Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 223/МА2024/00020

 

 

 

 

 

 

     й2024          6              06                                                    223/МА2024/00020

 

 

 

 

Д.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,   

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 151/ШШ2024/000273 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ................. аймаг, .............сум, ......... дүгээр баг, .......... дүгээр байр, ......... тоотод оршин суух, Б........ овогт Д.......... Э.............ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...... аймаг, ........... .т ............дүгээр баг, ........дугаар баг, ...... тоотод оршин суух Х....... овогт Да...........ын Г.............д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, ........... аймгийн ............ ............. дүгээр баг, .......... дугаар байр ................ орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н............., гуравдагч этгээд “ББТ С..........н............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С......... нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ба..........,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг, Ц.З

Гуравдагч этгээд “...........................” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С..............,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б.................. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжиж байна. Үүнд:

Д.Э нь Төв аймгийн Зуунмод сумын 01 дүгээр баг, Номт, Соёмбо 200 дугаар байрны 03 тоотын 55.41 метр квадрат орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Ү-1427004182 дугаар гэрчилгээтэй, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. Д.Эын төрсөн хүү Б.Сүхболд нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бизнесийн зорилгоор "ББТ санхүүгийн нэгдэл" ХХК-аас 35,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй авсан. Гэрээнд хамтран зээлдэгчээр Д.Э гарын үсэг зурсан. "ББТ санхүүгийн нэгдэл" ХХК-ийн Төв аймаг дахь Салбарын захирал Д.Г 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 01 дүгээр баг, Номт, Соёмбо 200 дугаар байрны 03 тоот, 55.41 м.кв талбайтай орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлчих, зээлээ төлж дуусахаар чинь буцаан шилжүүлэх саналыг Б.Сүхболдод хэлсэн байдаг. Үүний дагуу Д.Э 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн тойргийн нотариат Ч.Наранцэцэг дээр очиж худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Ингэхдээ Төв аймгийн Зуунмод сумын 01 дүгээр баг, Номт, Соёмбо 200 дугаар байрны 03 тоот, 55.41 м.кв талбайтай орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 50,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон ба Д.Ггийн нэр дээр орон сууцыг шилжүүлж өгсөн.

Харин “ББТ санхүүгийн нэгдэл”-ийн ХХК-ийн Төв аймаг дахь Салбарын захирал Д.Г 50.000.000 төгрөгийг төлөөгүй.

Иймд Д.Э Төв аймгийн Зуунмод сумын 01 дүгээр баг, Номт, Соёмбо 200 дугаар байрны 03 тоот орон сууцанд өнөөдрийг хүртэл хугацаанд амьдарч байна.

Ер нь нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Д.Г нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээг байгуулах, гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөх, гэрээнд заасан төлбөрийг төлөх хүсэл зориг байгаагүй. "ББТ санхүүгийн нэгдэл" ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу дүр үзүүлсэн хэлцэл хийсэн.

Мөн Д.Э, Б.Сүхболд нар "ББТ санхүүгийн нэгдэл" ХХК-аас авсан зээлийн гэрээний харилцаа үргэлжилж байгаа.

"ББТ санхүүгийн нэгдэл” ХХК-ийн Төв аймаг дахь салбараас 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 92 тоот албан бичгээр “2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахыг мэдэгдэж, зээлийг мэдэгдэл заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд Төв аймгийн Зуунмод сумын 01 дүгээр баг, Номт, Соёмбо 200 дугаар байрны 03 тоот үл хөдлөх хөрөнгийг үл маргах журмаар худалдан борлуулах” мэдэгдэл ирүүлсэн. Энэ нь Д.Эын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шууд хөндөж байна.

Иймд Д.Э, Д.Г нарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Төв аймгийн Зуунмод сумын 01 дүгээр баг, Номт, Соёмбо 200 дугаар байрны 03 тоот, 55.41 м.кв орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Гд даалгаж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт болон шүүх хуралдаанд оролцсон Ц.Наранцэцэг, Ц.Зориг нарын тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд:

Би “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК-ийн Төв аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байсан ба одоо ажлаа хүлээлгэн өгсөн. “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК-аас зээлдэгч Б.Сүхболд, хамтран зээлдэгч Д.Э нар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ1162130103000017 дугаартай зээлийн гэрээг байгуулан, 35,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай авсан. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ1162130103000017 дугаартай барьцааны гэрээг байгуулан, Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт, Соёмбо хотхон Бодоогийн гудамж 200 дугаар байр 3 тоот, 55.41 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалан Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн үед Б.Сүхболд хадам эцэг Д.Баатарын өмчлөлийн Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 7 дугаар байр, 10 тоот, 31м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалан “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК-аас 25,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй авсан. Уг зээлээ төлөөгүй. Зээлдэгч нар настай хүний орон сууцыг барьцаанаас чөлөөлөөд өгөх юм бол 03 тоот орон сууцыг Д.Г миний нэр дээр шилжүүлэн өгье, зээлээ төлөхгүй тохиолдолд тухайн орон сууцыг худалдан борлуулах, харин зээлээ төлсөн тохиолдолд эгүүлэн өгөх нөхцөлтэйгөөр  худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Мөн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсэн. Уг тохиролцооны дагуу зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгч байсан. Гэвч зээлээ төлөөгүй ба орон сууцыг худалдан борлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэсэн албан бичиг өгч байсан. Ер нь байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэр шилжүүлсэн гэж би ажлаасаа чөлөөлөгдсөн. Би энэ хүмүүсээс болж маш их хохирч байна.

Уг худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш бөгөөд Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.2-т “энэ зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно” гэж тайлбарласан.

Гэрээг хийхдээ тодорхой үр дүнд хүрэх, хүсэл зорилго, эрмэлзэлтэйгээр хийж Д.Э худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Хэрэв тус гэрээг байгуулах хүсэл зориг, эрмэлзэл байгаагүй бол гарын үсэг зурахгүй байх эрх нь нээлттэй байсан. Иймд уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл юм. Худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэхгүй байна. Хоёр тал харилцан хүлээн зөвшөөрөөд гэрээгээ байгуулаад, нотариатаар батлуулсан. Нэхэмжлэгч тал уг үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөөгүй гэж байна. Нэхэмжлэгч өөрөө орон сууцыг суллаж өгөхгүй амьдарч байгаа болохоор төлөөгүй. Байраа суллаад өгчихвөл 50,000,000 төгрөгийг төлөхөд бэлэн байна.” гэжээ.

3.Гуравдагч этгээд “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаадоржийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Д.Г Д.Э нар барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ байгуулсан байсан. Хариуцагч талаас зээлийн гэрээний төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж байна. Байрны гэрчилгээ бичиг баримтаа шилжүүлсэн мөртлөө үнийг төлөөгүй, байрыг суллаагүй гэж байна. Д.Ггийн Улсын бүртгэл рүү явуулсан албан бичигт үндэслээд барьцаанаас чөлөөлсөн нь “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК-ийн эрх ашигтай зөрчилдөөд байна” гэжээ.

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-т зааснаар Д.Эын нэхэмжлэлтэй, Д.Гд холбогдох 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Төв аймаг, Зуунмод сум, Номт, 1 дүгээр баг, 200 дугаар байрны 03 тоот, 55.41 м.кв орон сууцыг хариуцагч Д.Ггаас нэхэмжлэгч Д.Эын өмчлөлд шилжүүлэхийг Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 478.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ггаас 478.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 151/ШЗ2023/03223 дугаартай Шүүхийн шийдвэрийг баталгаажуулах тухай захирамж нь мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд Ц.Наранцэцэг, Ц.Зориг нарын тайлбарын агуулга: “...1.Төв аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Д.Г болон Д.Э нарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоосон нь үндэслэлгүй. Учир нь:

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш юм. Д.Э нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр  өөрийн өмчлөлийн Төв аймаг, Зуунмод сум, Номт, 1 дүгээр баг, 200 дугаар байрны 03 тоот, 55.41 м.кв талбайтай орон сууцыг Д.Гд худалдсан байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар "Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 5.2-т "Энэ зүйлийн 56.1.2-т заасан "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно" гэж тайлбарласан. Талуудад үнэхээр энэхүү гэрээг байгуулах хүсэл зориг байсан. Орон сууц худалдсан мөнгөөрөө зээлийг хаах зорилготой байсан. Түүнчлэн Д.Э, Б.Сүхболд нар орон сууцаа худалдах саналыг гаргасан. “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК-аас авсан зээлээ уг мөнгөөр хаах сонирхол байсан гэж ойлгож байгаа.

2.Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу орон сууцны төлбөрийг шаардах эрхтэй талаар 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 50,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Д.Э гэрээ байгуулсны дараа хүсэл зориг өөрөөр эргэж байрыг хүлээлгэн өгөхөөс татгалзаж эхэлсэн. Харин худалдах худалдах авах гэрээний үнийг шаардах ёстой. Гэрээг хүсэл сонирхлын үүднээс байгуулж дараа нь хүчин төгөлдөр бусад тооцуулах нь үндэслэлгүй. Байрыг хүлээлгэн өгсөн тохиолдол байрны үнийг төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Мөн гуравдагч этгээд Б.Сүхболдод шүүх хуралдааны товыг хүргээгүй мөртлөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэж үзсэн нь үндэслэлгүй. Үүнээс гадна тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар байр суурьтай оролцож байгаа нь тодорхойгүй байхад мэтгэлцэх эрхээр хангалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байгааг шүүх анхаарч үзнэ үү.” гэв.

6.Гуравдагч этгээд “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаадоржийн гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан.  

Д.Э, Д.Г нарын байгуулсан худалдах, худалдах авах гэрээтэй холбоотой  үл хөдлөх эд хөрөнгө нь "ББТ санхүүгийн нэгдэл" ХХК-ийн барьцаа хөрөнгө юм. Д.Г, Б.Сүхболд нарын хооронд ямар учир шалтгаан байгааг сайн мэдэхгүй ч Д.Г эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж барьцаанд байсан орон сууцыг чөлөөлөхөөр ажилтан байсан Д.Г Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс рүү албан бичиг хүргүүлсэн байсан. Үүний дараа худалдах худалдах авах гэрээ байгуулан орон сууцыг өөрийн өмчлөлд авсныг хууль бус гэж үзэж байна. Шүүхийн зүгээс уг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасны дагуу шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаахаар болж байна. Иймд тус маргаан бүхий Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг, Бодоогийн гудамжны 200 дугаар байрны, 3 тоот үл хөдлөх эд хөрөнгийг "ББТ санхүүгийн нэгдэл" ХХК-ийн барьцаа хөрөнгөөр буцаан бүртгэхийг улсын бүртгэлд даалгах ёстой гэж үзэж байна.

2.Шүүх үндэслэх хэсэгтээ “...хариуцагч Д.Г нь "ББТ санхүүгийн нэгдэл" ХХК-ийн Төв аймгийн салбарын захирлын албан тушаал эрхэлж байх үедээ 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №15 дугаартай албан бичигт "...2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн барьцааны гэрээ дуусгавар болсон тул барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү..." гэсэн бичгийг Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст дээрх албан бичгийн явуулж Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг, Бодоогийн гудамжны 200 дугаар байрны, 3 тоот үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлж өөрийн өмчлөлд шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна" гэж, 14-т "хариуцагч Д.Г нь өөрийн эрх мэдэл албан тушаалын байдлыг ашиглаж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байхад барьцаанаас чөлөөлсөн болох нь...тогтоогдож байна...тэгвэл дээрх тохиолдлоос үзвэл талуудын хэн нэг нь тухайн үеийн нөхцөл байдал, үнэн хүсэл зоригийн талаар харилцан бүрэн дүүрэн мэдээлэлтэй, гуравдагч этгээд болох “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК-ийн хууль, эрх ёсны ашгийг хөндсөн хэлцэл гэж дүгнэж байна... Д.Э болон Д.Г нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан "дүр үзүүлсэн хэлцэл буюу" хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж дүгнэсэн.

Д.Г нь үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор албан тушаалаа ашиглаж Улсын бүртгэл рүү албан бичгийг хүргүүлсэн. Мөн албан бичиг явуулах эрхгүй байсан гэдгийг шүүх тогтоосон мөртлөө Д.Ггийн өмчлөлд шилжсэн уг орон сууцыг буцаан Д.Эын өмчлөлд шилжүүлэхийг даалгаж байгаа нь гуравдагч этгээд болох "ББТ санхүүгийн нэгдэл" ХХК-ийн эрх ашгийг хөндөж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ” гэж заасан.

Иймд тус үл хөдлөх хөрөнгө нь хэний өмчлөлд байхаас үл хамааран барьцааг хүчинтэй гэж үзэх тул хууль бусаар барьцаа хөрөнгөгүй болсон гуравдагч этгээд "ББТ санхүүгийн нэгдэл" ХХК-ийн эрх ашгийг хамгаалж, барьцаа хөрөнгийг буцаан бүртгэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. Хариуцагч худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зорилго байсан гэж тайлбарлаж байна. Гуравдагч этгээд “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК-ийг эрсдэлд оруулах, гаргах ёсгүй зээлийг гаргасан гэх үндэслэлээр байрыг миний нэр дээр шилжүүлж өг гэх агуулгаар худалдах, худалдан авах  гэрээ хийсэн. Гуравдагч этгээд “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК нь хөдөлмөрийн харилцаанаас үүссэн хохирол, хор уршгийг Д.Ггаас нэхэмжлэх ёстой. Хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 92 тоот мэдэгдэх хуудас нь “зээл төлөхгүй бол барьцааны маргаан бүхий байрыг үл маргах журмаар зарна” гэх утга бүхий байна. Хэрэв худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр юм бол яагаад мэдэгдэл өгөөд байгаа юм бэ гэсэн асуудал гарч байна. Иймд хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас гомдлыг хангахгүй шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг, гуравдагч этгээд "ББТ санхүүгийн нэгдэл" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаадорж нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байгаа тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

2.Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Д.Гтай 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК-ийн барьцаанд байсан Төв аймгийн Зуунмод сумын 01 дүгээр баг, Номт, Соёмбо 200 дугаар байрны 03 тоот, 55.41 м.кв орон сууцыг худалдахаар байгуулсан худалдах худалдан авах гэрээг байгуулан, өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн. Гэхдээ зорилго нь “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК-аас авсан зээлээ  төлсний дараа орон сууцаа буцаан авах байсан. Иймд худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Гд даалгаж өгнө үү” гэсэн үндэслэлээр дэмжсэн.  

Хариуцагч Д.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа: “…ББТ санхүүгийн нэгдэл” ХХК-аас зээлсэн 25,000,000 төгрөгийн барьцаанд байгаа Д.Баатарын өмчлөлийн 10 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөөд өгөх юм бол 35,000,000 төгрөгийн барьцаанд байгаа Д.Эын өмчлөлийн 03 тоот орон сууцыг миний нэр дээр шилжүүлж өгнө гэж тохиролцсон. Д.Эын өөрийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн боловч суллаж өгөөгүй тул 50,000,000 төгрөгийг төлөөгүй байсан” гэж тайлбарлан мэтгэлцсэн.

Гуравдагч этгээд “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаадорж тайлбартаа “…Д.Г нь албан тушаалаа ашиглаж зээлийн барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн. Д.Э, Б.Сүхболд нар авсан зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. Д.Эын өмчлөлд 03 тоот орон сууцыг буцаан шилжүүлэх нь "ББТ санхүүгийн нэгдэл" ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна. Иймд уг үл хөдлөх хөрөнгийг барьцаа хөрөнгөөр буцаан бүртгүүлэхийг даалгах ёстой...” гэжээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

3.1.Анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 151/ШЗ2023/03305 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангаж, гуравдагч этгээдээр “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК, Б.Сүхболд нарыг татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

Иймд хэргийн оролцогч болох гуравдагч этгээд “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК, Б.Сүхболд нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.” гэж хуулиар хязгаарласан эрх, үүргээс бусад зохигчийн эдлэх эрх болон үүргийг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ба нэхэмжлэгч, хариуцагчийн аль нэгийг дэмжиж байгаагаа илэрхийлэх, нотлох баримтыг гаргаж өгөх, эрх нь хөндөгдөж байгаа асуудлаар тайлбар гарган шүүх хуралдаанд оролцон мэтгэлцэх эрхээр хангагдах ёстой.

3.2 Анхан шатны шүүх гуравдагч этгээд Б.Сүхболдын эзгүйд хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ “...20.Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Сүхболд нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд түүний эзгүйд шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно...” гэсэн дүгнэлт хийсэн байх ч 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1100 цагт товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг шүүх хүргүүлсэн, эсхүл мэдэгдсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан байхад дээрх дүгнэлтийг хийж хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

3.3.Анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 151/ТМ2024/00307 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд “...Даргалагчаас: талуудад ирцтэй холбоотой санал хүсэлт байна уу, гуравдагч этгээд Б.Сүхболдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна. Талуудад гуравдагч этгээдийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйл байна уу” гэх асуултад зөвхөн “зохигч /нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна./ байхгүй...” гэсэн асуулт, хариулт тусгагдсан байгаагаас дүгнэвэл, гуравдагч этгээд “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаадоржийг ирцтэй холбогдуулсан санал, тайлбар гаргах эрхээр хангаагүй гэж үзэхээр байна.

3.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно” гэж заасан байхад шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтад нэхэмжлэгчээс бусад хэргийн оролцогчийн давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарлан заасан нь хуульд нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэв.

4. Давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг залруулан зөвтгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

5.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсанаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагч Д.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөг, гуравдагч этгээд “ББТ санхүүгийн  нэгдэл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг тус тус улсын орлогод тус тус хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 151/ШШ2024/00273 шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 /дөрвөн зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөг, гуравдагч этгээд “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 /дөрвөн зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.ЦЭРЭНХАНД

 

     ШҮҮГЧИД                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                З.ТҮВШИНТӨГС