| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2017/0232/З |
| Дугаар | 327 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 327
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг, нэхэмжлэгч С.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нарыг оролцуулан иргэн С.Н ын нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийв.
Нэхэмжлэгч: С ын Н
Хариуцагч: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/186 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын даргаар ажиллаж байсны цалинг нөхөн олгуулах.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэлт тайлбартаа: “С.Н би эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/186 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах үндэслэлээр уг тушаалыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
Нэг. Миний бие С.Н Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт амьдардаг. Ам бүл 3. Нөхөр охины хамт амьдардаг. Шинжээч нягтлан бодогч мэргэжилтэй. Төрийн удирдлагын менежер. Эдийн засгийн ухааны магистр. 1988 оноос төрийн байгууллагад 29 жил, үүнээс нийгмийн даатгалын байгууллагад 27 жил ажиллаж байна. 2008 оноос аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажилласан.
Хоёр. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 2016 оны 09 сард нийгмийн даатгалын ерөнхий газраас бүтэц зохион байгуулалттай холбоотой санал асуусан. Тэр үед би хэлтсийн даргаар үргэлжлүүлэн ажиллах саналтай байна гээд өргөдлөө бичиж хүргүүлээд салбарын сайд мэргэшсэн ажилтнуудаа үлдээж хамтран ажиллана гэсний дагуу шийдэгдэнэ гэж итгэн хүлээж байсан. Гэтэл миний өргөдөл санал хүсэлтийг авч хэлэлцээгүй, хариуг нь 4 сарын дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр цахимаар хаасан байсан.
Гурав. Намайг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 186 дугаар тушаалаар үүрэгт ажлаас гэнэт чөлөөлсөн. Ингэснээр надад сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр төрийн хувьд ихээхэн хохирол учруулаад байна. Ажлаа өгсөн шалтгаанаа ажил олгогч, даатгуулагч, хамтран ажилладаг байгууллагадаа юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Уг тушаалыг би албан ёсоор гардаж аваагүй, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний оронд томилогдсон Ш.М өгсөн. Ш.М аас ямар үндэслэлээр миний ажлыг авч байгаа юм вэ гэж асуухад би намын даалгавраар ирсэн. Би биш ч өөр хэн нэгэн наад ажлыг чинь авна ойлгомжтой биздээ гэж дарамталсан.
Ингээд арга буюу төрийн үйлчилгээг иргэдэд тасралтгүй хүргэх гэдэг үүднээс тамга тэмдгээ хүлээлгэн өгсөн. Ажлаа албан ёсоор бүрэн өгөөгүй.
Дөрөв. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны А/03 дугаар тушаалын тавдугаар хавсралтаар “Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн зохион байгуулалт бүтэц”-ийг, 6 дугаар хавсралтаар Эрүүл мэнд нийгмийн даатгалын байгууллагын орон нутгийн салбар нэгжийн орон тооны дээд хязгаарыг тус тус баталсан.
Үүнээс өмнө мөрдөж байсан Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/90 дугаар тушаалаар баталсан бүтэц орон тоотой харьцуулан авч үзвэл:
Завхан аймгийн хэлтсийн нийт орон тоо 52 хэвээрээ, мөн ажил албан тушаалын нэр хэвээрээ батлагдсан. Үүнд:
| Д/д |
| Тушаал А/90 | Тушаал А/03 |
| 1 | Удирдлага буюу дарга | 1 | 1 |
| 2 | Үйлчилгээний тасаг | 14 | 14 |
| 3 | СБХОХяналтын тасаг | 6 | 6 |
| 4 | Эрүүл мэндийн даатгалын тасаг | 3 | 3 |
| 5 | Тосонцэнгэл сумын ЭМНД-ын тасаг | 6 | 6 |
| 6 | Сумын нийгмийн даатгалын байцаагч | 22 | 22 |
|
| Нийт орон тоо | 52 | 52 |
Хэлтсийн 3 албаны нэр тасаг болсон боловч орон тоо, албан тушаал хэвээрээ батлагдсан. Өөрөөр хэлбэл Завхан аймагт ажиллах орон тоо, албан тушаалын нэр, ажил үйлчилгээний чиг үүрэг хэвээрээ батлагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иймд миний ажлын байр хадгалагдаж байгаа учир Ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 186 тоот тушаал нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна.
Тав. Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөл нь бодитой дүгнэлт хийгээгүй, Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн байхад энэ тухай дурдаагүй байна.
Зургаа. Миний эрхэлсэн ажил албан тушаал бол тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд сонгуулийн үр дүнд өөрчлөгдөхгүй тогтвортой байх ёстой. Төрийн албанд насаараа зүтгэж орон нутагт нийгмийн даатгалын байгууллагыг бэхжүүлэхэд өөрийн мэдлэг чадвар, сэтгэлээ зориулсан.
Долоо. Миний бие ажлаасаа чөлөөлөгдөөд 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажилгүй байсан. Энэ хугацаанд цалин бодож өгөхгүй, надаас хамаараагүй байхад заавал өргөдөл бичиж өг гэсэн. Мэргэжлийн дагуу ажилд томилж, цалин хөлсийг хэвээр олгох нь ажил олгогчийн үүрэг хэдий ч цалингийн зээлтэй учир арга буюу өгсөн ажлыг нь хийсэн. Надад мэргэжлийн дагуу ажил өгөөгүй Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга буюу улсын байцаагч эмч гэсэн орон тоон дээр томилсон. Ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн ч ажиллаж, амьдрах эрх үндсэн хуулиар баталгаажсан тул би өөр ажил хийж байгаа нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг биш бөгөөд миний нэхэмжлэл гомдол гаргахад нөлөөлөхгүй.
Найм. Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын даргаар ажилладаг бөгөөд сард дунджаар хуралдсан цагаасаа хамаарч 120000-200000 төгрөгийн цагийн хөлс авдаг байсан. Энэ цалингийн хэмжээгээр миний орлого буурсан.
Иймд С.Н би Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27- ны өдрийн Б/186 дугаар тушаалыг хүчингүй болгож хэлтсийн даргаар эргүүлэн томилуулж өгнө үү”,
“Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 10 сарын 27-ны өдрийн Б/186 дугаар тушаал нь төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг үндэслэсэн нь буруу юм.
Энэхүү заалт нь ажилтанг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад ажлын шаардлагаар, ажилтны зөвшөөрснөөр шилжүүлэн ажиллуулах заалт бөгөөд бүтцийн өөрчлөлттэй огт холбоогүй. Мөн уг тушаалын агуулга нь ажлаас үндэслэлгүй чөлөөлж, албан тушаал бууруулсан байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Төрийн жинхэнэ албан хаагчийг ажил олгогчийн санаачилгаар зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4 дэх заалтыг үндэслэн төрийн албанаас түр, 24 дүгээр зүйлийг үндэслэн чөлөөлөхөөс өөр эрх зүйн үндэслэл байхгүй.
Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болж зөвхөн агентлагийн нэр өөрчлөгдсөн бөгөөд аймгуудын нийгмийн даатгалын хэлтсүүдийн бүтэц орон тоо хэвээр батлагдсан, хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтын дагуу намайг хэлтсийн даргаар үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэлтэй байгааг анхааран үзнэ үү” гэжээ.
Хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/17 дугаар тушаалаар манай байгууллагын бүтцийг баталсан бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны А/03 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Н ыг орон нутгийн салбар нэгжийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулж үүрэгт ажлаас нь чөлөөлж Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн мэдэлд шилжүүлсэн.
Мөн С.Н нь “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар урьд эрхэлж байсан ажил албан тушаалынхаа цалин хөлсийг бууруулахгүйгээр тасгийн даргаар томилж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул түүний хүсэлтийн дагуу Завхан аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар түүний албан тушаалын сарын үндсэн цалинг ТЗ-9-5 ангилал зэрэглэлд хамааруулан тогтоож эрүүл мэндийн даатгалын тасгийн даргаар томилсон байна.
Одоо С.Н Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгалын тасгийн даргаар ажиллаж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Н нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/186 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгджээ. Улмаар нэхэмжлэгч С.Н ын оронд шинээр томилогдсон хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн даргаар томилогдон ажиллаж байна.
Хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга С.Н ыг ажлаас чөлөөлөхдөө “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын орон нутгийн салбар нэгжийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн” гэх үндэслэлийг тушаалдаа дурджээ. Шүүх маргаан бүхий тушаалд дурдсан үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг цуглуулан Аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн зохион байгуулалтын бүтцийг хянахад өмнөх бүтэц, орон тоо, зохион байгуулалтаас өөрчлөгдсөн зүйл байхгүй болох нь тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/90 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийг нийт 52 албан хаагчийн орон тоотой, 1 даргатай байхаар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийг нийт 52 албан хаагчийн орон тоотой, 1 даргатай байхаар тус тус баталсан байна. Үүнээс дүгнэхэд Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн бүтэц орон тоо огт өөрчлөгдөөгүй, даргын албан тушаал хэвээр хадгалагджээ.
Хариуцагчийн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарт “С.Н нь “...урьд эрхэлж байсан ажил албан тушаалынхаа цалин хөлсийг бууруулахгүйгээр тасгийн даргаар томилж өгнө үү...” гэх хүсэлт гаргаж тус хүсэлтийн дагуу хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, тасгийн даргаар томилсон” гэсний тухайд. Нэхэмжлэгч С.Н ын Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандан гаргасан өргөдөл нь маргаан бүхий Б/186 дугаар тушаалын үндэслэл болоогүй, энэхүү хүсэлтийг харгалзан С.Н ыг хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөөгүй гэдэг нь хүсэлтийн агуулгаас тодорхой харагдаж байна. Хүсэлтэд “...Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/186 дугаар тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлж, хэлтсийн мэдэлд шилжүүлсэн тул ... цалин хөлсийг бууруулахгүйгээр олгож, тасгийн даргаар томилон ажиллуулж өгнө үү” гэсэн байна. Энэ тухай нэхэмжлэгч С.Н ын нэхэмжлэлдээ дурдсан “...Ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн ч ажиллаж, амьдрах эрх үндсэн хуулиар баталгаажсан тул өөр ажил хийж байгаа нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг биш...” гэх тайлбар нь үндэслэлтэй байна хэмээн шүүх дүгнэлээ. Мөн нэхэмжлэгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “...би цалингийн зээлтэй байсан ба сард 700.000 төгрөгийн зээл төлдөг, ... хамгийн гол баталгаа бол төрийн албан хаагчийн ажлын байр байдаг, өргөдөл бичсэн үйлдэл бол миний чин хүсэл байгаагүй, ...уг албан тушаалд эмч мэргэжилтэй хүн ажиллах ёстой байтал ... ажиллах бол өргөдлөө бичиж өг гэсэн, байнга ажлын байрны дарамтад байгаа...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй юм.
Хэдийгээр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг өөрчлөн байгуулж Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс болгосон ч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн учир Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар нэхэмжлэгчийг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ёстой байжээ. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хийсэн тайлбарт “...өөрийн хүсэлтийн дагуу цалин мөнгийг бууруулалгүйгээр цалинжуулж байгаа...” гэсэн боловч С.Н ын одоо эрхэлж буй албан тушаалын зэрэглэл нь өмнө эрхэлж байсан албан тушаалын зэрэглэлээс 2 шатлалаар буурч ТЗ-7 болсон байна. Төрийн байгууллага батлагдсан орон тоо, төсвийн хүрээнд төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой бөгөөд ТЗ-7 зэрэглэлээр батлагдсан орон тоонд ажиллаж буй нэхэмжлэгч С.Н т одоогоор ТЗ-9 зэрэглэлийн цалинг олгож байгаа хариуцагчийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн буруутай үйл ажиллагааг зөвтгөх боломжгүй юм. Нөгөөтээгүүр ажил олгогч хэдий болтол хугацаанд нэхэмжлэгчид дээрх цалин хөлсийг хэвээр олгох нь тодорхой бус бөгөөд С.Н ын шүүх хуралдаанд “...аудитын газраас шалгалт ирэхэд цалингийн зөрүүг намайг төлнө гэж хэлж байсан...” гэх тайлбар нь хууль бусаар ажлаасаа өөрчлөгдсөнөөр тэрээр байнгын сэтгэл санааны тавгүй байдалд орж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсноор 27 жил нийгмийн даатгалын байгууллагад ажиллаж буй мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/186 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Н ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй байна.
Мөн маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/17 тоот тушаалыг баримталсан нь С.Н ыг ажлаас чөлөөлж, хэлтсийн мэдэлд шилжүүлж байгаа харилцаатай уялдаа холбоогүй байгааг тэмдэглэх нь зүйтэй юм.
“Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын даргаар ажиллаж байсны цалинг нөхөн олгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд. Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын даргын албан тушаал нь үндсэн ажил үүрэгтэй хамт хавсран гүйцэтгэх ажил, албан тушаал юм. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 9.1-д “Төв комиссын болон орон нутгийн комисс, салбар комиссын дарга, гишүүнд ажилласан цагаар нь тооцож сар бүр урамшуулал олгоно...” гэж заасны дагуу урамшуулал нь зөвхөн бодит ажилласан цагаар тооцож олгогддог учир комиссын даргаар ажиллаагүй хугацааны урамшууллыг тооцох боломжгүй тул нэхэмжлэгч С.Н т Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын даргаар ажиллах байсан цагаар урамшууллыг нөхөн олгох үндэслэлгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговрын асуудлыг зохицуулсан бөгөөд 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ. Энэ нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс болон цалингийн зөрүүтэй тэнцэх олговрыг зохицуулсан заалт бөгөөд нэхэмжлэгчийн албан тушаал өөрчлөгдсөн боловч урьд авч байсан цалин хөлсөө одоогоор авч байгаа учраас С.Н нь цалин нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Н ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/186 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Н ыг урьд эрхэлж байсан Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгаж, “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын даргаар ажиллаж байсны цалинг нөхөн олгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН