Татварын ерөнхий хууль болон хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу татварын хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006/ 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.8, Татварын ерөнхий хуулийн /2019/ 15 дугаар зүйлийн 15.2, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
5.Давж заалдах шатны шүүх: “... “хяналт шалгалтаар татварын илүү төлөлт хийгдсэн, буцаан олголт хийгдэх нөхцөл байдал тогтоогдоогүй, татварын улсын байцаагчийн актыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, татварын илүү төлөлт нь актаар баталгаажиж тогтоогдоогүй“ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хууль /2019 оны/ 30 дугаар зүйлийн 30.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 72 дугаар зүйлийн 72.1, 72.2, 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э гомдолдоо:
6.1.Манай компани илүү төлсөн татвараа эргүүлэн авахаар татварын албанд хандах, улмаар шүүхэд хандах болсон шалтгаан нь шинээр баталсан Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар татвар төлөгч илүү төлсөн татвараа хэдийд ч эргүүлэн авахаар шаардах, авах боломжтой байхаар эрх олгож хуульчилсныг хэрэгжүүлэхийг татварын албанд, улмаар шүүхэд хандсан.
6.2.“А” ХК-д 2017 онд хийсэн татварын хяналт шалгалтын явцад татварын улсын байцаагч татварын ногдлыг буруу тодорхойлсноос аж ахуйн нэгжийн орлогын албан татвар илүү төлснийг тогтоогоогүй, нөгөө талаар компанийн гүйцэтгэх удирдлага тухайн үед энэ актыг зөвшөөрч гарын үсэг зурсан, актын тухайд гомдол гаргаагүй нь өөрт олгосон эрхийг эдлэх, хэрэгжүүлэхийг үгүйсгэх үндэслэл болгож байгааг хууль бус гэж үзэж байна.
6.3.Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар төлсөн татвараа эргүүлэн авахад хөөн хэлэлцэх хугацаагүй байхаар зохицуулсныг хэрэгжүүлэхэд татвар төлөгчийн зүгээс өмнө нь аливаа хүсэлт гомдол гаргаж байсан эсэх болон татварын алба тухайн хугацаанд хамаарах татварын шалгалтыг хийж татвар илүү төлснийг ирүүлсэн байх эсэх төлөөр ямар нэгэн болзлыг 2019 онд баталсан Татварын ерөнхий хуульд огт тогтоогоогүй.
6.4.“татварын буцаан олголтын акт” нь зөвхөн, татварын албанаас үндэслэлгүйгээр илүү хураасан мөнгөн дүнд алданги тооцож олгоход л үйлдэх баримт бичиг болох нь тодорхой байгаа бөгөөд “А” ХК-ийн хувьд илүү төлсөн татвартаа алданги тооцож авах тухай хүсэлт татварын албанд хүргүүлээгүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлд ч алданги тооцуулах шаардлага гаргаагүй.
6.5.“А” ХК аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогыг буруу тодорхойлсноос хамааран илүү татвар төлсөн нь татварын албанаас үндэслэлгүй илүү хураасан мөнгөн дүнд хамаарахгүй.
6.6.татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн холбогдох заалтыг хэрэглэнэ гэсэн хууль тогтоогчийн үзэл баримтлал болон хуульд бичигдсэн үгийн шууд утгыг үл харгалзан нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхээ эдлэх боломжийг үгүйсгэсэн тул шүүхээс материаллаг хуулийг зөрүүтэй хэрэглэснийг арилгаж, хуулийг буруу хэрэглэсэн.
6.7.Иймд шүүхээс материаллаг хуулийг зөрүүтэй хэрэглэснийг арилгаж, хуулийг буруу хэрэглэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 342 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 357 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
8.Хариуцагч нараас нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
9.Дараах үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
10.”А” ХК-аас Татварын ерөнхий газар, тус газрын Том татвар төлөгчийн газарт тус тус холбогдуулан “Гадаад валютын ханшийн зөрүүтэй бодит алдагдал 4,487,553,635.16 төгрөгийг татвар ногдох орлогоос хасч тооцохгүй, үүнээс шалтгаалан улсын төсөвт 1,043,221,562.38 төгрөгийн татвар илүү төлснийг тооцохгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, энэхүү төлсөн 1,043,221,562.38 төгрөгийг ирээдүйн төлөх татвараас суутган тооцохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
11.Нэхэмжлэгчээс “А” ХК 2014 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаа тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хууль болоод Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу тайлагнахдаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын /2006 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно:”, 12.1.8-д “гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит алдагдал;” гэх заалтын дагуу Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 2013 онд авч, 2014 онд төлсөн 14,272,727.27 ам.долларын ханшийн зөрүүгийн бодит алдагдлаас 4487,6 сая төгрөгийг татвар ногдох орлогоос хасч тооцолгүй тайлагнасан, Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 201 дүгээр тушаалаар батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, мэдээллийг ашиглах журам”-ын 4.6-д “Энэ журмын 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4-т заасныг үл харгалзан аж ахуйн нэгж байгууллагын өмнө нь гаргасан 2014 оны жилийн эцсийн болон 2015 оны 01 дүгээр улирлын санхүүгийн тайланг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд залруулахыг хориглоно”-оос тухайн үед үйлчилж байсан журмын дагуу 2015 оны 06 дугаар сарын 30-ны дотор тайлангийн залруулгаа гаргаж чадаагүй гэж маргасан.
12.”А” ХК Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар, Гааль, татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх газарт 2016 оны 06 дугаар сарын 10, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрүүдэд тус тус “2014 оны санхүүгийн тайланд ханшийн зөрүүг хэрэгжүүлэх нөлөөллийг санхүүгийн тайландаа тусгаагүй, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг хасч тооцоолсон аж ахуйн нэгжийн орлогын албан татварт илүү ногдуулсан төлөлтөд залруулга хийлгэх тухай” хүсэлтүүдийг гаргасанд Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газраас 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 06/256 дугаар албан бичгээр “компанийн 2014 оны санхүү, татварын тайланг хугацаа хэтэрсэн тул засварлах боломжгүй”, Татварын ерөнхий газрын даргаас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/1348 дугаар албан бичгээр “харьяалах татварын албандаа хандаж ...танай компанийн 2014 оны татварын тайланд залруулга хийх эсэх асуудлыг татварын хяналт шалгалт хийж, түүний үр дүнгээс хамаарч шийдвэрлүүлэх боломжтой” талаар тус тус хариу өгсөн, үүнтэй ямар нэг байдлаар маргаагүй байна.
13.Үүний дараа Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газраас “А” ХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын иж бүрэн хяналт шалгалтыг хийж, 2014 онд ямар нэг зөрчилгүй, мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварт илүү төлөлттэй гэж үзэлгүй, харин 2015, 2016 онуудад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын татвар ногдох орлогыг бууруулсан болон нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй үндэслэлээр 42,237,305 төгрөгийн нөхөн татвар, 23,485,688.5 төгрөгийн торгууль, 12,216,887.8 төгрөгийн алданги, нийт 77,939,881.3 төгрөгийн төлбөр төлүүлэхээр татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 360004065 дугаар акт тогтоосныг “А” ХК хүлээн зөвшөөрчээ.
14.Татварын хяналт шалгалтын явцад нэхэмжлэгч компани Татварын ерөнхий газрын даргаас 2016 оны 01/1348 дугаар албан бичгээр өгсөн хариуг үндэслэн 2014 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг илүү төлсөн асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байснаас гадна тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/03 дугаар тушаалаар баталсан Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 6.4.5-ын “Татварын хяналт шалгалтанд хамрагдсан татварын төрөл тус бүрийн ногдуулалт, төсөвт төлсөн, суутган тооцсон татварын дүнг үндсэн баримтаар нь хянан шалгаж, илүү, дутуу төлөлтийн тооцоог тулгана” гэх заалтаас үзвэл татварын улсын байцаагч уг асуудлыг хяналт шалгалтын явцад хянасан гэж үзэхээр байна.
15.Нэхэмжлэгч татварын улсын байцаагчийн 2017 оны 3600004065 дугаар акттай холбогдуулан “2014 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 1,043,221,562.38 төгрөгийг илүү төлснийг тогтоогоогүй” талаар гомдол гаргалгүй хүлээн зөвшөөрч, биелүүлжээ. Энэ нь “А” ХК-ийг тухайн асуудлаарх маргах эрхээ хэрэгжүүлсэн гэх үндэслэл болно.
16.Нэгэнт маргах эрхээ 2017 онд хэрэгжүүлчихсэн тохиолдолд сүүлд батлагдан даган мөрдөгдсөн Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 15 дугаар зүйлийн 15.2-ын “Татвар, алданги, торгуулийн өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй.”, мөн Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 болон 7 дугаар зүйлийн заалтууд нь “А” ХК-д тухайн асуудлаар дахин маргах эрхийг олгохгүй бөгөөд нэхэмжлэгчийн эдгээр хуулийг хэрэглэх ёстой гэх гомдол үндэслэлгүй.
17.Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзвэл хариуцагчийн “А” ХК-ийн 2014 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварт гадаад валютын ханшийн зөрүү бодит алдагдал 4,487,553,635.16 төгрөгийг татвар ногдох орлогоос хасч, улсын төсөвт 1,043,221,562.38 төгрөгийг илүү төлснийг тооцохгүй байгаа хариуцагчийн татгалзлыг хууль бус гэх боломжгүй, уг компанийн ирээдүйд төлөх татвараас суутган тооцохыг даалгах үндэслэлгүй.
18.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2023/0454 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А” ХК-ийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч “А” ХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Ц.ЦОГТ
Д.БАТБААТАР