Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 101/2023/05426/И |
Дугаар | 210/МА2024/01641 |
Огноо | 2024-08-21 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2024/01641
2024 08 21 210/МА2024/01641
Г ХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/02658 дугаар шийдвэртэй,
Г ХК-ийн нэхэмжлэлтэй, В ХХК, Т.С нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 564,292,655 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Х.Ч, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Т.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа:
1.1. Тус банк нь В ХХК, Т.С нартай 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 450,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр СОЯ/202103006 тоот XIV.1.54 Соёлын төвийн барилга, 300 суудал (С, Баяндэлгэр сум) ажил гүйцэтгэх гэрээг барьцаалсан.
1.2. Зээлдэгч нь гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, улмаар зээл төлөх талаар мэдэгдсэн боловч зээлээ төлөхгүй 310 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Тиймээс 2023 оны 08 дугааар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 418,505,883 төгрөг, зээлийн хүү 66,061,003 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 865,899 төгрөг, нийт 496,432,786 төгрөг болсон.
1.3. Хуульд зааснаар зээлдэгч нар гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөхгүй тул хариуцагч нараас үндсэн зээл 418,505,883 төгрөг, зээлийн хүү 122,610,894 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,175,877 төгрөг, нийт 564,292,655 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 564,292,655 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Манай компани нь 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр С аймгийн Баяндэлгэр суманд баригдах соёлын төвийн барилга, 300 суудалтай ажил гүйцэтгэх гэрээг барьцаалан Г ХК-ийн ХК-аас 450,000,000 төгрөгийн зээл авсан. Уг гэрээт ажил анх 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,940,025,092 төгрөгийн дүнтэй байгуулагдан, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж ажил гүйцэтгэх хугацааг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, төслийн хүрээнд 3 удаагийн санхүүжилт олгосон бөгөөд барилга угсралтын ажлын гүйцэтгэл 543,330,687 төгрөг, материалын үнийн зөрүү 117,439,823 төгрөг буюу нийт 660,770,510 төгрөгийн гүйцэтгэл олгосон.
Харин бидний хувьд шууд зардлаар буюу төсөлд зарцуулсан нийт санхүүжилт 1,167,149,877 төгрөгт хүрсэн нь зөвхөн олгосон санхүүжилт, барилга угсралтын дүн хоёрын зөрүүнээс 506,379 ,367 төгрөгийн алдагдал хүлээсэн. Учир нь тус гэрээт ажлыг гүйцэтгэх явцад улс орон даяар гарсан ковид-19 цар тахлын улмаас барилгын материал болон тээвэр шатахууны үнэ өссөн, цаашид ажил гүйцэтгэлд шууд нөлөөлж барилгын ажил зогссон нь зээлийн эргэн төлөлтөнд нөлөөлсөн. Тиймээс ажил гүйцэтгэл хэвийн явагдвал тус зээлийг эргэн төлөхөд хүндрэл гарахгүй.
2.2. Г ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаартай эрх олгох тухай тушаалаар Б.Э итгэмжлэл олгосон. Дээрх итгэмжлэлийг үндэслэн Б.Э-гээс Б.Б итгэмжлэл олгосон байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл Г ХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 129 дугаартай тушаалаар 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаартай тушаалыг хүчингүй болгосон. Дээрх тушаалыг хүчингүй болгосноор шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл хүчингүй болох эрх зүйн үр дагавартай бөгөөд уг итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл, бусдад шилжүүлэх тохиолдолд холбогдох хуулийн зүйл заалтыг барих ёстой.
Иймд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч В ХХК, Т.С нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 484,566,886 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХК-ийн ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 79,725,769 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д зааснаар хариуцагч В ХХК, Т.Снь нар нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцааны гэрээний зүйл болох СОЯ/202103006 тоот XIV.1.54 Соёлын төвийн барилга, 300 суудал (С, Баяндэлгэр сум) ажил гүйцэтгэх гэрээгээр гэрээний дагуу олж авсан шаардах эрх, гэрээний орлого, төлбөрийн авлага, тэдгээртэй холбоотой бусад эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,207,564 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В ХХК, Т.Снараас 2,580,784 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХК-ийн ХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.2. В ХХК, Т.С нартай байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний 2.2-т Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн гэрээний хугацаа дууссанаас үл хамааран гэрээнд заасан зээл, зээлийн хүүг төлнө гэж, 2.5-д Зээлдэгч эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.1-д заасан үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцов гэж, мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нар зээлээ төлөх хүртэл гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Түүнчлэн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөхгүй.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хассан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, итгэмжлэл олгосон огноо, дугаар бүхий хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэмэгдүүлсэн шаардлага гаргасан этгээдэд итгэмжлэл олгогдоогүй нөхцөл байдал тогтоогдсон.
Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдолдоо тухайн шийдвэрийн аль хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй талаар хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар шүүх хуралдаан эхлэхээс өмнө маргаж, мэтгэлцсэн. Тухайн үед нэхэмжлэгч талаас итгэмжлэлийг залруулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх байр суурьтай байсан. Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийн аль хэсгийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй талаар тодорхой дурдаагүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангасан өөрчлөлт оруулав
2. Нэхэмжлэгч Г ХК-ийн ХК нь хариуцагч В ХХК, Т.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 418,505,883 төгрөг, зээлийн хүү 66,061,003 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,865,899 төгрөг, нийт 496,432,786 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 418,505,883 төгрөг, зээлийн хүү 122,610,894 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,175,877 төгрөг, нийт 564,292,655 төгрөг гаргуулахыг хүссэн. /хх-ийн 1-2, 97-99/
Хариуцагч нар татгалзлаа ...ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хойшилсон, цар тахалтай холбоотой барилгын материалын үнэ нэмэгдсэн, барилгын ажил зогссон, зээл төлөлтийн хугацаа хэтрэхэд зөвхөн хариуцагчийн буруутай үйлдлээс болоогүй тул үндсэн зээлийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан маргажээ.
3. Талууд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээгээр Г ХК-ийн ХК нь 450,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлдүүлэх, В ХХК, Т.С нар нь зээл, түүний хүүг хавсралтаар баталсан хуваарийн дагуу төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 9-11/
3.1. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулсан С аймгийн Баяндэлгэр суманд баригдах 300 суудалтай соёлын төвийн барилгын СОЯ/202103006 тоот ажил гүйцэтгэх гэрээг барьцаалсан. /хх17-20/
Анхан шатны шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн талаар зөв дүгнэжээ.
3.2. Зээлдүүлэгч Г ХК-ийн ХК нь гэрээний үүргээ биелүүлж, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зээлдэгч В ХХК-д мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, энэ үйл баримтын талаар хариуцагч нар маргаагүй. /хх 21/
3.3. Иймээс нэхэмжлэгч Г ХК-ийн ХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг хариуцагч В ХХК, Т.С нараас шаардах эрхтэй.
4. Т.Сзээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн хувиар гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар В ХХК, Т.С нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г ХК-ийн ХК-ийг хариуцагч В ХХК, Т.С нарын хэн альнаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасантай нийцжээ.
5. Анхан шатны шүүх итгэмжлэл болон барьцааны зүйл болох ажил гүйцэтгэх гэрээний талаар буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсныг дараах байдлаар залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
5.1. Г ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаартай Эрх олгох тухай тушаалаар ...Монгол Улсын бүх шатны шүүхэд эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, арбитр болон эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд банкийг төлөөлөх, төлөөлж нэхэмжлэл, өргөдөл, хүсэлт гаргах, шүүх, арбитр, эвлэрүүлэн зуучлагч, эрх бүхий этгээдийн шийдвэрт гомдол гаргах, хуульд заасан хэргийн оролцогч, оролцогч, талуудын эрх, үүргийг эдлэх, энэхүү эрхийг тухай бүр шилжүүлэх буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгох, түүнийг томилж оролцуулах, прокурор, цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, авлигатай тэмцэх байгууллага болон төрийн бусад байгууллагад банкыг бүрэн төлөөлөх эрхийг Г ХК-ийнны тусгай активын хэлтсийн захирал Б.Э 3 жилийн хугацаатай олгожээ. /хх6-8/
5.2. Дээрх итгэмжлэлийг үндэслэн Б.Э-гээс банкыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй. Мөн итгэмжлэлээр олгосон бүх эрхийг тухай бүр шилжүүлэх буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгох эрхийг олгосон байх тул Б.Э-гээс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Б.Б итгэмжлэл олгосон нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
5.3. Үүний дараа Г ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 129 дугаартай Эрх олгох тухай тушаалаар 734 дугаартай тушаалд дурдсан адил агуулга бүхий эрхийг шилжүүлэн Б.Э 3 жилийн хугацаатай олгож, өмнөх тушаалыг хүчингүй болгосон нь Б.Э-гээс эрх шилжүүлсэн үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Улмаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-аас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн бөгөөд тэрээр банкны төлөөлөгчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэснийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу.
5.4. Нөгөөтэйгөөр, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй.
5.5. Түүнчлэн, хариуцагч талын ...цар тахалтай холбоотой барилгын материалын үнэ нэмэгдсэн, барилгын ажил зогссон, тендерийн төсөв магадлалд ороогүй, ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хойшилсон, зээл төлөлтийн хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал зөвхөн ажил гүйцэтгэгчийн буруугаас болоогүй... гэх үндэслэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хамааралгүй байхаас гадна зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд хариуцагч В ХХК, Т.С нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 418,505,883 төгрөг, зээлийн хүү 122,610,894 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,175,877 төгрөг, нийт 564,292,655 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
6. Мөн анхан шатны шүүх барьцааны гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч В ХХК, Т.Снар төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн С аймгийн Баяндэлгэр суманд баригдах 300 суудалтай соёлын төвийн барилгын СОЯ/202103006 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу олж авсан шаардах эрх, гэрээний орлого, төлбөрийн авлага, тэдгээртэй холбоотой бусад эрхээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 гэж хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/02658 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч В ХХК, Т.С нараас зээлийн гэрээний үүрэгт 564,292,655 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХК-ийн ХК-д олгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч В ХХК, Т.Снар үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн С аймгийн Баяндэлгэр суманд баригдах 300 суудалтай соёлын төвийн барилгын СОЯ/202103006 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу олж авсан шаардах эрх, гэрээний орлого, төлбөрийн авлага, тэдгээртэй холбоотой бусад эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай. гэж тус тус өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...2,580,784 гэснийг ...3,049,613 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 556,579 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ