Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 63

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат нарын бүрэлдэхүүнтэй,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,  

            Иргэдийн төлөөлөгч: Г.О,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Ө,            

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч: М.М,

            Шүүгдэгч: Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Э-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох 1935000590014 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 27-нд ... төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, 2 дүүгийн хамт ... тоотод оршин суух Э.М /регистрийн дугаар:/. 

          

Хэргийн товч утга /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Э.М нь Увс аймгийн ... тоотод буюу төрсөн аав Т.Э-ийн гэрт 2019 оны 02 дугаар сарын 08-ны өглөө хохирогч Э.А-ыг цээжин тус газар нь нэг удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Э.М-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Э.М нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өглөө ... тоотод байрлах гэртээ хохирогч Э.А-ийн цээжин тус газар нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Манай нөхөр А бид хоёр хүүхдүүдтэйгээ 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Наранбулаг сум руу манай аав ээжтэй золгохоор яваад 02 дугаар сарын 08-нд ирэх гэж байтал миний нөхрийн найз М 2019 оны 02 дугаар сарын 07-ны шөнө А руу залгаад А-т хандаж “Найз нь танай аав, ээж дээр золгохоор ирэхэд танай дүү нар намайг зодож хөөж явууллаа” гэхээр нь бид хоёр Наранбулаг сумаас гарч 2019 оны 02 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 01 цагт гэртээ ирээд бид хоёр хадам аавын гэр лүү ороход хадам аавын гэрт хадам аав Э, хадам дүү А, Б болон авга ах С нар согтуу, том ах нь болох М эрүүл байсан. Бид хоёр тэднийхээс гарч зодуулсан найзууд дээр нь очихоор яваад эхлээд Зурхайгийн гэрт очоод уучлал гуйгаад, дараа нь М-ийн гэрт очсон. Тэгээд тэнд цай хоол идээд М-аас уучлалт гуйгаад 1 шил 0,5 литрийн архийг М, А, М-ийн эхнэр бид нар хуваааж уучихаад 03 цаг өнгөрөөд 04 цаг болж байхад гэртээ ирэхэд хүүхдүүд бүгд унтаж байсан. Би унтая гэхэд миний нөхөр А аавынхаа гэр лүү орохоор нь би араас нь дагаад ороход А аавынхаа гэрт ороод та нар хүнийг хүндлээд ирж байхад хүнийг зодож явуулдаг нь ямар учиртай юм бэ? гэж уурлаж хоёр дүү болох А, Б нарыг нэг нэг алгадахад тэр хоёр нь босож ирээд А-ийг орон дээр дарахад А намайг босго гэхэд дүү нар нь босгохгүй байхаар нь бага дүү Б-хаа гарыг хазсан. Тэгтэл том ах нь болох Э.М шкаф дээр байсан бариулгүй хутга аваад дайрахад С ах булааж авах үед миний дүү Г манай гэрт байсан болохоор орж ирээд “Та энд байх хэрэггүй. Эд нараар алуулах юм шиг байна. Хоёулаа гаръя” гээд намайг хадам аавын гэрээс аваад гарсан. Яг тэр үед М дахин би А-ийг заавал ална гээд шкаф руу хөдөлсөн тэр үед миний дүү намайг гэр лүү аваад орчихсон. Тэгээд гэртээ орчихоод буцаад хадам аавын гэрлүү орох гэхэд миний дүү намайг гаргаагүй, мөн миний хүүхэд уйлахаар нь би хүүхдээ хөхүүлж байтал аавынд байсан хүмүүс дуугүй болчихоор нь учраа олоод унтчихсан байна гэж ойлгоод унтчихсан. Э.А бага дүү Б-ыг чи яагаад архи уудаг юм, та нар яагаад хүн ирж байхад зодож хөөж байгаа юм бэ? гэж уурласан. Тэгтэл зодоон болж Б-ын гарыг Э.А хазахад Э.М шкаф дээрээс хутга аваад дайрч байсан.  Э.А бид хоёр 2010 оноос хойш үерхэж нөхөрлөөд 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болсон. Бид хоёр 2012 онд том хүү Д-г, 2015 онд охин Ц, 2016 онд охин Х, 2018 онд охин О нарыг төрүүлж, төрж 4 хүүхэдтэйгээ амьдарч байсан.  Э.А нь бусадтай зөв боловсон эелдэг харьцаатай, ажилсаг, хөдөлмөрч, хүнд тусархуу, амьдралын төлөө зүтгэдэг, гэр бүл үр хүүхэддээ халамж анхааралтай. Шударга, хийж бүтээнэ гэж төлөвлөсөн зүйлээ заавал хийж гүйцэтгэдэг, зорилготой зорилгынхоо төлөө зүтгэдэг залуу байсан. Тамхи татдаггүй, хааяа нэг найз нөхдийн хүрээнд л архи хэрэглэдэг өөр муу зуршил байхгүй. Өөрийнхөө өрх гэрийг тэжээхээс гадна хадам аав, ээж ах, дүү нараа тэжээж байсан. Би маш их гомдолтой. Би ганц Э.М-д бус хоёр дүү нь болох А, Б нарт ч гэсэн гомдолтой. Би Э.М-д хуульд заасан дээд ялыг оноож өгөхийг хүсэж байна. Мөн А, Б нар ч энэ хэрэгт холбогдолтой учир А, Б нарт ч гэсэн холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож өгөхийг хүсэж байна. Би Э.М-аас нэхэмжлэх зүйл гэвэл зээлээ төлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52, 53-54-р тал/,

гэрч Н.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нар 2019 оны 02 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 01 цагт А ахын гэрт ирээд нүүрс түлээ хийгээд би тэдний хүүхдүүдийг хараад А ах Н.Ө эгч хоёр хадам аавынхаа гэр лүү орчихоод найзуудынхаа гэрт очиж уучлалт гуйна гээд явсан. Би А ахын хүүхдүүдийг унтуулчихаад өөрөө унтаж байтал шөнө дунд хажуу айлын хүмүүс орилоод байхаар нь би сэрээд хажуу айл буюу Э ахын гэр лүү ороход тэдний гэрт А ах, А, Б нартай маргалдаад зодолдож байхаар нь би очоод салгах гэхэд А ах дийлдээгүй. Тэгтэл А, Б нар А ахыг орон дээр дараад авахад нь А ах Б-ын гарыг хазахад Б орилоход том ах нь болох Э.М шкаф дээрээс хутга авч А ах руу дайрахад С ах хутгыг нь булааж авсан. Би тэр хүмүүсийг дийлэхгүй юм байна. Тэнд байвал зодуулах юм байна гэж бодоод Н.Ө эгчийг гаръя гээд Эрдэнэпил ахын гэрээс гаргаж гэр лүү нь оруулсан. Гэртээ орчихоод Н.Ө эгч буцаад гарна гэхэд нь би “Та хэрэггүй тийшээ орвол алууна” гээд гаргаагүй. Тэгж байтал шуугилдаж байсан хүмүүс нам гүм болчихоор нь унтчихсан юм байна гэж бодоод хэвтээд амарсан. А ахыг хутгалж байхыг нь хараагүй Э.М эхлээд хутга аваад ална гээд дайрахад С ах хутгыг нь булааж авсан. М яг галзуу хүн шиг л болчихсон орилоод ална гээд дайраад байхаар нь би эгчийгээ зодуулчих байх гэж бодоод аваад гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р тал/,

гэрч Э.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Цагаан сарын баярын шинийн 3-ны өдөр манай ах А-ийн найз болох З, М нар манай гэрт ирж аав, ээжид золгохоор нь миний дүү Б бид хоёр “Та нар гэнэт миний аав ээжийг санав уу?” гээд тэр хоёрыг гарч зайл гээд хөөгөөд явуулсан. Тэр хоёр явсны дараа Б бид хоёр 1 шил архи, 1 ширхэг 2.5 литрийн пиво байсныг задлаад ууж байтал А ах Наранбулаг сумаас орж ирээд Б-ыг өшиглөчихөөд 2 найзынхаа гэр лүү явсан. А ах явсны дараа Б бид хоёр архи пивоо ууж дуусгаад байж байтал шөнө дунд 04 цагийн үед найзуудынхаа гэрээс ирчихээд манай гэр лүү орж ирээд Б бид хоёрыг өшиглөж, энгэр заамнаас барьж аваад цохиод, том ах М-ыг бас цохиод бид нарыг ална гээд байхаар нь Б бид хоёр түүнийг дараад орон дээр хэвтүүлэх гэхэд “Та нар намайг босго, та нарыг ална” гэж орилоод Б-ын гарыг хазсан. Тэгтэл М ах наадахыг чинь би ална гээд хутга аваад далайхад нь С ах хутгыг нь булааж авсан. Тэгтэл дахин шкаф руу эргээд нэг хутга аваад А руу зооход мөр, эгэм хэсэгт зоогдсон. Тэгээд түүнийг сугалаад дахин зоох гээд гараа далайхад нь Б цааш нь түлхээд С ах дахин нөгөө шар хутгыг нь булааж авсан. Тэгтэл А ахын мөрнөөс нь цус гарахаар нь би түүнийг нь гараараа дарж тогтоогоод дэргэд нь байсан хүзүүний ороолтоор цусыг нь тогтоогоод эмч дуудаж үзүүлэхэд нас барсан байна гэж хэлсэн. Б, М ах бид 3 нийлж А ахыг хутгалаагүй, нэг мэдэхэд л М ах хутга авч ирээд хутгалчихсан. Бид нарын дунд өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р тал/,

гэрч Т.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 ны 02 дугаар сарын 07-ны орой миний хүү А-ийн найзууд эхнэр бид хоёртой золгохоор ирэхэд нь миний бага хүү Б тэд нарыг та нар миний аав, ээжийг үл хүндэллээ шинийн 1-нд ирж золгох учиртай байтал шинийн 3-нд ирлээ, та нар одоо манай гэрээс гарч зайл гээд зодох шахам хөөгөөд гаргасан. Тухайн үед Б архи уучихсан согтуу, гадуур айл хэсэж архи уугаад ирчихсэн байсан. Тэгээд миний хүү А, бага хүү Б нар 1 шил архи уугаад сууж байтал шөнө 2 дахь хүү талийгаач Э.А Наранбулаг сумаас ирж гэртээ орчихоод манай гэр лүү орж ирээд А, Б нарт хандаж “Та нар архи уугаад байдаг ямар учиртай юм бэ? ирсэн хүнийг хөөж туугаад байдаг яах гээд байгаа пиздаанууд бэ?” гэж хэлээд А, Б нарыг өшиглөчихөөд гараад явсан. Тэгээд гэр лүүгээ орж эхнэрээ дагуулаад найзуудаасаа уучлал гуйна гээд хашаанаас гарч яваад шөнө дунд 04 цагийн үед ирэхэд нь манай гэрт миний дүү С, том хүү М, хүү А, Б, эхнэр бид нар байсан бөгөөд манай гэрт байсан хүмүүсээс М миний эхнэр О нараас бусад нь согтуу байсан. А манай гэрт орж ирээд А, Б нар пиво уугаад сууж байтал А, Б нарыг “Та хоёр одоо яах гээд байгаа пизданууд бэ?” гэж хэлээд нэг нэг өшиглөсөн. Тэгтэл А “Та яагаад байгаа юм бэ? Агаа” гэхэд “Яадаг юм бэ? Та нар яах гээд байна” гээд агсамнаад Б-ыг “Чи хүн амьтан ирж байхад хүнийг хөөж туудаг хэн юм бэ?” гээд толгой руу нь гараараа цохиод энгэр хэсгээс нь заамдаж аваад хоолойг нь боосон тэгтэл А уурлаж А руу дайрахад А А-г мөн нүүрэн тус газар нь цохисон. Тэгтэл А, Б хоёр А-ийг баруун талын орон дээр дараад унагаахад А Б-ын хурууг хазахад М “Наадах пиздаг чинь би алчихъя” гээд шкаф дээр байсан хутга аваад дайрахад С тэр хутгыг нь булааж авсан. Тэр үед манай бэр А-ийн эхнэр Ө орж ирсэн байж байтал түүний дүү Г Ө-г аваад гараад явчихсан. Тэгээд М шкафнаас дахин хутга хайгаад шкафны ард байсан шар өнгийн бариултай жижиг хутгыг аваад орон дээр байсан А-ийн цээж рүү зоогоод, хутгаа сугалж аваад дахин зоох гээд далайхад Б түлхэж зайлуулахад С хутгыг нь авч Э.М-ын биеэс холдуулсан. Тэгээд Э.А-ийн цээжнээс цус гарч Э.А дуугарч чадахгүй болохоор нь 99965806 дугаараас эмнэлэг дуудаж эмч ирж үзээд амьсгал хураасан байна гэж хэлсэн. А агсамнаад М, А, Б нарыг цохиод байхаар нь А, Б нар орон дээр дараад авчихсан байсан тэр үед М уурлаж хутга авч хутгалсан. М-ыг 2 удаа цохичихоод дахин М-ыг цохих оролдлого хийгээгүй. А-ийг А, Б нар дарчихсан байсан болохоор М руу дахин дайрч чадаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60, 61-62-р тал/,

гэрч Э.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Шөнө дунд миний ах А Наранбулаг сумаас ирээд манай гэрт орж ирээд намайг “Чи муу яагаад хүн хөөж туугаад байгаа юм бэ?” гэж хэлээд  өшиглөчихөөд гэр лүүгээ ороод эхнэр Ө-г дагуулаад найзуудынхаа гэр лүү явсан А ах Ө эгч хоёр хашаанаас гараад явахад С ах манайд орж ирсэн. С ах гаднаас орж ирэхдээ архи уучихсан орж ирсэн. Тэгээд А ах явсны дараа А ах бид хоёр архи, пивоо ууж дуусаад байж байтал шөнө дунд 04 цагийн үед А ах найзуудынхаа гэрээс ирчихээд манай гэр лүү орж ирээд намайг өшиглөж унагаасан. Би А ахын өмнөөс “Та яагаад байгаа юм бэ?” гэж хэлэхэд цааш нь эргээд А ахыг нүүрэн тус газар нь цохиход нь би босож А руу дайрч А ах бид хоёр А ахыг баруун талын дээд талынхан орон дээр дараад унагаахад “Намайг босго, би та нарыг бүгдийг нь ална” гээд орилоод байхаар нь А бид хоёр дарж байтал миний баруун гарын долоовор хурууг А ах хазахаар нь би орилж хашгираад гараа сугалаад авахад миний том ах Э.М А ах руу хутга авч дайрахад С ах хутгыг нь булааж авсан. Тэгтэл цааш нь эргээд шкаф дотроос юм хайгаад дахин нэг жижиг шар бариултай хутгыг авч А руу зооход түүний мөр хэсэгт зоогдсон, хутгаа сугалаад дахин зоох гээд гараа далайхад нь би Э.М-ыг түлхэж холдуулахад С ах дахин нөгөө шар хутгыг нь булааж авсан. А ахын мөрнөөс цус гарахад нь А ах гараараа тэр хэсэгт нь дараад зогсоосон бөгөөд өөрийнхөө хүзүүний ороолтоор тэр хэсэгт нь дараад байж байгаад эмнэлэг дуудахад эмч ирж үзээд нас барчихсан байна гэсэн.  А ах М ах бид 3 А ахыг ална гэж бодоогүй. А ах А бид хоёрыг зодоод байхаар нь бид хоёр түүнийг дарж босгохгүй гэж байтал миний гарыг хазахад нь би орилсон тэгэхээр нь М ах түүнийг хутгалсан. Бид гурав нийлж ахыгаа алаагүй. Бид нарын дунд ар авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Э.А ах Э.М-ыг 2 удаа цээж, нүүр лүү нь цохиод Э.М ах хойшоо газар унасан. Э.А гэрт орж ирээд А, бид хоёрыг цохиход нь Э.М ах зуухны доод талд зогсож байгаад “Хуягаа чи одоо боль ах дүү нар чинь найз нөхдөөс чинь үнэгүй болчихсон юм уу? Бид нарын тус дэм чамд багадаагүй байгаа шүү” гэж хэлснээс болж Э.А ах Э.М-ыг 2 удаа цохисон Тэгээд дахин А бид хоёрыг цохиход нь А бид хоёр орон дээр дарж унагаад байж байтал Э.М ах хутгалчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64, 65, 66-67-р тал/,

гэрч Т.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би хоёр айлд орж цагаан сар хийгээд тэндээ архи уугаад 3 дахь айл руу орж архи уугаад согтоод гэртээ хариад амарч байгаад архи хайгаад ах Э-ийн гэрт шөнө болчихсон байхад явж ороход миний өөдөөс А гарч явсан. Тэгээд би тэдний гэр лүү явж ороод Э ахын ууж байсан архинаас уугаад тасарсан байсан. Тэгж байтал шөнө дунд А ирээд Б, А нарыг өшиглөөд хоолойг нь боогоод цохиход нь А А-ийг араас нь тэврээд Б урдаас нь дарж байтал А та нар намайг босго би та нарыг бүгдийг чинь ална гээд Б-ын гарыг хазахад Б орилсон. Тэгж байтал М уурлаж шкаф дээр байсан бариулгүй хутга аваад би наадахыг чинь алаад хаячихая ямар даварсан баас бэ? гээд дайрсан. Тэгтэл би тэр хутгыг нь булааж авахад дахин цааш нь эргээд нэг хутга аваад Алтанхуягийн мөр нь тус газар зоогоод  хутгаа сугалж аваад ална гээд дахин зоох гээд дайрахад нь Б түлхээд холдуулахад би тэрний гараас хутгыг нь булааж авсан. Тэгээд эмнэлэг дуудаж үзүүлэхэд нас барсан байна гэж эмч хэлээд явсан. Талийгаач Э.А нь тэр хоёр айлын бүх данс төлбөр тооцоог барьж тэр хоёр гэр бүлийг тэжээн тэтгэж явдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69, 70-71-р тал/,

гэрч Ц.О /М/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2019 оны 2 дугаар сарын 07-ны орой эхнэр Ц, найз Б /З/, түүний эхнэр М нарын хамт найз А-ийн аав, ээжтэй золгохоор 18-19 цагийн гэрт нь очиход Э ах болон Б, А нар согтуу байсан. М болон ээж нь эрүүл байсан. Аав, ээжтэй нь золгосны дараа Б, А нар “Та нар яагаад шинийн 3 ирж байгаа юм бэ? Манай найзууд шиг шинийн нэгэнд ирсэн” гээд бид нарыг гэрээсээ хөөхөөр нь бид нар гараад явсан. Би тэднийхээс гараад өөрийн найз А-ийн ... дугаар луу залгаад “Танай хоёр дүү нар согтуу байна. Танай аав, ээжтэй золголт хийх гээд очиход хэрүүл маргаан үүсгэж зайл гэж хэллээ гэж хэлэхэд А “Найз нь очоод асуудлыг чинь шийднэ, учрыг нь олно, эсхүл та нар намайг ирээд авчих би Наранбулаг суманд байна” гэхээр нь би очиж авч чадахгүй гэж хэлсэн. Намайг эхнэр, хүүхдийн хамтаар гэртээ байхад ойролцоогоор 22 цагийн үед Э.А эхнэрийн хамтаар манайд ирсэн бөгөөд золголт хийгээд юу болсон талаар надаас асуусан. Би аавынх нь гэрт болсон асуудал гэрээс нь хөөлгөсөн талаар хэлэхэд найз нь орой очоод учрыг нь олно гэж хэлсэн. А эхнэрийн хамтаар манай гэрт байж байгаад ойролцоогоор 30-40 орчим минут болоод гараад явцгаасан. Түүнээс хойш би дахиж Э.А найзтайгаа холбогдоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р тал/,

гэрч С.Б /З/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2019 оны 2 дугаар сарын 07-ны орой Маамуу бид хоёр эхнэрийн хамт найз А-ийн аав, ээжтэй золгохоор очиход Э ах болон Б, А нар согтуу байсан. М болон ээж нь эрүүл байсан. Аав, ээжтэй нь золгосны дараа Э.А-ийн дүү нар надтай маргалдаж, зодох гээд дайраад байхаар нь гарч зугтсан юм. Талийгаач Алтанхуягийн хашааны хойд талд автомашинд суучихсан байхад А-ийн бага дүү буугаад ир гээд миний автомашины хаалганы цонхыг цохиод хойд талын салхины шилийг цохиод хагалчих гээд байхаар нь О-ыг наад нөхрөө холдуулж бай би автомашинаа холдуулчихаад ирье тэгэхгүй бол цонх хагалчих гээд байна гэж хэлчихээд автомашинаа асаагаад автомашины холдуулж өөр гудамжинд тавьчихаад буцаж очоод Ц.О-ыг Э.А-ийн дүү нартай маргалдаж байхад нь салгаад зугтаад автомашинд суугаад О-ыг гэрт нь хүргэж өгөөд би эхнэрийн хамтаар гэр лүүгээ явчихсан. ... Манай найз А өөрийн эхнэрийн хамтаар шөнө манай гэрт ирсний дараагаар хоол унд идчихээд ЗО-40 орчим минут хугацаатай сууж байгаад явсан. Манай гэрт байхдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Манай гэрээс гарахдаа М-ийн /О/ гэрт очно гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р тал/,

гэрч С.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “А өөрийн эхнэрийн хамтаар манай гэрт ирээд манай нөхөр О-аас уучлалт гуйсан. Манай нөхөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас гомдож уйлаад танай дүү нар надтай хэрэлдэж, маргалдаад агсам согтуу тавиад цохьё гэхээр цохих газар олдохгүй, багаасаа мэддэг хүүхдүүдийг яаж цохих юм бэ? Гомдохоос өөр яахав гэж ярьж байсан. А цохихгүй яасан юм гэж хэлээд нөхөр Ц.О-ыг тайвшруулсан. А төрсөн аав Э-ийн гэрт болсон үйл явдлын талаар асуухад болсон үйл явдлын талаар хэлсэн. Тэгээд би гэрт архи байхгүй болохоор бэлгэнд өгсөн 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архийг задалсан. Тухайн архийг хувааж ууж дуусаад, манай нөхөр Ц.О А-ийн гэрт очно гэж хэлээд гараад явах гэхээр нь би өөрийн нөхөр Ц.О-д чи тэндээ хоночихоорой гэж хэлсэн. А эхнэрийн хамт, манай нөхөр Ц.О нар гэрээс гараад удалгүй 2 литрийн Сэрүүн нэртэй пиво, 1 хайрцаг "эссэ" нэртэй тамхи авч орж ирсэн. Та нар А-гийн гэрт хононо гэсэн яасан юм бэ? гэхэд О гэртээ хононо гэхээр нь хүргэж ирлээ гэж хэлсэн. Тэгээд тухайн пивийг бид нар хувааж угаад А, түүний эхнэр Ө нар шөнө 03 цаг өнгөрч байхад манай гэрээс гараад явсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77-р тал/,

гэрч Н.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Э.А нь миний нөхөр Б-ын найз юм. 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр А-ийн аав Э болон ээж О нартай нь золгохоор 18-19 цагийн үед явж очиход тэдний гэрт Э ах голын орон дээр архи уучихсан байдалтай сууж байсан, О эгч зүүн талын орон дээр суугаад зуухны дээд талд А, Б хоёр цээж нүцгэн хоорондоо хэрэлдэж байсан, том ах нь болох Э.М гэрийнхээ хоолны шкафны хэсэгт юм хийгээд явж байсан. Бид нарыг ороход А, Б нар цээж нүцгэн хэрэлдэж байхыг манай хүүхэд хараад уйлахаар нь би хүүхдээ аваад Э ах, О нарт золгож чадалгүй гараад явчихсан. Тэгээд хүүхдээ машиндаа суулгачихаад буцаад ороод ирэхэд Б, А хоёр “Та нар миний аав ээж дээр шинийн 3-нд ирж золгодог хэн бэ? Гарч зайлцгаа та нарыг зодно ална” гэхээр нь М буюу О үлдээд тэр хоёр залууг миний дүү нар тэгж болдоггүй юм гээд аргадаад үлдсэн Б бид хоёр О-ын эхнэр Ц-тэй цуг хүүхдүүдээ аваад машиндаа сууж байтал Б гарч ирээд Б-ыг ална гээд машины шил рүү цохиход нь О түүнийг аваад гэр лүү нь оруулчихаад гарч ирээд бид нар тэдний үүднээс зугатаагаад явцгаасан. Бид нарыг Э ахын гэрт очиход А эхнэр хүүхдүүдтэйгээ байхгүй байсан бөгөөд гэртээ очоод байж байтал шөнө А эхнэртэйгээ манайд орж ирээд Би Наранбулаг суманд хадамынхаа айлуудаар очоод ирлээ. Намайг явсны араар манай дүү нар архи уучихсан байна бас та нарыг хөөж явуулсанд уучлаарай гэж хэлчихээд цай ууж, хоол идчихээд одоо О гэрт очоод гэр лүүгээ явна гээд манайхаас гараад явсан. Маргааш нь нас барсан талаар нь цагдаагаас мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р тал/,

гэрч Б.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн их эмчээр ажилладаг. 2019 оны 02 дугаар сарын 07-08-ны өдрийн хооронд би жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. 2019 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 04 цаг 30 минутанд Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг А дэлгүүрийн хашаанд Э.А нь бусдад хутгалагдсан цус алдаж байна гэсэн дуудлага ирсний дагуу 04 цаг 32 минутанд эмнэлгээс гарч 04 цаг 35 минутанд дуудлаганд явж очсон. Дуудлагаар явж очиход 30 орчим насны эрэгтэй хүн цээжний дээд хэсэг эгэмний дээр гүрээний судасны дагуу хутгалагдсан байдалтай амьсгал зүрх судас бүрэн зогссон байсан тул ямар нэгэн эмчилгээ хийгээд үр дүнгээ өгөхгүй тул ямар нэгэн эмчилгээ хийгээгүй. Намайг анх очиход хутгалсан гэх залуу намайг тосож аваад гэрт орсон, гэрт явж ороод би энэ хүн нас барсан байна. Хэн ингэсэн бэ? гэхэд намайг тосч авсан залуу “би хутгалсан” гэж хэлсэн. Тэгээд нас барсан гэдгийг хэлэхэд толгойн дээр сууж байсан залуу М чи хүн алчихлаа гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 93-р тал/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-17-р тал/,

Увс аймгийн Прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 5/08 дугаартай “Хойшлуулашгүй тохиолдолд чвуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай ” прокурорын тогтоол /хх-ийн 19-20-р тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-24-р тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 27-36-р тал/,

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай “Талийгаач Э.А-ийн биед: Цээжний баруун талын хутгалагдаж нэвтэрсэн шарх, баруун талын эгэмний артерийн судасны зүсэгдсэн гэмтэл, цээжний баруун талын хөндийн цус хуралт, баруун талын уушигны авчилт, хоёр дал, баруун гарын бугалга, шууны хэсэгт өнгөц зулгаралт, улайлт зэрэг гэмтэл үүссэн байна. Талийгаачийн цээжний баруун талд үүссэн цээжний хөндийрүү нэвтэрсэн шарх нь хурц ир үзүүртэй багажийн нэг удаагийн үйлчлэлээр, дал, бугалга, шууны хэсгийн гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Э.А нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг тогтоох зорилгоор цусанд болон ходоодны агууламжинд шүүх-химийн шинжилгээ хийхэд хүнд зэргийн согтолттой байсан байна.. Талийгаачид архаг хууч өвчин байгаагүй байна. Э.А-ын үхлийн шалтгаан нь цээжний баруун талын нэвтэрсэн хутгалагдсан шархны улмаас баруун талын эгэмний артерийн судас гэмтээж цээжний хөндийд их хэмжээний / 3 литр / дотуур цус алдаж амьсгал, зүрх судасны хурц дутлаар нас барсан байна.” гэх дүгнэлт /хх-ийн 149-152-р тал/,

 

 шүүгдэгч Э.М-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ... 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр цагаан сарын шинийн 3-ны өдөр байсан 17-18 цагийн үед миний талийгаач дүү Э.А-ийн найз М, З гэдэг хоёр залуу эхнэрийн хамт манай аав, ээжтэй ирж золгосон. Тэгтэл миний дүү Б М, З хоёрыг та хоёр шинийн 1-нд ирж золгох ёстой байтал миний аав, ээжийг хүндэлсэнгүй зөвхөн А-ийг л хүндэлж ирж байна гээд манай гэрээс хөөж гаргасан. Миний дүү А хадамуудынхаа гэрээр цагаан сар хийхээр Н сум руу яваад шөнө дунд гэртээ ирчихээд манайд орж ирээд Б, А хоёрыг архи уулаа, хүн гэрээсээ хөөж явууллаа гэж нэг нэг өшиглөчихөөд манай аавын гэрээс гарч найзуудынхаа гэр лүү явсан. А-гийг хашаанаас гарч явахад С ах манай гэрт орж ирээд манай аав Э, С хоёр 1 шил архи, А, Б хоёр 1 шил архи, 1 ширхэг 2,5 литрийн пиво уугаад тэд нар архиа уугаад дуусаж байтал шөнө дунд 04 цагийн үед Алтанхуяг манай гэр лүү орж ирээд дүү Э.Б-ыг чи миний найзуудыг гэрээс хөөж гаргаж явуулдаг ер нь хэн бэ? гэж хэлээд нүүрэн тус газар нь цохиод хүзүүг нь бооход нь А салгах гэхэд А-ийг мөн нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Тэгэхээр нь би тэр 3-ыг салгах гэхэд Алтанхуяг намайг 2 удаа цохиход нь би уурлаж бид нар ямар хэрэг хийсэн юм чамайг ална шүү гэж хэлсэн. Тэгж байтал А-ийг А, Б хоёр орон дээр дараад хэвтүүлэх гэхэд А бид нарыг ална гээд орилоод Б-ын гарыг хазахаар нь би уурлаад “Наадах пиздаг чинь би ална” гээд хутга аваад дайрахад миний аавын дүү С миний гарт байсан хутгыг булааж аваад хураасан. Тэр хооронд манай гэрт байсан Ө-г түүний дүү нь орж ирээд аваад гарсан. Тэгээд би цааш нь эргэж хоолны шар шкафан дээр байсан шар өнгийн жижиг хутгыг аваад дахин дайрч орон дээр хэвтэж байсан А-ийн цээжин тус газар нь зооход хүзүүний хажууд нь нэг удаа хутгалагдсан. Тэгтэл тэр хутгыг С аваад цааш нь хаячихсан. Тэр үед А орон дээр хэвтэж байгаад амьсгал хураасан. Эмнэлэг дуудахад эмч 10 орчим минутын дараа ирж үзээд үхсэн байна гэж хэлсэн. Тухайн үед миний уур хүрсэн учир нь архи уучихаад ирж найзаа өмөөрч дүү нараа болон намайг цохихоор нь би уурлаж уурандаа дүүгээ хутгалчихсан. Бид нарын дунд өш хонзонгийн асуудал байхгүй. Өр авлага гэвэл байгаа, би 16 наснаас хойш жил бүр хийсэн ажлынхаа хөлсийг би зөвхөн А-т л өгдөг байсан. Би төрсөн дүүгээ алсандаа маш их харамсаж эмзэглэж байна, надад хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү?” гэх мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар  нотлогдсон байна.

Шүүгдэгч Э.М нь 2019 оны 02 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө өөрийн гэрт төрсөн дүү Э.А-ийн цээжний баруун талд хутгалж амь насыг нь хохироосон хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Увс аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч нарын 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаартай  “ Э.М нь сэтгэцийн хувьд эрүүл. Э.М нь болсон үйл явдлыг зөв тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгч чадна. Э.М нь хэрэг хариуцах чадвартай.” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 143-144-р тал/ -ээр шүүгдэгч Э.М нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай байна.

           

            Шүүгдэгч Э.М нь амь хохирогч Э.А-ийг хутгалахад түүний амь нас хохирч болохыг мэдсээр байж зориуд хутгалсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

           

            Иймд шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Э.М нь “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

  1. Шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Э.М нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ө “Э.М 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн зээл төлүүлэх хүсэлтэй байна” гэж мэдүүлж байгаа боловч уг зээл нь хэзээ, ямар зориулалтаар авагдсан, хэрхэн юунд зарцуулсан талаарх баримт хэрэгт авагдээгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.М-ын хувийн байдлын талаар гэрч Н.Ц-ийн: “Э.М-ын ээж О нь миний төрсөн эгч, би Э.М-ын нагац эгч нь байгаа юм. Э.М нь эхээс 4-үүлээ айлын том хүү бөгөөд доороо 3 эрэгтэй дүүтэй байгаад 1 дүү нь нас барж одоо 2 дүүтэй. Э.М болон түүний дүү нар нь тодорхой эрхэлсэн ажилгүй. Э.М нь олдсон ажил гололгүй хийдэг. Зуны улиралд барилгын туслах ажилтанаар голдуу ажилладаг яг тодорхой ажилладаг байгууллага барилгын компани гэж байхгүй хувь хүмүүс дээр голдуу ажилладаг. М нь боловсрол мэргэжил байхгүй сургуульд сурч байгаагүй харин 1 жилийн цэргийн албанд яваад ирсэн. Э.М нь найз нөхөд гэж хүн байхгүй. Зан байдлын хувьд бусдад тусархуу, ажилласаг хөдөлмөрч, хүнд туслах гэж их хичээдэг, шударга зантай залуу байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81-р тал/, гэрч Н.Г-ийн: “... Би Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн Засаг даргаар 12 жил ажиллаж байна. Э.М нь хүнтэй инээж харьцдаг, даалгасан ажилд хариуцлагатай, хар бор ажилд сайн. Хүний үгнээс гараад байдаггүй, бусадтай харьцах харьцаа сайн. Э.А-ийн үгэнд сайн ордог, Э.А тэр айлыг удирдан амьдрал ахуйг нь чиглүүлж явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р тал/, гэрч Г.Б-ийн: “...Би Увс аймгийн Улаангом сумын 5, 11 дүгээр багийн зохион байгуулагчаар ажилладаг. Э.М-д найз нөхөд гэж байдаггүй байх, ер нь байнга л ганцаараа дуу аялчихсан явж байдаг. Зан байдлын хувьд хүнтэй инээж харьцдаг, бусадтай зөв боловсон шудрага зантай. Хүний даалгасан ажлыг сайн гүйцэтгэдэг.” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р тал/, гэрч Д.Г-ийн: “... Т.Эрдэнэпил гэдэг айлтай 2002 оноос хойш 17 жил айл хөрш амьдарсан. Би тэр айлыг маш сайн мэднэ. Залуучуудыг нь ч гэсэн танина. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаагүй. Т.Эрдэнэпилийн залуучууд хоорондоо том том дуугаар хэрэлддэг л болохоос бие биетэйгээ барьцалдаж зодолдож байгаагүй. Боловсрол муутай учраас их бүдүүлэг гэхдээ гэр бүлийн дарамт үзүүлээд гэр бүлдээ хүчирхийлэл үйлддэг хүн байгаагүй. Э.Мөнхбат бусадтай зөв боловсон харьцаатай, хааяа нэг ямар өвчин хөдөлдөг юм мэдэхгүй гөжүүд хэгжүүн, шазруун зантай болчихдог зарим үед хүний эв олоод бусадтай зөв боловсон харьцаад явчихдаг. Тодорхой эрхэлсэн ажилгүй олдсон ажлыг л хийдэг. Э.Мөнхбатад ер нь найз гэж байхгүй, хүнтэй нөхөрлөөд найзархаад яваад байдаггүй ганцаараа л дуу аялчихсан явж харагддаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87-р тал/, гэрч Ц.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Э.М бид хоёр 15 жил найзлаж нөхөрлөж байна. Э.М бид хоёр анх хог түүж байгаад танилцсан. Э ахын гэр бүл амьдрал ахуй, манай амьдрал ахуй их хүнд хэцүү байсан. Бид хоёр цуг дотно найзлаад байдаггүй хааяа уулзахаараа амьдрал ахуйгаа яриал цуг хогийн хөтөл яваад л ирдэг байсан. Э.М бид хоёр аль аль нь амьдралын боломжгүйгээс болж сургуульд сурч чадаагүй. Сургуульд ороод ч ном дэвтэр авах боломжгүй байсан тул сургуулиас гарчихсан. Тэгээд багаасаа аль олдсон ажил төрөл хийгээд байсан. Э.М бид хоёр 2007 оны намар цэргийн албанд татагдаж Завхан аймгийн Завхан тэс суманд байрлах хилийн цэргийн 0277 дугаар ангид 1 жилийн цэргийн алба хааж 2008 оны намар ирсэн. Бид хоёр цуг нэг ангид нэг салаанд цэргийн алба хааж байсан. Анх очоод би гахай маллахаар болж гахайн дээр хувиарлагдаж, Э.М хил манахаар хил дээр застав руу гарсан. Э.М нь хил дээр байхдаа их дээрлэхүүлж байсан гэж сонссон. Э.М нь их аймхай цэрэг байсан хал цэрэг болчихоод шинэ цэргээр хүртэл дэглүүлж байсан. Э.Мөнхбатын амьдрал ахуй сүүлийн жилүүдэд их сайжирсан учир нь түүний дүү Э.А нь их ажилласаг хөдөлмөрч залуу байсан, тэр залуу л тэднийхийг амьдруулж байсан. Э.М-ыг бид нар М гэж дууддаг. М өөрөө ажил хөдөлмөрт сайн барилгын ажлыг бол үнэхээр сайн хийдэг байсан. Э.М нь бусадтай их зөв боловсон харьцаатай, хүний ая тал засаж харьцдаг. Даруу төлөв, их аймхай, үнэнч шударга зантай. Э.М нь архи огт уухгүй, архийг их жигшдэг.” /хх-ийн 91-92-р тал/ гэх мэдүүлгүүд болон Хил хамгаалах ерөнхий газар, хилийн цэргийн төв архивын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 40 дугаартай албан бичиг, архивын лавлагаа, Автотээврийн төвийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 39 дугаартай албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/195 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 200-202, 210, 212, 213, 214, 219,  -р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Э.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэг буюу 8 жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүх түүнд ял оногдуулахдаа хүний амь нас хохироож хүнд хор уршиг учруулсан байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Э.М-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 95 /ерэн тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар алаг өнгийн хүзүүний ноосон ороолт 1 ширхэгийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.   

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д 11 /арван нэг/ жил  хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.М-ын энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 95 /ерэн тав/  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, хар цоохор хүзүүний ороолт 1 ширхэгийг  тус тус  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Шүүгдэгчид өмнө цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ГАНСҮХ

                                     ШҮҮГЧИД                             Б.ГАНТӨГС

                                                                                       Х.ТАЛГАТ