| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2019/0047/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/43 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/43
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1804001620140 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Шүүгдэгч Б.Б-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ц- нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, .. туслах машинчаар ажилладаг, ам бүл .., эхнэр .. хүүхдийн хамт .. оршин суух М- овгийн Б-гийн Б- /РД:............/.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч Б.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны шөнийн 23 цагийн үед ........... тоотыг хөлслөн амьдарч байхдаа эхнэр Т.П-тай охин Б.Э-гоос болж маргалдаад түүний толгойн тус газарт нь гараараа цохисон,
2018 оны 2 дугаар сард дагавар охин П.Н-ийн талаар “чи дандаа охиноо өмөөрдөг” гэж маргалдаж түүний толгой руу гараараа 3-4 удаа цохисон,
2018 оны 3 дугаар сарын 10-ны орчим шөнийн 02 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр “намайг найзуудын хажууд доош нь хийлээ, намайг найзгүй болголоо” гэж уурлаж гарын бугалга баруун суга руу гараараа зангидаж цохисон,
2018 оны 5 дугаар сарын 3-ны шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгойд баригдаж байсан байшин дотроо “чи өөр хүнтэй болсон байна” гэж уурлаж гараа зангидаж байгаад гараараа толгой шанаан тус газарт цохисон зэрэг үйлдлийг хийж эхнэр Т.П-ыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс Б.Б-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Би П-тай анх 2014 онд танилцаж байсан ба өөрийгөө О- гэж танилцуулж байсан. П- манай ах эгч хоёр аваарт ороод нас барчихлаа гээд Улаанбаатар хот руу явсан бөгөөд ирэхдээ 3 сартай охин хүүхэд дагуулж ирээд энэ манай аваарт орсон ах, эгч хоёрын хүүхэд байгаа юм, хоёулаа үрчилж авъя гэж хэлсэн. Би тэр охиныг өрөвдөөд үрчилж авахаар болж өөрийнхөө нэрээр овоглох гээд иргэний бүртгэлийн байгууллагаар ажил хөөцөлдөж явахад Н-ийг ямар ч бүртгэлгүй болохыг олж мэдсэн. Үүнээс болж бид хоёр маргалдаж, би аав ээжийнхээ гэрт хэд хоног амьдарсан. Хэд хоногийн дараа гэртээ яваад очтол миний цалингийн зээлээр авсан гэрийг маань ачаад, миний хувцасыг үлдээгээд яваад өгсөн байсан. Түүнээс хойш бид хоёр 3 сар орчим тусдаа амьдарсан. П- над руу залгаад би чамайг санаад байна, хоёулаа буцаад нийлье гээд би зөвшөөрч буцаж хамт амьдарч эхэлсэн. П- жирэмсэн болсон бөгөөд миний охин Э- 2016 онд мэндэлсэн. Тэр үед би П-ын аавтай танилцаж улмаар П-ын жинхэнэ нэрийг мэдсэн, тэр хүртэл би П-ыг О- гэж дууддаг байсан. Бид хоёр хоорондоо маргалдаж мууддаг байсан нь үнэн, тэр маргааны үед П- над руу дайрч намайг мааждаг. Би эсэргүүцэл үзүүлж түүнийг гараараа түлхэх үед намайг зодоод байна, намайг алах гээд байна гэж худлаа хашгирдаг байсан... намайг өөрөө ирээд цохиод самардаад маажаад байхаар нь би хэд хэдэн удаа цохьсон нь үнэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 64, 65-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Т.П-ын мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Би Б-тэй 2013 онд танилцсан, түүнийг унтаж байхад нь сэрээх ч юм уу зурагтны дуу чангалхаар намайг зайл эндээс яв гэж уурладаг. 2018 оны 02 дугаар сард Б- унтаж байхдаа охиныгоо оролдсон бөгөөд би түүнийг сэрээх гээд хацар руу нь зөөлхөн алгадахад нойроо харамлаж босож ирээд миний толгой руу хүчтэй цохисон. Мөн 2018 оны 3 сард цэргийн баярын урдхан Б- согтуу орж ирээд миний хувцасыг тайлах гэхээр нь би дургүйцсэн. Гэтэл Б- уурлаж миний толгой руу цохисон. Цаг хугацаа өнгөрсөн учраас намайг хэзээ ямар цаг хугацаанд зодож байсныг санахгүй байна. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө миний толгой руу гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Би маргааш нь Н- эмээд очиж толгойгоо бариулсан. 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “намайг найзгүй болголоо” гэж над руу уурлаж миний гарын бугалга, баруун суга руу гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. 2018 оны 02 дугаар сарын дундуур дагавар охин Н-аас болж маргалдсан бөгөөд улмаар “чи дандаа хүүхдээ өмрөөдөг” гэж хэлээд миний толгой руу зангидсан гараараа 3-4 удаа цохисон. Би маргааш нь дахиад Н- гуайд толгойгоо бариулсан. 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Талын толгойд барьж байсан байшингаа барьж дуусгаад баярласандаа 2 хүний хамт 2 шил архи уучихаад 18 цагийн үед гэрээс гарч яваад шөнө дунд согтуу орж ирсэн. Тэгээд чи өөр хүнтэй болсон байна гэж над руу дайрч зангидсан гараараа миний толгой руу 1 удаа цохисон. Би анхнаасаа Б-г цагдаад өгнө гэж боддоггүй байсан болохоор цагдаад дуудлага өгдөггүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 40-45, 51, 52, 99-р хуудас/,
Гэрч Ц.Б-ийн өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 15, 16-ны үед байх 1 дүгээр хороо, 3 дугаар байрны зогсооол дээр машин дотроо Б-тэй хамт байж байхад П- ирсэн. Тэгээд Б-г машинаас дуудаж буулгаад наад золбин найз нартайгаа яв, наад хар Пүрвээ чинь дандаа чамд гай болдог гээд намайг хүртэл доромжлоод байсан. Тэр үед Б-гийн гар, хүзүүг маажчихаад гар утас болон түрүүвчийг нь аваад явсан. Б-, П- хоёрыг харахад байнга л хэрүүл маргаан хийж байдаг. П- зун болохоор салаад, өвөл болохоор эргээд нийлчихсэн явж байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/
Гэрч Т.Ө-ийн өгсөн “...Би П- эгчийн гэрт хэд хэдэн удаа ирж байсан. Тэр үед хүргэн ах Б-, эгч П- хоёр хэрүүл маргаан хийсэн байдалтай байдаг байсан. Нэг удаа П- эгч над руу яриад уйлж байсан, Б- ахыг зоддог талаар хэлж байгаагүй. Б- ахын хувьд П- эгч болон дагавар охин Н- хоёрыг дээрэлхдэг юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/
Гэрч Р.О-гийн өгсөн “...Б- 2013 онд нэг охин дагуулж ирээд энэ хүнтэй амьдарна гэж танилцуулсан. Тэр охин өөрийгөө Булган аймгийн харьяат О-ын О- гэж танилцуулсан. О- гэх эмэгтэй анхнаасаа л хачин муухай ааштай байнга л хэрүүл маргаан хийдэг байсан. Өөрийнхөө төрсөн хүүхдийг биднээс нууж нас барсан ах эгч хоёрын маань хүүхэд гэж хэлж байсан. Мөн О- гэж танилцуулсан нэр нь худлаа болж жинхэнэ нэр нь П- болохыг мэдсэн. П- муудалцахаараа Б-гийн нүүрийг маажиж эрээн алаг болгочихсон байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58, 59-р хуудас/
Гэрч Г.Н-ийн өгсөн “...П- гэх эмэгтэй над дээр ирж 2 удаа толгойгоо бариулж байсан бөгөөд надад хэлэхдээ толгойгоороо юм мөргөчихсөн гэж байсан. Би толгойг нь барихдаа юм мөргөөгүй хэн нэгэнд зодуулж цохиулсан байх гэж бодсон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/
Гэрч К.Н-ийн өгсөн “...П- гэх энэ охин над дээр ирж 4-5 удаа толгойгоо бариулж байсан. Сүүлийн 2 удаа ирэхдээ “нөхөртөө зодуулсан, одоо нөхрөөсөө сална” гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/
Шинжээч эмчийн 09шэ/229 дугаартай “…Т.П-ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 68-р хуудас/
Б.Б-гийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан “...2015 онд Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн...” гэсэн хуудас /хх-н 82-р хуудас/
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 85-р хуудас/
Аюулын зэргийн үнэлгээгээр эрсдлийн түвшин “Дунд” гэжээ. /хх-н 86, 87/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 81-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүйг дурьдах саналтай…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Б.Б- эхнэрээ зодсон гэм буруугаа хүлээж байгаа... “ гэжээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны шөнийн 23 цагийн үед ........... тоотыг хөлслөн амьдарч байхдаа эхнэр Т.П-тай охин Б.Э-гоос болж маргалдаад түүний толгойн тус газарт нь гараараа цохисон, 2018 оны 2 дугаар сард дагавар охин П.Н-ийн талаар “чи дандаа охиноо өмөөрдөг” гэж маргалдаж түүний толгой руу гараараа 3-4 удаа цохисон, 2018 оны 3 дугаар сарын 10-ны орчим шөнийн 02 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр “намайг найзуудын хажууд доош нь хийлээ, намайг найзгүй болголоо” гэж уурлаж гарын бугалга баруун суга руу гараараа зангидаж цохисон, 2018 оны 5 дугаар сарын 3-ны шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгойд баригдаж байсан байшин дотроо “чи өөр хүнтэй болсон байна” гэж уурлаж гараа зангидаж байгаад гараараа толгой шанаан тус газарт цохиж зодсон болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Б.Б- нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хэд хэдэн удаа цохисон үйлдлээр нь тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Б-гийн үйлдэл нь иргэн Т.П-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн бөгөөд гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1. “…эхнэр нөхөр...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч Б.Б-, хохирогч Т.П- нар гэр бүлийн баталгаатай болох нь нотлогдож байгаа тул Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох” гэмт хэргийн субъект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.П-ыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “…Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Б.Б-гийн гэм буруугаа хүлээж байгаа, хохирогчтой эвлэрсэн, хохирогчийн хүсэлт, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ялаас чөлөөлж өгнө үү... “ гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгч Б.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тухайн зүйл заалтад заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Б-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Хохирогч шүүхэд хандан “ Т- овогтой П- би үл ойлголцол үүсч цагдаад өргөдөл өгсөн. Энэ хэрэг явдлаас хойш нөхөртэйгөө ярилцаж ойлголцоод эвлэрсэн. Ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт /хх-н 170-р хуудас/ ирүүлсэн байх тул шүүгдэгч нь хохирогчтой эвлэрсэн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.Б- учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, одоогоор хүүхдээ өөрөө асарч байгаа, тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдал тогтоогдож байна.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл байдалууд буюу хохирогч нөхөртөө худлаа ярьж төөрөгдүүлсэнээс үүссэн хэрүүл маргааны улмаас гэмт хэрэг гарах нөхцөл байдлууд хохирогч, гэрч, шүүгдэгч нарын дээрхи мэдүүлгүүдээс харагдаж байна.
Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан.
Иймд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан байх тул Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Б-д тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авбал зохино.
Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.
Хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэснийг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ