Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/145

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Б.О-т холбогдох 1921001980154 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, О-ХХК-ийн “А” ресторанд тогооч ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын ... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарнууд овогт Б.О.

 

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны орой 22 цагийн орчим Дорнод аймаг Хэрлэн сум 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах О ХХК-ийн “А” рестораны гал тогоонд тус рестораны менежер Д.Т-тай маргалдан улмаар зодож, биед нь цээжний цус хуралт, зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, баруун бугалганы зулгаралт, баруун өвдөг, баруун, зүүн шилбэ, зүүн гуяны цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн хэргийн талаар маргаан байхгүй. Гэм буруугаа ойлгож байгаа. Прокуророос санал болгож байгаа ялыг зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 08-ны орой манай компанийн дэлгүүрийн ажилчид баяраа тэмдэглэхээр ирсэн бөгөөд би Даваасүрэнг ганц таваг хоол гаргаад өгчих гэхэд тогооч Б.О ажлын цаг дууссан, чадахгүй гэж хэлсэн бөгөөд би Б.От хандан “Яагаад хоол гаргахгүй гээд байгаа юм, өөдөөс олон юм ярилаа, хоол гаргаж чадахгүй бол гэрлүүгээ яв л даа” гэж хэлсэн чинь Б.О уурлаж чи албан тушаалаараа дээрэлхэж биднээр хоол гаргуулах гэлээ гээд байхаар нь би цаадах нь таваг хоол шүү дээ гэж хэлээд хоёулаа энд хэрэлдээд яахав, ийшээ явъя гээд цамцнаас нь таттал Б.О гараа угз татаад миний өөдөөс самардаад толгойн тус газарт гараараа нэг удаа цохисон бөгөөд энэ үед миний нүдний шил унаж өмсөж явсан цамц урагдаж газарт унасан. Б.О миний үснээс зулгааж дээрээс татаад байсан юм. Надад одоо Б.Оээс нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэг гомдол саналгүй, би Б.Отэй сайн дураар эвлэрсэн” гэжээ. /хх-ийн 45-47 тал/

 

Гэрч Л.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Менежер Д.Т надад хандан захиалсан хоолыг нь хийгээд өгчих гэхэд нь би за ч гэж хэлээгүй, үгүй ч гэж хэлээгүй. Тэгээд хоолыг хийх гээд байж байхад тогооч Б.О цагтаа гармаар байна, ажлын цаг дууссан шүү дээ гэж хэлэхэд Д.Т “та өөрөө хийхээ болиоч” гэж хэлээд гал тогооноос гараад явсан. Удалгүй Б.О, Д.Т нар маргалдсан бөгөөд тэрээр Б.Оийг баруун өрөөнд ороод уулзъя гээд цамцнаас нь татаж байгаа харагдсан. Харин удалгүй тэр хоёрын дуу чангараад эхэлсэн ба би тосгуурт алчуураа мушгих гээд явж байснаа эргээд харахад тэр хоёр бие биенийхээ үснээс зулгаагаад газарт унасан. Намайг очиход тогооч Б.О дээр нь Д.Т доор нь орчихсон бие биенийхээ үсийг зулгааж зууралдсан байхад нь ажилчдын хамт салгасан” гэжээ. /хх-ийн 54-55 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 186 тоот дүгнэлтэд

            1. Д.Т-ын биед цээжний цус хуралт, зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, баруун бугалганы зулгаралт, баруун өвдөг, баруун, зүүн шилбэ, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно. 

     3. Дээрх нь гэмтэл нь бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэжээ. /хх-ийн 59 тал/

 

     Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37-39 тал/

Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 60 тал/

Б.О-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Шарнууд овогт Б.О нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах О ХХК-ийн “А” ресторанд тус компанийн менежер Д.Т-тай маргалдан улмаар зодож, түүний биед цээжний цус хуралт, зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, баруун бугалганы зулгаралт, баруун өвдөг, баруун, зүүн шилбэ, зүүн гуяны цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Д.Т миний цээж хэсэг рүү гараараа цохихоор нь би зөрүүлээд нэг удаа алгадаж үснээс нь зулгааж, доош дарж газарт унагаасан...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Т, гэрч Л.Даваасүрэн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 186 тоот дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, анхны үзлэгийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

  

   Шүүгдэгч Б.О-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч тэрээр шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.О нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.О-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шарнууд овогт Б.О-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.О-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ