Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 36

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1904000160017 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

           Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                              Л.Отгончимэг

Улсын яллагч                                                               Ж.Бүрэнжаргал

Шүүгдэгч                                                                   Г.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                          ******* нар оролцов.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ... аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр зээ охины хамт ... дугаар хороо, .. дугаар гудамжны ..тоот хашаанд оршин суух урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Х- овгийн ........ийн ******* /РД:............/.

Прокурорын яллах дүгнэлтэд:

           Яллагдагч Г.******* нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн үед .......тоот хашаанд оршин суух ******* грашийн хаалганы цүүнд шургуулсан төмрийг сугалан орж 42 инчийн Самсунг маркийн телевизорыг хулгайлан авч 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Г.*******ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гудамжаар явж байтал дээрх айлын хашаа онгорхой байсан бөгөөд дотогш яваад ороход гражийнх нь хаалга онгорхой дотор талд нь дэлгэц нь хагарсан зурагт харагдаж байсан. Тэр үед манай зурагт сайн гарахгүй байсан болохоор тэр айлын гражид байгаа зурагтны диодыг ашиглах гэж авсан юм. Тэгээд тэр зурагтыг тэргэн дээр тавиад гэр рүүгээ Рашаант, Байдлаг хэсгийн голын замаар явж байсан чинь зурагтны эзэн болох залуутай тааралдсан... хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-р дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн үед өөрийн эзэмшлийн машинтай Их гүн, Бага гүн хэсгийн дөрвөн замын уулзварт явж байтал усны тэргэн дээр зурагт түрчихсэн хүн явж байсан. Би гэртээ хариад гражид байсан зурагтаа харахад алга болсон байсан. Тэгээд би цагдаад хандсан. Манай зурагтны гадна дэлгэц цуурсан бөгөөд өөр эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллагаатай. Миний хувьд зурагтаа буцаан авсан гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19, 22 дугаар хуудас/

Гэрч Г.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай ах ******* хэлэхдээ өөрийн зурагтныхаа диод гэх зүйлийг солих гээд эвдэрхий зурагт авчихсан чинь цагдаад шалгагдаж байгаа талаараа хэлсэн ...” мэдүүлэг /хх-н 25-р хуудас/,

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-10-р хуудас/

Эд хөрөнгийн хохирлын 15 дугаартай “...Samsung 42 инч өнгөт зурагт 380.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-н 79-р хуудас/

Эд зүйл хураан авсан “...хар өнгийн 42 инчийн дэлгэц нь хагарсан зурагтыг хураан авав...” гэсэн тэмдэглэл /хх-н 11-р хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...42 инчийн LCD  дэлгэцтэй хар өнгийн зурагтыг 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цаг 50 минутад иргэн Н.М-д хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 12,13-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай “...Н.М- эзэмшлийн грашнаас 42 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлсан гэмт хэрэгт ашигласан усны тэргийг эд мөрийн баримтаар тооцов...” гэсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, фото зураг зэрэг /хх-н 16-18-р хуудас/

Шинжээчийн үнэлгээ тогтоосон 83 дугаартай “…Гар хийцийн хуучин усны тэрэг 20000 төгрөг…” гэсэн үнэлгээ /хх-н 82-р хуудас/

Г.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 29-р хуудас/

Г.*******ын эмчлүүлэгчийн карт, 2018 оны 9 сарын 27 өдөр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын “…Ходоодны хорт хавдар 3-р үе шат гэсэн оноштой 70% групп тогтоогдсон…” гэсэн шийдвэр /хх-н 50-63, 69-76-р хуудас/

Шүүгдэгч Г.*******ын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан “...Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж Багануур дүүргийн прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 128-р тогтоолоор хэрэгсэхгүй болж байсан...” гэсэн хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагч дүгнэлтдээ: “…Г.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулах саналтай…” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгөөч…” гэжээ.

Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

              Хохирогчид болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.

Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй  шүүгдэгч маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдлаа. Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.******* нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 5 дугаар гудамжны 9 тоот хашаанд оршин суух ******* гражийн хаалганы цүүнд шургуулсан төмрийг сугалан орж грашид байсан 42 инчийн Самсунг маркийн телевизорыг хулгайлан авч усны түрдэг тэрэг ашиглан зөөж хохирогчид 380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.******* нь айлын хашаа руу нэвтэрч граж руу нь орж зурагт хулгайлсан үйлдэлдээ санаатай хандсан болох нь гражийн хаалганд зүүлттэй байсан цүүг авч нэвтрэн орж эд зүйл хулгайлсан үйлдлээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.*******ын хулгайлах үйлдлийн улмаас хохирогчид учруулсан хохирол нь 380.000 төгрөг болох нь эд хөрөнгийн хохирлын үнэлгээгээр /хх-н 79-р хуудас/ тогтоогдож байх ба шүүгдэгч Г.*******ыг хулгайн үйлдэл хийхдээ хохирогчийн эд зүйлээ хадгалдаг гражид орсон тул агуулахад нэвтэрч үйлдсэн гэж дүгнэх үндэслэл боллоо.

Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.******* хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулсан болох нь хохирогч ******* “…42 инчийн зурагтаа буцаан авсан надад гомдол санал байхгүй…” гэсэн хүсэлтээр /хх-н 23-р хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.******* нь эрүүл мэндийн хувьд 2018 оны 9 сарын 27 өдөр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр Ходоодны хорт хавдар 3-р үе шат гэсэн оноштой 70% групп тогтоогдсон, эмчийн хяналтанд байдаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Г.*******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Г.*******ыг үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учирсан хохиролыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ.

Шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтойн гадна мөн дээрх нөхцөл байдлуудад үндэслэн шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн усны тэргийг Г.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, мөн уг усны тэрэг хэвийн ажиллагаатай бүрэн бүтэн ашиглах боломжтой, 20.000 төгрөгийн үнэлгээ тогтоогдсон байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулах нь зүйтэй.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х- овгийн ........ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Х- овгийн ........ийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар Г.*******д оногдуулсан нэг /1/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь хохирогчид зурагтыг биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч нь гомдол саналгүй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20.000 төгрөгийн үнэлгээ бүхий усны түрдэг тэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.
  7. Г.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   А.БЯМБАЖАВ