Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 27

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Б.Манлайбаатар

                                                          Д.Буянжаргал

Прокурор                                          Г.Яндаг

Хохирогчийн өмгөөлөгч                   О.Сарантуул

                                                           П.Батжаргал

Иргэний хариуцагчийн

өмгөөлөгч                                          Г.Алтанчимэг

                                                           Д.Барсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулгын даргалж 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 30 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул, П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-ын Б-д холбогдох эрүүгийн 201609000265 тоот 4 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ковшийн операторчин мэргэжилтэй,  хэрэгт татагдах үедээ “ББ-Од” ХХК-д гэрээт жолоочоор ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол ҮЭ-ийн гудамж 87а дугаар байрны 67 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бадрах овогт Цогбадрахын Б-, /РД:ЦД78100911/ нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 17:20 орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг “Цайдамын хөндий” хэмээх газарт “Соната 7” маркийн 0642 ОРХ улсын дугаартай суудлын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 8 дугаар бүлгийн 8.2 заалтуудыг зөрчсний улмаас Ц.Нямдэлгэрийн жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан “Тоёото приус” маркийн 5238 УНЛ улсын дугаартай суудлын автомашиныг мөргөж, хохирогч Ц.Бүрэнцэнгэл, Ө.Алтансувд, Ц.Отгонбаяр нарын бие махбодид хүнд гэмтэл, Б.Жаргалсайхан, П.Сансар, Р.Чимгээ, Ц.Нямдэлгэр, насанд хүрээгүй хохирогч Ж.Далай нарын биед хүндэвтэр гэмтэл, насанд хүрээгүй хохирогч Н.Энхжин, Ж.Дөлгөөн нарын биед хөнгөн гэмтэл учруулж, иргэн П.Сансарын тээврийн хэрэгсэлд 6.231.000 төгрөгийн хохирол учруусан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2  дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ц.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх  хэсэгт зааснаар хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч Ц.Б-аас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...Мөрдөн байцаалтын явцад хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг “ББ-Од” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан. Шүүгдэгч Ц.Б- нь тус компанид жолоочийн албан тушаалд ажиллаж зорчигч тээвэрлэж байхдаа зам тээврийн осол гаргасан болох нь замын хуудсаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар “ББ-Од” ХХК нь гэм хорыг арилгах үүрэгтэй. Зам тээврийн осол гаргах үед шүүгдэгч Ц.Б-ын жолоодож явсан 0642 ОРХ улсын дугаартай “Соната 7” маркийн тээврийн хэрэгсэл нь “ББ-Од” ХХК-ий өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг ”ББ-Од” ХХК нь хариуцах үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Ц.Б- нь өөрийн боломжийн хэрээр хохирол төлбөр барагдуулсан ба иргэний хариуцагч “ББ-Од” ХХК-ний зүгээс нэг ч төгрөгний хохирол барагдуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр Ц.Нямдэлгэрт олгох 6.123.830 төгрөг, Ц.Отгонбаярт олгох 1.522.219 төгрөг, Б.Жаргалсайханд олгох 2.188.550 төгрөгийг Ц.Б-аас гаргуулахаар шийдвэрлэснийг өөрчилж, иргэний хариуцагч “ББ-Од” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо:”...хохирол төлбөрийг хариуцах ёстой иргэний хариуцагч “ББ-Од” ХХК-ийг иргэний хариуцагчаас чөлөөлсөн нь буруу. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-ыг баримтлан чөлөөлсөн дүгнэлт үндэслэлгүй. Хохирогч нар “ББ-Од” ХХК-ийг бүрэн бус тээврийн хэрэгсэл хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд гаргасан гэж ер маргалдаагүй байхад үйлдэл тогтоогдоогүй ба ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний компанийн хүлээх үүрэгт гэм хорын хохиролыг компани хариуцах үүрэг хүлээгээгүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна гэсэн нь хуулийг зөв хэрэглэсэнгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Б-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь “ББ-Од” ХХК-ий нэр дээр өмчлөлтэй бөгөөд “ББ-Од” ХХК-нь хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ явуулах зөвшөөрлийг авсан. Зорчигч нар буюу хохирогч Р.Чимгээ, Ө.Алтансувд нарын хувьд компаниар хот хоорондын  зорчих үйлчилгээ авсан бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан “тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын арилгах хуулийн зохицуулалт”-ыг шүүгч хэрэглэхийг хүссэнгүй. Гэрээний заалтаас илүү хуулийн заалт өргөн цар хүрээтэй харилцааг зохицуулж байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар “ББ-Од” ХХК нь жолооч Ц.Б-д замын хуудас олгож байгаа нь Ц.Б-ыг хот хоорондын зорчигч тээвэрлэх ажилд томилж буйн илрэл бөгөөд явах зам, маршрут, хурдыг GPS төхөөрөмжөөр хянаж байгаа нь компани өөрийн үйл ажиллагаандаа хяналтыг хэрэгжүүлж байна. Гэм хорын “ББ-Од” ХХК нь хариуцах хууль зүйн үндэслэл үүгээр зохицуулагдаж байна. Иймд Р.Чимгээ, Ө.Алтансувд нарт учирсан хохирлыг “ББ-Од” ХХК-иас гаргуулахаар тогтоолын 5 дугаар заалтанд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Давж залдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар Ц.Б- нь тус компанийн жолоочийн албан тушаалд ажиллаж байсан болох нь нотлогдож байгаа тул түүний бусад учруулсан гэм хорын хохирлыг компани хариуцан арилгах хууль зүйн үндэслэлтэй. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Ц.Б-ын унаж хөдөлгөөнд оролцож явсан 0642 ОРХ улсын дугаартай суудлын автомашин нь “ББ-Од” ХХК-ий өмч болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр давхар тогтоогдсон. Ийм учраас хохирогч нарын гэм хорын хохирлыг хуульд заасан журмын дагуу хот хоорондын зорчигч тээвэрлэх эрхтэй “ББ-Од” ХХК нь хариуцах ёстой гэж үзэж байна. Ц.Б- нь мөрдөн байцаалтын явцад хохирол төлбөрийн зарим хэсгийг барагдуулсан боловч үлдэх хохирлыг компаниас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн хохирлын талаар хийсэн дүгнэлт нь үндэслэлгүй болсон. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтанд өөрчлөлт оруулж хохирогч Ц.Нямдэлгэр, Ц.Отгонбаяр, Б.Жаргалсайхан нарын хохиролыг “ББ-Од” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 болон 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар “ББ-Од” ХХК нь гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд заасан журмын дагуу иргэний хариуцагчаар татагдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “ББ-Од” ХХК-ийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцлагаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт нь буруу болсон гэж үзэж байна. “ББ-Од” ХХК нь Ц.Б-тай гэрээ байгуулан түүний машиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар Ц.Б- нь “ББ-Од” ХХК-ий өмч болох “Соната-7” маркийн тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэж явсан болох нь тогтоогдсон. Ийм учраас хохирогч Р.Чимгээ болон Ө.Алтансувд нарт учирсан гэм хорын хохирлыг компани хариуцан төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дугаар заалтанд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч Д.Барсүрэн: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, гэм хорын хохирлын талаар хийсэн дүгнэлт нь хууль зөрчөөгүй ээ. Иргэний хариуцагчаар татагдсан “ББ-Од” ХХК нь Ц.Б-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Ц.Б- нь тус компаний жолоочийн албан тушаалд ажилладаггүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Харин “ББ-Од” ХХК нь хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Ц.Б- нь өөрийг хүсэлтээрээ өөрийн өмчлөлийн “Соната 7” маркийн 0642 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хот хоорондын зорчигч тээвэрлэх, ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд дээрх зам тээврийн осол нь жолоочийн гэм буруутай үйлдлийн улмаас замын хөдөлгөөний дурмийг зөрчсөн болох нь тогтоогдсон. Хэрэгт цугларсан нотлох баримтаар зам тээврийн осол нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас болоогүй, дээрх автомашин нь техникийн хувьд бүрэн бүтэн байсан болох нь шинжээчийн дүгнэлт болон замын хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Ийм учраас иргэний хариуцагчаар татагдсан “ББ-Од” ХХК нь хохирогч нарт учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүй болохоо хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотолсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан, иргэний хариуцагчийн талаар шийтгэх тогтоол хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсний улмаас гараагүй харин жолоочийн буруутай үйлдэл буюу замын хөдөлгөөний дүрэм зөрчсний улмаас гарсан гэдэг нь тогтоогдсон. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б- нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох “Соната 7” маркийн машиныг “ББ-Од” ХХК-ий өмчлөлд шилжүүлсэн гэж байгаа боловч бодит байдал дээр өөрийн эзэмшил, ашиглалтанд байлгаж зорчигч тээвэрлэж байсан болох нь тогтоогдсон бөгөөд тус компанид орж ажиллахаар гаргасан хүсэлтдээ өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас зам тээврийн осол гаргавал гэм хорын хохирлыг бүрэн хариуцах тухай тодорхой бичсэн байдаг. Мөн түүнчлэн “ББ-Од” ХХК-аас гаргаж өгсөн баримтаар Ц.Б- нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаггүй, тус компаниас цалин хөлс авдаггүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд “ББ-Од ХХК-иас олгосон замын хуудаснаас үзвэл түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь ашиглалтын буюу техникийн ямар нэгэн зөрчилгүй байсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ байдал нь шинжээч нарын техникийн дүгнэлтээр давхар нотлогдож байх тул  хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоол өөрчлөлт оруулах боломжгүй байна. Ийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Яндаг гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлдагыг хангасан. Хэрэгт цугларсан байгаа нотлох баримтаар Ц.Б-ын гэм буруу хангалттай нотлогдсон. Анхан шатны шүүхээс хохирогч нарын гэм хорын хохирлын талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Тодорхойлох нь:

Ялтан Ц.Б- нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг 20 минутын орчим Улаанбаатар хотоос Эрдэнэт хот руу зорчигч тээвэрлэн “Соната 7” маркийн 0642 ОРХ улсын дугаартай суудлын автомашин жолоодож замын хөдөлгөөн оролцож Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр “Цайдамын хөндий” хэмээх газарт зорчиж явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас Ц.Нямдэлгэрийн жолоодож Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу зорчиж, замын хөдөлгөөнд оролцож явсан “Тоёото приус” маркийн 5238 УНЛ улсын дугаартай суудлын автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас Ц.Нямдэлгэрийн машин зорчиж явсан иргэн Б.Жаргалсайхан, П.Сансар, Ц.Нямдэлгэр, насанд хүрээгүй Ж.Далай нарын биед хүндэвтэр гэмтэл, Н.Энхжин, Ж.Дөлгөөн нарын биед хөнгөн гэмтэл, П.Сансарын тээврийн хэрэгсэлд 6.231.000 төгрөгийн хохирол, Ц.Б-ын тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн Ц.Бүрэнцэнгэл, Ө.Алтансувд, Ц.Отгонбаяр нарын биед хүнд гэмтэл, Р.Чимгээгийн биед  хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байх бөгөөд түүний гэм буруутай үйлдэлд анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тохирсон байна.

Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал, О.Сарантуул нарын давж заалдах гомдолд бичсэн  “...иргэний хариуцагч “ББ-Од” ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хохирогч нарт учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хорын хохирол арилгах хариуцлагаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй...” болсон гэсэн үндэслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал, О.Сарантуул нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Ц.Б- нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 17:20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр “Цайдамын хөндий” хэмээх газарт Улаанбаатар хотоос Эрдэнэт хот руу зорчигч тээвэрлэж явахдаа нойтон цас орж, зам халтиргаа гулгаатай байхад цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний үзэгдэлтийг харгалзан хурдыг тохируулж яваагүйгээс  замын эсрэг урсгалд орж, урсгал сөрж улмаар Ц.Нямдэлгэрийн жолоодож явсан “Тоёото приус” маркийн 5238 УНЛ улсын дугаартай суудлын автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон, Ц.Б- замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалтуудыг зөрчсөн гэм буруутай байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирогч нарын өмгөөлөгч П.Батжаргал, О.Сарантуул нар энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан “ББ-Од” ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг барагдуулаагүй, анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар “ББ-Од” ХХК-ийг гэм хорын хохирол төлөх хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, хохирогч нарт учирсан гэм хорын хохирлыг “ББ-Од” ХХК-иас гаргуулж шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн давж заалдах гомдлын үндэслэл гаргаж байгаа боловч дээрх зам тээврийн осол нь техникийн буюу ашиглалтын буруугаас болоогүй болох нь техникийн шинжээч дүгнэлт, хот хоорондын зорчигч тээвэрлэх замын хуудас, гэрч, хохирогч нарын болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Хэдийгээр Ц.Б- нь “ББ-Од” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу өөрийн эзэмшлийн “Соната 7” маркийн автомашиныг компаний эзэмшилд шилжүүлсэн бүртгэлтэй боловч дээрх машиныг өөрийн эзэмшил, ашиглалтанд байлгаж гэрээнд заасан журмын дагуу хот хоорондын зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлж байсан, “ББ-Од” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тус компанид ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй болох нь нотлогдсон байх тул Иргэний хуулийн 498 дугар зүйлийн 498.2, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар зам тээврийн ослын улмаас хохирогч нарт учирсан гэм хорын хохирлыг “ББ-Од” ХХК-иас гаргуулах үндэслэлгүй байгаагийн зэрэгцээ дээрх зам тээврийн осол нь жолоочийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас болсон болох нь тогтоогдсон байх тул шүүх гэм хорын хохирлыг шүүгдэгч Ц.Б-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт буруу биш байх тул хохирогч нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээж авах боломжгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч нарын өмгөөлөгч П.Батжаргал, О.Сарантуул нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                   ДАРГАЛАГЧ                                                Я.ТУУЛ

                                                       ШҮҮГЧИД                                                Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                        Д.БУЯНЖАРГАЛ