Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 205

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн  нэхэмжлэлтэй хариуцагч Б.Сайнбаярт холбогдох орон сууцны халаалт, халуун хүйтэн усны төлбөр 685529 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад       

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Сайнбаяр нь орон сууцныхаа халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2014 оны 09-р сард 50000 төгрөг, 2014 оны 11 сард 140000 төгрөг, 2016 оны 05 сард 150000 төгрөг төлөөд өөр огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр нийт 685529 төгрөгийг Б.Сайнбаяраас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Б.Сайнбаяраас орон сууцны төлбөр гаргуулахаар манай байгууллага нэхэмжлэл гаргасан. Гэтэл уг байранд Б.Сайнбаярын төрсөн хүү Сайнбаярын Наранбаяр амьдарч байх тул хариуцагч Б.Сайнбаярыг хэргийн жинхэнэ хариуцагч С.Наранбаяраар сольж, орон сууцны төлбөрийг гаргуулж өгнө үү” гэжээ.        

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 44-р байрны 44 тоотод оршин суух СЩ78111114 регистрийн дугаартай Боржигон овогт Сайнбаярын Наранбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “С.Наранбаяр миний бие Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт ажилладаг. Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжилсэн 44-р байрны 44 тоот орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 685529 төгрөгөөс 200000 төгрөгийг 2016 оны 09 сарын 05-ны өдөр төлсөн. Үлдэгдэл 485529 төгрөгийг цалингаасаа төлж барагдуулна” гэжээ.

 

                                                                                               Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч С.Наранбаяраас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 685529 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч С.Наранбаяраас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 685529 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хариуцагч С.Наранбаяр нь орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 685529 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл,  Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчийн “44-44 тоот орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөрийн задаргаа”, хариуцагч С.Наранбаярын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Наранбаяр нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 685529 төгрөгнөөс 200000 төгрөгийг 2016 оны 09 сарын 05-ны өдөр төлж, үлдэгдэл 485529 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 Иймд хариуцагч С.Наранбаяр нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 685529 төгрөгнөөс 200000 төгрөгийг 2016 оны 09 сарын 05-ны өдөр төлж, үлдэгдэл 485529 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 485529 /дөрвөн зуун наян таван мянга таван зуун хорин ес/ төгрөгийг хариуцагч С.Наранбаяр нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху  улийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21003 төгрөгний тал хувь болох 10501 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 10501 төгрөг 50 мөнгийг, хариуцагч С.Наранбаяраас улсын тэмдэгтийн хураамж 10501 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.Наранбаяр нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

     ШҮҮГЧ                                        М.ЭНХМАНДАХ