| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
| Хэргийн индекс | 157/2016/00153/И |
| Дугаар | 209 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг, 43-р байрны 43 тоотод оршин суух ЗЮ92082204 регистрийн дугаартай, Харуд овогт Ганбилэгийн Хатан-Үжингийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Сэлхийн 06-р гудамжны 126 тоотод оршин суух, ШУ91111518 регистрийн дугаартай, Батмөнх овогт Гантөгсийн Ганцогт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Хатан-Үжин, хариуцагч Г.Ганцог, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Г.Хатан-Үжин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Ганцогтой 2012 оноос 2015 он хүртэл хамтран амьдарч байсан. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2014 оны 09 сарын 07-ны өдөр охин Г.Анужин төрсөн. Г.Ганцог нь амьдрах хугацаандаа утсаа салгаж хэдэн өдөр сараар алга болдог байсан. Гэр бүлдээ анхаарал муу, ажил хийх дургүй, үл ойлголцол, хэрүүл маргаан их гардаг тул хамтран амьдрах боломжгүй болсон тул хариуцагч Г.Ганцогоос охин Г.Анужиндаа тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.
Хариуцагч Г.Ганцог шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Ганцог миний бие 2012 оноос 2015 онд Г.Хатан-Үжинтэй хамт амьдарсан. Бид хоёр хэрүүл, маргаантай байсан учир тусдаа амьдрах болсон. Урьд нь би охиндоо мөнгө өгдөг байсан ч Г.Хатан-Үжин нь охинтой уулзуулдаггүй байсан учир мөнгө өгөхөө больсон. Хүүхдийн тэтгэлгийг төлөхийг зөвшөөрч байна. Охин Г.Анужинтайгаа чөлөөтэй уулзаж байх хүсэлтэй байна гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Г.Хатан-Үжин нь хариуцагч Г.Ганцогоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.Хатан-Үжин хариуцагч Г.Ганцог нар нь 2012-2015 он хүртэл хамтран амьдарч, охин Г.Анужин нь 2014 оны 09 сарын 07-ны өдөр төрсөн бөгөөд хариуцагч Г.Ганцог охин Г.Анужингаа өөрийн хүүхэд мөн учир тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд 2014 оны 09 сарын 07-ны өдөр төрсөн охин Г.Анужинд эцэг Г.Ганцогоос хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн Г.Хатан-Үжингийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд тус тус заасныг
удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 09 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Г.Анужинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Г.Ганцогоос гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү охин Г.Анужингийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Хатан-Үжинд даалгасугай.
4. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч Г.Ганцогийн эцэг байх үр хүүхэдээ өсгөн хүмүүжүүлэх эрх үүрэг хэвээр үргэлжилж байгааг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Хатан-Үжингийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, хариуцагч Г.Ганцогоос 97905 /ерэн долоон мянга есөн зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж, 70200 төгрөгийг нэхэмжлэгч Г.Хатан-Үжинд олгож, 27705 /хорин долоон мянга долоон зуун тав/ төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.
6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.БАЙГАЛЬМАА