| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/05364/И |
| Дугаар | 4277 |
| Огноо | 2016-06-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 4277
| 2016 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2016/04277 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргалыг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн ...тоотод оршин суух, ... регистртэй, Чурай овогт Э.А
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Л-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би С.Лын хүсэлтээр 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 2 сарын хугацаатай, 17,000,000 төгрөгийг зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусч мөнгөө авах болтол худлаа хэлж зугтаасаар өнөөдрийг хүрлээ. Одоогоор түүний оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул С.Лыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Э.А нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...регистртэй, Зэгвэ овогт С.Л-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд С.Л нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул Э.А-н хүсэлтийг хангаж, С.Л-г эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Мөн хүсэлт гаргагч Э.А-с түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ВГ87080516 регистртэй, Зэгвэ овогт Содномын Лхагва-Оргилыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Тахарын ерөнхий газрын харъяа Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын Эрэн сурвалжлах хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Э.А-с улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.С.Л нь ... дугаарыг эзэмшдэг, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, ...дүгээр байрны ... тоот хаягт бүртгэлтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА