| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
| Хэргийн индекс | 157/2016/00180/И |
| Дугаар | 204 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 204
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч З.Золжаргалд холбогдох ярианы төлбөр 59353 төгрөг, алданги 29677 төгрөг, нийт 89030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “З.Золжаргал нь “Жи-Мобайл” ХХК”-тай 2011 оны 06 сарын 08-ны өдөр “хувь хэрэглэгчид үүрэн холбооны интернэт үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан 98231997 дугаарын хэрэглэгч болсон. Ярианы төлбөр төлж барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй болно. Иймд З.Золжаргалын ярианы төлбөр 79353 төгрөгнөөс барьцаанд байршуулсан 20000 төгрөгийг хасч тооцон 59353 төгрөг, алданги 29677 төгрөг, нийт 89030 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь 2016 оны 09 сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Жи-Мобайл ХХК нь хариуцагч З.Золжаргалаас ярианы төлбөр, алданги нийт 89,030 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. З.Золжаргал нь 2016 оны 08 сарын 30-нд ярианы төлбөр 59,353 төгрөг, алданги 20,047 төгрөг нийт 79,400 төгрөгийг төлсөн байна. “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч З.Золжаргалаас нэхэмжилсэн 89,030 төгрөгнөөс 9630 төгрөгийг хасаж тооцон 79,400 төгрөг дээр эвлэрч байна. Маргах зүйлгүй. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь хариуцагч З.Золжаргалаас ярианы төлбөр 59353 төгрөг, алданги 29677 төгрөг, нийт 89030 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Золжаргал 2016 оны 08 сарын 30-ны өдөр 79400 төгрөгийг “Жи-Мобайл” ХХК-д төлсөн ба “Жи-Мобайл” ХХК нь ярианы төлбөр, алданги нийт 89030 төгрөгнөөс 9630 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, зохигчид 79400 төгрөг дээр эвлэрсэн байна.
Хариуцагч З.Золжаргал нь Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох ярианы төлбөр 59353 төгрөг, алданги 29677 төгрөг, нийт 89030 төгрөгнөөс 79400 төгрөгийг төлж баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч З.Золжаргалаас ярианы төлбөр 59353 төгрөг, алданги 29677 төгрөг, нийт 89030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 9630 төгрөгийг хасаж зохигчид 79400 төгрөг дээр эвлэрч тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч З.Золжаргалд холбогдох ярианы төлбөр 59353 төгрөг, алданги 29677 төгрөг, нийт 89030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 79400 төгрөг дээр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг тал хувь болох 2275 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг, хариуцагч З.Золжаргалаас 2275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.БАЙГАЛЬМАА