Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/0093

 

Х.Т нарын 8 иргэний

нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн

 хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   Д.Батбаатар

Шүүгчид:                   Г.Банзрагч

                                     Х.Батсүрэн

                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:          Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 122/ШШ2023/0002 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2023/0425 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 425 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгч Х.Т, түүний өмгөөлөгч Ч.Э, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Ж.Ү нарын 6 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нарыг оролцуулан, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Ж.Ү нарын 6 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нэхэмжлэгч Х.Т: “Улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаар бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”,

Нэхэмжлэгч Ж.Ү, Д.С, Ү.Г, Ү.Г, Ү.А, Ү.Н, Ү.А нар: “Улсын бүртгэлийн Ү-1213000567 дугаарт бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

            Хэргийн нөхцөл байдал:

2.Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ү-1213000129 дугаарт 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р баг, чулуут гудамж, 312 тоот хаягт байршилтай 56 м.кв талбайтай, хувийн сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Ү, Д.С, Ү.Г, Ү.Г, Ү.А, Ү.А, Ү.Н нарын 7 иргэний өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгожээ.

2.1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас Ү-1213000567 дугаарт 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 3 баг 90-н ортын урд эгнээнд байршилтай 72,2 м.кв талбайтай 3 өрөө хувийн орон сууцыг А.А, Х.Т нартын өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгосон байна.

            Анхан шатны шүүхийн шийдвэр:

3.Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 122/ШШ2023/0002 дугаар шийдвэрээр 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-ийн 1/, 2/, 10 дугаар зүйлийн 1, 13 дугаар зүйлийн 1, 3, 14 дүгээр зүйлийн 1-ийн 1/, 3/ дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Т-ийн “Улсын бүртгэгчийн манай хүчинтэй гэрчилгээнд дахин олгосон улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ж.Ү нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын Ү-1213000567 дугаартай бүртгэлийг хүчингүй болгожээ.

          Давж заалдах шатны шүүхийн магадлал:

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2023/0425 дугаар магадлалаар Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 122/ШШ2023/0002 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч Х.Т-ийн өмгөөлөгч Ч.Э-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцсэн.

         Хяналтын журмаар гаргасан гомдол:

5.Нэхэмжлэгч Ү.А магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

5.1.Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ж.Ү нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2, 123.2.4-д заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.2.Магадлалд буцаах үндэслэлээ дурдахдаа: “1998 онд Ж.Ү эхнэр хүүхдүүдийнхээ хамт өмчилж байсан байшингаа Г.А-т худалдсан эсэхтэй холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулах шаардлагатай болохоос маргаан бүхий бүртгэлүүд хэрхэн хийгдсэн талаар дүгнэлт өгөх нь хэрэгт төдийлөн ач холбогдолгүй. ... хэргийн нөхцөлд байдлыг бүрэн тодруулах ажиллагаа хийгээгүй байхад нэхэмжлэгчид хамаарах хэсгийг хүчингүй болгож, гуравдагч этгээдэд хамаарах хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй байна. Учир нь ... нэхэмжлэгч Ж.Ү-оос дээрх гэрчүүдийн мэдүүлэгтэй холбогдуулан биечлэн тайлбар авах, шаардлагатай бол гэрчүүдтэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авсны дараа хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна” гэжээ.

5.3.Нэхэмжлэлийн шаардлага нь “байшингаа Г.А-т худалдсан эсэхтэй холбоотой” маргаан биш харин 1 үл хөдлөх хөрөнгийг 2 удаа бүртгэж гэрчилгээ олгосон нь хууль бус байна, хүчингүй болгуулъя гэж маргасан.

5.4.Анхан шатны шүүхээс үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хуулийн дагуу үнэн зөв хийгдсэн эсэхэд 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж дүгнэлт өгсөн байхад давж заалдах шатны шүүх “маргаан бүхий бүртгэлүүд хэрхэн хийгдсэн талаар дүгнэлт өгөх нь хэрэгт ач холбогдолгүй” гэж дүгнэн, “нэхэмжлэгч Ж.Ү-оос гэрчүүдийн мэдүүлэгтэй холбогдуулан тайлбар мэдүүлэг авах, гэрчүүдтэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авах шаардлагатай” гэж үзэн буцаасан нь давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж шийдвэрлүүлэхээр буцааж байна гэж ойлгогдохоор байна.

5.5.Гэтэл Ч.Ү нь Г.А-т бодитоор байшингаа худалдаагүй, бэлэглээгүй, шилжүүлээгүй, энэ талаарх үйл баримт бүртгэлийн байгууллагад ч байхгүй, байх бодит боломжгүй, анхан шатны шүүх гэрч асууж, улсын бүртгэлийн байгууллагаас хөрөнгийн бүртгэлийн хувийн хэргийг бүхэлд нь нотлох баримтаар татан авсан байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн” гэж дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь ойлгомжгүй.

5.6.Захиргааны хэргийн шүүх үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хууль ёсны хийгээд үнэн зөв хийгдсэн эсэхийг гэрчүүдийн мэдүүлгээр бус бүртгэлийн байгууллагад өмчлөгчийн гарган өгсөн өргөдөл, гэрээ, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоох нь хуульд нийцэх юм. Иймээс үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжих хуулийн дээрх зохицуулалтыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна.

5.7.Магадлалын хянавал хэсэгт: Нэхэмжлэгч Ж.Ү-оос дээрх гэрчүүдийн мэдүүлэгтэй холбогдуулан биечлэн тайлбар авах, шаардлагатай бол гэрчүүдтэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авсны дараа хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна” гэж дүгнэсэн. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч тал нь гэрчээр мэдүүлэг тайлбар гаргах, нэхэмжлэгчийг гэрчүүдтэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зохицуулалт байхгүй. Гэтэл нэхэмжлэгч Ж.Ү-оос гэрчүүдийн ярьсан асуудлаар гэрчийн тайлбар мэдүүлэг авч болох эсэх, гэрч нэхэмжлэгч хоёрыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах бол хуулийн ямар зүйл, заалтыг баримтлан анхан шатны шүүх авах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Дээрх хуулийн зохицуулалтыг шүүх нэг мөр хэрэглэхэд энэ гомдол нь зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэн гомдол гаргаж байна.

5.8.Давж заалдах шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Д.Баатархүү, Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн гэсэн бүрэлдэхүүн гарын үсэг зурсан магадлалыг онлайнаар надад ирүүлсэн. Давж заалдах шатны шүүх хуралд Д.Баатархүү, Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн гэсэн бүрэлдэхүүн оролцсон болно. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Иймээс дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн 2023 оны 425 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 425 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ү.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэр анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэр хэлбэртэй байх бөгөөд хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэхээр, 107.5-д “тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн нөхөн төлүүлэх шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан байдал, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч тус бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгах”-аар хуульчилжээ.

10.Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийн болон давж заалдах гомдлын агуулга, давж заалдах шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэр, түүний үндэслэл тусгагдсан байна”, 119.2-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, өөрчлөх, хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана”, 119.4-д “Магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заажээ.

11.Гэтэл хэрэгт авагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2021/0425 дугаар магадлалын хянавал хэсэг дутуу, “тогтоох” хэсэг байхгүй, тодруулбал, тогтоох хэсэгт тусгагдвал зохих давж заалдах шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэр, хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалт, давж заалдах гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан байдал зэрэг тусгагдаагүй байна.

12.Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Х.Т, Ж.Ү, Д.С, Ү.Г, Ү.Г, Ү.А, Ү.Н, Ү.А нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 122/ШШ2023/0002 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч Х.Т-ийн өмгөөлөгч Ч.Э-ийн давж заалдах гомдлоор хэргийг хянан шийдвэрлээд ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй, магадлалд давж заалдах шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэр, түүний үндэслэл тусгагдсан байх, магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэх шаардлагыг хангаагүй байна. 

13.Түүнчлэн хяналтын гомдолд хавсаргаж ирүүлсэн нэхэмжлэгч Ү.А, түүний өмгөөлөгч Б.Б нарт гардуулсан гэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2023/0425 дугаартай 2 магадлалын удиртгал, тодорхойлох, хянавал хэсэг, хэргийг шийдвэрлэсэн бүрэлдэхүүн зэрэг нь хэрэгт авагдсан магадлалаас зөрүүтэй.

14.Уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Лхагвасүрэн (илтгэгч шүүгч) нарыг, шүүх хуралдааны даргалагчаар Ерөнхий шүүгч Д.Баатархүүг томилсон шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 221/ЕШ2023/1128 дугаар захирамжаар албажуулсан. 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/ТМ2023/987 дугаар тэмдэглэлд хэргийг Ерөнхий шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцсэн талаар тусгагдсан байх боловч нэхэмжлэгч Ү.А-ын хяналтын гомдолд хавсаргаж ирүүлсэн магадлалд Ерөнхий шүүгчийн захирамжаар албажаагүй, уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хууль, журамд заасны дагуу томилогдоогүй шүүгч Б.Тунгалагсайхан гарын үсэг зурж, тамга дарагдсан байна. Мөн Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд шүүгч Б.Тунгалагсайханы бүрэлдэхүүнтэй магадлал байршсан байна.

15.Үүнээс үзэхэд хуульд заасан журмын дагуу томилогдсон шүүх бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн эсэх нь эргэлзээтэй, хэргийг хянан хэлэлцээд ямар шийдвэр гаргасан нь тодорхой бус, хэргийн оролцогч нарт гардуулсан, хэрэгт авагдсан магадлал өөр хоорондоо зөрүүтэй. Эдгээр үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.6-д “... шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэлд хамаарах бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдох тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2023/0425 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч Ү.А-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

                                                                          Х.БАТСҮРЭН

                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ

      Ц.ЦОГТ