Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01610

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 16 210/МА2024/01610

 

 

Х ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/02257 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х ХК

Хариуцагч: Э ХХК

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Э ХХК,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Л ХХК

Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, ЧӨЧ 00 тоот хаягт байрлах, бизнесийн төвийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс хариуцагч Э ХХК-ийг албадан нүүлгэж, чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0000 тоот зээлийн гэрээ болон 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг үл хөдлөх эд хөрөнгийг Э ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Э ХХК-ийн 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0000000 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлагатай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч З.С, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч С.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Х ХК нь Э ХХК-тай 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, мөн Э ХХК-тай 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ, 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн эрх нээх гэрээг, У ХХК нь Э ХХК-тай 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдөр болон 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулсан. Дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу олгогдсон зээлийн өр төлбөрийн үлдэгдэл нийт 20,046,337 ам.доллар болсон бөгөөд зээлийн төлбөрт оффисын барилгыг тус банкны өмчлөлд шилжүүлсэн.

1.2. Х ХК, У ХХК, Э ХХК, Э ХХК, Л ХХК-иудын хооронд 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдах авах гэрээ байгуулж, Э ХХК, Э ХХК-иудын 20,046,337 ам.долларын өр төлбөрт тооцон, өмчлөх эрхийг Х ХК-д шилжүүлж гэрчилгээ гарсан. Гэрээний 1.4-т оффисын барилгыг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө буцаан худалдан авах нөхцөлийг тусгасан байх ба уг хугацааны дотор Э ХХК-ийн зүгээс оффисын барилгыг буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй тул 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээ дуусгавар болсон.

1.3. Банкны зүгээс 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5/3583 тоот, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5/4472 тоот, 2016 оны 03 дугаар сарын 01 өдрийн 5/1242 тоот, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 5/3830 тоот, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5/2856 тоот, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5/6823 тоот, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3/3508 тоот, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 5/1798 тоот албан бичгүүдээр оффисын барилгыг чөлөөлөх тухай мэдэгдлийг Э ХХК-д удаа дараа хүргүүлсэн боловч шаардлагыг биелүүлээгүй.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 00 тоот хаягт байрлах, бизнесийн төвийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Э ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай компанийн хамаарал бүхий Э ХХК нь уул уурхайн төслүүд хэрэгжүүлж, төмрийн хүдэр олборлолтын төсөлд Х ХК, У ХХК-иудаас зээлээр санхүүжилт хийж олон жилийн турш хамтран ажилласан. Улмаар 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор уул уурхайн бүтээгдхүүн тэр дундаа төмрийн хүдрийн гадаад зах зээлийн үнэ огцом унаж Э ХХК-ийн төмрийн хүдэр олборлолтын төсөл эдийн засгийн хувьд ашиггүй болсноор банкны зээлийн өр төлбөр хуримтлагдах үндсэн шалтгаан болсон.

2.2. Банкны зээлийн өр төлбөрийн дүнд хариуцагч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг түр хугацаанд шилжүүлэх, харин гэрээнд заасан үнийн дүнг Э ХХК нь гэрээнд заасан хугацаанаас өмнө банкинд төлж барагдуулах энэ тохиолдолд Э ХХК нь үл хөдлөх хөрөнгөө банкнаас буцаан шилжүүлэн авахаар 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдах авах гэрээ байгуулсан.

2.3. Өнгөрсөн хугацаанд Э ХХК-ийн зүгээс 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний асуудлыг шийдвэрлэх зорилгоор Х ХК-д удаа дараа бизнесийн болон гэрээний санал хүргүүлсэн. Иймд Э ХХК-ийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний асуудлыг шийдвэрлэх зорилгоор ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар тодруулах нь маргааныг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

3.1. Э ХХК нь Х ХК-тай байгуулсан 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр 2,610,000 ам.долларыг зээлж, барьцаанд оффисын 6 давхар барилгыг барьцаалсан. Бусад зээлдэгчийн адсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалаагүй, өөрийн авсан зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байхад барьцааг шилжүүлэн авч улмаар чөлөөлүүлэх гэж байгаа нь хууль бус.

Э ХХК нь Х ХК-аас санхүүжилт авч төмрийн хүдэр олборлож байхдаа эдийн засгийн хямрал бусад нөхцөл байдлаас болж зээлийг хугацаандаа төлж чадаагүй. Энэ үед Х ХК-аас Э ХХК-д хандан ...500 сая ам.долларын бонд босгоход банкны том зээлдэгч нарын зээл хэвийн байх шаардлагатай тул Э ХХК-ийн 5601 м.кв талбайтай, 6 давхар барилгыг банкны нэр дээр авах нөхцөлтэйгээр шилжүүлэх санал тавьсан. Улмаар Э ХХК-ийн хувьд олон жил хамтран ажиллаж ирсэн банкныхаа саналыг хүндэтгэн, нөгөө талаар зохих хугацаа авч борлуулалтын орлогоороо бүрэн төлөх боломжтой гэж үзээд Э ХХК нь Х ХК-тай 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Дээрх гэрээнд өр төлбөртөө тооцон үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөх хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, харин банкны шахалт, шаардлагын дагуу гэрээ байгуулсан.

3.2. Банк нь зээлдэгчийг үүргээ хугацаандаа гүйцэтгэхгүй бол зээлийн барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахдаа хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулах ёстой. Гэтэл 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлүүдийг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлүүдийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

3.3. Х ХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Учир нь Х ХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээнд Х ХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 2,610,000 ам.доллар болон 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бодогдсон хүүгийн төлбөрийн нийлбэр дүн болох 3,557,431 ам.доллар нь нийт 20,046,337 ам.долларын өр төлбөрийн нэг хэсэг байсан.

Зээлийн гэрээнд эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх гэж зориулалтыг заасан боловч Х ХК-аас тухайн үед манай компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Н.Эд Э ХХК-ийн хамаарал бүхий компани болох Э ХХК-ийн тус банкнаас 2007 онд авсан 6,600,000 ам.доллар, 2008 онд авсан 3,240,000 ам.долларын зээлүүдийн хүүг уг зээлээс суутган авах шаардлага тавьж Х ХК болон Э ХХК нарын хооронд байгуулсан 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ дагуу авсан 6,600,000 ам.долларын хүү 1,444,013.15 ам.доллар, Х ХК болон Э ХХК нарын хооронд байгуулсан 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ 3,240,000 ам.долларын хүү 859,542.05 ам.доллар, 2,602,160 ам.долларын хүү 170,384.11 ам.доллар, нийт 2,473,939.31 ам.долларыг Х ХК-аас буцаан авсан. Банкны зүгээс зээл олгохдоо хамаарал бүхий компанийн зээлийн хүүг буцаан суутган авсан үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн..., мөн хуулийн 56.1.10-д дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндэслэн хийсэн бусад хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байна.

Иймд Х ХК болон Э ХХК-ийн хооронд байгуулсан 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0000 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, мөн Худалдаа хөгжлийн банк ХХК-тай 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, уг хэлцлийн дагуу шилжүүлсэн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах, бизнес төвийн зориулалттай 5,601 м.кв талбайтай, 6 давхар барилгыг Э ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Х ХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан нь хуульд нийцсэн. Үүнд:

Э ХХК болон Х ХК-ийн хооронд байгуулагдсан 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/115 тоот зээлийн гэрээгээр олгогдсон 2,610,000 ам.долларын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт нийт 3,557,431 ам.долларын төлбөр, Э ХХК болон Х ХК-ийн хооронд байгуулагдсан 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/262 тоот зээлийн гэрээгээр олгогдсон 6,600,000 ам.долларын зээлийн үндсэн үлдэгдэл болон хүүгийн төлбөрт нийт 8,677,684.00 ам.долларын төлбөр, Э ХХК болон Х ХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ЗЭГ/20 тоот зээлийн эрх нээх гэрээгээр олгогдсон 3,240,000 ам.долларын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт нийт 4,527,738.00 ам.долларын төлбөр, Э ХХК болон У ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0000000000 тоот зээлийн гэрээ, 2009 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 00000000 тоот зээлийн гэрээгээр олгогдсон 2,500,000 ам.долларын зээлийн үндсэн үлдэгдэл болон хүүгийн төлбөрт нийт 3,283,484 ам.долларын төлбөр болсон. Э ХХК, Э ХХК нь 2007-2009 оны хооронд 4 удаагийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээс 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нийт 20,046,337 ам.долларын өртэй байсан тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдан авах гэрээг байгуулан зээлийн өр төлбөрийг хаасан.

4.2. Сөрөг нэхэмжлэлд Х ХК хууль зөрчсөн тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна гэж маргажээ. Гэтэл Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдах эрхтэй гэж, мөн хуулийн 174.4 дэх хэсэгт Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдах журмыг хуулиар тогтооно гэж зааснаас үзвэл ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар борлуулах боломжтой. Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Хуульд бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангана гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч үүргээ биелээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 41.2 дахь хэсэгт Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж, 44 зүйлийн 44.1 дэх хэсэгт Барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах ажиллагааг хууль болон хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт Барьцаалагч, барьцаалуулагч нь энэ хуулийн 11.2-т зааснаар харилцан тохиролцсон бол барьцааны зүйлийг шууд худалдаж болно гэж тус тус заасан.

Мөн 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №ЗБ/115 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан, тус гэрээний 4.2.1-т банкнаас авсан зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гэрээний 3.1-т заасан барьцаалсан хөрөнгийн чанар, бууруулахгүй байх, зээл, түүний хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үл маргах журмаар болон ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахаар шилжүүлэх гэж, 5 дугаар зүйлийн 5.1-т банкны эрхийг тодорхойлсон бөгөөд 5.1.2-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалсан өөрийн хамгаалалтанд авах буюу үл маргах журмаар шилжүүлэн авч захиран зарцуулах болон ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах замаар зээлийн үндсэн өр, хүү болон хүүний төлбөрийг барагдуулах гэж харилцан тохиролцсоноос дүгнэвэл барьцааны зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахыг талууд гэрээнд тусгах замаар нийцүүлсэн байх тул хууль тогтоомж зөрчөөгүй.

4.3. Э ХХК-ийн 6,600,000 ам.доллар, 3,240,000 ам.доллар, 2,500,000 ам.долларын гэрээний үүргийн гүйцэтгэлийг Э ХХК нь зээлдэгчийн өмнөөс өөрийн хөрөнгөөр хариуцан үүргийн гүйцэтгэлийг хангасан нь хууль тогтоомж, гэрээний харилцаанд харшлахгүй. Тодруулбал, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-т Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан. Нэхэмжлэгч нь Э ХХК-ийн зээлийн өр төлбөрийг өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр гүйцэтгэснээс үүсэх авлагыг Э ХХК-аас нэхэмжлэх ёстой.

Учир нь Э ХХК, Э ХХК, Х ХК, У ХХК-иудын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ-нд харилцан тохиролцсоны дагуу Эн нь төлбөр төлөгчдийн банкуудад төлөх төлбөрт оффисын барилгыг буцаан худалдан авах эрхтэйгээр А банкны эрхэд шилжүүлэхийг зөвшөөрч байгаа гэж, Э ХХК нь энэхүү гэрээнд заасан өр төлбөрийг Э ХХК-д буцаан төлж барагдуулахыг зөвшөөрсөн, мөн 1.6-т Оффисын барилгыг Х ХК-ийн өмчлөлд шилжүүлснээр Э ХХК нь өөрийн банкуудад төлөх өр төлбөрийг Э ХХК-ийн өмнө хариуцан барагдуулна гэс үзвэл Э ХХК нь өөрийн болон Э ХХК-ийн зээлийн өр төлбөрт маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Х ХХК-д шилжүүлж, Э ХХК нь өөрийн зээлүүдийн өр төлбөрийг Э ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

4.4. Э ХХК, Э ХХК, Х ХК, У ХХК-иудын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ-тэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

4.5. Э ХХК нь сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа ...Х ХК болон Э ХХК нарын хооронд байгуулсан 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 6,600,000 ам.долларын хүү 1,444,013.15 ам.доллар, Х ХК болон Э ХХК-иудын хооронд байгуулсан 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний 3,240,000 ам.долларын хүү 859,542.05 ам.долларыг суутган авсан гэх боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Э ХХК-ийн зээл олголт хийсэн 499133663 тоот ам.долларын харилцах дансны хуулгаас үзэхэд Э ХХК-ийн тус банкнаас 2007 онд авсан 6,600,000 ам.долларын зээл, 2008 онд авсан 3,240,000 ам.долларын зээлүүдийн хүүг суутган аваагүй.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Гуравдагч этгээд Л ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

Э ХХК, Э ХХК-иудын 20,046, ам.долларын зээлийн үүргийн гүйцэтгэлд Э ХХК, Э ХХК, Л ХХК, Х ХК, У ХХК-иудын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 5601 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг Х ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн.

Манай компани нь Э ХХК болон Убанк ХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр болон 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр олгогдсон 2,500,000 ам.долларын зээлд батлан даалт гаргасан. Тодруулбал, 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ батлан даалтын гэрээгээр дээрх зээлд батлан даалт гаргасан байсан тул 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээний нэг тал болж оролцож байгуулсан.

2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь Э ХХК, Э ХХК-ийн 20,046,337 ам долларын зээлийн өр төлбөрийн үүргийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээр солих нөхцөлтэй бөгөөд Л ХХК нь зээлдэгч биш, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ч биш тул манай компанийн эрх ашиг хөндөгдөхгүй гэжээ.

 

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-ийн шаардлага, үндэслэлийн агуулга:

6.1. Э ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Х ХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлсэн байх бөгөөд Э ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Тодруулбал, Э ХХК нь 2007 онд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт Төмөртэйн гол төмрийн хүдрийн орд дээр хайгуулын ажлыг хийж гүйцэтгэн төмрийн нөөц, уулын ажлын нөхцөлийг тогтоон, тогтоосон нөөц ба ордыг ашиглах ТЭЗҮ-г боловсруулан батлуулж, уулын баяжуулах үйлдвэрлэлийн ажлыг хийж эхлүүлсэн бөгөөд үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгийг өсгөх зорилгоор У ХХК-тай 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ байгуулан 175,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, мөн 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 704,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн. Тухайн үед Э ХХК-ийн хамаарал бүхий компаниуд болох Э ХХК, Л ХХК болон И ХХК нь У ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан.

6.2. У ХХК-аас Э ХХК болон бусад хамаарал бүхий юмпанид олгосон зээлийг хаах зорилгоор 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээг Х ХК-тай байгуулан дээрх зээлүүдийг хаасан. Мөн 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр У ХХК-тай зээлийн гэрээг байгуулан 500,000 ам.долларыг зээлсэн ба 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 2,000,000 ам.долларыг нэмж олгохоор өөрчлөлт оруулсан. Нэмж олгосон 2,000,000 ам.долларын зээлээс Иволв ХХК-ийн 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрэээний дагуу авсан 1,212,000 ам.доллар, түүний хүү 189,715 ам.доллар, нийт 1,401,715 ам.доллар, Э ХХК болон хамаарал бүхий бусад компанийн авсан зээлийг хаах гэж байгуулсан зээлийн гэрээний дагуу авсан 6,600,000 ам.долларын хүү 322,998.15 ам.доллар, Х ХК, Э ХХК-ийн хооронд байгуулсан 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 3,240,000 ам.долларын хүү 4,531.65 ам.доллар, 2,500,000 ам.долларын хүү 114,830 ам.доллар, нийт 1,844,074.80 ам.долларыг төлж, компанийн хувьд үйл ажиллагаандаа 655,925.20 ам.долларыг ашигласан. Өмнөх зээлийн үүргийг гүйцэтгээгүй байхад дахин зээл авахуулж, өөрийн болон хамаарал бүхий бусад этгээдийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлж, У ХХК болон Х ХК-иудын шаардлага, шахалтаар хийсэн. Банкны зүгээс манай компанийг өөрийн нэр дээр зээл авч, өмнө авсан зээл болон бусад компанийн зээлийг төлж нэг газраа зээлээ төвлөрүүлэх шаардлагыг манай санхүү хариуцсан захиралд гаргасан бөгөөд үүний дагуу Э ХХК нь маргаан бүхий зээлийн гэрээг байгуулсан.

6.3. Маргаан бүхий 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр Э ХХК нь 2,000,000 ам.долларыг зээлсэн боловч 1,844,074.80 ам.долларыг компани зээлийн гэрээнд заасан зориулалтаар ашиглаж чадаагүй, 155,925.2 ам.долларыг л зээлийн гэрээнд заасан зориулалтаар ашигласан байдаг бөгөөд 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн зориулалт нь гэрээнд зааснаар эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх байсан. Тиймээс банкны зүгээс зээлийг зээлээр хаах зориулалтаар зээл олгосон болон шинээр олгосон зээлээс өмнөх зээлийн төлбөрийг суутгасан нь компанийн хувьд зээлийг бүхэлд нь зориулалтаар ашиглах боломжийг хааснаас гадна маргаан бүхий хоёр зээлийн гэрээнд дурдсан хууль болон журмын заалтыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн ... хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан бөгөөд маргаан бүхий гэрээгээр анхны хэлцлийг өөрчлөх, анхны зээлийн харилцааг халхавчлах зорилгоор хийгдсэн гэрээ гэж үзэж байна. Гэрээг байгуулсан үндсэн зорилго нь банкнаас шаардсан шаардлагын дагуу Иволв ХХК-ийн авсан зээлийн гэрээг хаах зорилгоор байгуулсан бөгөөд энэ нь Иволв ХХК болон банкны хооронд үүссэн зээлийн харилцааг халхлах шинжийг агуулж байгаа тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-д заасан үндэслэлүүдээр У ХХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэлээр уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Х ХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 15 тоот хаягт байрлах 1601 мкв талбайтай, бизнесийн төвийн зориулалтай 6 давхар үл хөдлөх эд хөрөнгөнөөс хариуцагч Э ХХК-ийг албадан нүүлгэх нэхэмжлэлийн шаардлаыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.5 дахь хэсэгт зааснаар Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн tdbm253/2012 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 00 тоот хаягт байрлах 1601 мкв талбайтай, бизнесийн төвийн зориулалтай 6 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг Х ХК-д даалгаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүлйинй 56.1.1, 56.1.3, 56.1.10 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК болон Х ХК нарын хооронд байгуулсан 2009 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн ЗГ/115 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Э ХХК болон Улаанбаатар банк нарын хороонд байгуулсан 2009 оны 02 сарын 06-ний өдрийн ЗГ/001/090206 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гуравдагч этгээд Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны 70,200 төгрөг, хариуцагч Э ХХК-ийн 166,582,000 төгрөг, шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-ийн 30,966,750 төгрөгийг улсын орлогод үлдээж, Э ХХК-иас 158,163,950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Х ХК-аас 285,163,950 төгрөг гаргуулан Э ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

8.1. Шүүхийн шийдвэрт талуудын хооронд байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэй байхаар тохиролцсон нь агуулгаараа Иргэний хуулийн 171.3-т заасныг зөрчсөн гэжээ. Гэтэл Х ХК, У ХХК, Э ХХК, Э ХХК, Л-Ч ХХК-иудын хооронд байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдан авах гэрээ нь шийдвэрийн үндэслэх хэсэгт тайлбарласан шиг тодорхой хугацааны дотор мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч талд буцаан худалдана гэх агуулга бүхий гэрээ биш.

Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдан авах гэрээгээр Э ХХК, Э ХХК-иудын 20,046,337 ам.долларын зээлийн өр төлбөрийг бүр мөсөн хаасан, зээлийн өр төлбөр төлөх үүргийн оронд Э ХХК-ийн өмчлөлийн оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус банкны өмчлөлд шилжүүлсэн. Гэрээний 1.3-т заасан оффисын барилгыг буцаан худалдан авах үнийн дүн 20,046,337 ам.доллар гэж тохиролцсон нь хаалгасан зээлийн дүнтэй адилхан байгаа нь шүүхээс гэрээг буруу тайлбарлах нөхцөл байдлыг бий болгосон. Шүүх талууд хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан буцаан худалдан авах нөхцөл бүхий гэрээ мөн болохыг хүлээн зөвшөөрсөн боловч тухайн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсгийг үндэслэн байгуулж буй үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэй гэрээ нь хууль зөрчсөн хэлцэл гэж үзэхэд хүргэсэн.

Харин Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд тавигдах шаардлага гэж үзнэ. Буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээгээр эд юмс болон эрх худалдсан этгээд хүссэн тохиолдолд худалдан авагч нь буцаан худалдах зохицуулалт бүхий гэрээ юм. Дээрхээс дүгнэвэл Х банк ХХК, У ХХК, Э ХХК, Э ХХК, Л-Ч ХХК-иудын хооронд байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдан авах гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний шинжийг агуулахгүй бөгөөд Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө буцаан худалдан авах нөхцөл бүхий гэрээ юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан нөхцөлөөр байгуулсан буцаан худалдан авах нөхцөл бүхий худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт хамаарахгүй.

8.2. Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.3-т талууд үүргийг солихоор тохиролцсон бол өмнөх үүргийн харилцаа дуусгавар болох байтал зохигчдын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээнд зээлдэгч банкнаас авсан зээлээ бүрэн төлж барагдуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө буцаан шилжүүлж авах эрхтэй гэж заасан нь зээл болон барьцааны эрх дуусгавар болоогүй байгааг илэрхийлээгүйгээс гадна зөвхөн хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй. Шүүх Х ХК, У ХХК, Э ХХК, Э ХХК, Л ХХК-иудын хооронд байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдан авах гэрээ-ний агуулгыг илтэд гуйвуулан буруу тайлбарласан ноцтой зөрчил гаргасан. Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдан авах гэрээ-гээр Э ХХК, Э ХХК нарын 20,046,337 ам.долларын зээлийн өр төлбөрийг бүр мөсөн хаасан, улмаар зээлүүдийн барьцаа хөрөнгүүдийг бүгдийг нь чөлөөлсөн, зээлийн өр төлбөрийн үүрэгт оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө шилжүүлж авсан нотлох баримтууд байхад зээл болон барьцааны эрх дуусгавар болоогүй байна гэх дүгнэсэн нь үндэслэлгүй.

Харилцагч Э ХХК болон гуравдагч этгээд Э ХХК-иуд өөрсдийн зээлийн өр төлбөрөө бүрэн хаалгасан зээлүүдтэй холбоотойгоор банканд ямар нэгэн өр төлбөр, тооцоо байхгүй. Монголбанкны зээлийн мэдээллийн санд зээл хаагдсан төлөвтэй, хаалгасан зээлд барьцаалсан байсан барьцаа хөрөнгүүдээ чөлөөлүүлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Дээрх дурдсан үйл баримтууд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Э ХХК, Э ХХК-иудын 20,046,337 ам.долларын зээлийн өр төлбөрт оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авч зээлийн өр төлбөрийг бүрэн хааж, үүргийг сольсон. Өөрөөр хэлбэл, Э ХХК болон Э ХХК-иудын Х ХК-аас авсан зээл, зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүрэг, мөн Э ХХК-ийн У ХХК-аас авсан зээл, зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүрэг, барьцаалуулагч болон батлан даагч Л ХХК, Эрдэнэс майнинг ХХК, Эрдэс групп ХХК, Л.Ч, Р.Батхишиг нарын барьцаа болон батлан даалтын гэрээгээр тус тус хүлээсэн үүргүүд бүгд дуусгавар болж, Х ХК-аас Убанкинд, Э ХХК-аас Э ХХК-д тус тус мөнгөн төлбөрийн үүрэг үүссэн үйл баримт нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2, 236.3 дахь хэсэгт заасны дагуу талууд үүргийг солихоор тохиролцсон болохыг гэрчилнэ.

Гэтэл шүүхээс зээлдэгч банкнаас авсан зээлээ бүрэн төлж барагдуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө буцаан шилжүүлж авах эрхтэйгээр гэрээ байгуулсан гэх логикгүй тайлбар хийж тус банкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо солигдсон үүргийн зээлдэгч нь Э ХХК болон Э ХХК байсныг, зээлдүүлэгч нь ганц Х ХК бус У ХХК мөн байсныг, цаашлаад тэдгээр зээлийн олон гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөрсдийн хөрөнгөөр хангах үүрэг хүлээсэн барьцаалуулагч, батлан даагч иргэд, хуулийн этгээдүүд уг харилцаанд үүрэг хүлээн оролцсон байсныг хэрхэн үзсэн нь тодорхойгүй, олон тусдаа үүрэг бүхий олон оролцогчдыг чухам ямар үндэслэлээр ганцхан зээлдэгч Э ХХК-аар төлөөлүүлэн дээрх дүгнэлтэд хүрсэн нь ойлгомжгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр өмнөх зээлийн үүргийг бүхэлд нь сольсон бөгөөд нөгөө талын хүсэлтээр 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор тодорхой үнээр буцаан худалдах нөхцөлийг гэрээнд тусгасан болохоос өмнөх зээлийн гэрээний болон төлбөрийн үүрэг үргэлжлээгүй.

8.3. Шүүхийн шийдвэрт ...маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө Э ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байгаа, хөрөнгийн эзэмшил ашиглалт болон түүнээс гарах зардлыг хариуцаж байсан гэх үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, улмаар энэ гэрээ нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д заасан болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, Х ХК нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө Э ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулахын тул 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй арга хэмжээ авч, хүсэлт, шаардлагуудыг удаа дараа хүргүүлсэн. Улмаар банкны өмчлөлийн хөрөнгийг суллаж өгөөгүйгээс гадна холбогдох хүмүүсийг объектод нэвтрүүлээгүйгээс хөрөнгийг хууль бус эзэмшлээс гаргуулах нэхэмжлэл гаргасан байхад маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байдаг, эзэмшил ашиглалт болон гарах зардлыг хариуцдаг байсан гэх үндэслэлгүй дүгнэлт хийж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй гэх дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

8.4. Шүүхийн шийдвэрт зохигчдын хооронд байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээг банкны хүсэлтээр байгуулсан, гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгөө өр төлбөрт тооцон өгөх хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй гэх хариуцагч Э ХХК-ийн тайлбарыг нэхэмжлэгч хангалттай үгүйсгээгүй. Гэрч Н.Э нь 2012 онд байгуулагдсан гэрээг захирал Л.Ч, Х ХК-аас С.О гэх захирал нь гэрээний гол зарчмыг тохирсон. Гэрээ байгуулах болсон шалтгаан нь Х ХК-аас бонд босгох гэж байгаатай холбогдуулан чанаргүй зээлүүдийг хааж үзүүлэлтээ сайжруулах хэрэгтэй. Гэрээний ноён нурууг тохирсны дараа гарын үсэг зурах ажиллагаанд би оролцсон. ...Иргэний хуулийн зохицуулалтын дагуу хэлцэл агуулгын хувьд хүчин төгөлдөр бус байх нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан байх бөгөөд хууль зөрчсөн гэх агуулга нь хуулиар хориглосон, хуульд хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан гэжээ. Анхан шатны шүүхээс ямар ч нотлох баримтгүй зүйлийг хийсвэрээр тайлбарлаж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Х ХК нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ цаг хугацаанаас эхлээд Х банк, У банк, Э ХХК, Э ХХК, Л-Ч ХХК-иудын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан явдал нь хариуцагч Э ХХК, гуравдагч этгээд Э ХХК нарын зүгээс маргаан бүхий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн өр төлбөрт тооцон өгөх хүсэл зоригтой байсан. Гэтэл шүүхээс Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ-гээр үл хөдлөх эд хөрөнгөө өр төлбөрт тооцон өгөх хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй гэх хариуцагч Э ХХК-ийн тайлбарыг нэхэмжлэгч нь хангалттай үгүйсгээгүй гэх дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Гэрч Н.Э-ы мэдүүлэг нь ...түүний өөрөө хянаж хуудас бүр дээр нь гарын үсэг зурж баталгаажуулсан 2012 оны 06 сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээний агуулгаасаа илт зөрсөн байгааг анхаарах хэрэгтэй гэх талууд хооронд байгуулагдаж хүчин төгөлдөр болсон гэрээг бус өөрийн байгуулсан гэрээнээсээ өөр зүйлийг ярьж буй гэрчийн мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан нь буруу. Түүнчлэн, Х банк нь олон улсад бонд босгохтой холбогдуулан Э ХХК, Э ХХК-иудад хандан чанаргүй зээлүүдийг хааж үзүүлэлтээ сайжруулах хэрэгтэй байна гэх хүсэлтийг гаргаагүй. Зээлдэгч нь олон cap жилийн хугацаа хэтрэлттэй чанаргүй зээлүүдтэй байсан тул өөрсдийн зээлийн өр төлбөрөө маргаан бүхий оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хааж өмнөх үүргийг солих хүсэлтээ илэрхийлж, улмаар тухайн хүсэл зоригийг баталгаажуулсан хэлцэл нь 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ юм.

8.5 Шүүхийн шийдвэрт ...2012 оны 06 сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээг талууд хэрэгжүүлэх хүсэл зориг байгаагүй буюу Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан арга замаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шүүхийн шийдвэргүй, шүүхийн бус аргаар барьцааны зүйлийг өмчлөлдөө шилжүүлж авсан байх тул дээрх гэрээг 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэжээ. Гэтэл Э ХХК, Э ХХК-иудад зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан үйлдэл нь Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нийцэж байна. Тодруулбал, Х ХК нь Э ХХК, Э ХХК-иуд олгосон зээлийн өр төлбөрт Э ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж аваад зээл хаасан. Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлүүдэд заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдолд барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулах ёстой. Х ХК нь Иргэний хуулийн уг зохицуулалтыг зөрчсөн тул тус банктай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна гэж үзэх боломжгүй.

Э ХХК-ийн 6,600,000 ам.доллар, 3,240,000 ам.доллар, 2,500,000 ам.долларын зээлүүдийн үүргийн гүйцэтгэлийг Э ХХК нь зээлдэгчийн өмнө өөрийн хөрөнгөөр хариуцаж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангасан нь хууль тогтоомж, гэрээний харилцаанд харшлахгүй. Тодруулбал, Э ХХК, Э ХХК, Х банк, Убанкны хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээний үндэслэл хэсгийн (g) Талууд харилцан тохиролцсоны дагуу Эн нь төлбөр төлөгчдийн банкуудад төлөх төлбөрт тооцон оффисын барилгыг буцаан худалдан авах эрхтэйгээр банкны өмчлөх эрхэд шилжүүлэхийг зөвшөөрч байгаа гэж, (h) Э ХХК нь энэхүү гэрээний үндэслэл хэсэгт заасан өр төлбөрийг Э ХХК-д буцаан төлж барагдуулахыг зөвшөөрсөн, гэрээний 1.6-д оффисын барилгыг Х банкны өмчлөлд шилжүүлснээр Э ХХК нь өөрийн банкуудад төлөх өр төлбөрийг Э ХХК-ийн өмнө хариуцан төлж барагдуулна гэж зааснаас үзвэл Э ХХК нь өөрийн болон Э ХХК-ийн зээлийн өр төлбөрт Ү-000000 дугаарт бүртгэгдсэн, 5601 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг тооцон Х банкинд шилжүүлж, Э ХХК нь өөрийн зээлүүдийн өр төлбөрийг Э ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Дээрх нөхцөл байдал бий болсон байхад шүүхээс тус банкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, нэхэмжлэгч талд ноцтой хохирол учруулсан.

Иймд шүүхийн шийдвэрийн 1, 2, 4 дэх заалтыг хүчингүй болгож, тус банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

9.1. Э ХХК нь 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгөө өөрийн болон бусдын буюу Э ХХК-ийн зээлийн гэрээний төлбөрт бүрмөсөн шилжүүлэх хүсэл зориг анхнаасаа байгаагүй. Тодруулбал, Э ХХК нь 2008 оноос хөрс хуулалтын ажлыг эхлүүлэн төмрийн хүдэр олборлож эхэлсэн бөгөөд уг төсөл дээр Худалдаа хөгжлийн банкнаас санхүүжилтийн зээл авч ажилласан. Уг төслөө цааш нь үргэлжлүүлэн явуулахад эргэлтийн хөрөнгийн санхүүжилт дутагдаж байсан, нөгөө талаар Хятад улсад захиалсан байсан баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж цаг хугацаандаа орж ирээгүй зэрэг хүндрэлүүдтэй зэрэгцэн дэлхийн болон Монгол Улсад эдийн засгийн хямрал эхэлж тус компанийн борлуулалт зогсож, зээл, зээлийн хүүгийн төлбөрөө хугацаандаа төлж чадахгүйд хүрсэн. Зээлийн үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах ажиллагааг хэрэгжүүлж байгаагүй.

9.2. Банкны зүгээс Э ХХК-д хандан ...манай банк гадаад зах зээлээс 500 сая ам.долларын бонд босгох гэж байгаа, олон улсын зах зээлээс мөнгө босгоход банкны том зээлдэгч нарын зээл хэвийн байх ёстой, мөн банк зээлийн шалгуур үзүүлэлтээ хангаж байх шаардлагатай. Танай зээл үүнд нөлөөлөөд байгаа учраас Э ХХК-ийн 5601 м.кв талбайтай 6 давхар барилгыг банкны нэр дээр буцаан авах нөхцөлтэйгээр шилжүүлчих гэсэн санал тавьсан. Улмаар манай компанийн гол хувьцаа эзэмшигч Р.Батхишиг, Д.Эрдэнэбилэг захирлын дээрх саналыг Э ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хувь оролцоотой, шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс болох Л.Ч, Р.Бат-Эрдэнэ, Н.Э, Л.Нацагдорж нарт танилцуулахад тэдний зүгээс бид банкинд үл хөдлөх хөрөнгөө бүр мөсөн өгч байгаа хэрэг биш гэдгийг Д.Эрдэнэбилэг захирал та хоёр сайн ярилцсан биз дээ, бид зээлийн төлбөрийг төлсний дараа үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авахад ямар нэгэн маргаан үүсэхгүй биз, хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ банкны нэр дээр шилжсэн ч гэсэн бид үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөтэй ашиглах, түрээслэх эрх хадгалагдана биз, бид үл хөдлөх эд хөрөнгөө банканд жинхэнээсээ өгөөгүй тул холбогдох татвар хураамж, ашиглалт, харуул хамгаалалт, засвар үйлчилгээний зардлаа бид хариуцах болно зэргийг тодруулж ойлголцоод банкны нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ түр шилжүүлж өгөхөөр болсон. Улмаар компани хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоорондын тохиролцоо, харилцан өгсөн амлалт үүргийн талаар тодруулан сануулсан захидал, албан бичгийг 7 удаа хүргүүлсэн бөгөөд энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Нөгөө талаас манай компани зээлийн төлбөрөө төлж чадаагүй байсан тул уг гэрээний сул дорой тал болон хувирч, уг саналыг хүлээн авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй болсон байсан. Үүссэн нөхцөл байдал нь Э ХХК болон түүний шийдвэр гаргах эрх бүхий этгээдүүдэд барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг зээлийн төлбөрт тооцох замаар бүр мөсөн шилжүүлэх хүсэл зориг байгаагүй бөгөөд нэхэмжлэгч банкны олон улсын зах зээлд бонд гаргах ажиллагаатай холбогдуулан хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийг багасгасан гэсэн үзүүлэлтийг банкны санхүүгийн тайлан, бондын танилцуулгад оруулахад чиглэсэн болохыг харуулж байна. Худалдаа хөгжлийн банк 2012 оны 9 дүгээр сард олон улсын зах зээлд их хэмжээний ам.долларын бонд гаргасан, бонд гаргахаасаа өмнө хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн хэмжээгээ багасгасан нь хэрэгт байгаа баримтуудаар тогтоогдсон.

9.3. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээнд банк нь барилгын өмчлөх эрхийг шилжүүлж авах ч өөрийн эзэмшил, ашиглалтад барилгыг бодитойгоор шилжүүлж авахгүй байх, хариуцагчид барилгыг үнэ төлбөргүй ашиглуулна гэж заасан бөгөөд үүнээс цааших үр дагавар болох хариуцагч барилгыг буцаан худалдан авч чадахгүй тохиолдолд барилгын эзэмшил, ашиглалтыг банкинд эсвэл өөр этгээдэд хэрхэн шилжүүлэх талаар тусгаагүй. Цаашилбал бид дүр үзүүлсэн хэлцэл хийсэн болох нь дараах үндэслэлээр ямар нэгэн эргэлзээгүйгээр нотлогдоно. Үүнд үл хөдлөх эд хөрөнгийн оршин байгаа газар өнөөдрийг хүртэл манай компанийн эзэмшилд байгаа, үл хөдлөх хөрөнгийн албан татварыг хуульд заасан журмын дагуу өнөөдрийг хүртэл манай компани төлж байгаа, үл хөдлөх хөрөнгийг банкны нэр дээр шилжүүлснээс хойш гэхэд л зөвхөн манай компани нийт 6 удаа их засвар хийсэн, сүүлд буюу 2024 онд томоохон засварыг хийж байна.

Харин урсгал засварыг тогтмол хийж байгаа, үл хөдлөх хөрөнгийн зориулалт, зохион байгуулалт, бүтцийг зөвхөн манай компани өөрийн дураар өөрчилж байгаа, үл хөдлөх хөрөнгийн харуул хамгаалалтыг зөвхөн манай компани дангаар хариуцаж байгаа, үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, үйлчилгээг зөвхөн манай компани дангаар хариуцан хэрэгжүүлж байгаа, дүр үзүүлсэн гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг зах зээлийн үнэлгээгээр нь биш, зөвхөн зээлдэгчийн өр төлбөрийн дүнгээр бичсэн. Энэ нь уг гэрээг үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангуулсан буюу зээл төлж дууссан мэт, нөгөө талаасаа банк өмчлөгч болсон мэт харагдуулах зорилготой байсантай холбоотой, манай үл хөдлөх эд хөрөнгийг тухайн үед 34 сая ам.доллароор худалдан авах саналыг гуравдагч этгээдээс гаргаж байсан ч бид зөвшөөрөөгүй, хэдийгээр дүр үзүүлсэн гэрээнд газар эзэмших эрхийг шилжүүлэх талаар заасан боловч нэхэмжлэгч оффиссын барилгын доорх буюу хашааны газрын газар эзэмших эрхийг өнгөрсөн 8 жилийн хугацаанд өөртөө шилжүүлэн аваагүй, шилжүүлэн авах талаар гомдол гаргаж байгаагүй, маргаан бүхий гэрээ дүр үзүүлээгүй, талуудын жинхэнэ хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэрээ байсан бол банк барилгыг шилжүүлж аваад зогсохгүй газрыг шилжүүлэн авсны дараа л зохих журмаар нь зээлийн өр төлбөрийг хаах байсан, банк дүр үзүүлсэн гэрээ байгуулснаас хойш зээл түүний хүүг тооцсоор ирсэн байдаг нь хэргийн 24 дүгээр талд авагдсан Х ХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 5/1798 тоотоос харагддаг.

9.4. Маргааны зүйл болж байгаа үл хөдлөх эд хөрөнгө барьцааны зүйл болсон тохиолдолд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй этгээдийн эд хөрөнгийн өмчлөх эрх үүрэг гүйцэтгүүлэгчид шилжих тохиролцоо ямар нэгэн байдлаар гэрээнд тусгагдсан бол тухайн тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болно. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээнд заасан хугацаа дууссаны дараа банк өмчлөгчийн эрх хэрэгжүүлэхээр шүүхэд хандсан нь дээрх гэрээ агуулгаараа Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-д заасан хориглолтыг зөрчсөн. Учир нь хариуцагчаас ирүүлсэн Худалдаа хөгжлийн банкны 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5/3583 тоот албан бичигт банк төлбөрөө төлж барагдуулах мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, төлбөр төлөхийг шаардан ажиллаж байсан боловч ямар нэгэн төлөлт хийгдээгүй. Мөн банкнаас хариуцагчид ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5/6823 тоот албан бичигт танай компаниудад гэрээний дагуу төлөх төлбөрийг төлж барагдуулах хугацаа олгосон гэж тус тус бичсэн байна. Эдгээр албан бичгүүд нь хариуцагч зээлийн төлбөрийг тус гэрээнд болон албан бичгээр олгосон хугацаанд төлөөгүй тул барилга өмчлөх эрх гэрээний дагуу банканд бүхэлдээ шилжлээ гэсэн агуулгыг илэрхийлж байна. Дээрх гэрээний 4.2-т буцаан худалдан авах мэдэгдэл, хүргүүлснээр хариуцагчид энэ гэрээний дагуу худалдан авах үнийг төлөх үүрэг үүснэ гэж заасан боловч бодит байдалд хариуцагч буцаан худалдан авах мэдэгдэл хүргүүлээгүй, буцаан худалдан авах төлбөр төлөх үүрэг үүсээгүй байхад банк хариуцагчид төлбөр төлж барагдуулах шаардлага олон удаа хүргүүлж байснаа дурдсан нь зээлийн төлбөр төлөх үүрэг бодит байдал дээр дуусгавар болоогүй байсныг тодорхой харуулсан.

9.5. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк ашиг олох зорилгоор энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй гэсэн зохицуулалт үйлчилж байсан. Энэ зохицуулалт нь Иргэний хуулийн хуульд өөрөөр заагаагүй бол гэсэн хязгаарлалтад хамаарахгүй. Банкны тухай хуулийн дээрх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг тухайлан заагаагүй тул үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй зээлдэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны гэрээ хүчин төгөлдөр байхад үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх талаар хийсэн гэрээ нь хуульд нийцэхгүй. Мөн Банкны тухай хуулийн дээрх хэсэгт банк ашиг олох зорилгоор зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Гэтэл дүр үзүүлэн хэлцэл хийх замаар зээлдэгчийн үл хөдлөх хөрөнгийг зээл төлүүлэх баталгаа болгож улмаар тус гэрээнд нэмэгдүүлсэн үнэ тооцох замаар ашиг олохоор заасан нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг зөрчсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн гэдэг үндэслэл нь хуулиар хориотой, тухайн хэлцлийн агуулга хуульд нийцээгүй байхыг хамааруулан ойлгодог. Банк эцсийн өмчлөгч бөгөөд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч дүр үзүүлсэн хэлцэл хийх саналыг гаргаж улмаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцитай адил үр дагавартай гэрээний аргаар хэрэгжүүлж байгаа нь банк зээл төлөх үүргийн гүйцэтгэлийг хангах, банкинд хуулиар зөвшөөрөгдөөгүй нэгэн шинэ аргыг хууль бусаар өөртөө бий болгосон.

Хэрэв 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худаддах, худаддан авах гэрээний 1.4 дэх заалт банкууд Иргэний хуулийн 265 дугаар зүйлд заасан гэрээг ашиглан зээлдэгчээс зээлийн барьцаа хөрөнгийг өөртөө шилжүүлж аваад байвал Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар заасан зохицуулалтыг мөрдөх, хэрэгжүүлэх шаардлага байхгүй. Энэ нь Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд гажуудал үүсгэж улмаар банк зээл эргэн төлөгдөх найдвартай баталгааг өмчлөх эрх шилжүүлэн авах замаар өөртөө бий болгодог хуулиар зөвшөөрөгдөөгүй буруу практикийг эх орны эрх зүйн тогтолцоонд бий болгож, энэ нь бодит үйл явц болж олон зээлдэгчийн эрх ашгийг хохирооход хүргэж байна. Гэтэл нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 45 дугаар зүйлийн 45.1-д нийцсэн гэж тайлбарласан нь тэдгээр хуулийг буруу тайлбарласан. Мөн энэ нь уг гомдлын эхэнд маргаан бүхий гэрээг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасан зохицуулалтыг үндэслэн байгуулсан гэх заалттай зөрчилдөж байна.

9.6. Хариуцагч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврын өөрт хамаарах хэсгийг арилгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлд дурдагдсан зээл, барьцаа, батлан даалтын үүргүүдтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага, түүний хэмжээгээ өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд уг эрхийг нь хаагаагүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь зөв болсон.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Э ХХК-ийн хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, ЧӨЧ 00 тоот хаягт байрлах, бизнесийн төвийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх, албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0000 тоот Зээлийн гэрээ болон 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийг Э ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2.а. Гуравдагч этгээд Э ХХК-иас нэхэмжлэгч Х ХК-д холбогдуулан Э ХХК-ийн 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0000000 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргажээ. /2-р хх183-186/

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

4.1. Х ХК нь Э ХХК-тай 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2,610,000 ам.долларыг, сарын 1.4 хувийн хүүтэй, 26 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, 5,601 м.кв талбайтай 6 давхар барилгыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1-р хх109-114/

 

4.2. Х ХК, У ХХК, Э ХХК, Э ХХК-иуд дээрх 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дээр 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдрүүдэд зээлдүүлсэн зээлийн гэрээний үүргийг нэгтгэн нийт 20,046,337 ам.долларын зээлийн өр төлбөрт тооцон Э ХХК-ийн барьцаалсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, 5,601 м.кв талбайтай, 6 давхар барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдан авах гэрээг 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан байна. /1-р хх10-15, 109-114,156-158, 3-р хх51-56/

 

4.3. Уг гэрээгээр талууд оффиссын барилгыг 20,046,337 ам.долларын өр төлбөрт тооцон Х ХК-ийн өмчлөлд шилжүүлж, Х ХК нь төлбөр төлөгчдийн У ХХК-д төлөх төлбөрийг төлж барагдуулах, харин Э ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд оффиссын барилгыг 20,046,337 ам.долларын үнээр, 2015 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд 6 хувь нэмэгдүүлсэн үнээр буцаан худалдан авах нөхцлийг тохиролцжээ.

 

5. Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ гэж, мөн хуулийн 266 дугаар зүйлийн 266.1 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн эд хөрөнгийг анх худалдсан үнээр буцаан худалдаж авна гэж тус тус заасан.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ нь хариу төлбөртэй байхаас гадна худалдан авагч нь худалдагчид үнийг төлөх, худалдагч нь худалдан авагчаас буцаан худалдан авахдаа тухайн хөрөнгийн анх худалдсан үнийг төлөх агуулгатай байна.

 

5.1. Гэтэл Х ХК, У ХХК-иудаас Э ХХК, Э ХХК, Л ХХК-иудтай байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах худалдах авах гэрээний үнийг 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдрүүдийн зээлийн гэрээний нийт үүрэг гэх 20,046,337 ам.доллараар тодорхойлсныг зах зээлийн бодит үнэ гэж үзэхгүй, улмаар Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үнийг тохирсон гэж үзэх үндэслэлгүй.

 

Түүнчлэн, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнээс хангуулахаар хуулиар зохицуулсан байхад маргааны зүйл болох оффисын 6 давхар барилгын үнэлгээг тогтоолгүйгээр зээлийн өр төлбөрөөр гэрээний үнийг тооцсон нь бодитой бус болжээ.

 

5.2. Иймээс Х ХК, У ХХК-иудаас Э ХХК, Э ХХК, Л ХХК-иудтай 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах худалдах авах гэрээгээр худалдан авагч нь гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэ буюу хариу төлбөрийг худалдагчид төлсөн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талуудын хооронд өмнөх гэрээний үүргийг сольж, дараагийн худалдах худалдан авах гэрээгээр үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

5.3. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.3-т талууд үүргийг солихоор тохирсон бол өмнөх үүргийн харилцаа дуусгавар болох байтал талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээнд зээлдэгч банкнаас авсан зээлээ бүрэн төлж барагдуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө буцаан шилжүүлж авах эрхтэйгээр заасан нь зээл болон барьцааны эрхийг дуусгавар болгоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан ...Э ХХК, Э ХХК-ийн 20,046,337 ам.долларын зээлийн өр төлбөрт оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн авч зээлийн өр төлбөрийг бүрэн хааж, үүргийг агуулаагүй Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар сольсон, тул шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Нэхэмжлэгч Х ХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байх бөгөөд Э ХХК -д олгосон зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг барьцааны гэрээ байхаар сонгосон.

 

6.1. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.4-т ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмыг хуулиар тогтооно гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т хуульд заасан бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангаж болно гэж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахдаа энэ хуулийн 45 дугаар зүйлд заасан шууд худалдах, 46 дугаар зүйлд заасан дуудлага худалдааны аль нэгийг хэрэглэнэ гэж тус тус заажээ.

 

6.2. Талууд 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний 3.3-т зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд банк зээлийн барьцааны зүйлийг шүүхийн бус журмаар дуудлага худалдаанд оруулах бөгөөд дуудлага худалдааны анхны үнэ нь зээлийн гэрээгээр тодорхойлсон зээлийн хэмжээ, түүний хүүтэй тэнцүү байна гэж тохиролцсон байна.

 

6.3. Маргааны зүйл болох оффисын 6 давхар барилга буюу барьцааны зүйлийг шүүхийн бус журмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар талууд гэрээгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.4, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасантай нийцжээ.

 

6.4. Харин талууд барьцааны зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахдаа гэрээнд дуудлага худалдаанд оруулахаар тохиролцсон атлаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 46 дугаар зүйл болон барьцааны гэрээний 3.3-т заасныг зөрчиж, дуудлага худалдаанд оруулалгүйгээр барьцаалагчаас гэрээний зүйлийг барьцаалуулагч худалдан авсан нь хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн байх тул уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

 

6.5. Хуулиар барьцааны зүйлийг худалдах ажиллагаанд барьцааны зүйлийн өмчлөгч оролцож уг зүйлээ худалдан авахыг зөвшөөрсөн байхад барьцаалагч Х ХК барьцааны зүйлийг худалдан авсан нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т заасантай нийцэхгүй байна.

 

7. Талуудын байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалда -худалдах авах гэрээ нь зээлийн үүргийг хангуулахтай холбоотой, үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлэх, тодорхой хугацааны дараа үүрэг гүйцэтгэгч үл хөдлөх хөрөнгийг өөрөө худалдан авахаар тохирсон шинжтэй боловч зээлийн гэрээний үүргийг хангаагүй бол үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх агуулгатай болсон байх тул хуулийн дээрх зохицуулалтаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах-худалдах авах гэрээг Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон.

 

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан ...анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах-худалдах авах гэрээ нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т заасанд хамаарахгүй... гэх гомдлыг хангахгүй.

 

8. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж, мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.4 дэх хэсэгт ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмыг хуулиар тогтооно гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахдаа энэ хуулийн 45 дугаар зүйлд заасан шууд худалдах, 46 дугаар зүйлд заасан дуудлага худалдааны аль нэгийг хэрэглэнэ гэж тус тус зааснаас үзвэл барьцаалуулагч шүүхийн бус журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа дуудлагаар худалдахаар байна.

 

8.1. Гэтэл нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж буй нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 44 дүгээр зүйлийн 44.2, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3, 174 дүгээр зүйлийн 174.1, 174.4, 265 дугаар зүйлийн 265.1, 266 дугаар зүйлийн 266.1 дэх хэсэгт заасан агуулгад тус тус нийцээгүй тул талуудын хооронд 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах худалдах авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан ...зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авахдаа гэрээгээр талууд шүүхийн бус журмаар шууд худалдахаар тохирсон нь Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нийцсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

9. Хэрэгт авагдсан баримтаар эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ЧӨЧ 00 тоотод байршилтай, бизнес төвийн барилга нь Х ХК-ийн өмчлөлд шилжиж, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ авсан болох нь тогтоогдсон.

 

9.1. Хэдийгээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй боловч 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн учир хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй, улмаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106 дэх хэсэгт заасан шаардах эрхийг нэхэмжлэгчид үүсгэхгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

9.2. Нөгөөтэйгүүр, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах-худалдах авах гэрээ байгуулагдсан бол худалдсан эд зүйлийг худалдан авагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн байх нь хүсэл зоригийн илэрхийллийг дүгнэхэд ач холбогдолтой байх бөгөөд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч Х ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн боловч эзэмшил, ашиглалтыг шилжүүлээгүй, нэхэмжлэгч эд хөрөнгийг өөрийн мэдэлд авсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Иймд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өөрийн эзэмшил, ашиглалтад авах боломжгүй байсан, хариуцагчийн эзэмшил ашиглалтад байгаа, гарах зардлыг хариуцаж байсан гэх үндэслэлээр хүсэл зоригоо илэрхийлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй... гэх гомдлыг хангахгүй.

 

10. Хариуцагчийн ...Х ХК-аас зах зээл дээр бонд босгоход банкны том зээлдэгч нарын зээл хэвийн байх ёстой тул барьцаа үл хөдлөх хөрөнгийг банкны нэр дээр түр шилжүүлээд буцаан авах нөхцөлтэйгээр зээлийг хаах шахалт, шаардлагын дагуу гэрээ байгуулсан... гэх тайлбар үндэслэлтэй.

 

10.1. Учир нь, хэрэгт авагдсан Х ХК-ийн 2012 оны жилийн тайланд ...2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 300 сая ам.долларын сениор бондыг гаргасан гэж дурдсан нь бонд босгох зорилгоор талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах-худалдах авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах худалдах авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Х ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

10.2. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх хэргийн баримтууд, талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах-худалдах авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн... мөн хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ... шүүх шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьсан, нэхэмжлэгч талд ноцтой хохирол учруулсан... гэх гомдлыг хангахгүй.

 

11. Талууд 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах худалдах авах гэрээнд Э ХХК нь Х ХК-аас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд оффиссын барилгыг 20,046,337 ам.долларын үнээр, 2015 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд 6 хувь нэмэгдүүлсэн үнээр буцаан худалдан авах нөхцлийг тохиролцсон тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор байна. Иймээс нэхэмжлэгчийн хариуцагч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

12. Харин шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 171.1.3-т заасныг зөрчсөн гэж Иргэний хуульд байхгүй зохицуулалтыг тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

13. Шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ хуулиар хориглосон, хуульд хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан заалтыг зөрчөөгүй гэж дүгнэж, сөрөг нэхэмжлэлээс Х ХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0000 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлага болон Э ХХК болон У ХХК-ийн хооронд байгуулсан 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0000000 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй.

 

14. Мөн нэхэмжлэгч Х ХК нь зээл болон барьцааны гэрээний дагуу үүргийг хариуцагч Э ХХК-аас шаардан нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/02257 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 285,234,150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ