Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 4345

 

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2016/04345

                    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, .. дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө-.. өөрийн байранд байрлах, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний баруун талд, ... дүгээр давхарт байрлах, ... регистртэй “Уугангэгээ” ХХК-нд холбогдох,

 

Татварын өр төлбөрт 48,346,007 /дөчин найман сая гурван зуун дөчин зургаан мянга долоон/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Уугангэгээ” ХХК нь барилгын угсралт, барилгын дуусгах шатны үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2010 оны 2 дугаар сарын 22-нд тус татварын хэлтэст бүртгүүлсэн. Уг компани нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны байдлаар цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 48,346,007 төгрөгийн татварын өр төлбөрийг хуульд заасан хугацаанд барагдуулалгүй өр үүсгэсэнтэй холбогдуулан хариуцсан татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хуульд заасны дагуу дараахь үйл ажиллагааг явуулсан болно. Үүнд: Хугацаандаа төлөгдөөгүй татварын өр төлбөрийг төлж барагдуулахыг шаардах тухай мэдэгдэх хуудсыг гардуулсан; Татварын өр төлбөрийг барагдуулах тухай мэдэгдэх хуудсыг гардуулж, мэдэгдэх хуудаст заагдсан татварын өр төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьсан; Хаан, Хас банк дахь тус компанийн харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан; Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураахаар, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсэгт заасан “эд хөрөнгө цалин хөлс, бусдаас авах авлага, ногдол ашиг, түүний эзэмшиж буй хувьцаанаас өр төлбөрийг гаргуулах” ажиллагааг тус тус явуулсан болно. Хууль тогтоомжид заасан эрх, үүргийнхээ дагуу Татварын улсын байцаагчаас дээрх үйл ажиллагааг явуулсан боловч тус компани нь татварын өр төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 48,346,007 төгрөгийн татварын өр төлбөрийг Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч компанийн удирдлагатай татварын улсын байцаагчийн хийсэн уулзалтын тэмдэглэл, хүргүүлсэн мэдэгдэл, татварын тайлан болон бусад баримтуудаар нотлогдож байгаа гэв.

 

            Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь хариуцагч “Уугангэгээ” ХХК-д холбогдуулан, татварын өр төлбөрт нийт 48,346,007 /дөчин найман сая гурван зуун дөчин зургаан мянга долоон/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч “Уугангэгээ” ХХК-ийн захирал Ч.Н нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх 19-22, 25/

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний баруун талд Төмөрт транс төвийн 1 дүгээр давхарт байрлах хариуцагч “Уугангэгээ” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2006 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр Улсын бүртгэлийн ...дугаартай гэрчилгээ авч, Ч.Н гэсэн нэг үүсгэн байгуулагчтайгаар гадаад худалдаа, барилга угсралт, барилгын цэвэр, бохир ус, шугам хоолойн угсралт, засварын үйлчилгээ эрхлэх ашгийн төлөө хуулийн этгээдээр бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн лавлагаа, татвар төлөгчийн карт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 15, 5/

“Уугангэгээ” ХХК нь 2013-2015 оныг дуустал албан татварын өр төлбөртэй байсан нь татварын улсын байцаагчийн гаргасан татварын өрийн тооцоолол, татварын тооцооллын жагсаалт, Татварын албанаас татвар төлөгчид хүргүүлсэн мэдэгдэх хуудас, Татварын улсын байцаагчийн тэмдэглэл, “Уугангэгээ” ХХК-ийн нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэст гаргасан 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1/31 дүгээр албан бичиг, Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 48,346,007 төгрөгийн татварын өр төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. /хх 3, 6-8, 27-28, 6 дугаар талын арын нүүр/

 

            Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч, ... регистртэй “Уугангэгээ” ХХК-иас татварын өр төлбөрт 48,346,007 /дөчин найман сая гурван зуун дөчин зургаан мянга долоон/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэст олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Уугангэгээ” ХХК-иас 399,680 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           

 

 

 

ДАРГАЛАГЧ                           А.САРАНТУЯА