Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 101/2024/00993/И |
Дугаар | 210/МА2024/01609 |
Огноо | 2024-08-16 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2024/01609
2024 08 16 210/МА2024/01609
Т ХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/02751 дугаар шийдвэртэй,
Т ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.М, Ж.Э нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 10,654,475 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Э.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ё, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Зээлдэгч Э.М, Ж.Э нартай 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, гэрээгээр 15,000,000 төгрөгийг жилийн 19,20 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хувийн байшинд засвар хийх зориулалтаар цалингийн зээл олгосон.
1.2. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүйгээр гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөлгүй 861 хоног хугацаа хэтрүүлсэн. Улмаар банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн талаар сануулж, удаа дараа мэдэгдсэн.
1.3. Зээлдэгч нар үндсэн зээлд 8,061,761 төгрөг, зээлийн хүү 4,172,524 төгрөг нэмэгдүүлсэн хүү 2,317 төгрөг, нийт 12,236,603 төгрөгийг төлсөн.
1.4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 00000000000 дугаартай шийдвэрээр хариуцагч Э.Мг эрэн сурвалжилж оршин суух хаягийг тогтоосон.
Иймд хууль болон гэрээнд зааснаар нэг талын санаачлагаар гэрээ цуцлах үндэслэл бүрдсэн тул хариуцагч Э.М, Ж.Э нараас үндсэн зээл 6,938,238 төгрөг, зээлийн хүү 3,142,394 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 486,642 төгрөг, нотариатын хураамж 17,000 төгрөг, эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргахад төлсөн 70,200 төгрөг, нийт 10,654,475 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Э.М-гийн тайлбар, татгалзлын агуулга:
Миний бие гэр бүлийн хүний хамт банкнаас зээл авсан талаар маргахгүй. Улмаар ковид-19 халдварт өвчин гарснаар ажилгүй болсон тул зээлээ төлж чадаагүй. Үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүгийн төлбөр дээр маргах зүйл байхгүй, харин ковид-19 халдварт өвчний үеийн нөхцөл байдлыг харгалзан нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Ж.Э шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.М, Ж.Э нараас 10,567,274 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 87,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,577 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Э.М, Ж.Э нараас 184,026 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч Э.М-гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгч шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хариуцагч нарт зээлийн эргэн төлөлт хийх тухай мэдэгдлийг хүргүүлсэн гэх баримтыг гаргасан боловч хариуцагч нар гарын үсэг зураагүй байхад нотлох баримтаар үнэлсэн.
5.2. Хариуцагч нараас үндсэн зээл, зээлийн хүүнд 12,236,602 төгрөгийг эргэн төлсөн. Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч хувийн хэвшил хямралд өртсөн талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, зээлийн талаар хүсэлтийг гаргасан ч шийдвэрлээгүй.
5.3. Банктай байгуулсан зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заагаагүй байхад шүүх нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Хүү, нэмэгдүүлсэн хүүгийн мэдэгдэлд хариуцагч гарын үсэг зураагүй боловч банкны зүгээс хариуцагчтай байнга утсаар ярьж, төлбөл зохих төлбөрийн талаар мэдэгдсэн. Зээлийн гэрээний 2.1.4-т ...нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна гэж заасан бөгөөд үндсэн зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцдог гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Э.Мгийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Э.М, Ж.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,938,238 төгрөг, зээлийн хүү 3,142,394 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 486,642 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, эрэн сурвалжлах нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 10,654,475 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь зээл, зээлийн хүү 10,080,633 төгрөгийг зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргажээ.
3. Т ХК болон Э.М, Ж.Э нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Т ХК нь зээлдэгч Э.М, Ж.Э нарт 15,000,000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийг хүүгийн хамт гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх, хуваарийг зөрчсөн тохиолдолд үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх8-10/
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
3.1. Зээлдүүлэгч Т ХК нь зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг зээлдэгч Э.М-д 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон зээлийн дансны хуулгаар нотлогдсон. /хх-11/
3.2. Хавтаст хэргийн 15 дугаар тал дахь зээл, зээлийн хүүний тооцооллын хүснэгт гэх баримтаар хариуцагч нар үндсэн зээлд 8,061,761 төгрөг, зээлийн хүүнд 4,172,524 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,317.82 төгрөг, нийт 12,236,603 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох тогтоогдсон.
3.3. Хариуцагч Э.М, Ж.Э нар нэхэмжлэгч Т ХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр тохиролцсон эргэн төлөх хуваарийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч Т ХК-иас 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 02 тоот, 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг хариуцагч нарт тус тус хүргүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-ийн 16-17/
Иймээс хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, дахь хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.
3.4. Анхан шатны шүүх хариуцагч Э.М, Ж.Э нараас үндсэн зээл 6,938,238 төгрөг, зээлийн хүү 3,142,394 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 486,642 төгрөг, нийт 10,567,274 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 87,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.
4. Хариуцагч Э.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
4.1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зохицуулсан тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээг цуцалсан ч зээлдэгч нараас зээлийг төлөх хүртэлх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Мөн талуудын байгуулсан гэрээний 2.1.4-т Зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн ... үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж тохиролцсон байна. Иймд зээлдэгч нар гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
4.2. Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нь зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул ...дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч хувийн хэвшил хямралд өртсөн тул энэ нэхэмжлэгчид мэдэгдэж, зээлийн талаар хүсэлт гаргасан ч шийдвэрлээгүй... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
4.3. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн байх тул ...хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийгээгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/02751 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.М-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 185,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ