| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/05631/И |
| Дугаар | 4342 |
| Огноо | 2016-06-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 4342
| 2016 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2016/04342 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ОС...тоотод оршин суух, ... регистртэй, Түвдэн гэлэн овогт Г. Б,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.Б оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би Өмнөговь аймгийн Таван толгойн уурхайд Г.Б гэдэг нэрээр ажилд орсон бөгөөд тус уурхайд нийт 3 жил 4 сар ажилласан. Тэтгэвэрт гарч, тэтгэвэр тогтоолгох гэхээр нэр зөрүүтэй гэх үндэслэлээр дээрх уурхайд 3 жил 4 сар ажилласан жилийг тооцуулж чадахгүйд хүрээд байна. Иймд намайг 1976 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1979 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн Таван толгойн нүүрсний уурхайд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Б нь Өмнөговь аймгийн Таван толгойн нүүрсний уурхайд 1976 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1979 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Г.Б нь 1976 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Өмнөговь аймгийн Таван толгойн нүүрсний уурхайн даргын 31 дүгээр тушаалаар дизельст цахилгаанчны албан тушаалд Г.Б нэрээр томилогдож, мөн нэрээр 1979 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 54 дүгээр тушаалаар өрмийн туслах машинистийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байна. /хх 4-5/
Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалд түүний нэрийг Г.Б гэж бичсэн байх боловч хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Г.Б 1972 оны Хөдөлмөрийн дэвтэрт түүнийг ажилд авах болон ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын бичилт хийгдсэн, Г.Б төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх дээрх нэр, төрсөн он сар өдөр тохирч байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Д.О-н “... би Г.Б нэг тушаалаар, радист улаан булангийн эрхлэгчийн ажилд орсон, хүсэлт гаргагч нь миний нөхөр байгаа юм. Миний нөхрийн нэрийг Г.Б гэдэг, бид хоёр анх Өмнөговь аймагт очихдоо улаан паспорт авахад андуурагдаад Г.Б гээд бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг нь Өмнөговь аймгийн Таван толгойн нүүрсний уурхайн даргын 31 дүгээр тушаал болон Г.Б-н хөдөлмөрийн дэвтэр, хамт олонтой авахуулсан фото зургууд, паспорт, диплом, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул Г.Б-г Өмнөговь аймгийн Таван толгойн нүүрсний уурхайд 1976 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1979 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. /хх 6-8/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан, ...регистртэй, Түвдэн гэлэн овогт Г.Б Өмнөговь аймгийн Таван толгойн нүүрсний уурхайд 1976 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1979 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Г.Б улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА