| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/03761/И |
| Дугаар | 4278 |
| Огноо | 2016-06-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 4278
| 2016 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2016/04278 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргалыг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж ...дүгээр байрны ...тоотод оршин суух, ...дугаарын регистртэй, Алагадуу ургийн овогт Ж.О,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ...дугаар байрны 51 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Боржигон ургийн овогто Д.Г холбогдох,
Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Ц.Б нь “Премьер Пойнт ББСБ” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ-2015/5 тоот зээлийн гэрээ байгуулж 25,000 ам.долларыг 12 сарын хугацаатай, сарын хоёр, жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийн барьцаанд Ц.Б-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, к105 дугаар байрны 51 тоот дахь улсын бүртгэлийн Ү-2... дугаартай, 50 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Ц.Б нь зээл авснаас хойш 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй учир зээлдэгчийн зүгээс зээлийн төлбөрийг барагдуулах талаар тайлбар өгч байсан хэдий ч тэрээр цаашид зээлийн болон зээлийн хүүгийн төлбөрөө төлж барагдуулах боломжгүй тул зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах санал гаргасан.
“Премьер Пойнт ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.О миний бие болон Ц.Б нар харилцан тохиролцож 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Зээлийн төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу барьцаа хөрөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж миний өмчлөлд ... гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авсан болно. Миний бие орон сууцыг чөлөөлөх талаар албан тоотыг Ц.Б 2 удаа хүргүүлсэн, тухайн орон сууцанд амьдарч буй Д.Г болон түүний охин нартай компанийн ажилтан 2 удаа уулзаж, 4 удаа утсаар ярьж байр чөлөөлөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл байрыг чөлөөлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь заалтыг үндэслэн, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ... дугаар байрны .. тоот дахь 2 өрөө орон сууцыг Д.Г хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Премьeр пойнт” банк бус санхүүгийн байгууллага нь иргэн Ц.Батбаатартай анх 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 25 мянган ам долларыг 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Ц.Б-н өмчлөлд байдаг Баянгол дүүргийн ...дугаар хороо “.." байрны ... улсын дугаартай 51 тоот дахь 50 мкв 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Барьцааны зээлийн гэрээний дагуу сар бүр эргэн төлөх ёстой байсан. Энэ үүргээ биелүүлээгүй. Ийм учраас 2 тал гэрээндээ хяналт үнэлгээ хийгээд гэрээний үүргээ биелүүлээгүй 2015-08-31 тул хоёр тал үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр барьцааны төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хийсэн. Уг гэрээний дагуу 2 өрөө байр орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлээд Ж.О өмчлөлд шилжиж Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авсан. Тухайн гэрээн дээр зааснаар зөрүү мөнгийг өгөх ёстой байсан учраас тухайн үеийн ханшаар 17 мянган ам долларыг бэлнээр гаргаж өгсөн. 88.500.000 төгрөгийг өөрийн компанийн дансанд бүртгэж авсан. Энэ бүхэн хоёр талын харилцан зөвшилцсөний үндсэн дээр хийгдсэн ажиллагаанууд юм. Дараа нь бид нар мэдээж өөрийнхөө өмчлөлд шилжсэн учраас тухайн байрыг чөлөөлөх, зарж борлуулж эргэлтийн мөнгөө олж авах зорилгоор орон байр чөлөөлөх тухай яриа үүссэн. 11 сараас хойш тухайн орон сууцанд амьдарч байсан Д.Г боломж олгосон боловч өвлийн хүйтэнд хүүхэдтэй хүнийг гаргаад яах вэ? дулаарахаар болъё гээд бид 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ... дугаартай байр чөлөөлөх тухай мэдэгдэл албан шаардлагаар 2 удаа, утсаар 4 удаа өгсөн. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл тухайн байрыг чөлөөлж өгөөгүй учраас шүүхэд 19 хуудас бүхий нотлох баримт гаргаж өгсөн гэв.
Хариуцагч Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2009 оноос хойш Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ... дугаар байрны ..тоотод өнөөдрийг хүртэл оршин сууж ажиллаж, амьдарч байна. Энэхүү байрыг 2005 онд төрсөн дүү минь болох Д.Г нь худалдаж авсан бөгөөд тэрээр 2011 онд Канад улсад гэр бүлээрээ ажиллаж, амьдрахаар явсан. Энэ хугацаанд Монгол улсад нэг ч удаа ирээгүй болно. Мөн түүнчлэн Д.Г нь өөрийн хууль ёсны өмчлөл болох энэхүү байрыг хууль ёсны дагуу иргэн Ц.Б шилжүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Ц.Б “Премьер Пойнт ББСБ” ХХК-ийн хооронд хийгдсэн зээлийн гэрээ нь хуурамч бичиг баримт бүдрүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Зээлийн гэрээ нь хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул Ц.Б болон “Премьер Пойнт ББСБ” ХХК-ийн захирал Ж.Отгонбилэг нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн “Зээлийн төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ” нь мөн адил хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Ийм учраас миний бие Д.Г нь 7 жил энэхүү байранд хууль ёсны өмчлөгч болох дүү Д.Г-н зөвшөөрөлтэйгөөр амьдарч байгаа тул нэхэмжлэгчид Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ... дугаар байрны .. тоот байрыг чөлөөлж өгөх боломжгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ог нь хариуцагч Д.Гийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ... дугаар байрны ... тоот дахь 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.Г нэхэмжлэлийг гардуулахаар шүүхэд ирэхийг удаа дараа мэдэгдэхэд шүүхийг үл хүндэтгэн, хүрэлцэн ирээгүйн улмаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШЗ2016/17041 дугаар “Хариуцагчийг албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн 10 дугаар тойргийн тахарын албанаас шүүхэд ирүүлснээр 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, 5 дугаар сарын 31-ний өдөр бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байна.
Түүний шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаан бүхий орон сууцанд 2009 оноос хойш хууль ёсны өмчлөгчийнх нь зөвшөөрлөөр оршин сууж байгаа, уг байрыг түүний төрсөн дүү Д.Г 2005 онд худалдсан авсан бөгөөд 2011 онд Канад улсад гэр бүлээрээ ажиллаж, амьдрахаар явснаас хойш Монгол улсад нэг ч ирээгүй, Д.Г нь орон сууцны өмчлөлийг иргэн Ц.Б шилжүүлээгүй учир “Премьер Пойнт ББСБ” ХХК болон Ц.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн болон зээлийн барьцааны, мөн зээлийн төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргажээ. /хх 35/
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг хариуцагч Д.Г мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх 23-26, 29, 30-35, 37/
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Маргааны зүйл болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ... дугаар байрны ..тоотод байрлах 50 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр анх удаа Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд Х.Б гэгч иргэний өмчид бүртгэгдсэн байна. Улмаар 2005 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Д.Г өмчлөлд “Бэлэглэлийн гэрээ”-ний дагуу шилжиж, 2011 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Төрийн банкны барьцаанд, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ц.Б “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу шилжсэн болох нь Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх 18/
Ц.Б нь 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Премьер Пойнт” ХХК-тай зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулан, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлснээр дээрх орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Зээлийн төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ”-гээр барьцаа хөрөнгийг “Премьер Пойнт ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.О шилжүүлжээ. /хх 15, 7-13,16, 17/
Ийнхүү 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Зээлийн төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ний дагуу барьцаа хөрөнгө болох Ү-...улсын бүртгэлийн дугаартай орон сууц нь нэхэмжлэгч Ж.О-н өмчлөлд шилжиж, 000461484 дугаар бүхий Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон бөгөөд тэрээр уг орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн байх тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж ашиглан захиран зарцуулах, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна. /хх 16/
Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Ж.О-н өмчлөлийн, маргаан бүхий орон сууцыг түүний зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байгаа болох нь зохигчдын тайлбар, орон сууц чөлөөлөх тухай мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдох бөгөөд хариуцагч нь уг орон сууцны 2 дахь өмчлөгч байсан Д.Г-гэгчийн зөвшөөрөлтэйгөөр амьдарч байгаа гэх боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн тайлбар татгалзлыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ...дугаар байрны ..тоотод байрлах 50 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч ...дугаарын регистртэй, Боржигон ургийн овогто Д.Г-н хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА