Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01611

 

 

 

 

 

 

2024 08 16 210/МА2024/01611

 

 

Э ХХК, О.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/02927 дугаар шийдвэртэй,

Э ХХК, О.А нарын нэхэмжлэлтэй, НШШГГ-тхолбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай  иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 00000000000 дугаартай шийдвэрээр ЦХХК, А.Л нарaac 1,004,415,065 төгрөг гаргуулан Жижиг дунд үйлдвэрийн газарт олгохоор шийдвэрлэсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоосон бөгөөд хөрөнгийн өмчлөгч нь гуравдагч этгээдэд гэрээгээр түрээслүүлсэн байхад уг үнэлгээтэй холбоотой ажиллагааг түрээслэгчид мэдэгдээгүйн улмаас хөрөнгийг үнэлэх ажиллагаанд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар оролцоогүй. О.А би 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэртээ орж явахад хаалган дээр зарлан дуудах мэдэгдлийг нааж байхыг хараад хөрөнгийн үнэлгээг үнэлсэн талаар мэдсэн. Шийдвэр гүйцэтгэгч үнэлгээ хийх талаар мэдэгдээгүй, холбогдох бичиг баримтыг танилцуулаагүй.

1.2. Шинжээч нь хөрөнгө үнэлэх ажиллагаанд оролцуулаагүй, үнэлгээний обьектийг очиж үзээгүй атлаа хөрөнгийн үнэлгээ тогтоосныг хууль, дүрэмд нийцээгүй, бодит үнэлгээ гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн төлбөр төлөгчөөс 504 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 10,000,000,000 төгрөгөөр үнэлэх саналыг хүргүүлсэн боловч шинжээч нь уг саналыг харгалзаагүй, чанар байдлыг үндэслээгүй байна. Мөн үнэлгээний тайлангийн 15 дугаар талд үнэлгээний зах зээлийн, орлогын, өртгийн гэсэн хандлагын арга байдаг талаар дурдсан боловч тайлангийн 22 дугаар талд эцэслэн тодорхойлсон үл хөдлөхийн үнэ цэнийг өртгийн, зах зээлийн хандлагаар тооцоолсон, орлогын хандлагаар тодорхойлоогүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалтыг зөрчсөн.

Иймд Э ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн 00000000дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 00 хороо, тоот хаягт байрлалтай, 504 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2,252,937,960 төгрөгөөр, О.Агийн өмчлөлийн 00000000 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 00 хороо тоот хаягт байрлалтай, 105,535 м.кв талбайтай, нэгдүгээр давхрын 6 хэсэг, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 392,871,346 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Э ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын 00000000дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 00 дугаартай барилгын 1 дүгээр давхар тоот хаягт байрлах 504 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, О.Агийн өмчлөлийн эрхийн улсын 00000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 00 дугаар хорообайрлах 105.535 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 23250732/06, 23250732/05 дугаар битүүмжлэх тогтоолуудаар битүүмжилсэн.

О.Агийн өмчлөлийн эрхийн улсын 00000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 00 хороо, Б хэсэгт байрлах 105,535 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23250732/08 дугаар тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч ЦХХК, А.Л, өмчлөгч О.А нар нь 1 тэрбум 50 сая төгрөгөөр, Э ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын 00000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 00 хороо тоот хаягт байрлах 504 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23250732/09 дугаар тогтоолоор хурааж, үнийн санал авахад төлбөр төлөгч ЦХХК, өмчлөгч Э ХХК нар 10 тэрбумаар үнэлж, төлбөр төлөгч А.Л 10 тэрбум 80 сая төгрөгөөр тус тус үнэлсэн.

2.2. Төлбөр авагч Жижиг, дунд үйлдвэрийн газраас шинжээч томилох хүсэлт гаргасан тул хөндлөнгийн шинжээч Г.О томилсон бөгөөд Э ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын 00000000дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 00 хороо тоот хаягт байрлах 504 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2,252,937,960 төгрөгөөр, О.Агийн өмчлөлийн эрхийн улсын 00000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 0 хороо, Б хэсэг байрлах 105.535 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 392,871,346 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

2.3. Үнэлгээний тайланг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн аваад 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 4-142/6066, 4-142/6064,4-142/6062, 4-142/6063, 4- 142/6065 тоот албан бичгүүдээр төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт мэдэгдсэн. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 200 тоот өрөөнд болох анхны албадан дуудлага худалдаанд борлуулах болсныг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4-142/8111, 4-142/8110, 4-142/8112, 4-142/8113 дугаар албан бичгүүдээр төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт мэдэгдэж, дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГ-тхолбогдох, эрхийн улсын бүртгэлийн 00000000дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 0 хороотоот хаягт байрлалтай, 504 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн 00000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 00 тоот хаягт байрлалтай, 105,535 м.кв талбайтай, нэгдүгээр давхрын Б хэсэг, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Э ХХК, О.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээ хийх талаар мэдэгдээгүй, ямар нэгэн бичиг баримт танилцуулаагүй, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гаргасан үнэлгээчин Г.О нь хөрөнгийг үнэлэх ажиллагаанд оролцуулаагүй талаар маргасан боловч шүүхээс шийдвэр гаргахдаа дээрх үндэслэлийг дүгнээгүй. Мөн үнэлгээчин нь барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж үзэж шалгаагүй. Учир нь шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийг хураан авахдаа хөрөнгийн өмчлөгч О.Агийн хадгалалт хамгаалалтанд үлдээсэн боловч хөрөнгийн үнэлгээг хийх явцдаа О.Атой холбогдоогүй, хөрөнгийг очиж үзэх талаар мэдэгдээгүй тул тухайн хөрөнгийн бодит үнэлгээ гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4.2. Шүүхийн шийдвэрт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээг үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлохоор заасан гэж дурдсан боловч хөрөнгийн үнэлгээний тайлангийн 22 дугаар талд эцэслэн тодорхойлсон үл хөдлөхийн үнэ цэнийг өртгийн, зах зээлийн хандлагаар тооцоолсон, орлогын хандлагаар тодорхойлоогүй байхад шүүхээс үнэлгээний тайланг хуульд нийцээгүй байна гэж дүгнэх бодит үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь шийдвэр бодит байдалд нийцээгүй, нотлох баримтыг дутуу дүгнэсэн гэж үзэхээр байна.

4.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д төлбөр төлөгчийн саналыг харгалзан үзэж хөрөнгийг үнэлэхээр заасан боловч төлбөр төлөгч болон хөрөнгийн өмчлөгч нараас гаргасан хөрөнгийн үнэлгээг үнэлгээчин нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ үнийн саналыг харгалзан үзээгүй, тайланд тусгаагүй. Мөн шүүхээс төлбөр төлөгч нарын үнийн саналд 11,050,000,000 төгрөгийн үнэтэй гэсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн ба ямар шалтгаанаар үнийн саналыг үндэслэлгүй гэж тодорхойлсон нь ойлгомжгүй.

4.4. Хэрэг хянан шийдвэр ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргахад удаа дараа татгалзсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

3. Нэхэмжлэгч Э ХХК, О.А нар нь НШШГГ-т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн 00000000дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 0 тоот хаягт байрлах, 504 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг 2,252,937,960 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн 00000000 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 0 тоот хаягт байршилтай, 105.535 м.кв талбайтай, 1 дүгээр давхрын Б хэсгийн үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг 392,871,346 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 00000000000 дугаар шийдвэрээр хариуцагч ЦХХК, А.Л нараас 1,004,415,065.24 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 424,956,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн 00000000дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 0 хороотоот хаягт байрлалтай, 504 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн 00000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 00 тоот тоот хаягт байрлалтай, 105,535 м.кв талбайтай, нэгдүгээр давхрын Б хэсэг, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /хх19-22/

 

4.1.Төлбөр төлөгч нар дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан бөгөөд эрхийн улсын бүртгэлийн 00000000дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 0 хороотоот хаягт байрлалтай, 504 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн 00000000 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 00 тоот тоот хаягт байрлалтай, 105,535 м.кв талбайтай, нэгдүгээр давхрын Б хэсэг, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 23250732/05, 23250732/06 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23250732/08, 23250732/09 дугаартай тогтоолоор тус тус хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх44-50/

 

4.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэхэд эрхийн улсын бүртгэлийн 00000000 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 0 хороотоот хаягт байрлалтай, 504 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ц ХХК нь 10,000,000,000 төгрөгөөр, А.Л нь 10,080,000,000 төгрөгөөр, Э ХХК нь 10,000,000,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн 00000000 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 00 тоот тоот хаягт байрлалтай, 105,535 м.кв талбайтай, нэгдүгээр давхрын Б хэсэг, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг О.А нь 1,050,000,000 төгрөгөөр, А.Л нь 1,050,000,000 төгрөгөөр, Ц ХХК нь 1,050,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнийн санал өгсөн. /хх51-56/

 

4.3. Төлбөр авагчаас дээрх үнийн саналыг зөвшөөрөөгүй тул 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 3/82 дугаартай тогтоолоор үнэлгээчин Г.Оыг шинжээчээр томилон эрх, үүргийн тайлбарласан. /хх57-61/

 

4.4. Шинжээч Г.О нь Баянгол дүүрэг, 0 тоот тоот хаягт байрлах, 504 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 00000000дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 2,252,937,960 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 0 тоот хаягт байршилтай, 105.535 м.кв талбайтай, 1 дүгээр давхрын Б хэсгийн үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 00000000 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх хөрөнгийг 392,871,346 төгрөгөөр тус тус үнэлснийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 4-142/6063, 4-142/6063 тоот мэдэгдлээр нэхэмжлэгч Э ХХК, О.А нарт мэдэгдсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ. /хх63-94/

 

4.5. Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан арга аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийснээс гадна хөрөнгийн үнэлгээний тайлан нь хууль, стандартад нийцсэн байна. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

5.1. Учир нь хэргийн 7, 13 дугаар тал дахь баримтаар нэхэмжлэгч Э ХХК, О.А нар хөрөнгийн үнэлгээ хийгдэх гэж буй үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар санал өгсөн байхаас гадна Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 4-142/6063, 4-142/6063 тоот мэдэгдлээр нэхэмжлэгч Э ХХК, О.А нарт үнэлгээ хийсэн талаарх мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар үнэлгээчин хөрөнгө үнэлэх ажиллагаанд төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нарыг оролцуулах талаар зохицуулаагүй байна. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...үнэлгээ хийх талаар мэдэгдээгүй, холбогдох баримт бичгийг танилцуулаагүй, хөрөнгө үнэлэх ажиллагаанд оролцуулаагүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.2. Шинжээч нь өртгийн, орлогын, зах зээлийн гэсэн 3 хандлагаас өртгийн болон зах зээлийн хандлагыг сонгон авч тайланг гаргасан, харин орлогын хандлагыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...үл хөдлөхийн үнэ цэнийг орлогын хандлагаар тодорхойлоогүй учраас үнэлгээний тайлан хуульд нийцээгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.3. Үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа үнэлгээний обьектэд үзлэг хийсэн нь тайланд хавсаргасан гэрэл зургийн хуулбараар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...үнэлгээчин барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж үзээгүй... давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.4. Шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 00000 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Учир нь шүүгч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэгч нарын иргэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/02927 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ