| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 182/2022/00606/И |
| Дугаар | 210/МА2024/01750 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2024/01750
2024 09 11 210/МА2024/01750
З.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2024/02600 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: З.*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* банк ХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие ******* банк ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүрэг салбарын харьяа Чулуун овоо тооцооны төв-ийн захирлаар, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүрэг салбарын харьяа Өнөр тооцооны төв-ийн захирлаар ажиллаж байсан.
1.2. Дээрх хугацаанд тооцооны төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, зээлийн багц, мөнгөн хадгаламж болон татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөх замаар банкны ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх үйлсэд өөрийн эрдэм мэдлэг, авъяас чадвар, ажлын туршлага зэрэг бүх нөөц, боломжоо дайчлан зүтгэж ирсэн. Ажиллаж байх хугацаандаа хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан.
1.3. Гэтэл ******* банкны Гүйцэтгэх захирал Ө.*******ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/59 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, Хөдөлмөрийн дотоод журам-ын 5.16.1, Хөдөлмөрийн гэрээ-ний 7.4.1, 7.4.34, 7.4.41-д заасныг тус тус үндэслэн хууль бусаар ажлаас халсан.
Дээрх тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа ажил олгогч ******* банк ХК-д эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдэл гаргаж байгаагүй, тушаалд дурдагдсан ажлаас халсан үндэслэлүүд нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт хамаарахгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг үндэслэн ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй.
1.4. Ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээгээр нийт 15 эрхийг эдэлж, 22 үүрэг хүлээхээр заасан. Түүнчлэн, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн зорилгод хүрэхийн тулд 5 үндсэн чиг үүрэгт хамаарах нийт 44 чиг үүргийг хэрэгжүүлж, ажиллахаар ажлын байрны тодорхойлолтод тодорхой заасан. Ажил үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой бусад дүрэм, журамд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсээр ирсэн. Ажил олгогч нь З.*******ыг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, бусад дүрэм, журамд заасан ямар чиг үүргийг хэзээ, хэрхэн, яаж биелүүлээгүй болохыг тодорхой дурдаагүй. Энэ байдлыг хэзээ, хэрхэн тогтоосон болох нь ойлгомжгүй байдаг. Ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халсан тушаалын үндэслэлтэй тохироогүй.
Тодруулбал, аудитаас хийсэн тайланд 228 зээлдэгчийн зээлийн чанар муудсан нь Ковид-19 цар тахлын нөлөөлөлтэй холбоотой болохыг тодорхой дурдсан. Тухайн асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан эсхүл сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүйн алийг нь гаргасан гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
6 зээлдэгчид 285,000,000 төгрөгийн зээл судалж, олгохоос өмнө Ажлын байрыг дэмжих зээлийн журмын 8.2.1-д заасан журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас зөвшөөрөл авсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас гаргуулсан баримтаар тогтоогдсон. Мөн тухайн зээлүүдийг судалж, олгохдоо ******* банкны зээлийн бодлогын 7.5, 7.6-д заасан ... эрх хэмжээг хэтрүүлээгүй. Энэ нь хэрэгт авагдсан Зээлийн ерөнхий хорооны хурлын шийдвэрээр тогтоогддог.
Ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан удаа байхгүй. Ажлын ирцээ төхөөрөмжид бүртгүүлээгүй тохиолдол нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4-т заасан ноцтой зөрчилд хамаарахгүй тул энэ үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан зохицуулалтад хамаарахгүй юм. Түүнчлэн, нэхэмжлэгчийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт 353 минут буюу 5 цаг 53 минут ажлаас хоцорсон гэж буруутгасан. Хөдөлмөрийн гэрээний 7.4.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, эсхүл ажлын цагаас удаа дараа хоцорсон, эрт тарсан нь нийлбэр дүнгээр нэг сард 8 цаг болсон, 2 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгэх программд бусдаар дамжуулан ирцээ бүртгүүлсэн эсхүл өөр этгээдийн хурууны хээг ирц бүртгүүлэх программд бүртгүүлсэн бол ноцтой зөрчилд хамаарах юм. Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалд дурдсан дээрх 5 сарын хугацааны 5 цаг 53 минутын зөрчил гэх асуудал нь Хөдөлмөрийн гэрээний 7.4.1-д заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байна.
Түүнчлэн, ажил олгогч нь Хөдөлмөрийн дотоод журмын 9.26, 9.27-д заасан ажиллагаануудыг хийгээгүй байна. Учир нь, ажилтны хоцролтын цаг, минут нь тухайн сард 60 минутаас дээш гарсан, цаг бүртгэлийн төхөөрөмжид ирцээ бүртгүүлээгүй тохиолдолд шалтгааныг тодруулж, анхааруулах хуудас өгөх ажиллагаа байдаг. Тус анхааруулах хуудсыг хагас жилд 3 удаа авсан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулдаг. Урьд нь, ажил олгогчийн зүгээс тухайн хоцролтын асуудлаар Хөдөлмөрийн дотоод журмын 9.29-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн цалингаас нэг минутын 200 төгрөгөөр тооцож суутгал хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дах хэсэгт зааснаар нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулж болохгүй гэж заасан тул нэгэнт арга хэмжээ авсан асуудлыг дахин үндэслэн ажлаас халсныг зөвшөөрөхгүй.
Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 9.30-д заасны дагуу ажлын цагаар гадуур ажил үүргээ гүйцэтгэх тохиолдолд шууд удирдлагадаа мэдэгдэж зөвшөөрөл авдаг байсан. Бүх дүүргийн салбарууд тооцооны төвийн захирлуудын ирцтэй холбоотой тайлбарыг сар бүрийн 10, 25-ны өдөр авч дахин хянаж баталгаажуулдаг. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн захирлуудын ирцийн мэдээ, баримтаас харж болно.
1.5. Нэхэмжлэгчийн эрхэлж байсан төвийн захирлын ажил, албан тушаал нь удирдах ажилтан боловч мөнгө болон эд хөрөнгөтэй харьцдаггүй байсан. Иймд түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан үндэслэлээр ажлаас халсан нь буруу юм. Улсын дээд шүүхийн тайлбарт мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт хэнийг хамааруулах талаар тодорхой тайлбарласан. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт зэргээс үзвэл, тэрээр мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажил эрхэлдэггүй байсан нь тодорхой харагдах юм.
1.6. Түүнчлэн, дотоод аудитын хяналт, шалгалт нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд явагдсан. Тус шалгалтад хамрагдах хугацаа нь 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл байсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг буруутгасан үндэслэлийг ажил олгогч нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд илрүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 13.8.8-д тус тус заасны дагуу тухайн зөрчлүүдийг илрүүлснээс хойш нэг сарын дотор арга хэмжээ авах ёстой байсан. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас халах тушаал гаргасан байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.
1.7. Иймд ажилтан 3.******* миний бие өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасны дагуу тус шүүхэд хандан хариуцагч ******* банк ХХК-д холбогдуулан нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ******* банк ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг салбарын харьяа Өнөр тооцооны төв-ийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* банкны Сонгинохайрхан дүүрэг салбарын харьяа Өнөр тооцооны төв-ийн захирлаар ажиллаж байсан З.******* нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлтод заагдсан ажил үүргийн хуваарь болон Теллерийн системийн багц журам, Зээлийн үйл ажиллагааны журам, Хөдөлмөрийн дотоод журам-ыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй зөрчил гаргасан нь банкны Дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон. Иймд гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/59 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно.
2.2. Нэхэмжлэгч нь Ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэг 3, 22 дахь хэсэг, Теллерийн системийн багц журмын 3.2-т заасны дагуу салбар тооцооны төвийн захирлын үүргийг хэрэгжүүлж, нягтлан бодох бүртгэлд кассын үйл ажиллагааны холбогдох дүрмийн зааврыг стандартын дагуу явуулж байгаа эсэхэд өдөр тутмын хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Мөн Ажлын байрны тодорхойлолтын 24 дэх хэсэг нэгжийн зээл олголт, төлөлтөд хяналт тавьж ажиллах, зээлийн хувийн хэрэг, баримт бичгийн бүрдүүлэлтэд хяналт тавих, өндөр дүнтэй зээлийн судалгаа шинжилгээнд биечлэн оролцож давхар хяналт тавих үүрэгтэй. Мөн тодорхойлолтын 36 дахь хэсэгт зааснаар шууд удирдлагад буй ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг холбогдох дүрэм, журам, зааврын дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих, давхар болон дараалсан хяналтын системийг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, сайжруулах үүрэг тус тус хүлээсэн. Иймд ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй үндэслэлээр тушаал гаргасан гэдэг нь үндэслэлгүй.
2.3. Дотоод хяналт, шалгалтын газрын тайланд дурдсанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаас болон ирц бүртгэлийн программын бүртгэлийг шүүхэд, нэхэмжлэгчийн ажил тасалсан цаг нь шалгалт хамаарах хугацааны 31 удаагийн өглөөний ирц, 10 удаагийн орой ажил тарсан цагийг бүртгүүлээгүй байдаг. Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 1 өдөр ирц бүртгүүлээгүй тохиолдолд ажил тасалсанд тооцохоор зохицуулсан.
2.4. З.******* нь Ажлын байрны тодорхойлолтын 24, 21, 22, 36-д заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас Хөдөлмөрийн гэрээний 7.4.34-д заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон.
Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, холбогдох бусад дүрэм, журамд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэх үндэслэлүүд Дотоодын хяналт, шалгалтын газраас хийсэн шалгалтаар тогтоогдсон тул хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.
2.5. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр орж ирсний дагуу тушаалыг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчил тогтоогдсон учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.*******ын хариуцагч ******* банк ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ******* банк ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг салбарын харьяа Өнөр тооцооны төв-ийн захирлын ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч З.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдолд хамаарах тул түүний нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь заалтуудыг зөрчиж, эдгээр заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
4.1. Ажил олгогч ажилтан 3.*******ыг ажлаас халах тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсэх, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх, эсхүл хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэхийг дээр дурдсан тушаалд нэрлэн дурдалгүйгээр ажлаас халсан юм.
З.******* нь сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, эсхүл ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх мэт ямар үндэслэлээр ажлаас халагдаж байгаа учраа өнөөдөр хүртэл ойлгохгүй байна.
Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтална. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр, тушаал, тогтоол, захирамж гаргана. гэж тайлбарласныг ажил олгогч 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/59 тоот тушаалаар зөрчсөнийг анхан шатны шүүх анхааран үзээгүйд гомдолтой байна.
Ажил олгогч нь ажилтан 3.*******ыг ажлаас халах тушаал гаргахдаа үндэслэл /сахилгын давтан зөрчил гаргасан үү, ноцтой зөрчил гаргасан үү, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан үү/-ээ тодорхой заагаагүй байхад анхан шатны шүүх ... зээл судлах зөвшөөрлийг зохих журмын дагуу авсан гэх нэхэмжлэгч болон өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй байх тул Ажлын байрыг дэмжих зээлийн журам-ыг 8.2, 8.2.1 дэх заалтыг зөрчиж дүүрэг, салбарын захирлаас зээл судлах зөвшөөрөл авахгүйгээр зээл олгосон ноцтой зөрчил гаргасан гэх ажил олгогчийн тушаал, түүнд заасан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан хуулийн зохицуулалттай нийцсэн гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг ноцтой зөрчиж, буруу дүгнэлт хийсэн байна.
З.******* нь ******* банкинд ажилд орсноос хойш ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, ******* банкны Хөдөлмөрийн дотоод журам, ******* банктай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаж байсан. Тэрээр ******* банкинд ажиллаж байх хугацаанд ноцтой зөрчил гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Ажил олгогч ******* банк, ажилтан 3.*******ын хооронд 2020.01.09-ний өдөр байгуулагдсан 2374 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.4-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил-ийн 60 тохиолдлыг нэрлэн заасан байна. Ажилтан 3.*******ыг ажлаас халах тушаалд ...хөдөлмөрийн гэрээний 7.4.1, 7.4.34, 7.4.41 дэх заалтуудад тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэжээ. Ажилтан 3.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.1, 7.4.34, 7.4.41 дэх заалтад ...салбарын захирлаар зээл судлах зөвшөөрөл аваагүй гэснийг ноцтой зөрчил гэж харилцан тохиролцож тусгаагүй байна. Үүнээс үзэхэд ******* банкны Гүйцэтгэх захирал Ө.*******ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/59 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалын тушаах хэсэгт салбарын захирлаар зээл судлах зөвшөөрөл аваагүй гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-д заасан ноцтой зөрчил хэмээн үзэх боломжгүй. Хөдөлмөрийн гэрээний 7.4.1, 7.4.34, 7.4.41 дэх заалтуудад тушаалд дурдсан салбарын захирлаас зээл судлах зөвшөөрөл аваагүй гэснийг ноцтой зөрчил гэж харилцан тохиролцож тусгаагүй байна. Үүнээс үзэхэд ******* банкны Гүйцэтгэх захирал Ө.*******ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/59 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалд дурдсан дээрх үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан ноцтой зөрчил хэмээн үзэх боломжгүй байхад анхан шатны шүүх ажилтан 3.*******ыг ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь хууль бус байна.
4.2. Анхан шатны шүүх 3.*******ын нэхэмжлэлтэй ******* банкинд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай хөдөлмөрийн маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг буруу хэрэглэж, хэтэрхий нэг талыг барьж асуудалд хандсанд гомдолтой байна.
Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 6 зээлдэгчийн асуудал нь харилцааны менежер Ө.*******ы судалж олгосон зээлдэгч Э.*******, А., Э., П., П., Н. нарын зээл юм. Хариуцсан харилцааны менежер нь эдгээр зээлдэгч нарт зээл олгох бүрт дүүрэг, салбарын захирлаар зээл судлах зөвшөөрөл авдаг байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан зээл хүсэгч Э., Н., Э.******* нарын Ажлын байрыг дэмжих зээл судлах зөвшөөрөл хүсэхийн өмнөх шалгах хуудас гэсэн баримтаар нотлогдсон байхад анхан шатны шүүх энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй.
4.3. Мөн түүнчлэн ажил олгогч энэхүү үндэслэлээ Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.41-т Өөрт эрх олгогдоогүй зээлийн хүсэлтийг судалсан, зээлийн хүсэлтийг шийдвэрлэсэн гэж заасан ноцтой зөрчил гэж тайлбарлажээ. Ажлаас халсан тушаалд дурдсан 6 зээлдэгчид 285,000,000 төгрөгийн зээл судалж олгохдоо ******* банкны Зээлийн бодлогын 7 дугаар зүйлийн 7.6-д Тооцооны төвийн зээлийн хороо нь олгосон эрх мэдлийн хэмжээнд багтаан зээлийн өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэх ба эрхээс давсан тохиолдолд зээлийн ерөнхий хороо, дэд хорооны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. гэж заасан эрх хэмжээг хэтрүүлээгүй. Энэ нь ******* банкны Зээлийн бодлогын 7 дугаар зүйлийн 7.5-д Тооцооны төвийн зээлийн хорооны зээл шийдвэрлэх эрхийн хэмжээг тухайн орон нутгийн зах зээлийн багтаамж, салбар, нагжийн зээлийн багцын чанар, хорооны гишүүдийн зээл олгох туршлага, чадварыг судлан боловсруулсан холбогдох газар хэлтсийн саналыг Зээлийн ерөнхий хорооны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. гэж заасны дагуу нэхэмжлэгч 3.*******ын ажиллаж байсан Өнөр тооцооны төв-ийн зээлийн хорооны зээл шийдвэрлэх эрх хэмжээг баталсан Зээлийн ерөнхий хорооны хурлын шийдвэрээр давхар нотлогдоно. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан энэхүү нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлээгүй байна.
4.4. ******* банкны Гүйцэтгэх захирал Ө.*******ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/59 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар 3.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5 дахь заалтыг үндэслэн хууль бусаар ажлаас халсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан. Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.5.2-т мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулан ойлгоно гэж тайлбарласан.
Ажилтан 3.*******ын ажлын байрны тодорхойлолт, ******* банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг, хариуцлага зэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.5.2-т заасан тайлбартай харьцуулж үзэхэд тооцооны төвийн захирал-ын ажил, албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт хамааралгүй болох нь тодорхой харагдана.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан хамаарна гэдгийг Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.5.2-т тодорхой заасан. Энэ тайлбараас үзэхэд удирдах албан тушаалтан болгон мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан биш, харин тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт хамаарахаар байна. 3. ******* ******* банкны Өнөр тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан боловч 3.*******т тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн өгөөгүй болох нь түүний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг, хариуцлага зэргээс тодорхой харагдана.
******* банкны Өнөр тооцооны төвийн захирлын ажил, албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт хамаарахгүй учраас ажилтан 3.*******ыг ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр байна.
Гэтэл анхан шатны шүүх энэ талаар ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй мөртлөө ажилтан З.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан хэмээн үзэж хууль бусаар халсан ******* банкны Гүйцэтгэх захирал Ө.*******ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/59 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг зөвтгөж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг хянан үзэж нэхэмжлэгч З.*******ын хариуцагч ******* банкинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбараа бүрэн дэмжиж байна. Удирдах албан тушаалтан гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн дотоод журамд заасан бөгөөд орон нутаг болон Улаанбаатар хотын нэгж тооцооны төвийн захирлууд удирдах албан тушаалтанд хамаарна. Ажлын байрны тодорхойлолтод зааснаар өдөр тутмын үйл ажиллагаа, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, мөнгө, эд хөрөнгө зарцуулах эрх тооцооны төвийн захирал З.*******т байгаа. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан мөнгө эд хөрөнгө хариуцсан албан тушаалтанд хамаарна. ******* банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тухай Б/59 дугаар тушаал нь хуульд заасан үндэслэлийг бүрэн хангасан, хүчин төгөлдөр тушаал юм. Иймд давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч ******* банк ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулна.
3.1. ******* банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Б/29 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, Хөдөлмөрийн дотоод журам-ын 5 дугаар зүйлийн 5.16.1, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.34, 7.4.41, Хүний нөөцийн хорооны хурлын 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 05/04 дүгээр шийдвэрийг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүрэг салбарын Өнөр тооцооны төвийн захирал З.******* нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийн хуваарь болон Теллерийн системийн багц журам, Зээлийн үйл ажиллагааны журам, Хөдөлмөрийн дотоод журам-ыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй, тус тооцооны төвд 228 зээлдэгчийн 3,223,102,056 төгрөгийн үлдэгдэлтэй зээл чанаргүйдэж муу ангилалд шилжсэн нь нийт зээлийн багцын 25.2 хувийг эзэлж байхад зээлдэгчтэй уулзах, зээл төлүүлэх ажлыг хангалттай түвшинд хийж гүйцэтгээгүй, нийт 11 удаагийн 31,941,766 төгрөгийн тэтгэврийн зээл олгохдоо харилцагчийн гарын үсэг зөрүүтэй, программд бүртгэгдээгүй, харилцагчийн гарын үсгийг программд зарлагын баримт болон маягтгүйгээр оруулсан зөрчилтэй байхад зээлд олгох зөвшөөрөл олгож гэрээг баталгаажуулахдаа хянаагүй, 6 зээлдэгчид 285,000,000 төгрөгийн зээл судалж олгохдоо Ажлын байрыг дэмжих зээлийн журам-ын 8.2, 8.2.1 дэх заалтыг зөрчиж дүүрэг, салбарын захирлаас зээл судлах зөвшөөрөл аваагүй, нийт 23 зээлдэгчийн 1,247,150,036 төгрөгийн үлдэгдэлтэй зээлд зарцуулалт хийгдсэн байхад хариуцсан харилцааны менежерүүд нь Ажлын байрыг дэмжих зээлийн журам-ын 10.1, Зээлийн үйл ажиллагааны журам-ын 20.6.1 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байхад хяналт тавьж үүрэг даалгавар өгч ажиллаагүй, шалгалт хамрах хугацаанд шууд удирдлагад нь ажиллаж буй ахлах теллер нь 120 удаа нийт 769,087,048 төгрөгийн бэлэн болон бэлэн бус, банк хоорондын гүйлгээ хийсэн байхад Теллерийн системийн багц журам-ын 6.1.14.4, 6.1.14.5 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй, программын түвшинд харилцагчийн гарын үсгийг тулган баталгаажуулаагүй, шат дараалсан хяналт тавьж ажиллаагүй, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 31 удаагийн өглөөний ирц, 10 удаа орой ажил тарсан цагийг, 19 удаа өглөө, оройн ирцийг бүртгүүлээгүй, нийт 60 удаагийн ирцийн бүртгэлийг хийгээгүй, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 353 минут буюу 5 цаг 53 минут ажлаас хоцорсон гэх үндэслэлийг заан 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцлаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.
Дээр дурдсан зөрчлүүдийг нэхэмжлэгч гаргасан эсэх, уг зөрчлүүд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хуульд заасан үндэслэлд хамаарах эсэх, сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн эсэх асуудлаар талууд маргасан байна.
3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Энэ тохиолдолд зөрчил тус бүр тогтоогдсон байхыг шаардах бөгөөд үүнийг ажил олгогч нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэгчийг хэд хэдэн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ба үүнээс 6 зээлдэгчид 285,000,000 төгрөгийн зээл судалж олгохдоо Ажлын байрыг дэмжих зээлийн журам-ын 8.2, 8.2.1 дэх заалтыг зөрчиж салбарын захирлаас зээл судлах зөвшөөрөл аваагүй гэх зөрчлөөс бусад сахилгын зөрчлийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн, энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй.
Хариуцагч байгууллага дээрх зөрчлийг Сонгинохайрхан дүүрэг салбарын харъяа Өнөр тооцооны төвд хийсэн эрсдэлд суурилсан төлөвлөгөөт шалгалтаар илрүүлсэн, тухайн зөрчил нь ажлын байрны тодорхойлолтын 24, 36-д заасан чиг үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүйн улмаас гарсан, хөдөлмөрийн гэрээний 7.4.34-д зээлийн судалгааг хууль, дүрэм, журмын дагуу хийгээгүй, , 7.4.41-д өөрт эрх олгогдоогүй зээлийн хүсэлтийг судалсан, зээлийн хүсэлтийг шийдвэрлэсэн гэж заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарна гэж тодорхойлсон.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтын 24, 36-д зааснаар ажлын байрны үндсэн чиг үүргийн хүрээнд нэгжийн зээл олголт, хяналт тавьж ажиллах, зээлийн хувийн хэрэг, баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, шууд удирдлагад буй ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг холбогдох дүрэм, журам, зааврын дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих үүрэг хүлээжээ.
Түүнчлэн, Ажлын байрыг дэмжих зээлийн журмын 8.2-т зээлийн хүсэлтийг ББЗСХ болон бүх салбар, нэгж хүлээн авч судлах ба зээл судлах зөвшөөрлийг дараах байдлаар баталгаажуулж авна, 8.2.1-д Улаанбаатарын дүүрэг салбарын захирал 300,000,000 төгрөг хүртэлх болон түүнтэй тэнцэх зээлийн хүсэлтийг судлах зөвшөөрлийг авахаар заасан байна.
Хариуцагч байгууллагын зүгээс 6 зээлдэгчид холбогдох зээлийн хувийн хэргээс Э., Н., Э.******* нарын зээл судлах зөвшөөрөл хүсэхийн өмнөх шалгах хуудас гэх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн, үүнээс хоёр баримтад 2021.06.11 судлах зөвшөөрөл олгов гэж тэмдэглэгдсэн, нэг баримт ямар нэг тэмдэглэгээ хийгдээгүй байх ба бусад зээлдэгчийн хувийн хэрэгт зээл судлах зөвшөөрөл-тэй холбогдох баримт байхгүйгээс нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй гэжээ. /1хх-ийн 213-215 дугаар тал/
Талуудын тайлбар болон дээрх нотлох баримтуудаас үзэхэд ажлын байрыг дэмжих зорилго бүхий 300,000,000 төгрөг хүртэлх болон түүнтэй тэнцэх хэмжээний зээлийн хүсэлтийг судлах нь нэхэмжлэгчийн үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулж буй тооцооны төвийн эрхлэн явуулах үйл ажиллагааны хүрээнд хамаарч байх ба харин уг зээлийн хүсэлтийг судлахдаа харъяа салбарын захирлаас зөвшөөрөл авахаар журамлажээ.
Иймд нэхэмжлэгч нь удирдах албан тушаалтны хувьд дээрх хэмжээний зээлийн хүсэлтийг судлах зөвшөөрөлтэй холбогдох үйл ажиллагааг зохион байгуулах, уг ажлыг тогтоосон дүрэм, журмын дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих бөгөөд энэ талаарх үүргийг түүний ажлын байрны үндсэн зорилгын хүрээнд тодорхойлсон байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл ажлын байрыг дэмжих зорилго бүхий 300,000,000 төгрөг хүртэлх болон түүнтэй тэнцэх хэмжээний зээлийн хүсэлтийг судлах зөвшөөрлийг эрх бүхий этгээдээс аваагүй зөрчил тогтоогдсон, түүнчлэн 3 зээлдэгчийн хувийн хэрэгт тухайн зөвшөөрөлтэй холбогдох баримт байхгүй байгааг дээрх зөрчилд хамааруулсаныг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ нь ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээний үндсэн чиг үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүйтэй холбоотой гэж үзнэ.
Улмаар дээрх сахилгын зөрчил нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон.
3.3. Мөн Ажлын байрыг дэмжих зээлийн журмыг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолын хүрээнд эдийн засгийг идэвхжүүлж, ажлын байрыг дэмжих зорилготой баталж хэрэгжүүлж байгаа талаар тус журамд тусгасан байх ба уг журмын дагуу олгох зээл, түүний хэмжээг хариуцагч байгууллагын Зээлийн бодлогын баримт бичгийн хүрээнд тодорхойлохгүй. Иймд дээрх журмын дагуу олгосон зээл нь Зээлийн бодлогын баримтын бичигт заасан тооцооны төвийн эрх хэмжээнээс хэтрээгүй гэх агуулга бүхий нэхэмжлэгч талын тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
3.4. Ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ мөн зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацааг баримтлах учиртай.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. гэж заасан.
Хэрэгт авагдсан шалгалтын тайланд шалгалтын хугацааг 2021.11.23-2020.12.16 гэж, шалгалт хамрах хугацааг 2021.06.09-2021.11.22 гэж тодорхойлсоноос үзвэл Өнөр тооцооны төвд хийх шалгалтын хугацааг 2021.11.23-2021.12.16-ны өдрийг хүртэл тогтоосон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл шалгалт эхлэх хугацааг 2021.11.23 гэж тодорхойлсон атлаа дуусах хугацаа нь 2020.12.16 байх боломжгүй тул үүнийг техникийн шинжтэй алдаа гэж дүгнэв.
Дээрх хугацаанд явагдсан шалгалтаар зөрчил илэрсэн тул шалгалтын сүүлийн хугацаагаар буюу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчлийг ажил олгогч илрүүлсэн гэж үзнэ.
Ажил олгогч нь сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ба уг хугацааг зөрчиж нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт нийцэхгүй тул түүний шийдвэрийг хууль ёсны гэж үзэх боломжгүй.
Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй.
4. Ажилтныг ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцоход 76,056 төгрөг /1,620,000 + 1,621,677 + 1,549,857= 4,791,534 : 3 =1,597,178 : 21 = 76,056/, 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл ажлын 656 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 49,892,736 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Мөн уг үнийн дүнгээс зохих шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус заасантай нийцнэ.
5. Дээрх үндэслэлээр шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2024/02600 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч З.*******ыг ******* банк ХК-ийн Сонгинохайрхан дүүрэг салбарын харьяа Өнөр тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* банк ХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 49,892,736 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг дүнгээс тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, уг төлөлтийг баталгаажуулахыг хариуцагч ******* банк ХК-д даалгасугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 407,414 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА