| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/02688/И |
| Дугаар | 4288 |
| Огноо | 2016-06-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 4288
| 2016 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2016/04288
| Улаанбаатар хот
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ... байрны ... тоотод оршин суух, ... регистртэй, Чин ван Ханддорж овогт О.Э-ийн,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1 хороо, 2 дугаар хороолол, ... дүгээр байрны .. тоотод оршин суух, ... регистртэй, Харнууд овогт Д.А холбогдох
Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Э, түүний өмгөөлөгч О.О, Ж.Ж, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч О.Эгиймаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тойргийн ... дугаартай нотариатч Д.Э дээр очин Ж.ЧЧ, Д.Ан нарын хүсэлтээр Япон улсруу явуулах тодорхойлолтонд гарын үсэг зурчих гэсний дагуу уг баримтад гарын үсэг зурсан. Тэр даруйдаа зурсан баримтаа гэр бүлийн хүндээ үзүүлтэл зээлийн гэрээ байна гэдгийг ойлгоод буцаад нотариатч дээр очсон. Би 1990 онд Монгол Улсын иргэн болсон бөгөөд зарим зүйлийн утга учрыг сайн тайбарлахгүй бол ойлгодоггүй юм. Би уг гэрээний утга агуулгыг сайн ойлгоогүй гарын үсэг зурсан учраас 30 минутын дараа зээлийн гэрээг хүчингүй болгуулахаар нотариатч дээр буцаж очоод Д.А дуудахад тэрээр “хол явж байна, гэрээг цуцалсныг ойлголоо, нотариатч дээр гэрээг үлдээгээд яв” гэсэн. Нотариатч Д.Э-с гэрээг хүчингүй болсон тухай баримт шаардахад шаардлагагүй гэсэн. Би Д.А-аас ямар ч мөнгө болон эд хөрөнгө хүлээн аваагүй, барьцаанд тавьсан гэх авто машин нь өөрийнх нь өмчлөлийн эд хөрөнгө юм. Иймд Д.А-тай байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж, О.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чби өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 26-35 тоот 2 өрөө орон сууцыг О.ЭЧ н.Б нарт 120,000,000 төгрөгөөр худалдсан. О.Э нь худалдан авсан орон сууцны төлбөрийг банкны зээлээр 100,000,000 төгрөгийг төлж, үлдэх 20,000,000 төгрөгийг Ж.Ч, н.С нарын Д.А-с автомашин худалдан авахаар тохиролцсон 20,000,000 төгрөгийг О.Э төлөхөөр зөвшөөрч 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл О.Э түүний нөхөр н.Б нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байсан учраас Ж.Ч миний бие дээрх 20,000,000 төгрөгийг О.Э-с гаргуулахаар 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 20,000,000 төгрөгийг О.Э-с гаргуулахаар шийдвэрлсэн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. О.Эг нь Ж.Ч миний орон сууцыг үнэ тохирч худалдаж авсан атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаандаа биелүүлээгүйгээс манай гэр бүлд их хэмжээний хохирол учирсан тул үүнийг жич нэхэмжлэхээр шүүхэд хандсан байгаа. Иймд О.Э-н нэхэмжлэлтэй Д.А холбогдох 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчингүйд тооцох нь зүйтэй байна. Мөн гэрчээр н.С асуулгах хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Маргааны зүйл болох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч Д.А-д холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.О.Э-н нэхэмжлэлтэй, Д.А холбогдох 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 128,975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА