Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 42

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904000430041 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                              З.Ганцоож

Улсын яллагч                                               Ж.Бүрэнжаргал

Шүүгдэгч                                                  Д.Б- нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, мужаан цех ажилуулдаг, ам бүл .., эхнэр .. хүүхдийн хамт .. дүүргийн ..тоот орон сууцанд оршин суух Х- овгийн Д-ын Б- /РД:........./.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд: Д.Б- нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны оройн 21 цагийн орчимд Багануур дүүргийн 3 дугаар хороо, 50 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “О-” зочид буудлын 102 тоот өрөөнд хохирогч Д.Н-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газарт нь аяга авч шидсэний улмаас толгойд язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

              Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Х- бид хоёр нэг шил архи авч буудал руу ороод Х-ын танил Н- гэх хүнтэй танилцаж 1 шил архи хувааж уусан. Би өмнө нь архи уучихсан байсан болохоор 1 шил архи хувааж уугаад нилээд согтсон Н- бид хоёр ах дүү, нутаг ус ярьж байгаад хоорондоо маргалдсан. Би Н-г гараараа цохиход Н- орны толгой руу унаад өгсөн. Тэрнээс болж толгой нь хагарсан байх гэж бодож байна. Би Н-д эм тариа аваарай гэж 20.000 төгрөг өгсөн бөгөөд Н- гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 46, 47-р хуудас/

              Хохирогч Д.Н-гийн мөрдөн байцаалтын үед өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр О- зочид буудалд амарч байхад миний танил Х- танихгүй залуутай хамт 1 шил архи авчихсан ирсэн. Тэр залуутай танилцахад Б- гэж өөрийгөө танилцуулсан бөгөөд бид 3 нөгөө авчирсан 1 шил архийг хувааж уусан. Би Б-тай нутаг ус, ах дүүгийн талаар ярьж байгаад Б-ын ах Б- Б-г танина гэр бүлээр нь мэднэ, би хонь хүртэл өгч байсан юм гэж хэлтэл Б- над руу уурлаж “чиний мөнгө төгрөгтэй чинь тэндээ л байдаг юм байгаа биз, би чам шиг юмнуудтай зөндөө тааралдсан” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Би тэр үед нилээн согтсон байсан бөгөөд нэг сэрэхэд миний толгой хагарчихсан байсан. Тухайн үед Б- бид хоёр л манай өрөөнд хамт байсан. Би эмнэлэг дээр очиж толгойдоо оёдол тавиулсан. Надад Б-аас нэхэмжлэх зүйл байхгүй, надад гомдол санал байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-н 11,12-р хуудас/,

              Гэрч Г.Х-ын өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 23-ны 19 цагийн үед найз Б-ын хамт О- зочид буудал руу орохдоо 1 шил архи авч орсон. Тэнд Н-, бөх барилддаг О- нар байсан. Тэгээд архиа хувааж уусан бөгөөд би 3 хундага архи уугаад согтчихсон тул гэртээ харилаа гээд гараад явсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17, 18-р хуудас/

              Гэрч П.О-ийн өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн үед Н-гийн байрлаж байсан 102 тоот өрөөнд бөх барилддаг О- гэдэг хүн орсон бөгөөд араас нь 2 эрэгтэй хүн орсон. Тэгээд тэд нар хэсэг байж байгаад түжигнээд байхаар нь өрөө рүү нь ортол Н- гэх хүний толгой хагарсан Б- гэх хүн хэрүүл хийгээд зогсож байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа явсаны дараа өрөөг нь цэвэрлэхэд буудлын өрөөний цагаан шаазан аяга хагарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19, 20-р хуудас/

              Гэрч Н.Ц-гийн өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 23-ны оройн 21 цаг 30 минутын үед Н- гэх эрэгтэй толгойгоо хагалуулсан байдалтай хүргэгдэж ирсэн. Толгойд нь 4 ширхэг оёдол тавьж боолт хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/

              Шинжээч эмчийн 09шэ/079 дугаартай “…Д.Н-гийн биед толгойд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. /хуучин гэмтэл/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/

 Шүүгдэгч Д.Б-ын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан “...ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 56-р хуудас/

  Иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгийн лавлагаа  /хх-н 51-54-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчээс “...Би гэм буруугаа хүлээж байна. Ял шийтгэлийн хувьд тохиролцсон торгуулийн 450.000 төгрөгийг төлнө...“ гэжээ.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны оройн 21 цагийн орчимд Багануур дүүргийн 3 дугаар хороо, 50 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “О-” зочид буудлын 102 тоот өрөөнд хохирогч Д.Н-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газарт нь аяга авч шидсэний улмаас толгойд зулайн баруун дээд хэсэгт 8х2см язарсан шарх бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Д.Б- нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт язарсан шарх гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…Д.Н-гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/079 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Б-ын үйлдэл нь иргэн Д.Н-гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна.

              Хохирогчийн “хохирол төлбөр авсан, одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 61-р хуудас/, шүүгдэгчийн “…Би 20.000 төгрөгийн хохирол төлсөн…” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Д.Б- нь учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Б- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х- овгийн Д-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х- овгийн Д-ын Б-ыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Д.Б-т мэдэгдсүгэй
  4. Хохирогч Д.Н- нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Д.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 А.БЯМБАЖАВ