| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2024/00254/И |
| Дугаар | 210/МА2024/01699 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2024/01699
Э.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/02464 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р ХХК-д холбогдох,
2023 оны 08 сарын 11-ний өдрийн 197/05/23 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, цалин хөлснөөс үндэслэлгүй суутгасан 2,063,320 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.А, өмгөөлөгч Г.Г, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч К.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Р ХХК-ийн дэд захирлын 2023 оны 08 сарын 11-ний өдрийн 197/05/23 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Э.А намайг нэр бүхий ажилтнуудыг үл хүндэтгэж зохисгүй харилцах, ялгаварлан гадуурхах, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэх үйлдэл гаргасан нь тогтоогдсон шалтгаанаар үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Миний хувьд нэр бүхий ажилтнуудыг үл хүндэтгэж зохисгүй харилцах, ялгаварлан гадуурхах, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн зүйл байхгүй. Захиалагч компанийн гэрээт хуулийн фирм нь уг сахилгын зөрчил гаргасан гэх гомдол мэдээллийг шалгаад нэр бүхий ажилтнуудын нэг нь гомдолтой гэж мэдүүлсэн байдаг. Харин Р ХХК-ийн хуульч К.Ж гомдол мэдээллийг давхар шалгахад нэр бүхий ажилтнуудын аль нь ч гомдол гаргаагүй, гаргасан зүйл байхгүй гэж хэлсэн байдаг. Анх гомдол гаргасан этгээд нь ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтад өртсөн гэх хүмүүс бус харин огт хамааралгүй хөндлөнгийн этгээд байсан бөгөөд тэрээр баримтгүй, үндэслэлгүй, ховын чанартай, бусдын нэр хүндэд халдсан, худал мэдээлэл тараах зорилготой гомдол мэдээлэл гаргасан байдаг. Гомдол 2023 оны 06 сарын 05-ны өдөр гарсан байхад 2023 оны 08 сарын 11-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл 123.4-д заасныг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байна. Уг тушаалыг үндэслэн 2023 оны 08 сард 736,900 төгрөг, 09 сард 691,552 төгрөг, 10 сард 634,868 төгрөг, нийт 3 сарын хугацаанд 2,063,320 төгрөгийг миний цалингаас суутган авсан. Надад баримтгүй хов яриаг үндэслэж сахилгын шийтгэл ногдуулсан нь зөвхөн сахилгын шийтгэл, цалин мөнгө бус цаашлаад хувь хүний нэр хүндэд ноцтой халдаж сэтгэл санааны гүн хямралд оруулсанд гомдолтой байна.
Иймд Р ХХК-ийн 2023 оны 08 сарын 11-ний өдрийн 197/05/23 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, миний 8, 9, 10 саруудад цалингаас хууль бусаар суутган авсан 2,063,320 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Э.А нэр бүхий ажилтнуудыг үл хүндэтгэж зохисгүй харилцах, ялгаварлан гадуурхах, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэх зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон тул сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ зөрчлүүд нь Э.А болон бусад ажилтнуудын тайлбар, хөндлөнгийн бусад байгууллагын мэдээллээр бүрэн тогтоогдож, нотлогдсон. Манай компани О төсөлд гүний уурхайн малталт нэвтрэлтийн туслан гүйцэтгэгчээр ажилладаг бөгөөд О ХХК-аас мөрдүүлж буй дүрэм, журмыг мөрдөх, захиалагчийн талбайд ажиллаж буй ажилтан нь аливаа ёс зүйн болон хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гаргахыг хатуу хориглодог. Захиалагч буюу О ХХК-аас 2023 оны 07 сарын 18-ны өдөр и-мэйлээр ирүүлсэн шалгалтын тайланд Э.А дөрвөн төрлийн зөрчлийг О төслийн талбайд ажиллаж байхдаа гаргасан талаар дурдаж, хуулийн хүрээнд арга хэмжээ авч, хариу мэдэгдэхийг хүссэн. Уг тайланд дурдсан зөрчлийг нэг бүрчлэн шалгаж, зөрчлийн талаар мэдэх, зөрчил гарахад хамт байсан ажилтнуудаас тайлбар авах ажиллагааг бүрэн гүйцэтгэсний үндсэн дээр Э.А-ийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн. 2023 оны 02 сарын 14-ний өдөр Э.А баг хамт олноороо О төслийн талбайн Мазаалай хоолны газарт өдрийн хоол идэж байх үедээ бусад ажилтны бэлхүүс нь нарийсаад бөгс нь томроод сайхан харагдаж байна гэж хэлсэн үйлдэл нь бэлгийн дарамт үзүүлэх зөрчил гэж үзсэн. Э.А нь ажилтан Л.Т-т бэлхүүс нь нарийсаад бөгс нь томроод сайхан байна гэж хэлснээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд нэхэмжлэл болон 2023 оны 07 сарын 21-ний өдөр гаргасан тайлбарт тусгагдсан, мөн бусад ажилтан Л.Т, Б.У, Б.Б, И.О нараас тайлбар авахад нотлогдсон. 2023 оны 02 сарын 19-ний өдрийн хурал, уулзалтын үеэр Э.А үл тоосон үйлдэл гаргаж, буруу харж суугаад яриад дууссаны дараа эргэж хараад та нар энэний ярьсныг ойлгосон уу гэж үл хүндэтгэсэн зөрчил гаргасан нь хамт олон, бусад хамтран ажиллагч ажилтныг үл хүндэтгэх зохисгүй, ёс зүйгүй үйлдэл бөгөөд энэ зөрчил нь ажилтан Э.А болон Б.Б-гийн тайлбараар нотлогдсон. 2022 оны 9 сард Сургалтын хэлтэст сургалтын хуваарь гаргагчийн албан тушаалд ажилтан авахаар яригдахад Э.А нь багтаа өндөр, царайлаг, гоё залуухан охин авмаар байна гэж хэлсэн нь ажилтныг нас, хүйс, биеийн хэлбэрээр ялгаварлан гадуурхах, хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд И.О, Б.Б болон Э.А-ийн тайлбараар нотлогдсон. Э.А-ийн бусад ажилтныг үл хүндэтгэж зохисгүй харилцах, ажилтан авахдаа шалгаруулалт хийхээс өмнө ялгаварлан гадуурхах, ажлын байранд бэлгийн дарамтын шинжтэй үг хэллэг хэрэглэж, харилцсан зэрэг үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 7.1.3, 42 дугаар зүйлийн 42.2.3-т тус тус заасныг зөрчсөн. Э.А-ийн дээрх үйлдэл нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2, 3.2.1, 3.2.2, 3.2.3, 3.2.7, 3.2.9, 5.4.19, хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.2.1, 8.3-т заасныг тус тус зөрчсөн сахилгын зөрчил болно. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.4-д тус тус заасныг үндэслэн сүүлийн зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулсан болно.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2023 оны 08 сарын 11-ний өдрийн 197/05/23 тоот тушаалыг хүчингүй болгож, Р ХХК-аас 2,063,320 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.А-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,165 /70,200+47,965/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 118,165 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. О ХХК-аас дуудаж тайлбар авсан гуравдагч этгээдийн үйлдлийг шууд зөрчил илэрсэн, ажил олгогч зөрчлийг илрүүлсэн гэж үзэхгүй. Шүүхийн шийдвэрт зөрчлийг мэдэх боломжтой байсан гэж тайлбарласан нь хуульд нийцэхгүй. Магадлан шалгах ажиллагаанд тайлбар авсан хуудасны доод талд 2023 оны 05 сарын 01-ний өдөр гэж бичигдсэн нь уг маягтын батлагдсан огноо бөгөөд 2023 оны 07 сарын 23-ны өдөр тайлбар авсан болох нь уг тайлбар авсан хуудсанд тодорхой бичигдсэн болно. Энэ талаар шүүх хуралдаанд тайлбарласан боловч шүүх илтэд алдаатай дүгнэлт хийсэн байна.
4.2. Э.А нь 2022 оны 09 сард шинэ ажилтан авах ажлын сонгон шалгаруулалт хийгдэхтэй холбоотойгоор нэхэмжлэгч ажилтан Б.Б-т "нуруу туруу сайтай, царай зүс сайтай хүн ажилд авмаар байна" гэж хэлсэн болох нь ажил олгогчоос зөрчлийг шалгахдаа хийсэн Б.Б-ийн ярилцлагаар тогтоогдсон. Нэхэмжлэгч "нуруу туруу, зүс царай сайтай хүн" авах талаар ярьсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3 болон "О " ХХК-ийн баталсан Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлогын 4.3.6, 4.4.е-д заасан шууд бус "ялгаварлан гадуурхах" хэлбэрт хамаарах хэдий ч энэ яриаг ирээдүйд ажилд авч болзошгүй ажилтны талаар төсөөллийн шинжтэй яригдсан, хамтран ажиллаж байгаа хэн нэг ажилтан, хэсэг бүлэгт чиглэгдээгүй байхаас гадна ажилтныг сонгон шалгаруулж аваагүй болох нь Б.Б, Э.А нарын тухайн үед ажил олгогчид өгсөн тайлбараар тогтоогдсон боловч ажлын байранд бусдыг ялгаварлан гадуурхсан зөрчил гэж үзэхэд учир дутагдалтай байна гэж үндэслэлгүйгээр шүүх дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.А өндөр, царайлаг, гоё залуу охин авмаар байна гэж хэлсэн тогтоогдсон хэдий ч төсөөллийн яригдсан, хамтран ажиллаж байгаа хэн нэг ажилтан, хэсэг бүлэгт чиглэгдээгүй байна гэж шүүх дүгнэхдээ Э.А-ийн бодол санаа, төсөөллийг уншиж, хамтран ажиллаж байгаа хэн нэг ажилтны юу мэдэрснийг мэдэрсэн мэтээр хэт хийсвэрээр дүгнэжээ. Бодит байдалд нэхэмжлэгч Э.А багтаа өндөр, царайлаг, гоё залуу охин авмаар байна гэх хэлснээ хүлээн зөвшөөрдөг, үүнийг И.О, Б.Б, Б.У нарын тайлбараар нотлогддог. Мөн шүүхийн үзлэгээр тогтоогдсон Б.У-ын тайлбарт шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Уг тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Э.А нь дээрх ялгаварлан гадуурхсан үг, хэллэгийг хэлэхдээ төсөөллийн шинжтэй хамтран ажиллаж байгаа хэн нэг ажилтан, хэсэг бүлэгт чиглүүлж хэлээгүй гэж шүүх дүгнэсэн нь үгүйсгэгдэж харин ч уг үг, үйлдлээрээ хамтран ажиллаж буй эмэгтэй ажилчдадаа шууд бусаар ялгаварлан гадуурхаж, та нар гоо зүйгүй, тиймээс тийм хүн орж ирвэл та нар бас сураад ав гэх утгатай хэлсэн нь тодорхой байна. Э.А бусдыг ялгаварлан гадуурхах үйлдэл, санаачилга гаргаснаараа Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг ноцтой зөрчсөн.
4.3. 2023 оны 02 сарын 14-ний өдөр баг хамт олноороо О төслийн талбайн хоолны газарт хооллох явцдаа ажилтан Л.Т-гийн "бэлхүүс нарийсаад, бөгс томроод сайхан байна" гэж хэлсэн, бусдад хүсээгүй үед бэлгийн дарамт учруулсан бөгөөд зөрчлийг шалган тогтоохоор ажил олгогчоос ажилтан Б.Б, Л.Т, Б.У нартай хийсэн ярилцлагын тэмдэглэлээр нэхэмжлэгч "өгзөг том" талаар ярьсан болох нь тогтоогдсоноос гадна нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй. Харин энэ нь фитнес дасгалын үр дүнгийн талаар ярьсан, бэлгийн сэдэлтэй биш гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан "О" ХХК-ийн баталсан Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлогын 5.6, 5.2-т зохицуулсан. Хэргийн баримтаар тухайн яриа чиглэгдсэн Л.Т-гаас "бэлгийн дарамт гэж үзээгүй талаараа" ажил олгогчид мэдүүлсэн байна. Иймд тухайн яриа чиглэсэн Л.Т бэлгийн дарамт гэж ойлгоогүй, үзээгүй талаар мэдүүлсэн байтал тухайн яриа чиглээгүй этгээд болох Б.Уянгын мэдүүлэгт үндэслэсэн нь учир дутагдалтай, холбогдох журмын дагуу бэлгийн дарамт гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн. Гэтэл ажилтнуудтай хийсэн ярилцлагаар тухайн нөхцөлд фитнесийн талаарх яриа oгт яригдаагүй бөгөөд нэхэмжлэгч Э.А нь гэнэт Л.Т-гийн "бэлхүүс нарийсаад, бөгс томроод сайхан байна гэж хэлж, бэлгийн дарамт учруулсан нь зөвхөн ажилтан Э.А-т чиглэгдсэн зүйл биш юм. Р ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 7.1.3-т заасныг зөрчсөн талаар сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрт тодорхой заасан. Шүүх Э.А-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан бэлгийн дарамт үзүүлэх зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт хийхгүйгээр зөвхөн "О" ХХК-ийн баталсан Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлогын 5.2-т заасныг баримталсан нь үндэслэлгүй. Учир нь Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар Э.А нь бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн үйлдэл гаргасан гэж үзэх ба Л.Т нь хэрхэн хүлээж авснаас илүүтэй Э.А-ийн үг хэлээр илэрхийлж буй үйлдэл нь ёс зүйн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй, бэлгийн дарамтын шинжтэй яриа болсон гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийг тусгайлан хуульчилж, таслан зогсоох үүрэг нь ажил олгогчид хүлээлгэж, Хүний эрхийн комисс таслан зогсоох арга хэмжээг аваагүй бол ажил олгогчид тодорхой шийтгэл ногдуулахаар зохицуулсан. Ажил олгогчоос ажилтнууд шууд болон шууд бусаар ажлын байрны бэлгийн дарамтад өртүүлэхгүй байх арга хэмжээг авч ажиллах зарчмыг баримтлан ажилладаг болно. Шүүхээс Э.А-ийн үйлдлийг зөвтгөж байгаа нь буруу жишиг тогтоох эрсдэл дагуулж байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, нотлох баримтуудыг буруу үнэлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: 2023 оны 02 сард хоолны газарт Л.Т-т бэлгийн дарамт үзүүлсэн гэдэг асуудал, хоолны газарт болсныг зөвхөн хариуцагчийн өмгөөлөгч К.Ж хэлдэг. Л.Т хэлэхдээ бид хоолны газарт байгаагүй, коридорт байсан, дасгалын талаар ярилцаж байгаад бэлхүүс нарийссан талаар ярьсан, би үүнийг бэлгийн дарамт гэж үзэхгүй байна гэсэн байдаг. О ХХК-ийн Бэлгийн дарамтыг учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлогод бэлгийн дарамтад өртөгч этгээдийн үзэл бодлоор тодорхойлогдоно гэж заасан. Хоёр хүний хооронд болсон хувийн яриатай холбоотой асуудлаар гуравдагч, дөрөвдөгч хөндлөнгийн этгээдүүд гомдол гаргасан байсан. Шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Буруу харж суугаад Б.Б гэдэг хүнд зохисгүй байдал гаргасан гэж ярьсан. Э.А тайлбарлахдаа тухайн үед би хамар салстын асуудалтай байсан учраас буруу харчхаад буцаад эргэж харсан үйлдэл байгаа, үүнийг Б.Б буруу ойлгосон гэж хэлдэг. Хурал цуглааны явцад эрүүл мэндийн шалтгаан, нус гоожих, цамцны товч тайлагдах, өмдний цахилгаан тайлагдах гэх мэт нөхцөл байдалд бид бүхэн буруу харж байгаад биеэ засаад суудаг. Өөрийн ойлгохгүй байгаа зүйлээ дахин лавлаж асуусныг бусдыг үл хүндэтгэсэн гэж үзээд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. 2022 оны 09 сард өндөр царайлаг, залуухан охин ажилд авмаар байна гэдэг зүйл ярьсан гэдэг. Э.А ийм зүйл яриагүй гэж хэлдэг, өөртөө арчаатай, ядаж үсээ угаачихдаг, хувийн байдалдаа анхаардаг хүнийг ажилд авмаар байна гэж ярьсан гэж хэлдэг. Үүнтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаж, ажлын байрны тодорхойлолт гаргах, 170 см-аас дээш өндөртэй, 22-25 насны эмэгтэй гэдэг шаардлага тавьж ажилд авах зар тавьсан зүйл байхгүй. Хоёр хүний дунд болсон яриаг нэмж хачирласан бусдын өгсөн мэдүүлгүүдээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд 2022 оны 09 сард болсон үйлдэлд 2023 оны 08 сард сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Шүүх үргэлжилсэн үйлдэл гэж үзэхгүй гэж шийдсэн нь үндэслэлтэй. Э.А-ийг шалгагдаж байгаа үндэслэлээр 2023 оны 06, 07 сард ажилд нь явуулаагүй. Гэтэл хариуцагчийн зүгээс бид О ХХК-аас ирсэн хяналт шалгалтад үндэслэсэн гэж тайлбарлаад байна. Ажил олгогч нь Р ХХК болохоос О ХХК биш. О ХХК-д шалгагдаж байгаа үндэслэлээр шалгаж дууссаны дараа манайх шалгаад түүнд үндэслээд үүнээс хойш хугацаа тоолно гэдэг зүйл байж болохгүй. Ийм үйл явдал болсныг талууд 2023 оны 05, 06 сард мэдсэн. Бүх ажилтнууд хариуцагчийн өмгөөлөгчид мэдүүлэг өгөхдөө тухайн үед О ХХК болон Р ХХК аль аль нь мэдүүлэг авсныг хэлсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Р ХХК-д холбогдуулан 2023 оны 08 сарын 11-ний өдрийн 197/05/23 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, цалин хөлснөөс үндэслэлгүй суутгасан 2,063,320 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Р ХХК-ийн Дэд захирлын 2023 оны 08 сарын 11-ний өдрийн 197/05/23 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Э.А-ийн үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 42 дугаар зүйлийн 42.2.3, 123 дугаар зүйлийн 123.2.3, Хөдөлмөрийн гэрээний 1.2.7, 3.2, 3.2.1, 3.2.2, 3.2.3, 3.2.7, 3.2.9, 5.4.19, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.3, О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 сарын 05-ны өдрийн А/21 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого-ыг тус тус баримталсан байх ба ...ажилтан Э.А нь нэр бүхий ажилтнуудыг үл хүндэтгэж зохисгүй харилцах, ялгаварлан гадуурхах, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэх зэрэг үйлдэл гаргасан нь тогтоогдсон... гэсэн үндэслэлийг тусгажээ.
4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, ажил олгогчийн 2023 оны 08 сарын 11-ний өдрийн 197/05/23 тоот тушаалыг үндэслэл бүхий болж чадаагүй гэж дүгнэж, уг тушаалын дагуу нэхэмжлэгчийн цалин хөлснөөс суутгасан 2,063,620 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
5. Тушаалд дурдагдсан ...үл хүндэтгэж зохисгүй харилцах зөрчил гаргасан... гэсэн үндэслэлийн тухайд
5.1. Нэхэмжлэгч Э.А нь 2022 оны 02 сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан хамт олны хурлын үеэр ажилтан Б.Б ажлаа танилцуулж байхад нь үл тоосон үйлдэл гаргасан (буруу харж суусан), яриад дууссаных нь дараа эргэж хараад ...та нар энэний ярьсныг ойлгосон уу... гэж хэлсэн болох нь тогтоогдсон.
5.2. Э.А-ийн дээрх үйлдэлд ажил олгогч 2023 оны 08 сарын 11-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс ... хойш зургаан ... сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчсөн байна.
5.3. Дээрх заалтад ...ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор... гэж заасан нь мөн заалтын ...зургаан сар... гэсэн хугацаанд багтах учиртай.
6. Тушаалд дурдагдсан ...ялгаварлан гадуурхах зөрчил гаргасан... гэсэн үндэслэлийн тухайд
6.1. Нэхэмжлэгч Э.А нь 2022 оны 09 сард сургалтын хэлтэст сургалтын хуваарь гаргагч шинээр авах асуудал яригдахад ...багтаа өндөр, царайлаг, гоё залуухан охин авмаар байна... гэж хэлсэн болох нь тогтоогдсон.
6.2. Р ХХК-ийн Дэд захирлын 2023 оны 08 сарын 11-ний өдрийн 197/05/23 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд ...Э.А нь нэр бүхий ажилтнуудыг ... ялгаварлан гадуурхах ... үйлдэл гаргасан нь тогтоогдсон... гэсэн үндэслэл тусгагдсан боловч Э.А-ийн хэлсэн дээрх үг нь ...нэр бүхий ажилтнуудад чиглээгүй... буюу тодорхой эзэн биегүй үг байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн хийсэн ...энэ яриа нь хамтран ажиллаж байгаа хэн нэг ажилтан, хэсэг бүлэгт чиглэгдээгүй тул ялгаварлан гадуурхсан зөрчил гэж үзэхгүй... гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.
6.3. Түүнчлэн, Э.А-ийн дээрх үйлдэлд ажил олгогч 2023 оны 08 сарын 11-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс ... хойш зургаан ... сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэснийг мөн зөрчсөн байна.
7. Тушаалд дурдагдсан ...ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэх зөрчил гаргасан... гэсэн үндэслэлийн тухайд
7.1. Нэхэмжлэгч Э.А нь 2023 оны 02 сарын 14-ний өдөр хамт олноороо хоол идэж суухдаа нийтэд хандан ...Л.Т-гийн бэлхүүс нь нарийсаад, өгзөг нь томроод сайхан харагдаж байна... гэж хэлсэн болох нь тогтоогдсон.
7.2. Р ХХК-ийн үйл ажиллагаандаа мөрдлөгө болгодог О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 сарын 05-ны өдрийн А/21 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого-ын 5.2.-т Бэлгийн дарамт нь дарамтад орсон хүний үзэл бодлоор тодорхойлогдох ба... гэж, 5.6-д Дарамт учруулсан эсэхийг тодорхойлоход ... нөгөө хүнд хэрхэн нөлөөлсөн нь ач холбогдолтой гэж тус тус заажээ.
7.3. О ХХК-аас 2023 оны 07 сарын 26-ны өдөр эрх нь зөрчигдсөн этгээдтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлд Л.Т нь ...Тухайн үед бол би тийм аягүй сүртэй эмзэглэж хүлээж аваагүй... гэж, ...Би хувь хүний хувьд Э.А-ийг муу хүн гэж боддоггүй учраас тухайн үед эмзэглэж хүлээн аваагүй. Бүгд хоол идэж байсан учраас инээгээд л өнгөрөөсөн... гэж тус тус хэлсэн болох нь тэмдэгдлэгджээ.
7.4. Эрх нь хөндөгдсөн этгээд Л.Т нь Р ХХК-ийн үйл ажиллагаандаа мөрдлөгө болгодог О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 сарын 05-ны өдрийн А/21 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого-ын 10.2-т заасны дагуу гомдлоо компанид гаргаагүй байна.
7.5. Иймд, анхан шатны шүүхийн хийсэн ...тухайн яриа чиглэсэн Л.Т бэлгийн дарамт гэж ойлгоогүй, үзээгүй талаараа мэдүүлсэн байтал тухайн яриа чиглээгүй этгээд болох Б.Уянгын мэдүүлэгт үндэслэсэн нь учир дутагдалтай, холбогдох журмын дагуу бэлгийн дарамт гэж үзэх боломжгүй... гэсэн дүгнэлтийг буруутгахгүй.
8. Анхан шатны шүүх ийнхүү хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч маргаанд хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан, мөн улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийг хувьд хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/02464 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...105 дугаар зүйлийн 105.1... гэснийг хасаж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,165 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Э.А-т буцаан олгож, хариуцагч Р ХХК-аас улсын тэмдэгтийг хураамжид 47,963 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай гэж өөрчлөн найруулж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Р ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 118,165 төгрөг /47,965+70,200/-ийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.НЯМБАЗАР