Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01639

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 21 210/МА2024/01639

 

 

 

Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/02194 дугаар шийдвэртэй,

Х-гийн нэхэмжлэлтэй, Г ХХК, Б.П нарт холбогдох

1,414,500,057 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, Г.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч Х Монгол улсад биткойн олборлох үйл ажиллагаа явуулахад хариуцагч Б.П туслахаар тохиролцсон. Улмаар хариуцагчийн хүсэлтээр 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 21 удаагийн гүйлгээгээр нийт 9.5 цахим мөнгө буюу биткойн зээлдүүлсэн. Энэ нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар www.trade.mn биржийн ханшаар 1BTC нь 143,000,006 төгрөгтэй тэнцэж байна.

1.2. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.П-ад 2018 онд өөрийн эзэмшлийн хөдөө аж ахуйн зориулалттай 2012 онд үйлвэрлэсэн John deere 1204 маркын 0000 улсын дугаартай тракторыг 83,000,000 төгрөгөөр худалдсан. Үүнээс 27,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 56,000,000 төгрөгийг төлөөгүй.

1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан тайлбар, төлбөр төлсөн баримтаар хариуцагч тал тракторын үнэд 34,800,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс тракторын үнэ 56,000,000 төгрөг нэхэмжилснийг 34,800,000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Иймд хариуцагч Б.П-аас зээлийн гэрээний үүрэгт 1,358,500,057 төгрөг, хариуцагч Г ХХК-аас тракторын үнэ 34,800,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Г ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

Тус ББСБ нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Х-гийн эзэмшлийн 0000 улсын дугаартай, JD1204 маркийн тракторыг 83,000,000 төгрөгөөр гуравдагч этгээдэд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан зээлээр өгсөн. А ХХК-ийн ерөнхий захирал. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Цэвэлмаагийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу түүнд дараах төлбөр тооцоог гүйцэтгэсэн. Үүнд:

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 13,600,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 9,600,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 12,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийг тус тус дансаар төлсөн бөгөөд нэхэмжлэгчид тракторын үнэд нийт 48,200,000 төгрөгийг төлсөн. Харин төлбөрийн үлдэгдэл 34,800,000 төгрөгийг төлөөгүй.

Иймд Г ХХК-д холбогдох тракторын үнэд 56,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 34,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Хариуцагч Б.Пын тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Б.Пад холбогдох кривтовалютын зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр кривтовалютын зээлийн гэрээг байгуулж, гэрээгээр 8,9 биткойн зээлэхээр тохиролцсон бөгөөд зээлийн гэрээг япон хэл дээр байгуулсан. Б.П нь япон хэл мэддэг боловч албан бичгийн орчуулга мэдэх эсэх нь эргэлзээтэй. Манайхаас орчуулсан орчуулга дээр 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээлнэ гэсэн байдаг боловч зээлийн гэрээний дагуу зээл орж ирээгүй. Тиймээс 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 21 удаагийн гүйлгээгээр 9,5 биткойн зээлсэн талаар хэрэгт баримт байхгүй.

3.2. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хамтран ажиллах гэрээний дагуу харилцаа үүссэн, талууд хамтран ажиллах талаар монгол болон япон хэлээр баримт үйлдэн гарын үсэг зурж хамтран ажилласан ашиг орлогоо хуваах талаар гэрээ үйлдсэн. Иргэний хуульд зээлийн гэрээг зээлдүүлэгчид мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгийг зээлэхээр заасан. Тиймээс биткойныг цахим мөнгө эсхүл төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгө гэж үзэхгүй. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Виртуал хөрөнгө" гэж аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг гэж заасан. Нэхэмжлэгч тал хөрөнгийн үнэлгээ хийлгэх эрхгүй www.trade.mn гэх арилжааны компаниар үнэлгээ хийлгэсэн, эдийн бус хөрөнгийг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй байна.

Иймд Б.П-ад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.П-аас 969,194,714 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 389,305,343 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Х-гийн тракторын үнэ 34,800,000 төгрөгийг хариуцагч Г ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хариуцагч Г ХХК-иас 34,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,230,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Паас 5,003,924 төгрөгийг, хариуцагч Г ХХК-аас 331,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хд олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хэрэгт авагдсан ДХХК-иар хийлгэсэн биткойны ханшийн тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус компани 2022 оны 07 сард тодорхойлолт гаргаж өгөх үедээ цахим мөнгөнд үнэлгээ хийх, ханш тогтоох эрхгүй байсан. Opendata.burtgel.mn нийтэд нээлттэй сайтнаас харахад ДХХК нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр виртуал хөрөнгийн үнэлгээ хийлгэх эрхийн бүртгэлээ бүртгүүлсэн. Гэтэл шүүх биткойн ханшийг тогтоох эрхгүй этгээдийн албан бичгийг үндэслэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хариуцагч талын Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан эрх бүхий виртуал хөрөнгийн үнэлгээ хийдэг хуулийн этгээдээр 6.9 биткойны үнэлгээг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Шүүх 6.9 биткойныг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ханш буюу үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар 6.9 биткойныг үнэлэх байсан. Криптовалютын зээлийн гэрээнд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр буцаан төлөхөөр тохиролцсон. Эрүүгийн хэрэгт 1.6 биткойн буюу цахим мөнгийг Дамно үнэлгээний компаниар үнэлүүлж 45,137,647 төгрөгөөр үнэлсэн нотлох баримтыг хариуцагч болон нэхэмжлэгч нар эрүүгийн шүүх хуралд хүлээн зөвшөөрсөн. Тиймээс шүүхийн шийдвэрт дурдагдсан 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ханшийг үндэслэн 1 биткойныг 143,463,002 төгрөгөөр тооцсон тооцоолол нь бодит тооцоолол биш.

5.2. Хариуцагч зээлийн хөрөнгө бус ашиг хүлээн авсан гэсэн татгалзлаа нотлохоор нэхэмжлэгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээ гэх гар бичвэр баримтыг гаргасан боловч шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт уг баримт эх хувиар авагдсан бөгөөд ашиг хуваарилах болон хамтран ажиллах гэрээ, гар бичвэрүүдэд нэхэмжлэгч, хариуцагч нар РИГ больсон үед нь 20:80 хувиар хувааж авахаар тохирсон. Уг нотлох баримтыг шүүх үнэлээгүй, орчуулах байсан гэж шийдвэртээ тусгасан нь нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна. Эдгээр баримтууд эрүүгийн болон арбитрын шийдвэрт авагдсан. Гэвч уг шийдвэрүүдэд Б.П нь РИГ угсараад 6 cap ажиллуулах явцад нэг ч хөлс аваагүй гэдэг тогтоогдсон боловч шүүх хамтран ажиллах гэрээ болон ашиг хуваах баримтыг үнэлээгүй. Х нэхэмжилсэн 6.9 биткойны 20 хувь буюу 1.3 биткойн нь Б.Пын ажлын хөлс гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Учир нь хариуцагч Д ХХК-ийн албан бичгийн талаар маргаагүй. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт буюу биткойны ханшийг trade.mn сайт тогтоогоогүй бөгөөд дэлхийн зах зээлд нийтэд илэрхий байдлаар сайтад тавигддаг цахим хөрөнгө юм. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед Д ХХК-д биткойн ямар ханштай байсан эсэх лавлагаанд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар биткойны дээд ханш 147,499,999 төгрөг, доод ханш 135,000,000 төгрөг, дундаж ханш 140,463,002 төгрөг байсан. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй тул нэхэмжилж байгаа биткойноо төгрөгөөр илэрхийлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилж тодорхойлох зүйл мөн эсэхэд шүүх дүгнэлт өгнө. Нэхэмжлэгч тал 143,000,000 төгрөгөөр биткойны ханшаа тодорхойлж гаргасан боловч шүүхээс дундаж ханшаар буюу 140,000,000 төгрөгөөр тооцож 969,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн.

6.2. Хариуцагчийн гаргасан хамтран ажиллах гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, бодит үйл баримтууд болон гэрчийн мэдүүлгүүдтэй нийцэхгүй, эрүүгийн хэрэгт нэхэмжлэгчийн гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй тул Б.П-ыг залилсан гэмт хэрэг хийсэн буруутайд тооцсон. Эрүүгийн хэрэгт хариуцагч талаас эвлэрэх тухай саналыг ирүүлсэн бөгөөд 9,5 биткойнын үнийн дүнд 1 биткойныг 20,000 ам.доллароор тооцож, 184,000 ам.долларыг төлнө нөхцөлтэй эвлэрэх санал тавьсан. Хамтран ажиллах гэрээний явцад өөрийн авах ёстой ашгийг авсан гэх хариуцагчийн тайлбар үзлэгийн тэмдэглэлээр няцаагдаж байна. Арбитрын шийдвэр, эрүүгийн шийтгэх тогтоол нотлох баримтаар авагдсан бөгөөд эдгээр баримтаар хамтран ажиллаж байгаагүй нь нотлогдоно. Хариуцагч Б.П ашиг хуваарилах байсан бол эрүүгийн журмаар шийдвэрлүүлэхдээ ашиг авах талаар дурдах байсан. Мөн шүүхийн шийдвэрт 20:80 хувийн ашиг хуваана гэж үзвэл нийт 13,8 биткойн олборлосноос 80 хувийг Х, 20 хувийг Б.П авах ёстой.

Үүнээс 20 хувь нь 1,6 биткойн болох бөгөөд 6,5 биткойноос хэд дахин бага үнийн дүн болж байна. Эрүүгийн журмаар нүүрэлдүүлж байцаасан мэдүүлэгт Б.П нь арбитрын журмаар шийдвэрлэгдсэн 200,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй өөрийн банк бус санхүүгийн байгууллагад зээлж, тус мөнгөө 3,5 хувь буюу түүнээс дээш хүүтэйгээр эргэлдүүлэн ашиг олох зорилготой байсан. Б.П цалин аваагүй нь үнэн, цалин аваагүйнхээ төлөө 200,000,000 төгрөгийн зээл авсан. Нэхэмжлэгч нь 8,9 биткойныг хариуцагчид зээлүүлсэн бөгөөд үүнээс 2,6 биткойн олборлолтын явцад 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд олборлосон биткойн Б.Пын цахим хэтэвч рүү шилжсэн гэх үйл баримтаар тогтоогдсон. Биткойн Монгол улсад эргэлтэд орж, төлбөрийн хэрэгсэл болж байсан нь талуудын хооронд харилцсан wechat-аар биткойн нэхэмжлэгчээс шилжүүлж, хариуцагч тус биткойныг авч, цалин хөлс тавьж байгаа нь төлбөрийн нэг хэрэгсэл болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч Япон улсын иргэн Х нь хариуцагч Б.П-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,358,500,057 төгрөг, хариуцагч Г ХХК-д холбогдуулан тракторын үнэ 56,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Нэхэмжлэгч Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 34,800,000 төгрөг болгон багасгасныг хариуцагч Г ХХК төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

3.2. Зохигчид wechat-ын цахим захидлаар харилцсан байх бөгөөд уг wechat-д хариуцагч нь өөрийн блокчейн дэх биткойны 0000000000 хаягийг нэхэмжлэгчид явуулсан болох нь талуудын тайлбар болон гар утас дахь wechat-д үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогджээ.

 

3.3. Нэхэмжлэгч Х-гийн Binance.com арилжааны биржийн биткойны хаягаас 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 6.9 биткойн шилжсэн хаяг нь дээрх хариуцагчийн биткойны хаяг болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, binance.com цахим биржийн баримтын хуулга зэрэг баримтаар нотлогдсон. /1-р хх-235, 2-р хх 27-30/

Түүнчлэн, гэрч В.Т шүүхэд би мэдэхгүй, тэр хоёрын хоорондын тохиролцооны асуудал, хоорондын гэрээний асуудал байх, 2018 оны 01 сараас биткойн олборлож Х-гийн хаяг руу шилжүүлж байсан, Х-гийн хаягийг Б.П-ын хаягаар сольж биткойн шилжсэн гэх агуулгатай,

 

Гэрч Р.М шүүхэд Х, Б.П нарын хооронд ямар яриа байгааг мэдэхгүй, Х хөрөнгө оруулсан, олборлосон биткойн Х-гийн данс руу ордог байсан, 2018 оны 05 сард албан ёсоор Б.П-ын данс руу шилжиж байсан гэх агуулгатай мэдүүлгийг тус тус өгчээ.

 

3.4. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж-ын [email protected] имэйл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр Хан-Уул дүүргийн иргэний маргаан Тракторын үлдэгдэл болох 34,800,000 төгрөг, 9.2 биткойныг 1 бүрийг 20 ам.доллараар тооцож нийт 184,000,000 төгрөгийг хугацаа тогтоож төлөхөөр эвлэрлийн гэрээний санал хүргүүлж байсан байна.

 

3.5. Дээрх баримтууд болон гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Х нь хариуцагч Б.П-ад 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 6.9 биткойн зээлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүх Х, Б.П нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

4. Д ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 22/103 тоот албан бичгээр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн биткойны хамгийн дээд ханш 147,499,999 төгрөг, хамгийн доод ханш 135,000,000 төгрөг, тухайн өдрийн арилжааны дундаж ханш 140,463,002 төгрөг гэж тодорхойлсон. /1-р хх145/

 

4.1. Хариуцагч нь ...ДХХК нь цахим мөнгөнд ханш тогтоох эрхгүй, 1 биткойныг 143,463,002 төгрөгөөр тооцсон тооцоолол хуулийн дагуу хүчин төгөлдөр тооцоолол биш гэж маргасан. ДХХК нь дэлхийн зах зээл дээрх цахим биржийн тухайн өдрийн биткойны төгрөгийн ханшийг өөрийн сайтад байршуулсан байх тул хариуцагч талын ДХХК нь цахим мөнгөнд үнэлгээ хийх ханш тогтоох эрхгүй этгээдийн албан бичгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн гэх татгалзал болон давж заалдах гомдлыг хангахгүй. Иймд хариуцагч нь зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ зөрчсөн буруутай байх тул нэхэмжлэгч нь цахим хөрөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

4.2. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан криптовалютын зээлийн гэрээний дагуу Х-гаас Б.П-ад 6.9 биткойныг шилжүүлсэн гэж дүгнээд Д ХХК-ийн эзэмшлийн trade.mn сайтад байршуулсан цахим биржийн ханшийг үндэслэн 1 биткойныг 143,463,002 төгрөгөөр тооцон 6.9 биткойны үнэд 969,194,714 төгрөгийг хариуцагч Б.П-аас гаргуулан нэхэмжлэгч Х-д олгож, үлдэх 2.6 биткойныг цахим биржийн үйлчилгээ үзүүлсний хөлсөнд хамаарна гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас 389,305,343 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан эрх бүхий виртуал хөрөнгийн үнэлгээ хийдэг хуулийн этгээдийг шинжээчээр томилж, 6.9 биткойны үнэлгээг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хангаагүй... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

 

5.1. Шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0000000000000 дугаар захирамжаар биткойны зах зээлийн ханшийг тогтоолгохоор шинжээч томилох нь тусгай мэдлэгт хамаарахгүй талаар дүгнэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна гэж дүгнээд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Учир нь шүүгч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Х болон Б.П нар биткойн олборлох зорилгоор хамтын үйл ажиллагаа эрхэлсэн болох нь хэрэгт авагдсан wechat-д хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгээр тус тус нотлогдсон бөгөөд энэ талаар зохигчийн хэн аль нь маргаагүй. Түүнчлэн, хэрэгт авагдсан биткойны олборлолтын нэгтгэл гэх баримтаар талууд хамтын үйл ажиллагааны үр дүнд 13.8 биткойн олборлож нэхэмжлэгч Х-гийн биткойны 00000000000 хаягт хуримтлагдсанаас нийт олборлосон биткойны 20 хувийг хариуцагчид ногдвол зохих ашиг гэж үзвэл 2.79 биткойн байгаагаас үзвэл 6.9 биткойныг хамтран ажиллах гэрээний ашиг гэж үзэх үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв. /1-р хх110-114, 118-121, 245-250/

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хамтран ажиллах гэрээ гэх гар бичвэрийг нотлох баримтаар гаргасан боловч нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Уг баримт эх хувиар авагдсан бөгөөд ашиг хуваарилах болон хамтран ажиллах гэрээ, гар бичвэрүүдэд нэхэмжлэгч, хариуцагч нар РИГ больсон үед нь 20:80 хувиар хувааж авахаар тохирсон... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

 

7.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас хамтран ажиллах гэрээ гэх гар бичвэрийг нотлох баримтаар гаргасан бөгөөд уг баримтын ашиг хуваарилах талаар дурьдсан хэсэгт гарын үсэг зурагдаагүйгээс гадна тухайн баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/02194 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.П-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,003,924 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ