Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 184/2023/06350/И |
Дугаар | 210/МА2024/01617 |
Огноо | 2024-08-16 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2024/01617
2024 08 16 210/МА2024/01617
Ц.Д, Д.Х нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Ц.Д, Д.Х нарын нэхэмжлэлтэй, Д.Г-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Ц.Д нь мөнгөний хэрэг гарсан тул Д.Г-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээгээр СХД-ийн 0 хороо, 0 тооттоот хаягт байрлалтай, 89,33 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг түүний нэр дээр түр шилжүүлсэн. Тухайн өдөр Д.Г нь Т ХК-тай зээлийн гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 87,500,000 төгрөгийн зээл авч, уг мөнгөнөөс өөртөө 10,000,000 төгрөг, зээл бүтээж өгсөн банкны хүнд 6,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэх төлбөрийг Д.Х-ийн дансанд шилжүүлсэн.
1.2. Ц.Д нь дээрх зээлд нийт 72,116,074 төгрөгийг төлсөн бөгөөд ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас ажиллах боломжгүй учраас 2021 оноос хойш уг зээлийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Гэтэл Т ХК-аас Д.Г-т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг хэрэгт нэхэмжлэгч нар гуравдагч этгээдээр оролцон авсан зээлээ өөрөө төлье гэдгээ зөвшөөрч, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дотор зээлээ төлөхөөр, харин Т ХК энэ хугацаанаас өмнө албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргахгүй байхаар тохиролцон хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан.
Гэтэл Д.Г нь дээрх захирамжийн дагуу зээл төлөгдөх хугацаа болоогүй байхад зээлийг дур мэдэн төлөөд орон сууцны гэрчилгээг банкнаас гарган авч, биднээс үндэслэлгүйгээр хэт их хэмжээний мөнгө нэхэмжилж, орон сууцнаас албадан гаргана гэж шүүхэд хандсан.
Иймд Ц.Д, Д.Х нарын Д.Г-тай байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул СХД-ийн 0 хороо, 0 тооттоот хаягт байрлалтай 89,33 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ц.Д, Д.Х нарыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Ц.Д, Д.Х нар зээл авах боломжгүй байна гэж өөрсдийн өмчлөлийн СХД-ийн 0 хороо, 0 тооттоот хаягт байрлалтай 89,33 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зээл авах зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг надтай байгуулсан. Үүний дараа Д.Г нь Т ХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 87,500,000 төгрөгийг жилийн 26,40 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээл авсан. Зээлээр авсан мөнгийг Ц.Д-д өгсөн, тэр мөнгөөр том оврын ачааны машин худалдан авсан боловч зээлээ хугацаандаа төлөлгүй хэтрүүлсэн. Энэ хугацаанд зээлийн төлөлтийг Д.Г төлсөн.
2.2. Т ХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, гуравдагч этгээдээр Ц.Д оролцож миний эрх ашиг хөндөгдөхгүй гэсэн. Гэвч Ц.Д, Д.Х нар зээлийн төлөлт хийгээгүйгээс болж Д.Г бизнесийн харилцаанд орох боломжгүй бөгөөд Монгол банкны муу зээлдэгч ангилалд шилжсэн. Тиймээс би хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлж 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Тин дахь зээлийг бүрэн төлж барагдуулсны дараа хуульд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон.
Иймд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу Ц.Д, Д.Х нарын өмчлөх эрх дуусгавар болсон тул Д.Гын өмчлөх эрхийг сэргээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн 0000000 дугаарт бүртгэгдсэн, СХД-ийн 0 хороо, 0 тооттоот хаягт байрлах, 89.33 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ц.Д, Д.Х нарт буцаан шилжүүлэхийг Д.Г-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-аас 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Д, Д.Х нарт олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч Ц.Д, Д.Х нар орон сууцаа барьцаанд тавиул авхуулсан зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүй тул орон сууцаа алдах эрсдэл тулгарсан. Тиймээс Д.Г нь найз нөхрийн харилцаандаа итгэж, орон сууцыг алдахгүйн тулд бусад этгээдээс их хэмжээний мөнгийг өндөр хүүтэй зээл аваад Т ХК-аас авсан зээлээ бүрэн төлж барагдуулсан.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу Ц.Д, Д.Х нарын өмчлөлийн СХД-ийн 0 хороо, 0 тооттоот хаягт байрлалтай 89,33 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өмчлөх эрх худалдах, худалдан авах гэрээгээр Д.Г-д шилжсэн байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, СХД-ийн 0 хороо, 0 тооттоот хаягт байрлалтай, 89,33 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Нэхэмжлэгч Ц.Д, Д.Х нар нь хариуцагч Д.Г-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүх эрхийн улсын бүртгэлийн 0000000 дугаарт бүртгэгдсэн, СХД-ийн 0 хороо, 0 тоот хаягт байрлах, 89,33 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ц.Д, Д.Х нарт буцаан шилжүүлэхийг Д.Г-д даалгаж шийдвэрлэсэн.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байх ба шүүх хуралдааны үеэр зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
4. Эвлэрлийн гэрээнд талууд дараах байдлаар харилцан тохиролцсон байна.
4.а. Хариуцагч Д.Г нь давж заалдах гомдлоосоо татгалзаж, эрхийн улсын бүртгэлийн 0000000 дугаарт бүртгэгдсэн, СХД-ийн 0 хороо, 0 тоот хаягт байрлах, 89,33 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ц.Д, Д.Х нарт буцаан шилжүүлэх,
4.б. Нэхэмжлэгч Ц.Д, Д.Х нар нь хариуцагч Д.Г-д 115,000,000 төгрөгийг нийт 33 сарын хугацаанд доорхи хувиарийн дагуу төлнө. Үүнд: 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2027 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2027 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн байна.
5.Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч Ц.Д, Д.Х, хариуцагч Д.Г нарын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
6. Зохигчид эвлэрснийг баталсан энэхүү магадлалыг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэдэг болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2024/03228 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Д.Г нь эрхийн улсын бүртгэлийн 0000000 дугаарт бүртгэгдсэн, СХД-ийн 0 хороо, 0 тоот хаягт байрлах, 89,33 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ц.Д, Д.Х нарын нэр дээр буцаан шилжүүлэх, нэхэмжлэгч Ц.Д, Д.Х нар нь хариуцагч Д.Г-д 115,000,000 төгрөгийг 33 сарын хугацаанд хувааж төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ