Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01781

 

 

 

 

 

 

  2024 09 16 210/МА2024/01781

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2024/02891 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон алдангид 554,058,129 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр түгээмэл тархацтай ашигт малтмал дайрга нийлүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний 1.1-т заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь 200,000 м3 хэмжээ бүхий дайргыг холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, нормд заасан стандарт, нөхцөлүүдэд нийцүүлэн гэрээнд заасан хугацаанд нийлүүлэх, захиалагч ******* ХХК нь гэрээний 2.2-т заасан ажлын хөлсийг ******* ХХК-д тогтоосон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн.

1.2. Дээрх гэрээнд заасан ажлуудыг ******* ХХК нь хийж гүйцэтгэн ажлын гүйцэтгэлийг хэмжилтээр баталгаажуулан хүлээлгэн өгч байсан хэдий ч гэрээт ажил гүйцэтгэх явцад ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн дараах үүргүүдээ зөрчиж, манай компанийг бизнесийн хүндрэлтэй байдалд оруулж, цаашид тогтвортой, хэвийн ажиллах нөхцөл боломжийг алдагдуулж байсан.

Тухайлбал, гэрээнд заасан гүйцэтгэх ажлын тоо хэмжээг тодорхой шалтгаан, үндэслэлгүйгээр нэг талын санаачилгаар 4-5 дахин бууруулсан. Ийнхүү гэрээнд заасан ажлын тоо хэмжээг бууруулсан хэдий ч ямар материалыг хэдий хэмжээгээр үйлдвэрлэх, тооцоог тодорхойлохгүй удсан зэргээр захиалагч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

1.3. ******* ХХК нь гэрээний үүргийн дагуу ажил гүйцэтгэхтэй холбоотой бүхий л хууль тогтоомж, норм норматив болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, гүйцэтгэсэн ажлаа тухай бүр ******* ХХК-д шалгуулан баталгаажуулж, ямар нэг зөрчил дутагдал, ажлын гологдолгүйгээр гэрээнд дурдсан ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс ******* ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, нөхцөл байдлыг тодруулах, албан хариу авах, захиалагчийн гэрээгээр хүлээсэн гол үүрэг болох ажлын хөлсийг цаг тухайд нь төлөх үүргээ биелүүлэхийг шаардах зэргээр хэд хэдэн албан бичгүүдийг хүргүүлсэн байдаг ба ингэснээр талууд 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн.

Ийнхүү талууд гүйцэтгэсэн ажлын тооцоог нийлэхэд 412,245,632 төгрөг авах тооцоо гарсан. Уг тооцооноос гэрээний 4.6-д удирдлагын зардалд тооцож тухайн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 5 хувийг суутгана гэж заасны дагуу ******* ХХК нь менежментийн зардалд 79,894,595 төгрөгийг суутган тооцох болж, эцсийн байдлаар манай компанид 332,351,037 төгрөгийн авлагатай байхаар тооцоо нийлсэн.

Гэвч ******* ХХК нь ажлын хэмжээгээ тодорхойгүй шалтгаанаар буулгаж, гэрээний заалтаа мөрдөж ажиллаагүй бөгөөд манай компанийг удирдлагаар бүрэн хангаж тогтвортой ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул менежментийн зардалд гүйцэтгэлийн 5 хувь болох 79,894,595 төгрөгийг суутгах үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно хэмээн заасны дагуу талууд гэрээндээ ажлын хөлсний үнэ, хөлс төлөх журмыг тодорхойлон заасан. Тодруулбал, гэрээнд заасны дагуу ажлын хөлсийг захиалагч нь нэхэмжлэгчид төлөх ба мөн гэрээний 4.6-т захиалагч нь удирдлагын зардалд гүйцэтгэлийн дүнгийн 5 хувийг суутгахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл, тус гэрээний дагуу захиалагч ******* ХХК нь нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлд удирдлага, чиглэл, мэдээлэл өгөх зэргээр менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ба ингэснээр нэхэмжлэгч нь ******* ХХК-д удирдлагын зардалд гүйцэтгэлийн 5 хувийг тооцож олгохоор тохиролцсон.

******* ХХК нь гэрээгээр хүлээсэн удирдлага, менежментийн үүргээ биелүүлээгүй байх тул удирдлагын зардалд 5 хувийг тооцон өгөх хууль зүйн үндэслэлгүй байна.

1.4. Иймд талуудын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан БН-23/02 дугаар Түгээмэл тархацтай ашигт малтмал дайрга нийлүүлэх гэрээ-ний дагуу ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох 412,245,632 төгрөг, мөн гэрээний 2.8-т хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.2 хувиар тооцон алданги төлнө хэмээн заасны дагуу тооцоо нийлсэн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 172 хоногийн хугацаанд тооцогдох алдангид 141,812,497.40 төгрөг, нийт 554,058,129 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХХК нь ******* ХХК-ийн захиалгаар Монгол улсын Засгийн газрын 2022 оны 95 болон 349 дугаар тогтоолтой, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт хилийн боомтын 66 га газарт Ухаалаг удирдлагатай чингэлэг тээврийн терминал-ыг байгуулах ажлын хүрээнд зам, талбайн бетон хучилтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан.

2.2. Дээрх ажилд шаардлагатай дайргыг ******* ХХК-иар бэлдүүлэхээр гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлээгүй. Тодруулбал, ******* ХХК нь анхнаасаа захиалагч ******* ХХК-тай дайрга нийлүүлэх гэрээ байгуулахаар гэрээний үнэ, ажлын даалгавар, ажлын тоо хэмжээ зэрэг гэрээний нөхцөлүүдээ харилцан тохиролцсон байсан.

Гэвч захиалагч ******* ХХК нь гэрээ байгуулах үйл явц удааширч, ажил удаашрах нөхцөл үүсээд байгаа тул ерөнхий гүйцэтгэгч болох манай ******* ХХК-д өөрсдийн тохиролцсон нөхцөлөөр ******* ХХК-тай гэрээг яаралтай байгуулах үүрэг өгсний дагуу манай компани ажлыг түргэн шуурхай явуулахын тулд тэдний тохиролцсон нөхцөлөөр бэлтгэсэн гэрээний төсөлд компани болон ажилчдын нэрийг өөрчлөн гэрээг байгуулсан.

Ийнхүү гэрээ байгуулах явцад захиалагч ******* ХХК, ерөнхий гүйцэтгэгч ******* ХХК болон ******* ХХК нар гурвалсан гэрээ байгуулж, санхүүжилтийг захиалагчаас шууд ******* ХХК-д олгож байх талаар мөн яригдаж байсан.

Гэрээг ингэж байгуулсан хэдий ч бид тус гэрээнд тусгасан үүргүүдийг биелүүлсээр ирсэн. Тодруулбал, ******* ХХК-ийн дайрга үйлдвэрлэх бүх нөхцлийг бүрдүүлж, ордтой холбоотой орон нутгийн бүх зөвшөөрлийг яаралтай гаргуулж, эрх бүхий байгууллагаар тэсэлгээг хийлгэж, ордын чанарыг мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулж байсан.

Хэрэв манай компани үүргээ биелүүлээгүй буюу орд ашиглахтай холбоотой зөвшөөрлийг гаргуулаагүй, мэргэжлийн байгууллагаар тэсэлгээг хийлгэж талбай бэлдэж өгөөгүй бол ******* ХХК дайрга үйлдвэрлэх ямар ч боломжгүй юм.

2.3. ******* ХХК нь өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй буюу ажлаа бүрэн дуусгалгүйгээр, захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчид мэдэгдэлгүй хаяж явсан. Тодруулбал, ******* ХХК нь 100,000 м3 уулын цул шаардлагатай гэсний дагуу манай компани 100,000 м3 уулын цулыг тэсэлгээ хийлгэж, бэлдэж өгснөөс ******* ХХК нь 42,027 м3 уулын цулыг буталж, 57,973 м3 уулын цулыг бутлалгүйгээр хаяж явсан нь бидэнд илүү зардал бий болгосон. Үүний улмаас 30,000 м3, 40,000 м3 дайргыг Өмнөговь аймгийн Ханбогд сум, Манлай сумаас тээвэрлэх, мөн БНХАУ-аас хольц хэлбэрээр тээвэрлэх зэрэг ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Мөн буталсан чулууг өөрийн техникээр гэрээний дагуу ачиж өгөх ёстой байсан боловч хаяж явсны усмаас захиалагчаас авто ачигчийн зардлыг мөн гаргаж ачуулсан гэх шалтгаануудын улмаас ******* ХХК санхүүжилтийг олгоогүй байна.

Гэрээг байгуулахдаа ******* ХХК нь ерөнхий гүйцэтгэгчтэй 1 м3-ын үнийг 38,500 төгрөг гэж тохирсон байсан ба тухайн байгуулсан гэрээ нь туслан гүйцэтгэгч байгууллагад ашигтай байх ёстой. Гэрээнд ашиг гэж оруулах гэж байснаа нэгэнт тохирсон барилгын ажлын удирдлагын зардал 5 хувь гэж оруулаад уг мөнгийг манай тал суутган авахаар болсон.

2.4. Манай зүгээс 332,351,037 төгрөгийн тухайд маргахгүй бөгөөд алданги нь бид нараас шалтгаалаагүй, захиалагч төлбөрөө хийгээгүйгээс болсон. Захиалагч байгууллага бартер санал болгож байгаа бөгөөд байр, зуслангийн хаус өгөх боломжтой.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 526,574,376 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 27,483,753 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,928,241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 2,790,821 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сүүн хангай ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь захиалагч ******* ХХК-ийн захиалгад нийцүүлэн Түгээмэл тархацтай ашигт малтмал дайрга нийлүүлэх БН-23102 дугаартай гэрээний ажлын даалгаврыг хүлээн зөвшөөрч, тус даалгаварт заасан хэмжээгээр 0-5 мм, 5-10 мм, 10-20 мм, 5-40 мм ширхэглэлтэй дайргыг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрэн нийлүүлэх үүрэг хүлээсэн. Ерөнхий гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөрт 800,000,000 төгрөгийг гэрээ байгуулмагц туслан гүйцэтгэгчид төлөх, энэ урьдчилгаar 3 удаагийн нэхэмжлэхэд ижил хувиар суутган тооцох, гэрээний дагуу нийлүүлсэн барааны тооцоог бодит хэмжээ, гүйцэтгэлд үндэслэн 15 хоног тутам хийж байхаар тохирч гэрээг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан.

******* ХХК нь тус гэрээ болон ажлын даалгаварт заасан 200,000 м3 уулын цулыг бутлах ажлаас 42,027 м3 уулын цулыг бутлаад, бэлэн болсон 52,973 м3 уулын цулыг бутлалгүйгээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах саналаа 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ******* ХХК-д ирүүлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлэхгүйгээр ажлаа хаяж явсан.

4.2. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв гэж талуудын хооронд байгуулагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмал дайрга нийлүүлэх БН-23102 дугаартай гэрээ-ний харилцааг тодорхойлж, нийлүүлэгч тал гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн хэрнээ талуудын гэрээгээр хүлээсэн үүргийн харилцаа хэдийд дуусгавар болсон, үүргийн харилцаа дуусгавар болсноор үүрэгтэй холбоотой гэрээний шаардах эрх нэхэмжлэгчид байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэгч 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 06/21 дугаартай албан бичгээр ******* ХХК-д Гэрээ цуцлах тухай мэдэгдсэн. Энэ өдрөөр гэрээ цуцлагдаж, нэхэмжлэгч үйлдвэрлэлийн талбайгаас нүүснээр талуудын гэрээний үүрэг дуусгавар болж нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхгүй болсон байхад анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагчаас алданги 114,328,744 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

4.3. Мөн ******* ХХК нь гэрээг цуцлах хүсэл зоригоо ******* ХХК-д бичгээр илэрхийлсэн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө талуудын хооронд хэрэгжсэн гэрээний хэсэг нь хэвээр үлдэх үр дагавар үүсч байгаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн удирдлагын зардалд суутгасан 79,894,595 төгрөгийг буцаан шаардах эрхгүй. Гэтэл анхан шатны шүүхээс гэрээний хэрэгжсэн байдалд дүгнэлт хийлгүйгээр удирдлагын зардалд ямар зардал орох, нийлүүлэгч ******* ХХК-д хэрхэн менежментийн үйлчилгээ үзүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2024/02891 дугаартай шийдвэртэй хэргийг бүхэлд нь хянан үзэж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ******* ХХК-иас 526,574,376 төгрөг гаргуулах гэснээс алданги 114,323,744 төгрөгийг, мөн удирдлагын зардалд суутгасан 79,894,595 төгрөгийг тус тус хасч шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь гэрээ цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээг цуцлагдсан гэж үзэж байна хэмээн тайлбарлаагүй болохыг анхаарч үзнэ үү. Хавтаст хэргийн 83 дахь талд авагдсан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар шүүгчийн зүгээс ...гэрээ цуцалсан үндэслэл юу вэ... гэж асуухад нэхэмжлэгчийн зүгээс ...тодорхойгүй байдалтай байсан тул хариу авах зорилгоор албан бичиг хүргүүлсэн нь үнэн, гэвч гэрээг цуцлаагүй буюу цуцалсан гэж үзэхгүй байгаа... талаар хариулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс ажлын гүйцэтгэлийн тоо хэмжээ тодорхойгүй байгааг тодруулах, удирдлага менежментээр хангуулах зорилгоор албан бичгүүдийг хүргүүлсэн боловч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцлаагүй юм.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээг цуцлаагүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-т заасны дагуу гэрээний хугацаа нь 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаатай бөгөөд гэрээний хугацаа дууссанаар талууд 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлэх акт үйлдэж ажлын гүйцэтгэлийн үр дүнг баталгаажуулсан.

5.2. Тооцоо нийлэх акт болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч нь ажлын үнэлэлт өгөх үүргээ биелүүлээгүй учир Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасны дагуу алданги шаардах эрхтэй.

5.3. Удирдлагын зардалд суутгасан 79,894,595 төгрөгийн тухайд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.6-д удирдлагын зардалд 5 хувийг суутгахаар тохиролцсон боловч удирдлагын зардалд юуг тодорхойлон ойлгох вэ гэдгийг тусгаагүй, харин хариуцагч тал нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа удирдлагын зардалд нийлүүлэгчийг зуучлах зуучлалын хөлс, орон нутгийн зөвшөөрөл авах, уулын ажлын тэсэлгээ хийх, ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор ерөнхий захиалагч буюу ******* ХХК, гүйцэтгэгч буюу ******* ХХК нарын хоорондох харилцааг зохион байгуулах зэрэг асуудлуудыг ойлгоно гэж тайлбарласан.

Гэтэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуун сухайт хилийн боомтод хийсэн ухаалаг удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах ерөнхий ажлын захиалагч нь ******* ХХК бөгөөд тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах орон нутгийн зөвшөөрөл зэрэг ерөнхий хүрээний зөвшөөрөлд шаардагдах ажлуудыг тухайн компани хариуцан ажилласан. Өөрөөр хэлбэл, удирдлага менежментээр ийнхүү ханган ажилласан гэдгээ хариуцагч тал ямар нэгэн байдлаар тайлбарлаж нотлоогүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын гүйцэтгэл түүний үр дүнг үндэслэн гэрээнд заасан нөхцөл журмын дагуу хөлсийг төлөх үндсэн зохицуулалттай бөгөөд хариуцагч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн удирдлага менежментээр хангах үүргээ биелүүлээгүй тул удирдлагын зардалд суутгасан 79,894,595 төгрөг нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохирол, алдангид 554,058,129 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Талууд 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр №БН-23/02 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмал дайрга нийлүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь тэслэж бэлдсэн талбайгаас дайрга олборлож, түүнийг бутлаж, шигшин гэрээний хавсралт № 1-д заасан 6 төрлийн ширхэглэл бүхий 200,000м3 дайрга үйлдвэрлэх ажлыг гүйцэтгэн ******* ХХК-д хүлээлгэн өгөх, ******* ХХК нь тухайн ажлын талбайтай холбогдох зөвшөөрөл болон өрөмдлөг, тэсэлгээний ажлыг хариуцаж, 1м3 дайргыг 38,500 төгрөгөөр тооцон хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 8-14 дүгээр тал/

3.2. Түүнчлэн, талууд 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч, авсан зүйлээ хоёр байгууллагад мөрдөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж, ******* ХХК-ийг 332,351,037 төгрөгийн өглөгтэй болохыг харилцан батлаж, тамга дарж, гарын үсгээр баталгаажуулан 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтыг үйлдсэн байна. /хх-ийн 15 дугаар тал/

3.3. Зохигчид дээрх гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу төлөгдөөгүй ажлын хөлсний хэмжээний талаар маргаагүй, тэдний маргааны зүйл нь алданги, удирдлагын зардал төлөх эсэх асуудал болжээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, маргааныг шийдвэрлэсэн боловч маргааны зарим үйл баримтад алдаатай дүгнэлт хийснийг хэргийн баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хангасан зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, өөрчлөлт оруулна.

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний ажил гүйцэтгэгчийн үндсэн үүрэг нь ажлын үр дүнг бий болгож, түүнийг хүлээлгэн өгөх, харин захиалагчийн хариу үүрэг нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх явдал юм.

Дээрх гэрээний дагуу хариуцагч байгууллагын зүгээс ажлын хөлсөнд 332,351,037 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болохыг анхан шатны шүүх талуудын тайлбар болон тооцооны үлдэгдлийн баталгаа баримтыг үндэслэн зөв тогтоосон. Энэ талаар зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт хийхгүй.

4.2. Харин удирдлагын зардал гэх 79,894,595 төгрөгийн зардалтай холбогдох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх тухайн зардлыг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Талууд тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэхдээ менежментийн зардал 5% болох 79,894,595 төгрөг-ийг нэхэмжлэгчээс суутган тооцож, нийт санхүүжилтэд 1,603,651,900 төгрөг өгөхөөс хариуцагч байгууллагыг 1,271,300,862 төгрөгийг өгсөнд тооцсон байх ба үүнд дээрх 79,894,595 төгрөгийн зардал орж тооцогджээ.

Тооцооны үлдэгдлийн баталгаа нь харилцагч байгууллагуудын хооронд гарсан ажил гүйлгээг тооцоо үүссэн данс тус бүрээр хөтөлдөг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт тул уг баримтад тусгасан сүүлийн хугацаанаас өмнөх өр төлбөр төлөгдсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5-д Өрийг тодорхой хэсгээр, үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзнэ гэж зааснаар өмнөх өр төлбөр төлөгдсөнд тооцох бөгөөд өр төлбөрийн үлдэгдлийг тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар тодорхойлох үндэслэлтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ тооцоо нийлэхдээ удирдлагын зардлыг суутган тооцохоор болсон талаар тусгасан байхаас гадна хариуцагч байгууллага нь удирдлагаар хангах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэлээс удирдлагын зардал 79,894,595 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

4.3. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. Ийнхүү тогтоосон хугацаанд үүргийг гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан гэж үзэх талаар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт заасан.

Иймд гэрээгээр үүрэг гүйцэтгэх хугацааг хэрхэн тохиролцсоныг тодорхойлж, хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн эсэхийг тогтоосноор алдангийг тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх юм.

Талууд ажлын хөлс төлөх үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээний 2.6-д Төлбөрийн нөхцөл: талууд нийлүүлсэн барааны тооцоог гүйцэтгэлийн 15 хоног тутамд хийж тухай бүр тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулах бөгөөд нийлүүлэгч гэрээний 2.2-т заасны дагуу барааны үнийг тооцон гэрээний хавсралт 3-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэхийг захиалагчид хүргүүлэх бөгөөд нийлүүлэгчийн ирүүлсэн холбогдох шаардлага хангасан нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш ажлын 2 хоногийн дотор төлбөрийг нийлүүлэгчийн дансанд шилжүүлнэ... гэж тодорхойлжээ. /хх-ийн 9 дугаар тал/

Хэрэгт ажлын гүйцэтгэлтэй холбогдох тухай бүр тооцоо нийлсэн акт, уг актын дагуу үйлдсэн нэхэмжлэх зэрэг баримтууд авагдаагүй байх тул гэрээний 2.6-д заасан үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлох боломжгүй байна.

Тодруулбал, үүрэг зөрчсөн хугацаа тодорхой бус нөхцөлд алданги тооцох үндэслэлгүй бөгөөд талуудын тооцоо нийлсэн буюу 2023.08.03-ны өдрөөс үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй тул алдангид 141,812,497 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

5. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч ******* ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 332,351,037 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс алданги болон удирдлагын зардал нийт 221,707,092 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Мөн нэхэмжлэлийн шаардлагаас хангасан дүн өөрчлөгдсөнтэй холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

6. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй гэж заасан.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээ цуцлах талаар хариуцагчид мэдэгдэх бөгөөд энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хүлээн авснаар хүчин төгөлдөр болох учиртай. Ийнхүү гэрээ цуцлагдсан гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй, гэрээ цуцлагдсан асуудлаар талуудын хэн аль нь тайлбар гаргаагүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл муутай болжээ.

Түүнчлэн, гэрээ хэзээ цуцлагдсан нь алданги тооцох өдрийг тодорхойлоход ач холбогдолтой байхад анхан шатны шүүх хугацааг тодорхойлоогүй атлаа гэрээ цуцлагдсан гэж дүгнэн алдангийг нэхэмжлэл гаргах өдөр хүртэл тооцсон нь алдаатай дүгнэлт болсныг дурдах нь зүйтэй.

Гэвч хариуцагчийн үүрэг зөрчсөн хугацаа тодорхой бус нөхцөлд алданги тооцох үндэслэлгүй талаар дээр тайлбарласан тул гэрээ цуцлагдсан эсэх нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.

Мөн анхан шатны шүүхээс дээрх дүгнэлтийг хийх үндэслэл болсон ******* ХХК-ийн 2023.06.22-ны өдрийн 06/18, 2023.06.30-ны өдрийн 06/21 дугаартай албан бичгүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байгааг дурдах нь зүйтэй.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2024/02891 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг 526,574,376 гэснийг 332,351,037 гэж, ...27,483,753 гэснийг 221,707,092 гэж,

2 дахь заалтыг 57 дугаар зүйлийн 57.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.2 гэж, 2,790,821 гэснийг 1,819,705 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,129,050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

  ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

Т.ГАНДИЙМАА