Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 4319

 

 

 

 

      2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2016/04319

 

                Улаанбаатар хот

      

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхт-.. дугаар гудамжны ...тоотод оршин суух, ... регистртэй,  Боржигон овогт Р.Э,

Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ..дүгээр байрны... тоотод  оршин суух, ...регистртэй, Олханууд овогт П.Э холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,380,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянаад

                                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Р.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сарын 10 хувийн хүүтэй, 6,000,000 төгрөгийг П.Э-т зээлдүүлсэн. П.Э нь эхний 2 сарын хүүг төлөөд сүүлийн 2 сарын хүү болон зээлээ төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд хариуцагч П.Э-ээс үндсэн зээл 6,000,000 төгрөг, сүүлийн 2 сарын хүү 1,200,000 төгрөг, алданги 180,000 төгрөг нийт 7,380,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.           

 

            Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлага болох 7,380,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгийн төлөлт хийх боломжтой бөгөөд одоогоор 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болно гэжээ.

 

            Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 2,380,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5,000,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс сар бүр 500,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Р.Э нь хариуцагч П.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,380,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 6,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр П.Э зээлдүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Р.Э нэхэмжлэлийн шаардлагаас 2,380,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх  5,000,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс сар бүр 500,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

          ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.Р.Э-ийн нэхэмжлэлтэй, П.Э холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,380,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 2,380,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5,000,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс сар бүр 500,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,030 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 66,515 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 66,515 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА