Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01784

 

 

 

 

 

 

  2024 09 16 210/МА2024/01784

 

С.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/02961 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох

2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 20,038,866 төгрөг гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Хариуцагч ******* Н.******* нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга С.******* намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч миний бие уг захирамжийг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0765 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын ажил албан тушаалд С.*******г эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай шүүхийн шийдвэр гаргасан.

1.2. Уг шүүхийн шийдвэр, магадлалыг 13 сар 16 хоногийн дараа хариуцагч биелүүлж, 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.*******г Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Үүний дараа түр орлон гүйцэтгэгчээр томилсон өдөр 1 цаг орчмын дараа 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Б/17 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай хууль бус захирамжийг дахин гаргасан.

1.3. Дээрх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Б/17 дугаар захирамжаар ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0852 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тухайн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, тус шүүх хянан хэлэлцээд 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 221/MA/2023/90 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2022/0852 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

1.4. Иймд хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 20,038,866 төгрөг гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч С.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн буюу өдгөө 65 настай иргэн юм. Нэхэмжлэлийн шаардлага болох 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ас 14,643,191 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,395,675 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан 14,643,191 төгрөгийн олговроос шимтгэл тооцон төлөх, нэхэмжлэгч С.*******гийн нийгмийн болон болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч *******д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, түүний илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 231,166 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх илт нэг талын эрх, ашиг сонирхлыг хангаж шүүн таслах ажиллагаанд оролцож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх зарчмыг эдлүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3. хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасны дагуу анхан шатын шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас удаа дараа хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр утсаар мэдэгдсэн талаар шүүгчийн туслах тэмдэглэл болон хариуцагчийн хаягийн дагуу мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн зэрэг баримтууд хэрэгт авагдсан. Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зөрчил гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч *******д холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 20,038,866 төгрөг гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. С.******* нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар томилогдсон ба мөн даргын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/00765 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020.03.18-ны өдрийн Б/24 дугаар захирамжийг хүчингүй болгож, С.*******г Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоожээ. /хх-ийн 9-21 дүгээр тал/

3.2. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар С.*******г тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Б/17 дугаар захирамжаар дээрх албан үүргээс чөлөөлсөн байна. /хх-ийн 43 дугаар тал/

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч С.******* шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0852 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2023/90 дугаартай магадлалаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022.01.19-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгож, С.*******г Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохыг даалгаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 44-62 дугаар тал/

Улмаар, дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй буюу нэхэмжлэл гаргах хүртэл нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилоогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

3.3. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2022/01579 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01478 дугаар магадлалаар С.*******д 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 15,123,223 төгрөгийг *******ас гаргуулан олгохоор шийдвэрлэжээ. /хх-29-38 дугаар тал/

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зөв тодорхойлж, хариуцагч байгууллагаас 14,643,191 төгрөг гаргуулж, уг дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, уг төлөлтийг баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт нийцсэн байна.

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтад зааснаар хариуцагч нь С.*******г Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүргээ зөрчсөн, үүний үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэгч шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх зарчимд нийцнэ.

4.2. Ажилтныг ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2022/01579 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01478 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг нэг сарын 1,128,990 төгрөг, 1 өдрийн 52,111 төгрөг гэж тогтоосон, анхан шатны шүүх уг дүнгээр тооцож 2022.11.15-2024.01.12-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон.

5. Тус хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ын хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан. Мөн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтээр, 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг зохигчийн хүсэлтээр, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд ирүүлсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт үндэслэлгүй боловч талуудыг мэтгэлцэх боломжоор хангах шаардлагаар, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлээр тус тус хойшлуулжээ.

Түүнчлэн, 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид утсаар болон мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байх ба тухайн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйгээс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Ийнхүү шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээр хангасан байх тул анхан шатны шүүх илт нэг талын эрх, ашиг сонирхлыг хангаж шүүн таслах ажиллагаанд оролцсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

Мөн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааныг шинээр томилогдсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтээр хойшлуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/02961 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

  ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

Т.ГАНДИЙМАА