| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2024/01863/И |
| Дугаар | 210/МА2024/01757 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/01757
2024 09 13 210/МА2024/01757
“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/02914 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: “*******” ХК
Хариуцагч: *******, *******
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 461,775,915 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдөр *******тай ГЗ2010000633 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийг жилийн 11,4 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, *******, ******* нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, *******, ******* хороо, ******* хотхон, гудамж, байр, хаягт байршилтай, 216 м.кв талбайтай, орон сууцыг барьцаалсан.
1.2 ******* нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, банкны зүгээс удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд *******ээс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 252,312,382.28 төгрөг, үндсэн зээлийн хүү 198,912,870.87 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 10,550,662.69 төгрөг, нийт 461,775,915.84 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 2018 оноос эхлээд *******ийн эзэмшдэг компанийн үйл ажиллагаа доголдсны улмаас бусад зээл болон энэ зээлүүдэд эрсдэлтэй нөхцөлүүд үүссэн. Энэ талаараа банканд удаа дараа мэдэгдэж байсан. Дампуурлын хэрэг үүсгээд банк оролцож байсан. Энэ хугацаанд банкны зүгээс гэрээнд заасан эргэн төлөлтийн график зөрчигдсөн үеэс эхлээд, шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандаагүйн улмаас өнөөдрийг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдсээр зээлдэгчид хүндрэлтэй нөхцөлүүдийг үүсгээд байна. *******ийн зүгээс тодорхой хуваарийн дагуу тодорхой төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа.
2.2 Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2 хариуцагчид холбогдуулан гаргасан шаардлагууд нь тодорхойгүй гэжээ.
3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:
3.1 ******* нь “” ХХК-д ажиллаж байгаад тодорхой нөхцөл шалгуураар энэ орон сууцыг авахаар харилцан тохиролцсон. ******* нь дээрх хөрөнгийн хамтран өмчлөгчийн хувьд ипотекийн гэрээнд гарын үсэг зурсан боловч бүх зээл төлбөрийг нөхөр ******* хариуцна.
3.2 “*******” ХК-аас *******ад зээлийн талаар мэдэгдэж байгаагүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 461,575,915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029155 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* хотхон гудамж, 24 байр, хаягт байршилтай, 216 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2,537,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 2,466,830 төгрөг, хариуцагч *******аас 70,200 төгрөгийг тус тус улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгож шийдвэрлэсэн.
5. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ”-ээр банк нь 300,000,000 төгрөгийг 180 сар буюу 15 жилийн хугацаатайгаар, зээлийн эхний 12 сарын хугацаанд сар бүр 0,85 хувь, жилд 10.2, харин хоёр дахь жилээс сар бүр 0,95 хувь, жилд 11.4 хувиар тооцон хүү төлөхөөр, мөн эхний жил зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлж, зээлдэгч нь хавсралтад дурдсан хугацаанд үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөхөөр тус тус тохиролцсон. Уг тохиролцооны дагуу эхний жилийн сар бүр төлөх хүүгийн төлбөр нь 2,550,000 төгрөг, хоёр дахь жилээс сар бүр хүүгийн төлбөрт 2,850,000 төгрөг, үндсэн зээлд 731,475 төгрөг буюу нийт 3,581,475 төгрөг төлөх хуваарьтай байсан ч зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж 2011, 2012, 2013 онуудад нийт найман удаагийн шилжүүлгээр нийт 300,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ийнхүү зээлийн төлбөрийг хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбоотойгоор зээлдэгч нь орон сууцны зээлийн эргэн төлөлтийн тооцоололд зохих өөрчлөлт огт хийгээгүй.
5.2 Үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол тодорхойгүй. Шүүх хуралдааны явцад хариуцагч тал болон шүүгч эдгээр нөхцөлийг тодруулан асуухад нэхэмжлэлд бичсэн зүйлийнхээ хүрээнд л тайлбар өгдөг. Нэхэмжлэгч талаас зээлийн төлбөр шилжүүлсэн өдрөөс хүүг тооцсон хэмээн тайлбарлагдаг ч хавтаст хэргийн 13, 14-р хуудсанд авагдсан “хүү тооцооллын хүснэгт”-ийн тооцоолол анх байгуулагдсан гэрээний нөхцөлөөс өөр буюу эхний жилийн хүүгийн төлбөрийг жилийн 11.4 хувиар тооцсон байдаг. Мөн зээлдэгчийн 2011 оны ******* сарын 09-ний өдөр төлсөн 2,670,092.96 төгрөгөөс үндсэн зээлийн төлбөрт 368,094.25 төгрөг тооцох байсан ч 102,007.04 төгрөг хассан зэргээс тооцоолол алдаатай болсон.
5.3 Зээлийн гэрээний талуудын хэн аль нь гэрээний үүргээ зөрчсөн байдал, гэрээний гол нөхцөлийг зээлдүүлэгч дангаараа өөрчилснийг, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1, 4.4.4-д зааснаар зээлдэгч буюу “*******” ХК нь өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй зэрэг үйл баримтад анхан шатны шүүх огт тайлбар өгөөгүй, хэрхэн дүгнэсэн талаар ч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдаагүй.
5.4 Зээлдэгч нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зээлийн төлбөрт 4,966,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш үндсэн зээл, хүүгийн төлбөр төлөгдөөгүй, үүнээс хойш зээлийн төлбөр төлөх боломжгүй болсноо банкны удирдлага, зээлийн мэргэжилтнүүдэд тайлбарлаж байсан. Мөн энэ хугацаанд “” ХХК-ийн төлбөрийн чадваргүйд тооцуулж, дампуурсанд тооцуулах тухай хүсэлттэй дампуурлын хэрэг хянагдаж байсан бөгөөд уг дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “*******” ХК нь хүсэлт гаргагч компанийн 2015, 2016 оны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлттэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гарган нэхэмжлэгчээр оролцож байсан. Эдгээр зээлийн гэрээний барьцаанд компанийн хөрөнгөөс гадна хариуцагч нар өөрсдийн өмчлөлийн нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, ******* хотхоны 216 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг давхар барьцаалсан.
5.5 Хариуцагч ******* нь “” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, мөн уг маргаан бүхий “Орон сууцны зээлийн гэрээ”-ний тал, барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчийн хувьд эдгээр зээлийн гэрээний төлбөрийг нэгтгэн шийдвэрлүүлэх үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь хэсэгт зааснаар хэргийг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан. Гэвч анхан шатны шүүх тус тусдаа зээлийн маргаан, мөн нэхэмжлэгч зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзан хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд шүүх маргааны үйл баримтад хамаарах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
6.1 Банк, зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу тухайн харилцагчийн нийт ашигласан үнийн дүнгээс хүүг тооцдог. Хавтаст хэргийн 12-13 дугаар талд авагдсан хүү тооцооллын хүснэгтээс харахад 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдөр *******тэй байгуулсан зээлийн гэрээнд эхний 12 сарын хугацаанд сар бүр 0,85 хувь буюу жилийн 10.2 хувийн хүү, 13 дахь сараас эхэлж, сарын 0,95 хувь буюу жилийн 11.4 хувийн хүү тооцохоор тохиролцсон. Хариуцагчийн зүгээс зээлийн хүүгийн төлбөрийг анхнаас нь 11.4 хувийн хүү тооцсон гэж тайлбарладаг. Гэвч уг тооцооллыг банкны программаар тооцдог бөгөөд хүүгийн хэмжээг тохируулан программаар тооцооллыг гаргадаг. 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр харилцагч 300,000,000 төгрөгийн зээл авч, “Эм Си Эс проперти” ХХК-д ажиллаж байсны дагуу нийт төлбөрөө 7 хувааж тухайн байгууллагад төлөхөөр гэрээ байгуулсан үйл баримт тогтоогддог. Уг гэрээний дагуу харилцагчийн хүсэлтээр тухай бүрд нь зээлийг олгож байсан.
6.2 Мөн тухайн зээлийг хүлээн авсан эсэх үйл баримтад хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны явцад маргаагүй нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогддог. 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 93,305,520 төгрөгийг олгож, мөн оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хүү 52,148.84 төгрөгийг жилийн 10.2 хувийн хүүгээр тооцсон. Мөн хариуцагчийн тайлбарлаж буйгаар жилийн 11.4 хувийн хүүтэйгээр тооцоход 2 хоногийн зээлийн хүү 58,284 төгрөгөөр хүү тооцогдож, 6,000 төгрөгөөр илүү байх ёстой. 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл банк зээлийн гэрээнд заасны дагуу жилийн 10.2 хувиар хүү тооцсон. Мөн 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхэлж, жилийн хүү 11.4 хувь буюу сарын 0,95 хувийн 277,411.30 төгрөгөөр тооцсон үйл баримт тогтоогддог. Уг нөхцөл байдлаас харахад зээлийн хүүг зохих ёсоор бодоогүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
6.3 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж сар бүрийн 28-ны өдөр төлөх ёстой график төлөлтөө хугацаанд нь төлөөгүй. Мөн тухайн үеэс эхэлж, хариуцагчийн зээлийн төлбөрийн хугацаа хэтэрч байсан нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон хүү тооцооллын хүснэгтээс харагдаж байна. Уг хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлалд хандахад нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Шүүхийн бүх шатанд эвлэрэх эрхтэй нээлттэй байдаг. Мөн ******* болон ******* нар шүүхийн шийдвэрийг гардаж аваагүйн улмаас давж заалдах шатны шүүхээс уг хэрэг маргааныг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Зээлийн гэрээг цуцалж, дампуурах шалтгаан үүссэн тохиолдолд хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд хандаж, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах боломжтой байсан гэжээ.
7. Хариуцагч ******* давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******эд холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 252,312,382 төгрөг, хүүгийн төлбөрт 198,912,870 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10,550,662 төгрөг, нийт 461,775,915 төгрөг гаргуулах, хариуцагч ******* болон ******* нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар /хх 60/ нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* “...гэрээнд заасан эргэн төлөлтийн график зөрчигдсөн үеэс эхлээд банк шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, ...нэхэмжлэгч нь 2 хариуцагчид холбогдуулан гаргасан шаардлага нь тодорхойгүй” гэж, ******* “...зээлийн гэрээг ******* нь байгуулаагүй” гэж тус тус тайлбар гарган маргажээ.
3. “*******” ХК болон ******* нарын хооронд 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ЗГ2010000633 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч “*******” ХК нь 300,000,000 төгрөгийг, зээлийн эхний 12 сарын хугацаанд сар бүр төлөх хүү 0,85 хувь, зээлийн дараагийн 13 дахь сараас сар бүр төлөх хүү 0,95 хувь байхаар, 180 сарын хугацаатай хариуцагч *******эд зээлүүлэх, зээлдэгч ******* нь зээлийн төлбөрийг гэрээгээр баталсан хуваарийн дагуу хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцсон байна. /хх 9-12/
3.1 Мөн “*******” ХК болон *******, ******* нар 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр БГ2010000633 дугаартай ипотекийн гэрээ байгуулж, гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2206029155 дугаарт бүртгэлтэй, хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн, *******, ******* хороо, ******* хотхон, гудамж, байр, хаягт байршилтай, 216 м.кв талбайтай, орон сууцыг барьцаалсан байна. /хх 15-17/
4. Талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, мөн нэхэмжлэгчээс гэрээний зүйл болох 300,000,000 төгрөгийг 8 удаагийн гүйлгээгээр хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.
4.1 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.
5. Хариуцагч ******* нь гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 47,687,617 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 150,313,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 52,688 төгрөг, нийт 198,053,331 төгрөг төлсөн. /хх 13-14/ 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь “Хүү тооцооллын хүснэгт”-ээр тогтоогдож байхаас гадна хариуцагч уг үйл баримтыг үгүйсгээгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
6. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Хариуцагч ******* нь хуваарийн дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
7. Хариуцагч ******* нь гэрээ цуцлагдсан 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 252,312,382 төгрөг, хүүгийн төлбөрт 198,912,870 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10,550,662 төгрөг, нийт 461,775,915 төгрөг төлөөгүй болох нь хүү тооцооллын хүснэгт гэх нотлох баримтаар тогтоогдсон гэж үзнэ. Учир нь, хариуцагч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тооцооллын талаар маргаж, мэтгэлцээгүй. Гэтэл хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тооцооллын талаар давж заалдах гомдол гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт нийцээгүй байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй. Нөгөөтэйгүүр, хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт нийт 461,775,915 төгрөг төлөх үүрэгтэй байхад анхан шатны шүүх дээрх үүргийг нэмэхдээ тооцооллын алдаа гаргаж, хариуцагчаас 461,575,915 төгрөг гарган нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулахгүй.
7.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******ийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд шилжүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2024/15144 дугаар захирамжаар “...нэхэмжлэгч дэмжихгүй байна” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь, хариуцагчийн дээрх хүсэлтийг нэхэмжлэгч дэмжээгүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
7.2 Хариуцагч нь зээл эргэн төлөх хуваарийг зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчийг зээлийн гэрээгээр хүлээсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, зээлдэгч ******* 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байхад нэхэмжлэгч 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний үүргийг шаардсан нь түүнийг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь, хариуцагч ******* гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд үүргээ биелүүлээгүйгээс үүргийн хэмжээ нэмэгдсэнд нэхэмжлэгчийг буруутгах нь үндэслэлгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч нь гэрээ цуцлах талаар шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлээгүй” гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй. Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/02914 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,537,030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН