Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

         Улсын яллагч Н.Мөнхбат

 Шүүгдэгч З.Л, түүний өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г овгийн З-н Л-д холбогдох 1916001110059 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн .... сумын харьяат, ... өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, эхнэр 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .... оршин суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ... регистрийн дугаартай, Г овгийн З-н Л гэв.

Шүүгдэгч З.Л нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Найрамдалын хороо 6-22 тоотод оршин суух иргэн С.Б-гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж Самсунг Галакси эс-5 маркийн гар утсыг хулгайлан авч 250 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч З.Л нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Найрамдалын хороо 6-22 тоотод оршин суух иргэн С.Б-гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж Samsung S-5 маркийн гар утсыг хулгайлан авч 250 000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь хүний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч З.Л гэм буруутай болох нь:

Шүүгдэгч З.Л-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2019 оны 03 дугаар сарын 04-нд манай авга ахын хүүхэд С.Б манайд мал маллаад өгөөч гэж очсон. С.Бтай үнэ дээрээ тохироогүй учраас дахиж ярилцах гэж С.Бгийнд очсон. Тэгэхэд цоожтой байсан. Гэрийнхээ гадаа нэг шил архи уучихаад очсон. Очиход гэр нь цоожтой, жижиг цоож зүүсэн байхаар нь чулуугаар цохиж ороод зүүн орон дээр нь улаан өнгийн гар утас байхаар нь авсан. Зам дээр зогсож байсан цагаан өнгийн brobox /пробокс/ гээд машинтай хүн зогсож байхаар нь 25.000 төгрөгөөр зарсан. Хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 250 000 төгрөгийн хохирол төлсөн. Би өндөр настай хадам ээж, 2 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Эхнэр тархи толгойны өвчтэй, бичиг үсэг мэдэхгүй. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү? Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг,  

 Хохирогч С.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ажил дээрээ байж байгаад 13 цагийн орчимд гэртээ үдийн цайгаа уучихаад Л-н гэрт очоод чамаар малаа маллуулъя гэхэд Л нь цалин хөлсөн дээрээ дургүйцээд гэрээсээ гараад яваад өгсөн. Тэгээд би тэндээсээ гараад гэртээ 15 цагийн орчимд ирэхэд манай гэрийн хаалганы цоож нь эвдэрсэн. Дотогш хүн орсон бололтой байсан. Саяхан Лтэй таарахад би танай гэрийн хаалганы цоожыг эвдээд чиний гар утсыг хулгайлаад цагаан өнгийн пробокс машинтай хүнд зарчихсан юм шүү. Би нэг адуу зараад чиний мөнгийг төлж өгье гээд байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ18/,

Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2019 оны 03 дугаар сарын 04-ний 15 цагийн орчимд байх шар дэлгүүрийн үүдэнд цагаан өнгийн пробокс машинд суугаад таксидах гээд зогсож байтал Л нь хүрч ирээд гар утас авах уу гээд жолооч ахаас асуусан. Таксины жолооч тус утсыг шалгаж үзээд бэлэн 25000 төгрөг өгөөд авчихсан...” гэсэн мэдүүлэг /ХХ24/,

Гэрч Ё.М-н мөрдөн байцаалтад өгсөн “... улаан өнгийн гэртэй самсунг эс-5 маркын гар утас 25000 төгрөгийг бэлэн өгч худалдаж авсан. Facebook орохгүй халаад байсан учир захын тэнд дээлтэй хүнд 20000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /ХХ32/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт, шинжээчийн дүгнэлт  зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй  байна.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч З.Л-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүхээс шүүгдэгч З.Л-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч З.Л-г 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч З.Л нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан бөгөөд шүүгдэгч З.Л нь цагдан хоригдоогүй, хохирогч С.Бд хохиролд 250.000 төгрөгийг төлсөн, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овгийн Загдын Л-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч З.Л-г 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Лд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч З.Л-г цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн цоожийг устгасугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч З.Л нь цагдан хоригдоогүй, хохирогч С.Бд хохиролд 250.000 төгрөгийг төлсөн, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА