| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0154/э |
| Дугаар | 2019/ШЦТ/153 |
| Огноо | 2019-06-10 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2019/ШЦТ/153
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шорд овогт П.Г-т холбогдох 1921002740142 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Дэнжийн ... тоотод оршин суух, гавьяа шагналгүй,
Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан Шорд овогт П.Г.
Шүүгдэгч П.Г нь 2019 оны 02 дугаар сард Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн О.О-гийн алдуул малыг буюу 75 тооны хонь, 2 тооны ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 6390.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн хэргийн талаар маргаан байхгүй. Гэм буруугаа ойлгож байгаа. Прокуророос санал болгож байгаа ялыг зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч О.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би Гурванзагал сумын 2 дугаар багт эхнэр 3 хүүхдийн хамт өөрийн 1000 орчим ямаа, 300 гаруй адуу, 300 орчим үхрээ маллаж амьдардаг юм. Би 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байхад Дашбалбар суманд мал мах авдаг Баяржавхлан гэх манай найз над руу залгаад “Чи хонио алдсан юм уу, Чиний имтэй 77 хонь манайд хүн авч ирээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дашбалбар суманд яваад очиход манай сумын П.Г гэх хүн манай 77 хонийг Баяржавхланд зарах гээд байж байсан. Тэгэхээр нь П.Г ахыг та яагаад манай хонийг авч ирж зарах гэж байгаа юм гэж асуухад “тасарсан хонь таарахаар нь хэнийх нь мэдэгдэхгүй болохоор нь аваад ирсэн юм” гэсэн. П.Г гэх хүний гэр нь манайхаас баруун хойд зүгт 20 орчим километрт Гурванзагал сумын 2 дугаар баг Байшинт гэх газарт байдаг. Манай алдсан 77 тооны хонины 60 нь том эм хонь, 15 нь төлөг, 2 ямаа нь том эм ямаа байсан. Баяржавхлан над руу залгасан өдрийн 5-7 хоногийн өмнө хонио тоолсон. Би олон малтай учраас байнга тоолоод байдаггүй. Манай хонь “Их нуур” гэх газарт бэлчдэг. Сүмийн нуур гэх газарт байсан бол бэлчээрээс гарсан гэж бодож байна. Надад гомдол саналгүй. Би хонио бүрэн хүлээж авсан учраас нэхэмжлэх зүйлгүй ” гэжээ. /хх-ийн 21-25 тал/
Гэрч Б.Түвшинжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Миний албаны нэрийг Түвшинжаргал гэдэг бөгөөд гэрийнхэн Гандолгор гэдэг юм. 2019 оны 02 дугаар сард нөхөр бид хоёр гэртээ унтаж байхад шөнө 03 цагийн орчимд гадаа нохой хуцахаар нь гараад харсан чинь дүү П.Г машинтайгаа хонь туусан байдалтай ирж байсан. Би П.Гаас юун хонь юм бэ гэж асуухад машинаа зарсан юм. Оронд нь энэ хонийг авсан юм аа гэж хэлсэн. Тэгээд тухайн хонь манай хашаанд 1 хонож 2 дахь өдрөө машин ирж ачиж явсан” гэжээ. /хх-ийн 33-34 тал/
Гэрч П.Саруултуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын сүүлээр П.Г над руу залгаад “хонь зарах гэсэн юм” гэхээр нь юун хонь вэ гэхэд дүү нь машинаа зараад сольж авсан юм гэж хэлэхээр нь ажилладаг газартаа “манай дүү хонь зарах гэсэн юм гэнээ” гэж хэлэхэд аваад ир, үнэ тохироод авъя гэж хэлсэн. Тэгээд би дүүдээ хэд орчим тооны хонь байгаа юм бэ гэхэд 70 орчим байгаа юм, унаа олоод өгчих, та машин олоод өгчих гэхээр нь Жавхаад хэлж байгаад машин олж өгч явуулсан...” гэжээ. /хх-ийн 31-32 тал/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 8-14 тал/
П.Г-ын яллагдагч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30, 44 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Шорд овогт П.Г нь 2019 оны 02 дугаар сард Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч О.О-гийн алдуул малыг буюу 75 тооны хонь, 2 тооны ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 6390.000 /зургаан сая гурван зуун ерэн мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг “Сүмийн нуур” гэх газарт явж байхад зам дагуу 75 тооны хонь, 2 ямаа хээр эзэнгүй явж байхаар нь өөрийнхөө тээврийн хэрэгслээр туугаад баруун хойш Байшинт гэх газарт туусан. Эгчийг асуухаар нь машинаа зарсан юм аа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хохирогч О.О, гэрч Б.Түвшинжаргал, П.Саруултуяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Г-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.Г-ыг бусдын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 6390.000 /зургаан сая гурван зуун ерэн мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч П.Г-ыг бусдын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 6390.000 /зургаан сая гурван зуун ерэн мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч П.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч П.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.О-д 6390.000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч О.О алдсан 75 тооны хонь, 2 тооны ямаагаа буцааж авсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч П.Г-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1200.000 төгрөгийн үнэлгээтэй, “Toyota Prius 0” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ч.Отгонжаргалын эзэмшлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсоноос гадна хохирогчид төлөх төлбөргүй тул шүүгдэгч П.Г-аас тээврийн хэрэгслийн үнэ болох 1200.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Г-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шорд овогт П.Г-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 6390.000 /зургаан сая гурван зуун ерэн мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ч.Отгонжаргалын эзэмшлийн 1200.000 төгрөгийн үнэлгээтэй, “Toyota Prius 0” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1200.000 төгрөгийг шүүгдэгч П.Г-аас гаргуулан улсын орлого болгосугай.
5. Ч.Отгонжаргалын эзэмшлээс 1200.000 төгрөгийн үнэлгээтэй, “Toyota Prius 0” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Ч.Отгонжаргалд буцаан олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Г-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ