| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/03873/И |
| Дугаар | 4343 |
| Огноо | 2016-06-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 4343
| 2016 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2016/04343 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 10 дугаар гудамжны ...тоотод оршин суух, ...регистртэй, Тян ургийн овогт Т.Т
Ажиллаж байсан байдал болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.Т оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Т шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие 1979 онд СОТ 3-т хуваарилагдаж ажиллаж байгаад 1982 онд цэрэгт явсан. Цэргээс 1985 онд халагдаж, эргээд ахлагч цолтой ажиллаж байгаад 1988 онд халагдсан. Улмаар 1988 онд СОТ 3-т эргэн орж шавар будагчаар ажиллаж байгаад 1995 оноос “Зарубейж Строй” компани болж нэр нь өөрчлөгдсөн. Энэхүү 1982-1995 оны хооронд уг байгууллагад ажилласан жил маань архиваас гарч өгөхгүй байгаа юм. Хөдөлмөрийн дэвтэр дээр бичсэн бичилт байгаа боловч архиваас лавлагаа авах гэхээр гарч ирэхгүй байна. Мөн миний хөдөлмөрийн дэвтэрт овгийг маань бичиг хэргийн ажилтан “бичихэд хэцүү байна, эхийн чинь овогоор биччихэе” гэхэд иймээ тиймээ юм байхгүй биз гэж бодоод ээжийнхээ нэрээр бичүүлсэн. Ээж маань 1978 онд нас барсан. Миний овог анхнаасаа Тянвангүй байсан, одоо ч солигдоогүй. Тэр хөдөлмөрийн дэвтэрт Д.Т гэж бичсэнээс болж миний ажиллаж байсан үеийн бүх баримт, шагналууд энэ нэрээр бичигдсэн байгаа. Иймд Тянвангүй овогтой Т намайг Д.Т гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, намайг 1988-1995 он хүртэл СОТ-3 буюу “Зарубейж Строй” компанид ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Т. Тр нь түүний 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн, мөн 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрүүдэд “Д.Т” гэж бичигдсэн нь түүний иргэний үнэмлэхэнд бичигдсэн “Т.Т” гэх нэртэй тохирохгүй байгаа учир эрх олгосон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгон, Зөвлөлтийн барилгын 3 дугаар трест буюу СОТ-3 /Зарубейж Строй компани/-д 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд шавар будагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр хүсэлт гаргагч Т.Т-н хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
СОТ-3 байгууллагын баримт бичиг Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, архивын газарт ирээгүйн улмаас хүсэлт гаргагч Т.Т-г ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тухай лавлагааг олгох боломжгүй гэсэн байна. /хх 4-5/
Хүсэлт гаргагч Т.Т нь 1960 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, өөрийн эцэг Тянвонгүйгээр овоглодог боловч түүний 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн, мөн 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрүүдэд түүний овгийг “Долгоржавын Төмөрбаатар, төрсөн он 1960 оны 3 дугаар сарын 12” гэж бичигдсэн байх боловч түүний төрсөн он, ажиллаж байсан газартай тохирч байгаа, түүнчлэн хүсэлт гаргагчийн эхийг “Тунжаан овогтой Долгор” гэдэг болох нь Т.Төмөрбаатарын г-174 дугаартай төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчтай хамтран ажиллаж байсан тухай шүүхэд тодорхойлолт гаргаж, гэрчийн мэдүүлэг өгсөн Д., Т.Б нарын мэдүүлэг, хамт олонтой авахуулсан фото зургуудаар тус тус тогтоогдож, бусад нотлох баримтуудтай шалтгаант холбоо тогтоогдож байх тул дээрх хөдөлмөрийн дэвтрүүдэд бичигдсэн “Д.Т” гэх нэр нь “Т.Т” мөн гэж дүгнэх нь зөв байна.
Харин Т.Т-ыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалууд байхгүй боловч түүнийг 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл шавар будагчнаар ажиллаж байсан болох нь түүний 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн, 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, түүнтэй хамт ажиллаж байсан Д.А, Т.Б нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, болон гэрчийн мэдүүлгүүд, Т.Т-ын хамт олонтойгоо авахуулсан фото зургууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Т.Т-г 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Зөвлөлтийн барилгын 3 дугаар трест буюу СОТ-.. /Зарубейж Строй компани/-д шавар будагчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан, ...регистртэй Тян овогт Т.Т-г 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн, 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, түүнийг 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Зөвлөлтийн барилгын 3 дугаар трест буюу СОТ-3 /Зарубейж Строй компани/-д шавар будагчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Т.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА