Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/01710

 

Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/01862 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С ХХК-д холбогдох,

С аймаг, М сум, *-р баг, Хэрх, Эрээний аманд байрлах 829 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У, Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь С ХХК-тай 2015 оны 09 сарын 07-ны өдөр 15/01 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж, С ХХК-ийн эзэмшлийн С аймгийн М сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын MV-002616 тоот тусгай зөвшөөрөлтэй Эрээний алтны үндсэн ордод олборлолт явуулах, далд уурхайн баяжуулах үйлдвэр байгуулах зорилгоор хамтран ажилласан. Гэрээний дагуу С аймгийн М сум, *-р баг, Хэрх, Эрээний аманд байршилтай, С ХХК-ийг гэрээт талбайд нийт 829 м.кв талбай бүхий баяжуулах үйлдвэрийн барилгыг 2016 оноос 2017 оны 04 сарын хооронд барьж байгуулсан. Тухайн үйлдвэрийн барилгыг улсын комисс 2017 оны 04 сард хүлээж авсан. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д Анхны хөрөнгө оруулалт болон ашиглалтын явцад шинээр бий болсон үндсэн хөрөнгө нь Б тал буюу Ө ХХК-ийн өмч мөн гэж баталгаажуулсан. Баяжуулах үйлдвэрийн гаднах байгууламжийг 2016-2017 онд манай компани барьж гүйцэтгэхэд нийт 377,963,398 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, харин барилгын дотор байрлах үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжүүд, угсралт суурилалтуудын хамт хийж гүйцэтгэхэд 3,500,000,000 төгрөгийг зарцуулсан. Гэтэл С ХХК нь манай компанид мэдэгдэлгүй тус баяжуулах үйлдвэрийн барилгыг эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгүүлж, ******* тоот өмчлөх эрхийн гэрчилгээг авсныг С ХХК-ийн Х банк тай байгуулсан 2017 оны 07 сарын 18-ны өдрийн Б-СГ-ҮХ2017-67 дугаартай барьцааны гэрээ байгуулахад мэдсэн. Хариуцагч С ХХК нийт 5 тусгай зөвшөөрөлтэй ба тэдгээрийн 1 болох 2,616 га талбай бүхий тусгай зөвшөөрөлтэй газарт манай компани 2015 оноос хамтран ажиллаж байсан. Хариуцагч С ХХК нь банкнаас зээл хүсэхдээ хамтран ажиллаж байгаа талбайгаасаа бусад үлдсэн 4 талбай дээрээ үйлдвэр барьж олборлолт явуулна гэсэн. Манай компани төслийн зээл авах шаардлагагүй, бид өөрсдийн нөөц бололцоогоор санхүүгийн бүх асуудлыг шийдвэрлэж байсан ба харин үйл ажиллагаа тасралтгүй явуулахад шаардлагатай эрчим хүчний асуудлыг хариуцагч С ХХК гэрээгээр хариуцсан учир энэ үүргээ биелүүлэхийн тулд Х банк аар төслийн зээлээ батлуулсан. Хариуцагч С ХХК 5 тусгай зөвшөөрлөөс өөр ямар ч барьцаа хөрөнгө байгаагүй учраас манай Төрийн банкинд байсан зээлийн барьцаа хөрөнгийг өөрсдийн хамаарал бүхий И ХХК-ийн барьцаа хөрөнгөөр Хөгжлийн болон Төрийн банкны удирдлагуудтай ярьж тохиролцон барьцаа хөрөнгийг өөр барьцаа хөрөнгөөр солиулж манай хөрөнгийг чөлөөлүүлээд Х банк анд хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч С ХХК нь авсан зээлээ хэрхэн зарцуулсан нь үйлдвэрийн өмчлөлийн маргаанд хамааралгүй. Зээл авч байхад үйлдвэрийн барилга 70-80 хувийн гүйцэтгэлтэй байсан ба зээлийн төлбөрөөс 2 компани хэн нь хэдэн төгрөг төлөхөө баталгаажуулсан нь үндэслэлгүй. Тус үйлдвэрийн барилга нь одоог хүртэл С ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, өмчлөх эрхийн гэрчилгээтэй байгаа нь манай компанийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд,С аймаг, М сум, *-р баг, Хэрх, Эрээний аманд байрлах 829 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Тус компани нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 20-р тогтоолоор батлагдсан Алт үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй С аймгийн М сумын нутагт орших Эрээн, Баавгайт алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах төслийг санхүүжүүлэх зорилгоор М-тай 2017 оны 07 сарын 18-ны өдөр З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээг байгуулах болсон урьдчилсан нөхцөл буюу гол шалтгаан нь Ө ХХК-тай хийсэн тохиролцоо, хамтран ажиллах гэрээ юм. Манай компаниС аймгийн М сумын нутагт ашигт малтмал ашиглалтын 5 тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд Ө ХХК-тай ашигт малтмалыг далд аргаар олборлох үйл ажиллагааг явуулах, уг үйл ажиллагаатай холбогдуулан уурхайн эдэлбэр газарт олборлолтын болон баяжуулах үйлдвэр байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 09 сарын 07-ны өдөр 15/01 тоот хамтран ажиллах гэрээг байгуулсан. Талууд гэрээгээр хамтын ажиллагаанд хүлээх үүргийг тодорхой, нарийвчлан зохицуулсан. Тодруулбал, С ХХК нь ордыг ашиглахад шаардлагатай зөвшөөрлүүдийг авах зэрэг хууль эрх зүйн болон бичиг баримттай холбоотой асуудлыг хариуцах үүрэг хүлээсэн. Харин Ө ХХК нь тухайн ордуудыг ашиглаж, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүхий л санхүүгийн эх үүсвэр буюу зардлыг хариуцах бөгөөд талуудын хамтын үйл ажиллагааны явцад олсон борлуулалтын орлогын 30 хувийг С ХХК, 70 хувийг Ө ХХК тус тус хувиарлан авахаар тохиролцсон. Гэтэл үйлдвэр байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авах болох үед санхүүгийн эх үүсвэр дутсан. Алт-2 хөтөлбөрт хамрагдаж зээл авах боломжтой аж ахуй нэгжүүдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байх шаардлага тавигдсан учраас Ө ХХК нь ашигт малтмалын ямар нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй тул тус зээлд хамрагдах боломжгүй болсон. Бидний байгуулсан хамтран ажиллах гэрээгээр С ХХК-д үйл ажиллагаатай холбоотой зардал, санхүүгийн эх үүсвэрийг хариуцах үүрэг байгаагүй хэдий ч хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлэх зорилгын үүднээс тусгай зөвшөөрлийн лицензүүдээ Х банк инд барьцаа болгон зээл олгоход тавигдах шаардлагуудыг хангасан учраас зээлийн гэрээ байгуулсан. Х банк ны төслийн санхүүжилт, зээлийн газраас хийгдсэн 2017 оны 05 сарын 08-ны өдрийн зээлийн шинжилгээний танилцуулгаар Ө ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зээлийн хүсэлтийг судлаад олборлогч компани Ө ХХК гэдгийг тодорхойлоод талуудын хамтран ажиллах гэрээгээр хэрэгжүүлж буй Эрээний алтны ордыг далд аргаар олборлох үйл ажиллагааг явуулснаар зээлийг эргэн төлөх нөөц боломжтой гэсэн дүгнэлт хийж, зээл олгох шийдвэрийг гаргасан. Хэдийгээр зээлийн гэрээнд С ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээгээр олгогдсон 15,000,000,000 төгрөгийг талууд үйл ажиллагаандаа тэнцүү байдлаар зарцуулсан. Энэ үйл баримт хэрэгт авагдсан зээлийн харилцах дансны хуулгаар тухайн зээл ямар данс руу шилжсэн гүйлгээгээр зөвхөн С ХХК тухайн зээлийг бие даан зарцуулаагүй нь нотлогдож байгаа. Мөн 2019 оны 05 сарын 19-ний өдрийн С ХХК болон Ө ХХК нарын хооронд зээлийн зарцуулалтын талаар тооцоо хийгдэж Х банк наас авсан зээлийг талууд тэнцүү байдлаар зарцуулсан учраас зээлийн өр төлбөрийг тэнцүү байдлаар хуваан хариуцаж төлөхөөр тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан. Түүнчлэн манай компани Х банк тай 2017 оны 07 сарын 18-ны өдөр Б-СГ-ҮХ2017-67 дугаартай барьцааны гэрээ байгуулан уг гэрээгээр С аймаг, М сум, *-р баг, Хэрх, Эрээний аманд байрлах 829 м.кв талбайтай, 1 өрөө үйлдвэрлэлийн зориулалттай 95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болсон. Х банкны нэхэмжлэлтэй Ө ХХК, С ХХК-д холбогдох иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01212 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх хөрөнгийг Х банк ны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасны дагуу манай компани өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай дахь уурхайн эдэлбэр газар, үйлдвэрлэлийн зориулалтын газрын эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу авсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газрын эрх нь манай компанид бүртгэлтэй, уул уурхайн олборлолтын зориулалтаар ашиглах үл хөдлөх хөрөнгийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагын дагуу манай компаниас өөр иргэн, хуулийн этгээдийн нэр дээр бүртгүүлэх боломжгүй. С ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д заасны дагуу маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийг барьж байгуулах ажлыг Ө ХХК-аар хариуцуулан гүйцэтгүүлсэн. Ө ХХК ямар компаниар хэрхэн туслан гүйцэтгүүлэх нь тухайн компанийн эрхийн асуудал байсан. Үнэхээр тухайн үл хөдлөх эд хөрөнгөд сонирхолтой, өмчлөхийг хүссэн бол Х банк ны нэхэмжлэлтэй Ө ХХК, С ХХК нарт холбогдох иргэний хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргах боломж байсан. Түүнчлэн тухайн иргэний хэрэгт өгч байсан тайлбараасаа эрс өөр зүйл гарган нэхэмжлэл гаргаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М ХК хариу тайлбартаа: С аймаг, М сум, *-р баг, Хэрх, Эрээний аманд байрлах 829 м.кв талбайтай, нэг өрөө, үйлдвэрлэлийн зориулалттай 95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд улсын бүртгэлийн Ү-******* дугаар олгож, хууль ёсны өмчлөгчөөр хуулийн этгээдийн ***** регистрийн дугаартай С ХХК-ийг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээг олгосон байдаг. Энэ үл хөдлөх хөрөнгийг М болон С ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 07 сарын 18-ны өдрийн З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талуудын хооронд байгуулсан 2017 оны 07 сарын 18-ны өдрийн Б-СГ-ҮХ-2017-67 дугаартай барьцааны гэрээгээр барьцаалж барьцааны эрх буюу уг үл хөдлөх эд хөрөнгөд үүрэг ногдуулсан хэлцэл нь улсын бүртгэлд хууль ёсны бүртгэлтэй байна. М нь С ХХК-ийн зээлийн төлбөрийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн бөгөөд Ө ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэр гарч шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжлэлд дурдсанаар С ХХК-тай 2015 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний нөхцөлийн дагуу нэхэмжлэлдээ дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хөрөнгө гэж маргаж байгаа бөгөөд М-наас талуудын маргаанаас үл хамааран эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой барьцааны эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийн тэмдэглэлийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасны дагуу үнэн зөв гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчийн маргаан хуулийн дагуу шийдвэрлэгдсэнээр М-ны барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл бүрдэх тул банкны хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироохгүй хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 110 дугаар зүйлийн 110.1-т тус тус заасныг баримтлан С аймгийн М сумын *-р баг, Хэрх Эрээний ам гэх газарт байрлалтай, 829 м.кв талбайтай, нэг өрөө, үйлдвэрлэлийн зориулалттай, 95 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Ө ХХК мөн болохыг тогтоож, Ө ХХК-ийг өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагч С ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус баримтлан нэхэмжлэгч Ө ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,117,966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-аас 2,117,966 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК-д олгож, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1, 165 дугаар зүйлийн 165.1-т зааснаар Ө ХХК-ийг С аймаг, М сум, *-р баг, Хэрх, Эрээний ам гэх газарт байрлах 829 м.кв талбайтай, нэг өрөө, үйлдвэрлэлийн зориулалттай 95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцаалагчМ ны шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

5.1.  Иргэний хуулийн 198 дүгээр зүйлийн 198.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрт үндэслэл болсон тус 2015 оны 09 сарын 07-ны өдрийн 15/01 тоот хамтран ажиллах гэрээг байгуулах болсон шалтгаан буюу тухайн гэрээгээр ямар харилцааг зохицуулах гэж байгаа хүсэл зориг нь гэрээний 1.1-д тодорхой зохицуулагдсан. Өөрөөр хэлбэл, уг гэрээг МҮ-2616А тоот талбайд хамтран ажиллахаар нөхцөл тохирч байгуулсан бөгөөд С ХХК-ийн эзэмшдэг бусад ашиглалтын талбайд хамтран ажиллах асуудлыг энэ гэрээгээр зохицуулаагүй нь гэрээний заалтууд болон нэхэмжлэгч талын шүүх хуралд гаргасан С ХХК-ийн бусад 4 ашиглалтын талбайд хамтрах асуудлыг энэ гэрээнд дурдаагүй, нэмэлтээр зохицуулаагүй болохыг хэлсэн тайлбараар нотлогдоно. Эрхийн улсын бүртгэлийн Ү-******дугаарт бүртгэлтэй хөрөнгө нь 2015 оны хамтран ажиллах гэрээний үүргийн хүрээнд бий болсон буюу МҮ-2616А ашиглалтад талбайд байрлах  хөрөнгө биш харин С ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын МҮ-015618 дугаар лицензийн талбайд байрладаг болох нь газрын кадастрын зургаар нотлогддог.  Түүнчлэн талууд энэ хөрөнгө нь 2015 оны гэрээний хүрээнд бий болсон хөрөнгө биш гэдэг асуудалд маргадаггүй, бусад лицензийн талбайд хамтран ажиллах асуудал яригдаж байсан боловч бичгийн хэлбэр болон бусад байдлаар тохиролцоо хийгээгүй нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан тайлбаруудаар давхар нотлогдоно.

5.2. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь С ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн хөрөнгө болох нь хуулийн дагуу, нотлох баримтын хүрээнд ч бүрэн тогтоогдож байна. Гэтэл тухайн хөрөнгө нь энэ гэрээний асуудал биш тусдаа бий болсон харилцаа гэдгийг маргахгүй талаар тайлбар гаргаад байхад талуудын маргахгүй байгаа үйл баримтаас эсрэг байдлаар дүгнэлт хийж, хариуцагч талын эрх ашгийг илтэд хохироох агуулга бүхий гэрээний 4.5-д заасан хөрөнгө байна гэж үзсэн нь хэргийн үйл баримтыг ойлгоогүй, маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүйгээс бий болсон ноцтой алдаа байна. Хэргийн материалд авагдсан 05/24 тоот албан бичигт 2015 оны 09 сарын 07-ны өдрийн гэрээний хүрээнд үүссэн асуудлын талаарх тайлбар хүргүүлсэн буюу МҮ-2616А талбайд тухайн үед ажилчдын кэмп зэрэг үл хөдлөх хөрөнгүүд бий болсон байдаг бөгөөд эдгээрийг гэрээний дагуу үүссэн хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрсөн ба үүний дагуу 2616А дугаар талбайд бий болсон Ө ХХК хамаарах хөрөнгүүдийг шилжүүлэн авч явсан талаарх баримтууд хэрэгт авагдсан төдийгүй, мөн энэ асуудлаар нэхэмжлэгч тал маргадаггүй, тухайн хөрөнгүүдийг шилжүүлэн авч явсныг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан өөрт олгосон эрх хэмжээг зөрчин нотлох баримтад агуулагдаагүй өгүүлбэрийг байгаа мэтээр нэмж оруулан найруулан шүүхийн шийдвэрт оруулсан ноцтой алдаа гаргасан төдийгүй, уг дүгнэлтээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна.

5.3. Талуудын 2616А ашиглалтын талбай дээр гэрээнд заасан хамтын ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалт санхүүжилтийг Ө ХХК хариуцах ёстой байсан боловч тус компани ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй байсан тул Засгийн газраас хэрэгжүүлж байсан Алт-1, 2 хөтөлбөрт хамрагдах боломжгүй байсан. Ингээд эхний удаа 5.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2016 онд Т банкнаас зээлийн санхүүжилтээр авсан бөгөөд тус зээлийн харилцаа нь шүүхийн шатаар шийдвэрлэгдэн С ХХК-ийн хамтрагч И, А ХХК нар нь бидэнтэй тохиролцсоны дагуу зээлийн барьцаа хөрөнгийн холбогдох хэсгийг банкны өмчлөлд шилжүүлэн 7.8 тэрбум төгрөгт тооцон өгчч, төлбөрийг төлж дуусгасан. Гэтэл Ө ХХК нь энэ зээлийн төлбөрөөс төлөлт хийж, хариуцлага хүлээгээгүй атлаа 2.5 тэрбум төгрөгийг ашигласан нь хуудсанд авагдсан баримтуудаар нотлогдоно. Хоёр дахь удаагийн санхүүжилтийг мөн С ХХК нь ашигт малтмалын лицензтэй гэдгээрээ Алт-2 хөтөлбөрт хамрагдан 2017 онд зээлийн гэрээ байгуулан 15.0 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Энэ зээлийг хамтын ажиллагаанд зориулан, Ө ХХК-ийн өмнөөс бусдын өмнө хариуцлага хүлээн байж авч зээлийн дийлэнх хэсгийг шууд тус компани руу шилжүүлсэн. Гэтэл тус зээлийн асуудал УИХ-аас манай компанийн 5 лицензийн талбайд хамаарах хэсэг буюу Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авч, хилийн цэсийг өөрчилсөн тогтоол гарсантай холбоотойгоор ашиглах боломжгүй болж, зээлийн эргэн төлөлт биднээс үл хамаарах шалтгаанаар саатан, мөн 3 шатны шүүхээр маргаан шийдвэрлэгдэн хүчин төгөлдөр шийдвэрээр 19 тэрбум төгрөгийг С ХХК-аар гаргуулахаар шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь баримтуудаар мөн л нотлогдоно.

5.4. Дээр дурдсан баримтуудаас үзэхэд хамтын ажиллагааны явцад 20 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт С ХХК дангаараа бүрдүүлсэн, зээлийн төлбөрүүдийг төлсөн, цаашид хариуцах асуудал нь ч хариуцагч талд ногдож байгаа юм байна гэдэг нь тодорхой байгаа төдийгүй эдгээр үйл баримтуудтай нэхэмжлэгч тал мөн л маргадаггүйг дахин тодотгож хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Гэтэл Ө ХХК нь эдгээр үйл баримтуудтай маргадаггүй атлаа, өөрсдийн санхүүгийн эх үүсвэрээр маргааны зүйл бий болсон гэдгийг нотлогддоггүй. Тодруулбал, биднээс авсан зээлийн мөнгөөр уурхайн үйлдвэрийг барихад зарцуулсан зарцуулалтын баримтууд гэх 1хх 129-183 хуудсанд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр авагдсан. Нэхэмжлэгчээс гаргасан талуудын хамтын ажиллагаа эхлэх 2016, 2017 онуудын санхүүгийн тайлан гэх зөвхөн өөрсдийн тамга тэмдэг дарагдсан Татварын байгууллагаар баталгаажуулаагүй баримтаар орлого нь хасах баланстай буюу өр төлбөртэй байсныг тодорхой харж болно. Ө ХХК нь өөрсдийн хууль бус шаардлагыг нотлох зорилгоор хувиараа Далай ван аудит ХХК-аар хаанаас ирүүлсэн нь мэдэгдэхгүй, юунд зориулж авсан нь тодорхойгүй бусадтай хийсэн гэрээ гэх баримтуудыг нь үндэслэн С ХХК-тай хамтран ажиллах явцад хэдэн тэрбумын зардал гаргасан мэтээр дүгнэлт гаргуулсан боловч тус аудитын дүгнэлт гарах болсон санхүүгийн болоод, бусдаас авсан зээлийн баримтуудыг энэ хэрэгт гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Гэтэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь С ХХК-ийн санхүүгийн эх үүсвэрээр бүтсэн нь талуудын тайлбар, баримтуудаар нотлогдож байхад талуудын маргасан энэ хэсэгт огт дүгнэлт өгөлгүй манай өмчлөлийн хөрөнгийг анхнаасаа Ө  ХХК-ийн хөрөнгө байсан мэтээр бидний өмчлөх эрхэд халдсан шийдвэр гаргалаа.

5.5.  2024 оны 04 сарын 08-ны өдрийн шүүх хуралд нэхэмжлэгч талаас 29 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолыг өгсөн, бид уг тогтоолтой танилцаж, гомдол гаргах боломжоор хангуулах хүсэлт гаргасан боловч шүүх хуралдааныг явуулсан. Уг тогтоол нь хүчин төгөлдөр болоогүй буюу Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан учраас зөвхөн гомдол гаргагч Д.О-т мэдэгдсэн, С ХХК-д тогтоолыг танилцуулаагүй, мэдэгдээгүй гэсэн тайлбар нь үндэслэлтэй байсан буюу анхан шатны шүүхийн тус тогтоолтой танилцсан байх боломжтой гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй болохыг хуулийн холбогдох заалтаар тодорхой болж байна. Шүүх хурал дууссаны дараа нэн даруй 29-р тогтоолын дагуу С аймгийн прокурорын газарт гаргасан гомдлын дагуу хяналт шалгалт явуулаап 2024 оны 05 сарын 07-ны өдрийн 96-р албан тоотоор хариу өгсөн. Энэ хариу албан тоотын дагуу С аймгийн прокурорын газрын 2024 оны 05 сарын 07-ны өдрийн 02-р тогтоолоор 2024 оны 02 сарын 15-ны өдрийн 29-р тогтоолд өөрчлөлт оруулж, шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн нотлох баримтын хэмжээнд үнэлсэн прокурорын тогтоол нь хариуцагч талын шүүх хуралд тайлбарласны дагуу танилцуулагдаагүй төдийгүй, үндэслэлийн хувьд хууль зөрчсөн алдаатай хүчин төгөлдөр болоогүй байсан баримт, материалыг үндэслэн хариуцагч талыг гэмт хэрэг үйлдсэн буруутай мэтээр дүгнэн, алдаатай шийдвэр гаргасан. Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 11 сарын 30-ны өдрийн 05-р Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах давж заалдах шатны шүүхийн бүрэн эрх, хэмжээ, хязгаар зөвлөмжийн 2.3-т заасны анхан шатны шүүхийн гаргасан алдааг залруулж, хуульд нийцсэн үнэн, зөв бодитой шийдвэр гаргана гэж бүрэн итгэж, найдаж байна.

5.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх заалт нь талууд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх тусгайлсан гэрээний асуудалд хамаарах зохицуулалт гэж үзэж байна. Харин Ө ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээс харвал анхнаасаа тухайн үл хөдлөх эд хөрөнгө Ө ХХК-ийн өмчлөлд байх ёстой талаар тайлбарладаг ба С ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Ө ХХК хэлцлийн үндсэн дээрээс шилжүүлж авах ёстой байдлаар маргаагүй болно. Улсын дээд шүүхийн 2016 оны 05 сарын 10-ны өдрийн 2 дугаар зөвлөмжид тайлбарласан байна. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хүсэл сонирхол, хэрэгт цугласан баримтыг нарийвчлан тал бүрээс нь харьцуулан дүгнээгүй, эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй гэдэг нь дээрх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс тодорхой харагдаж байгаа бөгөөд үүнээс шалтгаалан уг шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

5.7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс харахад хариуцагчийн гаргасан дээрх татгалзал, үндэслэл тайлбарт огт дүгнэлт өгөөгүй, хэрхэн ямар байдлаар дээрх татгалзал, тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдахад түлхэц болохуйц зүйлүүдийг түүн гаргаж үндэслэлдээ дурдсан. Дээрх нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцэхгүй буюу анхан шатны шүүхийн шийдвэр хэтэрхий нэг талыг барьсан, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гарсан гэх эргэлзээг төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх талуудын тайлбар үндэслэл бүрт үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээрээс тухай маргаан талуудад ойлгомжтой, маргаангүй үндэслэл бүхий шийдвэр болохыг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарч өгнө үү.

5.8. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг С ХХК бидэнд мэдэгдэлгүйгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Түүнчлэн энэ байдлыг Х банк ХХК зээлийн өр төлбөр гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргаснаас мэдсэн гэж тайлбарладаг. Гэвч хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн бусад тайлбараар Ө ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь анхнаасаа С ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө мөн болохыг хүлээн зөвшөөрч, гомдол шаардлага гаргаж байгаагүй нь харагддаг. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт үйлдвэрийн барилга нь 2017 оны 04 сард улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд тайлбарлахдаа 2015 онд бүрэн ашиглалтад оруулсан гэдэг. Гэтэл Ө ХХК нь 2015 онд тухайн барилгыг ашиглалтад оруулсан гэх атлаа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авах үйлдэл огтхон ч гаргаж байгаагүй. Хоёрдугаарт, 2017 онд Х банк ны зээлийн судалгааны ажил явагдаж байсан бөгөөд банкнаас барьцаа хөрөнгө нийт олгогдох зээлийн 80-90%-ийн үнийн дүнтэй тэнцэхүйц байх ёстой гэсэн шаардлага тавьсан учраас 2 компанийн зүгээс боломжит бүх хөрөнгүүдийг зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалахаар тохиролцсон байсан. Энэ зээлийн харилцаанд Ө ХХК, С ХХК нар нь нэгэн адил оролцсоор ирсэн буюу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь С ХХК-ийн өмлөлд байгаад Х банк ХХК-ийн барьцаанд тавьсныг мэдэх боломжтой. Гуравдугаарт, Х банк ны зүгээс 2019 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан С ХХК, Ө ХХК-д холбогдуулан зээлийн өр төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл гаргуулах талаар нэхэмжлэл гаргаж иргэний хянан шийдвэрлэсэн бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн өр төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага хянан шийдвэрлэгдэж байхад өөрийн өмчлөлийн хөрөнгө гэж үзвэл энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаж ашиг сонирхлоо хамгаалуулах эрхтэй байсан. Гэтэл энэ талаар шаардлага гаргаж байгаагүй, тайлбартаа ч энэ талаар огт дурдаж байгаагүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт тавигдах хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.С аймгийн прокурорын газрын прокурорын 29 дугаар тогтоол 2024 оны 02 сарын 14-ний өдөр гарч, тогтоолд гомдол гаргах хугацаа 2024 оны 03 сарын 01-ний өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгчээс уг тогтоолыг шүүхэд 2024 оны 03 сарын 29-ний өдөр нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр өгсөн. Тус өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч оролцож, танилцсан учир нотлох баримттай танилцах хугацаа олгоогүй гэх гомдол үндэслэлгүй. Хариуцагчаас уг 29 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах гомдол гаргаснаарС аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын 02 дугаартай тогтоолоор 29 дугаартай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулсныг бид Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргаснаар 2024 оны 08 сарын 21-ний өдрийн 1/2222 дугаартай албан бичгээр 2024 оны 05 сарын 07-ны өдрийн прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг мэдэгдсэн хариу өгсөн учраас гомдолд дурдсан асуудал үндэслэлгүй. Баяжуулах үйлдвэр нь нэхэмжлэгч компанийн өмч, хөрөнгө болохыг С ХХК-ийн 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 05/24 тоот албан бичгээр зөвшөөрсөн байсан учраас М ХХК-ийн нэхэмжлэлтэй С ХХК-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэг шаардсан маргаанд сөрөг нэхэмжлэл гаргаагүй. 2616А талбай нь уулын орой дээр байрладаг тул барилга баригдах боломжгүй. Анхнаасаа 2015 онд хамтран ажиллах гэрээг байгуулж, үйл ажиллагаа эхлэхдээ доор байрлах тэгш талбай дээр баяжуулах үйлдвэр барих шийдвэр гарсан. Хариуцагч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг М ХХК-аас авсан зээлийн гэрээний барьцаанд тавихын тулд өмчлөх эрхийн гэрчилгээ хэлэлгүй авахдаа 200 сая төгрөгийн хөрөнгөөр барьсан өөрийн хөрөнгө гэх тодорхойлолтыг С аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өгч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж авсан нь тогтоогдсон. Уг үйл баримтыг бид 2019 оны намар мэдсэн. Одоогийн зах зээлийн ханш 7 тэрбум төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээчийн үнэлгээгээр 4,5 тэрбум төгрөгөөр үнэлсэн. С ХХК-тай 14,5 тонн алтны нөөцтэй гэж хамтран ажиллах гэрээ байгуулсан ч Ө ХХК нэг ч алт аваагүй, 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн учир 2020 оны 07 сард Ө ХХК-аас алтны нөөцгүй газар хөрөнгө оруулалт хийж залилуулсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М ХХК-иар гаргуулсан дүгнэлтээр хамтран ажиллах гэрээний дагуу Ө ХХК нь 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болох нь тогтоогддог. Гэвч иргэний эрх зүйн маргаан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг хаагдсан. Хариуцагч талы санхүүгийн баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй гэх боловч М ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт өгсөн. Хариуцагчийн Т ХК, М ХХК-аас авсан зээлүүдээс баяжуулах үйлдвэрт нэг ч төгрөг зарцуулагдаагүй, зарцуулсан гэх баримт байхгүй. М ХХК-аас зээл авахдаа 2616А талбай дээр Ө ХХК-тай хамтран ажиллаж байна, үлдсэн 4 ашиглалтын талбай дээр 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт хийнэ гэж 15 тэрбум төгрөгийн зээл авсан. Гэтэл 4 ашиглалтын талбай дээр ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй учир Авлигатай тэмцэх газарт мөн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн. 15 тэрбум төгрөгөөс С ХХК нь өөрийн дансаар 7,565,895,000 төгрөгийг, н.Д, н.Б, н.О нар 2,757,330,816 төгрөгийг манай компанийн данс руу оруулаад буцааж авсан баримтуудыг хэрэгт өгсөн. Харин хариуцагчийн өгсөн 4 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтад ашигласан талаарх баримтуудаа мөн гаргаж өгсөн. Уурхайн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон учраас өөрийн хөдлөх хөрөнгүүдээ ачиж явсан. Гэтэл С ХХК-аас С аймгийн цагдаагийн газарт хандаж, цагдаагийн байгууллагаас саатуулахад хууль ёсны Ө ХХК-ийн өмч болох нь тогтоогдсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.5-д заасны дагуу манай өмч болохыг зохицуулсан учир шүүхийн баримталсан хуулийн заалт үндэслэлтэй. Шүүхээс талуудын үндсэн гол маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. 2015 онд М ХХК-аас 15 тэрбум төгрөгийн зээл авах үед манайх өөрийн оруулсан 22 тэрбум төгрөгөөс 11 тэрбум төгрөгийг баяжуулах үйлдвэрт зарцуулж 70 хувьтай баригдсан байсан учраас гэрчилгээг авах боломжгүй байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тус баяжуулах үйлдвэр нь С ХХК-ийн нэр дээр 95 хувийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байсныг үндэслэж М ХХК-иас олгосон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. Гэтэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдахгүй байсан учир шүүхэд хандаж, 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлүүлснээр 2022 оноос хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, эхнээсээ дуудлага худалдаанд орсон. Олон жилийн дараа төлбөр төлөгдөх нөхцөл үүслээ гэж бодтол нэхэмжлэгчээс өмчлөлийн маргаан үүсгэж М ХХК-иас барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учирч байна. Хэдийгээр нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон ч банкны барьцааны эрх хөндөгдөхгүй. Давж заалдах гомдлын шаардлагатай холбоотой анхан шатны шүүхэд тайлбар болон холбогдох нотлох баримтуудыг бүрэн гүйцэт өгсөн.

Иймд хариуцагч С ХХК-ийн гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:  

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав. 

2. Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан С аймаг, М сум, *-р баг, Хэрх, Эрээний аманд байрлах 829 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Ө ХХК, С ХХК-иуд 2015 оны 09 сарын 07-ны өдөр 15/01 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж, С аймгийн М сумын нутагт орших МҮ-2616А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Эрээний алтны үндсэн ордод хамтран ажиллаж, олборлолт явуулах, бүтээгдэхүүн борлуулах, орлого хуваарилах, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэн өгөх, хөрөнгө эзэмших нөхцөлийг харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

4. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.1. 2015 оны 09 сарын 07-ны өдрийн 15/01 дугаартай Хамтран ажиллах гэрээ-ний 4.5-д Анхны хөрөнгө оруулалт болон ашиглалтын явцад бий болсон үндсэн хөрөнгө нь Б талын өмч болно гэж тусгасан;

4.2. Ө ХХК нь П ХХК-тай 2017 оны 05 сарын 16-ны өдөр 01 дугаартай Зураг төсөл боловсруулах гэрээ байгуулж, С ХХК-ийн үйлдвэрийн барилга, захиргаа болон ажилчдын байр, гараж, гадна бохир ус, үйлдвэрийн технологийн бохир усны систем, бохир усны цооногийн зураг төслийн ажлыг 103,566,026 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохиролцсон;

4.3. Ө ХХК нь М ХХК-тай 2017 оны 07 сарын 28-ны өдөр 01/2017-07-28 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, С ХХК-ийн үйлдвэрийн барилгын ажлыг 30,000,000 төгрөгөөр барьж гүйцэтгүүлэхээр тохиролцсон;

4.4. С аймаг, М сумын нутаг дэвсгэрт баригдсан С ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн барилгыг Улсын комисс 2017 оны 08 сарын 14-ний өдрийн 24/2017 дугаартай актаар байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн, уг актад Ө ХХК, П ХХК, М ХХК-иуд комиссын гишүүдээр оролцож, эдгээр компанийн эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурсан;

4.5. С ХХК-аас Ө ХХК-д хүргүүлсэн 2019 оны 05 сарын 24-ний өдрийн 05/24 дугаартай албан бичигт ...Хамтран ажиллах гэрээний 4.5-д заасны дагуу ордыг ашиглахад шаардлагатай холбогдон тусгай зөвшөөрлийн талбайд барьж байгуулсан үл хөдлөх хөрөнгө нь танай компанийн өмч гэдгийг зөвшөөрч байна. ...15/01 тоот Хамтран ажиллах гэрээ-нд дурдсан аль нэг тал гэрээ цуцлах тухай саналаа бичгээр мэдэгдэж харилцан тохиролцоно гэсэн 6.1.2 дахь заалтыг баримтлан гэрээг цуцлах саналаа үүгээр хүргүүлж ... байна гэж дурдсан.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

5.1.Өмнө дурдсан 2015 оны 09 сарын 07-ны өдрийн 15/01 дугаартай Хамтран ажиллах гэрээ-ний 2.3, 2.3.1-д Б тал нь ...МҮ-2616А лицензийн талбайд үндсэн орд ашиглах далд уурхай, баяжуулах үйлдвэр, дэд бүтэц, уурхайн тосгоныг өөрийн хөрөнгөөр барьж байгуулна гэж, гэрээний 2-р хавсралтын Ө ХХК-ийн хариуцагч гүйцэтгэх ажил гэсний 2-т Баяжуулах үйлдвэр барих талбайг олборлолт явуулах үндсэн ордтой ойролцоо байгуулж зам талбайг засч бэлтгэх гэж, 7-д Уурхайн тосгоны байр, баяжуулах үйлдвэрийн байрыг барьж ашиглалтад өгөх гэж тус тус тусгасан байх тул ...тус гэрээг МҮ-2616А тоот талбайд л хамтран ажиллахаар нөхцөл тохирч байгуулсан бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь 2015 оны хамтран ажиллах гэрээний үүргийн хүрээнд бий болсон хөрөнгө биш, маргаан бүхий үл хөдлөх эл хөрөнгийг өөрсдийн ашигт малтмалын МҮ-015618 тоот лицензийн талбай дээр өөрсдийн авсан зээлийн санхүүжилтээр Ө ХХК-аар хариуцуулан гүйцэтгүүлсэн... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.2. Өмнө дурдсан 2019 оны 05 сарын 24-ний өдрийн 05/24 дугаартай албан бичигт ...ажилчдын кэмп... гэсэн үг огт тусгагдаагүй байх тул ...албан бичигт ажилчдын кэмп зэрэг үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 15/01 дугаартай хамтран ажиллах гэрээний дагуу үүссэн хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрсөн... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.

6. Дээрх байдлаар талууд гэрээ, түүний хавсралтад баяжуулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах үүргийг Б тал буюу Ө ХХК-д хүлээлгэж, баяжуулах үйлдвэрийг Б тал буюу Ө ХХК-ийн хөрөнгөөр барьж байгуулахаар тусгасан, үүний дагуу Ө ХХК баяжуулах үйлдвэрийн зураг төслийг бусдаар гаргуулж, барьж гүйцэтгүүлж, улсын комисс ажиллуулж, ашиглалтад оруулсан, улмаар А тал буюу С ХХК нь 2015 оны 15/01 дугаартай хамтран ажиллах гэрээний дагуу барьж байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө нь Б талын буюу Ө ХХК-ийн өмч болохыг хүлээн зөвшөөрч, албан бичгээр хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул хэрэгт авагдаж, зохигчдын мэтгэлцсэн М ХХК-аас авсан зээл, түүний зарцуулалт, уг зээлийн гэрээтэй холбоотой маргаан хэрхэн шийдвэрлэгдсэн байдал, эрүүгийн журмаар шалгагдсан хэрэг, уг хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн байдал, баяжуулах үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн үнэлгээ, уг баяжуулах үйлдвэрт хамтран ажиллагч компаниудын зүгээс оруулсан хөрөнгө, түүний хэмжээ зэрэг нь тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах-тай холбоотой маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

7. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч маргаанд хамааралгүй буюу өмчлөгчийн эрхийг хязгаарлахтай холбоотой, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болохтой холбоотой хуулийн зохицуулалтыг баримталсан, мөн хариуцагч С ХХК улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэх эрхгүй этгээд байтал өмчлөгчөөр бүртгүүлэх-ийг түүнд даалгаж шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралгүй буюу үндэслэх хэсэгт дүгнэгдвэл зохих асуудлыг тогтоох хэсэгт дурдсан зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

8. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж, 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М ХХК-ийн буюу барьцаалагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

9.  Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/01862 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...103 дугаар зүйлийн 103.1, 110 дугаар зүйлийн 110.1-т тус тус... гэснийг ...100 дугаар зүйлийн 100.1-т... гэж,

мөн заалтад ...бүртгүүлэхийг хариуцагч С ХХК-д даалгасугай... гэснийг ...бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч С ХХК-д даалгасугай... гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь хасч,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын дугаарлалтыг 3 гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч С ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 2,117,966 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН  

Д.НЯМБАЗАР