Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 31

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Х-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1804000760037 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:                    

 Нарийн бичгийн дарга                              З.Ганцоож

 Улсын яллагч                                               Б.Оюунцэцэг

 Шүүгдэгч                                                  С.Х- нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр … аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, “..” ХХК-д .. ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамтаар .. дүүргийн .. дүгээр хороо, .. тоот хашаанд оршин суух урьд Багануур дүүргийн 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан С- овгийн С-ийн Х- /РД:............./.

Прокурорын яллах дүгнэлтэд:

Шүүгдэгч С.Х- нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цаг 30 минутаас 10 цаг 30 минутын орчим Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Доун” нэртэй баарны хойд талын засмал замын хашлаганы хажууд иргэн С.О-ийн гээгдүүлсэн Самсунг Галакси Эс-8 маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 1.511.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч С.Х-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 04 сарын эхээр цаг хугацааг нь сайн санахгүй байна би ганцаараа Багануур дүүргийн 1 дүгээр хороо төв зам дагуу гараад Доун баарны хойгуур явж байтал баарны хойд талд явган хүний замын хашлаганы хажууд том дэлгэцтэй хар өнгийн гар утас газарт байж байсан. Тэгэхээр нь би түүнийг аваад гэртээ харьсан. Би уг гар утсыг ашиглаагүй бөгөөд дунд хүү Б-г утасгүй гэхээр нь түүнд өгсөн. Тэгээд манай хүү тэр утсыг зарсан байсан. Дараа нь гээгдэл утас гэдгийг мэдээд гар утас зарсан хүндээ мөнгийг нь буцааж өгсөн, мөн хохирогч эмэгтэй гар утсаа буцааж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52, 53 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Хохирогч С.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гар утсаа алдахаасаа өмнө гадуур ажилтай явсан. Одоо санахад ажлаасаа гараад ажлынхаа хойд талд байдаг гэрлэн дохиотой төв замаар гарч холбооны газар орсон. Мөн төв дэлгүүр болон бусад газраар явсан. Би гадуур явж байгаад гар утсаа гээгдүүлсэн байх. Миний хувьд гээгдүүлсэн гар утсаа олж авсан бөгөөд одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

Гэрч Х.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...2018 оны 6 дугаар сард аавтайгаа утсаар ярьж байгаад гар утасгүй байгаа гэдгээ хэлэхэд аав надад хандаж манай гэрт нэг утас байгаа тэрийг аваарай гэж хэлсэн. Тэгээд би аавынд очиж “Самсунг Эс-8 Плас” маркийн гар утсыг авсан. Би 2018 оны 6 дугаар сарын дунд үеэр Улаанбаатар хот Тэди төв дээр очиж уг гар утсыг 800.000 төгрөгөөр зарсан. Гэтэл 2018 оны 7 дугаар сард Э- гэх цагдаагийн мөрдөгч надтай холбогдогч бусдын эзэмшлийн гар утсыг зарж борлуулсан байна гэж хэлсэн. Тэгээд ямар учиртай гар утас болохыг ааваасаа асууж мэдсэн. Хохирогч эмэгтэйн хувьд миний гар утас зарсан хүнээс гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан байна лээ. Би гар утас зарсан хүндээ 800.000 төгрөгийг нь буцааж өгсөн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42, 43 дугаар хуудас/

Гэрч Ч.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хохирогч С.О-ийн А:359049/08/000472/, В:359050/08/000472/6 эмэй кодтой Самсунг эс-8 плас маркийн гар утсыг Улаанбаатар хотын Тэди төвий гар утасны ченжхудалдан авсан талаар мэдсэн. Тэгээд уг ченжтэй утсаар холбогдож худалдаж авсан гар утас нь гээгдэл эд зүйл гэдгийг хэлж цааш зарж болохгүй талаар сануулсан. Тэгээд хохирогч О- гар утасны ченжтэй уулзаж гар утсаа олж авсан байсан. Мөн гар утасны ченжид гээгдэл эд зүйл зарж борлуулсан Х.Б-г олж тогтоож, Тэди төвийн гар утсны ченжийн 800.000 төгрөгийг төлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/

Эд хөрөнгийн хохирлын: “...Samsung S8 plus гар утас 2 симтэй нэг бүрийн үнэ 1.511.300 төгрөг...” гэсэн 179 дугаартай үнэлгээ /хх-ийн 16 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Х-ын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан “…Багануур дүүргийн 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан …” гэсэн хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46, 63-64-р хуудас/

 Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 38-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

Улсын яллагчаас “…Шүүгдэгч С.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчээс “...Ял шийтгэлийн хувьд тохиролцсон байгаа. Торгуулийн 450.000 төгрөгийг хэсэгчлэн төлнө...“ гэжээ.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэг Шүүгдэгч С.Х- нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цаг 30 минутаас 10 цаг 30 минутын орчим Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Доун” нэртэй баарны хойд талын засмал замын хашлаганы хажууд иргэн С.О-ийн гээгдүүлсэн Самсунг Галакси Эс-8 маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 1.511.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь хэсэгт заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байна.  

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохиролын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад С.Х-ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна.

Хохирогч “гар утсаа биет байдлаар хүлээн авсан, одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 39-р хуудас/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч С.Х- нь учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч С.Х-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр байна.

 

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн

1, 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С- овгийн С-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С- овгийн С-ийн Х-ыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан С.Х-т мэдэгдсүгэй.
  4. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол С.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. С.Х-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                А.БЯМБАЖАВ