Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0611

 

 

 

“М х ш т ф х” ТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, гуравдагч этгээд Д.Ж нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М х ш т ф х” ТББ-ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М х ш т ф х” ТББ-ын гаргасан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/66 дугаартай “Ажлын хэсэг томилох” тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох зохицуулалтыг дагаж мөрдөх ёстой буюу тухайн шийдвэрийг гаргахдаа хуулийн үндэслэлтэйгээр гаргаж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдийг тодорхойлж сонсох боломжоор хангах ёстой боловч хариуцагч Засаг даргаас нэхэмжлэгчийг эзэмшил газраа чөлөөлөхийг шаардсан маргаан бүхий А/66 дугаартай захирамжийг гаргахдаа дээр дурдсан хуулийн хүрээнд гаргаагүй. Шүүхээс хариуцагч Засаг даргын “Ажлын хэсэг томилох тухай” А/66 дугаартай захирамж нь хуулийн шаардлагад нийцсэн болохыг шийдвэртээ тайлбарлаж, дүгнээгүй бөгөөд энэ талаар хариуцагч Засаг дарга өөрөө хуулийн үндэслэлтэй тайлбар хийгээгүйн сацуу тухайн маргаан бүхий А/66 дугаартай захирамжаа “буруу гаргасан байна” гэж шүүх хуралдаан дээр тайлбар хийдэг болно. Нэхэмжлэгч ТББ-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Засаг даргын 79 тоот захирамжийг Улсын дээд шүүхийн 198 дугаар тогтоолоор хүчингүй болгосон мэтээр хариуцагч Засаг даргаас ойлгож, Улсын дээд шүүхийн дээрх тогтоолыг биелүүлэх нэрийдлээр нэхэмжлэгч ТББ-ын эзэмшиж байгаа газрыг чөлөөлүүлэхээр ажлын хэсэг томилж, газар чөлөөлүүлэх ажлыг зохион байгуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхээс хариуцагч Засаг даргын “Ажлын хэсэг томилох тухай” А/66 дугаартай захирамжид хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Нэхэмжлэгч “М х ш т ф х” ТББ нь  “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлын хэсэг томилох тухай” А/66 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг зөрчжээ.

          Маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/66 дугаар захирамжаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх, Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермүүдийн холбоонд олгосон газрыг чөлөөлж хууль ёсны эзэнд нь хүлээлгэн өгөх ажлын хэсгийг 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 152 дугаар захирамжаар гуравдагч этгээд Д.Ж-д “Наадмын дэв”-д байршилтай 113.32 га-аас /урьд талаас/ 75.54 га тариалангийн газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 198 дугаар тогтоолоор дээрх захирамжийн “...113.32 га-аас /урд талаас/” гэснийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Ийнхүү шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээд Д.Ж-ыг Наадмын дэв гэдэг газарт байрлалтай 75,54 га талбайг хууль ёсоор эзэмших эрхтэйг тогтоосныг үндэслэн  шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж тухайн газар дээр маргаж буй талуудыг байлцуулан хэмжилт хийн кадастрын зураглалд өөрчлөлт оруулан, газар дээр нь тэмдэгжүүлж хүлээлгэн өгсөн байх боловч бодит байдалд өнөөг хүртэл биелэгдээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл зэргээс хариуцагчид удаа дараа үүрэг даалгавар, мэдэгдэл, шаардлага хүргүүлсээр байсан үйл баримт тогтоогдож байна.

         Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж  тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүсэж буй А/66 дугаар захирамж нь захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулсан дотогшоо чиглэсэн акт байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн, үр дагавар үүсгэсэн гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор байгуулагдсан ажлын хэсгийн ямар үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн болох нь тодорхойгүй, тухайн ажлын хэсгээс үйл ажиллагаа явуулаагүй, дүгнэлт шийдвэр гараагүй байгаа энэ тохиолдолд зөрчигдөж болзошгүй эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй бөгөөд “эрх зүйн шууд үр дагавар бий болгосон” шинжийг агуулаагүй байна.

           Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлын хэсэг томилох тухай” А/66 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” -ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:   

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “М х ш т ф х” ТББ-ын нэхэмжлэлтэй “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлын хэсэг томилох тухай” А/66 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус  улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН