Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 151/2020/00286/И |
Дугаар | 223/МА2024/00026 |
Огноо | 2024-09-26 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 223/МА2024/00026
2024 9 26 223/МА2024/00026
......... ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал, шүүгч Д.Алтантуул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2024/00640 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Эрдэнэсант сум, 5 дугаар баг, өөрийн байранд байрлах, регистрийн ........ дугаартай, ......... ХХКнэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Эрдэнэсант сум, 5 дугаар баг, Улаанхудаг 2, 5 дугаар гудамж, 208 тоотод оршин суух, регистрийн дугаар .., Л овогт О.Б ,
Хариуцагч: Төв аймаг, Эрдэнэсант сум, 4 дүгээр баг, Угалзатад оршин суух, регистрийн дугаар ..........., Б овогт П.Б нарт холбогдох
Гэм хорын хохиролд 21,486,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэржаргалын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэржаргал /цахимаар/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Сэр-Од /цахимаар/,
Хариуцагч О.Батцэнгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга,
Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ......... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ......... ХХК нь Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр баг "Дөрөлжийн энгэр" гэх газар 2012 оноос эхлэн хууль ёсны зөвшөөрөлтэйгөөр үр тариа, ногоон тэжээл тариалж байгаа бөгөөд уг газар нь 2018 онд “Шүрэн титэм” ХХК-д шилжсэн хэдий ч манай компанийн зүгээс түрээсийн гэрээний дагуу дээрх газарт үр тариа, ногоон тэжээл тариалсаар байгаа болно. Бидний зүгээс компанийн эзэмшлийн тариалангийн талбайд мал амьтан нэвтрэн орохоос сэргийлж, торон хашаа барьж, манаач хөлсөлж байнгын хамгаалалтад байлгаж байсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сард тус сумын иргэн П.Бямбацэрэн, О.Батцэнгэл нар манай компанийн өмчлөл, эзэмшлийн тариалангийн талбайд нэвтэрч, торыг эвдэн өөрийнхөө хонь, малыг хашаа руу мотоциклоор туун оруулсан.
Миний зүгээс хашаанаас малыг хөөн гаргаж, хариуцагч нарт учир байдлыг хэлсэн боловч хашаанаас мал туулаа гэж уурлаж, намайг хэл амаар доромжилж, хашаагаа буулган зайлахыг шаардаж, миний биед мөн халдсан. Ингээд ч зогсохгүй О.Б, П.Бнар нутгийн иргэдийг турхирч 540 га хашсан тариан талбайн торыг тасалж, шонгийн модыг нь сугалан хаяж, олон тооны адуу, үхэр, хонийг тариалангийн талбайд хөөж оруулсан. Энэ байдал олон удаа давтагдсан. Үүнээс болж бидэнд маш их хэмжээний хохирол учирсан бөгөөд тухайн үед тэдгээр малыг хөөж гаргах, талбайг хамгаалах, манаа хийх, хашаа янзлах хүн хүч маш их хэрэгтэй байсан тул ажилчид авч хөлсөөр ажиллуулсан. Эдгээр хүмүүс болсон асуудлыг болон учирсан хохирлын гэрч болно.
О.Б, П.Бнар тухайн үед тариалангийн талбайг тусгаарлаж хашсан байсан 2000 метр хашаан торыг тасалж, чирч, дахин ашиглах боломжгүй болгосон, 100 орчим ширхэг модон шонг сугалж, хугалж хулгайлсан. Мөн 22 га улаан буудай гарах байсан, ойролцоогоор 12 тонн /болц нь гүйцсэн байсан/ хурааж чадаагүй, 40 га ногоон тэжээл ойролцоогоор 1200 боодол өвс гарах байсныг мал тууж оруулан сүйтгэж идүүлсэн. Дээрх үйлдлээс болж компанийн зүгээс эвдэлсэн хашааг засаж янзлах хооронд 10 гаруй хоногт нэмж манаач ажилчдыг өдрийн 30,000 төгрөгөөр авч ажиллуулан цалинжуулсан.
Иймд учирсан хохирол болох 2000 метр хашааны тор /1м=1,500 төгрөг/-ийн төлбөр 3,000,000 төгрөг, 100 ширхэг хашааны шон /1ш=8,000 төгрөг/-ийн төлбөр 800,000 төгрөг, 1000 боодол өвс /1 боодол нь 8,000 төгрөг/-ийн үнэ 8,000,000 төгрөг, 12 тонн улаан буудай /1 тонн 550,000 төгрөг/-ийн үнэ 6,600,000 төгрөг, ажилчдын ажлын хөлс нийт 1,400,000 төгрөг, 3 машинаар хашаанаас мал тууж гаргах, 24 цаг манаа хийхэд зарцуулсан шатахууны үнэ 1,686,000 төгрөг, нийт 21,486,000 төгрөгийн хохирлыг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч О.Б, П.Бнар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч ......... ХХКзахирал П.Шнь биднийг ор үндэслэлгүй зүйлээр худал гүтгэж, их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа далд санааг сайн мэдэхгүй байна. Эгэл жирийн малчин намайг П.Шнь анх 2019 оны 11 дүгээр сарын 14-ний пүрэв гаригт өглөөний 8 цагийн үед цасан болон шороон шуурганаар адуундаа явж байхад бусдын 200 гаран тооны үхрийг Ланд 200 маркийн машинаар туулгаж, шуурганд уруудуулан хөөж байхад нь О.Батцэнгэл миний бие очиж хэлж болиулсан. Энэ үед миний хэлсэн үг “чи болиоч, хүний малыг өвөл болчхоод байхад шуурган дундуур хөөгөөд алга болбол чи өөрөө хариуцна шүү” гэж хэлэхэд над руу уурлан дайрч заамдан авсан.
Мөн хэл амаар доромжлон энэ хавийн бүх малыг алахыг нь алж, идэхийг нь иднэ гэж хүртэл хэлж байсан. Энэ үед бидний хажууд гэрчлэх хүмүүс байсан. Шуурга шуурч байсан болохоор би тэгээд яаран малдаа явсан. Энэ үеэс хойш болон өмнө нь П.Шинэбаяртай тааралдаагүй атал энэ тухай өргөдөл гаргаж, Эрдэнэсант сумын цагдаад 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр О.Батцэнгэл намайг зодсон гэж худлаа өргөдөл өгсөн байсан. Цагдаа үүнийг шалган үзээд худал болохоор хэрэгсэхгүй болгосон. Гэтэл энэ удаа шал өөр утгатай зүйл бичиж Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
П.Бминий бие Эрдэнэсант сумын 4 дүгээр багт манай өвөлжөө энэ хүний тариан талбайн ойролцоо орших, арав гаран айлын өвөлжөөний нэг хэдий ч манайх хорио цээр тавигдсанаас 20 гаран хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 06-ны өдөр өвөлжөөндөө буусан. Тэр үед айл саахалтын хүмүүс ирж, гэр барилцсан, гэрч хүртэл байна. Гэтэл оргүй зүйлээр гүтгэн, хулгайд хүртэл хардсан байна. П.Шнь 11 дүгээр сарын 10-ны өдөр П.Бямбацэрэнгийн эхнэрийг хонио усалчхаад явган туугаад явж байхад машинтай давхин ирж хонин дундуур давхин хонио тарианаас холуур туу, пизда минь, малтай юутай хийтэй чинь дайраад алчихна шүү гэж хүртэл айлгаж байсан. Бидний мал энэ хүний тариан талбай руу орж байгаагүй билээ.
П.Шнь тариалангаа оройтуулж тарьж, орой хураачхаад, энэ алдагдлаа биднээс гаргуулах гэж худал гүтгэж байна. Малчдыг өвөлжөөндөө буух болчхоод байхад малыг нь хөөж сарниулан тэр ч байтугай намрын тарган малыг байнга Ланд-200 маркийн машинаар хөөн унага, даага бахардуулан маш олон айлын гүү хээл хаяулсан. Энэ үеэр мөн манай болон бусдын адуу, үхэр нийлсэн 10 гаран бод хулгайд алдагдсан. Бид энэ хүнийг холбоотой гэж үзэж байгаа. Яагаад гэвэл П.Шнь тариан талбай руу нь ороогүй байхад хүний есөн тооны гахайг хүртэл хулгайлан идсэн нь тогтоогдсон. Мөн биднийг огт үндэслэлгүй, баримтгүй зүйлд гүтгэж байгаа нь юу ч хийхээс буцахгүй хүн байна. Ядарсан малчин ард биднийг худлаа хий юм зохион бичиж сэтгэл санаа болон эд хөрөнгийн хохиролд оруулж байна. Энэ хүний үнэн зөвийг шүүн үзэж биднийг хохиролгүй болгож өгнө үү. Бид маш гомдолтой байна. Биднийг гэрчлэх нутгийн иргэд байгаа, нотлох баримт нягтлан үзэж үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч О.Б, П.Бнарт холбогдох гэм хорын хохирол 21,486,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ......... ХХКнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ......... ХХКулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч .... ХХК-аасхөрөнгийн үнэлгээний зардал 300,000 төгрөг гаргуулж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банк дахь 100000142787 дугаар дансанд оруулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлыг гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ......... ХХКнэхэмжлэлтэй О.Б, П.Бнарт холбогдох гэм хорын хохиролд 21,486,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2024/00640 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2024/00640 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт "... хариуцагч нарын гэм бурууг нотолсон, тогтоосон нотлох баримт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч ......... ХХКтариалалт хийгдсэн гэх Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр баг, Дөрөлжийн энгэр гэх газар байрлах нийт 547 га талбайд хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр, хэний эзэмшлийн, хэдэн тооны, ямар мал орж, ургацыг идэж сүйтгэсэн, тухайн тариалангийн талбайд орсон мал хариуцагч нарын эзэмшлийн мал мөн эсэх, түүнчлэн хашааг эвдэж, дахин ашиглах боломжгүй болгосон этгээд нь хариуцагч нь мөн эсэх зэрэг үйл баримтыг нотлох баримт авагдаагүй байна" гэжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч О.Б, П.Бнарыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3-д "Мал, амьтан өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ мал, амьтан, байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлага, бусдын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй" гэснийг зөрчин ......... ХХКтариалалт хийсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр баг, Дөрөлжийн энгэр гэх газар байрлах нийт 547 га талбайн хамгаалалтын хашааг эвдэж, малаа оруулан тариалсан 40 га талбайн ногоон тэжээл болон 22 га талбайн улаан буудайг идүүлэн, сүйтгүүлсэнээс өөрт учирсан хохирлыг барагдуулахаар маргасан.
Уг маргааны хүрээнд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нар нь ......... ХХКтариалалт хийсэн талбайн хажууд амьдардаг байсан, мөн тэдний мал олон удаагийн давтамжтайгаар талбайд орж тариалсан ногоон тэжээл болон улаан буудайг идэж, сүйтгэсэн болохыг гэрчүүдийн мэдүүлгээр нотолсон, мөн хариуцагч нарын малаа хашаанд оруулж тариаланг идүүлж, сүйтгүүлсэнээс өөрт учирсан хохирлыг мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр баталгаажуулсан.
Гэрч Б.Одончимэг нь 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ "... П.Бмалыг нь хашаанаас хөөгөөд гаргахаар өөрөө ирээд авдаг, мөн тариан талбайд хонио оруулсан байхад нь та битгий хонио оруулаад бай гэж шаардлага тавьж байсан ..." талаар дурдсан байдаг. Мөн О.Батцэнгэлд шөнө мал нь хашаанд орсон талаар утсаар ярьж хэлэхэд ирээд авсан ..." талаар мэдүүлэг өгсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д нотлох баримт нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарыг малаа ......... ХХКтариалалт хийсэн талбайд оруулж ногоон тэжээл, улаан буудайг идүүлж сүйтгэсэн болохыг гэрч Б.Одончимэг, Б.Гантулга нарын мэдүүлэг, "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг зэргээр нотолж баталгаажуулсан. Гэтэл шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг нарийвчлан судлаж, үнэлж дүгнэхгүйгээр хариуцагч нарыг малаа ......... ХХКтариалалт хийсэн талбайд оруулж ногоон тэжээл, улаан буудайг идүүлж сүйтгэсэн нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.
2. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2024/00640 дугаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаар тушаалаар баталсан "Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал"-ын дагуу өөрт учирсан хохирлыг тогтоолгохоор эрх бүхий ажлын хэсэгт хандаж, дүгнүүлээгүй гэжээ.
Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-д " Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэнэ" гэж заасан байх бөгөөд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 , 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд аливаа этгээд бусдаас өөрт учруулсан гэм хороос учирсан хохирлыг хэрхэн барагдуулахыг шаардах, учруулсан гэм хорын хохирлыг хэрхэн тооцох, буруутай этгээд хохирлыг хэрхэн барагдуулах талаар зохицуулсан байдаг.
Тиймээс шүүхээс нэхэмжлэгчийг захиргааны хэм хэмжээний актыг үндэслэн өөрт учирсан хохирлыг тогтоолгох ёстой байсан гэх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн шүүхээс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШТ2020/00047 дугаар тогтоолоор "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийг шинжээчээр томилон нэхэмжлэгч Б.О ХХК-д учирсан хохирлыг тогтоолгож, шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан.
Гэтэл шүүх 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхдээ шүүхээс өмнө нь тогтоолгосон шинжээчийн дүгнэлтээ үгүйсгэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаар тушаалаар баталсан "Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал"-ын дагуу өөрт учирсан хохирлыг эрх бүхий ажлын хэсгээр дүгнүүлээгүй байна гэсэн нь шүүх өмнөх шүүхийн тогтоолоор авч хэрэгжүүлсэн ажиллагаагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн мэт ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
3. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 151/ШТ2020/00017 дугаартай шүүхийн тогтоолоор нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой мэдүүлгийг өгөх ................. нарыг гэрчээр асуухаар шийдвэрлэсэн. Тухайн шүүхийн тогтоолын биелэлт хангагдаагүй бөгөөд нэхэмжлэгч гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзаагүй, мөн шүүхээс тухайн тогтоолыг хүчингүй болгосон ямар нэгэн тогтоолыг гаргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсгүүдэд заасны дагуу аливаа шүүхийн шийдвэр, тогтоол, захирамж заавал биелэгдэх ёстой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсгүүдэд заасны дагуу шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг шүүгч, эсхүл шүүхээс хүчингүй болгоогүй тохиолдолд тухайн тогтоол, захирамж нь хүчин төгөлдөр байж заавал биелэгдэх ёстой.
Гэтэл шүүхээс 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 151/ШТ2020/00017 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгоогүй байж тухайн хүчин төгөлдөр шүүхийн тогтоолын биелэлтийг хангаж хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий мэдүүлгийг өгөх ёстой байсан ...................... нарыг гэрчээр асуухгүйгээр 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдааныг талуудыг оролцуулахгүйгээр хийж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасны дагуу Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2024/00640 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Сэр-Од тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс 3 үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргасан. Үүнд:
1.Анхан шатны шүүхээс хохирол учирсан гэдгийг дүгнэхдээ хариуцагч нар нэхэмжлэгчид хохирол учруулсан гэдгийг нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Манай газрыг тойроод айлууд суурьшсан байсан бөгөөд анх ямар ч харуул хамгаалалтгүй байхад нь хашааг нь эвдээд малаа оруулчихдаг байсан. Түүнээс болж Б.О ХХКнь ажилчид хөлслөөд тухайн газартаа харуул манаач гаргасан боловч малчдын зүгээс удаа дараа шөнийн цагаар хашааг нь эвдээд дахин малаа оруулчихдаг байсан. Малаа ирж аваач гэж дуудах үед хариуцагч н.Бямбацэрэн, н.Батцэнгэл нар нь ирээд малаа туугаад явчихдаг байсан. Та нар манай хашаанд малаа битгий оруулаач гэж хэлэхэд “...та нар манай нутагт ирээд хашаа хороо бариад малын бэлчээрийг булаалаа” гэх зэргээр хэрүүл маргаан хийдэг байсан. н.Одончимэг, н.Гантулга гэрч нарын зүгээс хашаанд н.Бямбацэрэн, н.Батцэнгэл нарын мал тогтмол ороод, малаа өөрсдөө ирээд аваад явдаг талаар гэрчилж мэдүүлсээр байдаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг нь нотлох баримтаар тооцогдоно” гэж заасан. Тэгэхээр гэрчийн мэдүүлэг нь зайлшгүй нотлох баримтад тооцогдох ёстой. Шинжээчийн дүгнэлтэд н.Батцэнгэл нь малаа оруулчхаад буцаад авах гэж байгаа гэрэл зураг авагдсан байдаг. Гэтэл шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж үзэхгүйгээр нотлох баримтгүй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
2.Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч нарын учруулсан хохирлыг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрлэлийн сайд, Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/136, А/158, А/210 дугаар тушаалаар баталсан “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлоо тооцуулах аргачлал”-ын дагуу тооцуулаагүй учраас хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийсэн. Гэтэл Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-д “хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэнэ” гэж заасан.
Иргэний хуулийн иргэн өөрт учирсан хохирлыг барагдуулахаар Иргэний хуульд нарийвчлан зохицуулсан учраас хуулийн зохицуулалтыг тэргүүн ээлжид хэрэглэх ёстой. 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхээс Б.О ХХК-д учирсан хохирлыг тогтоолгохоор 047 дугаар шүүхийн тогтоол гаргаж Хөрөнгийн үнэлгээний төвийг шинжээчээр томилсон. Шинжээчийн дүгнэлтээр 21,486,000 төгрөг бодитойгоор учирсан гэж гарсан. Шүүхээс шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилоод хохирлыг дүгнэлтээр тогтоочхоод байхад эрх бүхий байгууллагаар хохирлыг тогтоолгоогүй байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.
3.2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаар шүүхийн тогтоолоор хэргийн нөхцөл байдлыг мэдэж байсан тариалангийн талбайг харж хамгаалж байсан н.Билэг-Эрдэнэ, н.Эркенбек, н.Эрхэмбаяр гэх гэрчээр асуухаар шийдвэрлэсэн атлаа гэрчүүдийг авчирч асуух талаар ажиллагаа явуулаагүй, шүүхийн тогтоол биелэгдээгүй байхад ажиллагаа явуулж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
6. Хариуцагч О.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч талаас шүүхэд 2020 онд нэхэмжлэл гаргасан. 2020 онд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш уг хэргийн шүүх хуралдаанд оролцоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явуулаагүй. 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд ч гэсэн оролцоогүй. Үүнийгээ зөвтгүүлэхээр давж заалдах гомдлыг гаргалаа гэж ойлгож байна. Нэхэмжлэгч талаас нотлох баримтын асуудлын талаар ярьж байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээд хэргийг шийдвэрлэсэн, шүүхэд үнэлэх нотлох баримт хэрэгт авагдсан байна. Үүнийг заавал нэхэмжлэгчийн талд үнэлэх ёстой байдлаар хандаж болохгүй. Өөрсдөө шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд шүүхэд гаргаж өгсөн тайлбарууд авагдсан байгааг шүүх үнэлж хуулийн дагуу шийдвэрлэсэн. Шүүхийн үнэлж шийдвэрлэсэн нотлох баримтуудыг буруутгаад шүүхийн шийдвэрт халдах гэсэн байдлаар гомдол гаргасан нь үндэслэлгүй. Ер нь нэхэмжлэгч тал 2020 оноос өөрсдөө хэргийнхээ араас явж байгаагүй, ямар нэгэн шаардлага тавьж чадаагүй байсаар өнөөдрийг хүрсэн.
Гэрч асуулгах шүүгчийн захирамжийн талаар ярьж байна. Гэрчээр хэдэн хүнийг асуулгах хүсэлт гаргасан боловч тэдгээр хүмүүс нь олддоггүй, хаана байгаа нь мэдэгддэггүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд үндэслэсэн шийдвэр тул хэвээр үлдээх саналтай байна.
Хашаа эвдэж малаа оруулдаг гэж ярьж байна, үнэхээр хашаа эвдээд мал оруулдаг байсан бол цагдаагийн байгууллагад гомдол гаргаад шалгуулах боломжтой асуудал. Гэхдээ цагдаад хандсан боловч цагдаагаас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэн нь хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байхад гэм хор учирсан гэж үзэх үндэслэлгүй. О.Б-ийн мал хашаанд орж байсан гэж байгаа боловч тэнд байдаг бүх айлууд нь малаа бэлчээрт гаргадаг байсан. Хавтаст хэргийн 42 дугаар талд Засаг даргын захирамжид 2019 оны 10 дугаар сарын 15-ны дотор бүрэн дуусгах гэсэн утга бүхий захирамж байдаг. Гэтэл тус компани нь 11 дүгээр сард учирсан гэм хорын асуудал яриад байгаа. 2019 оны 10 дугаар сарын 15-ны дотор хураагаад дуусчих ёстой байхад гэм хор учирсанд малчдыг буруутгаад байгаа нь үндэслэлгүй. Өөрсдөө хураах цагт нь амжуулж хурааж дуусгах л ёстой байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэржаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон гэж давж заалдах шатны шүүхээс үзэж, дараах дүгнэлтийг хийв.
2. Нэхэмжлэгч Б.О ХХКгэм хорын хохиролд 21,486,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Бямбацэрэн, О.Батцэнгэл нар эс зөвшөөрч маргажээ.
3. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж шийдвэрлэсэн үндэслэл тогтоогдлоо.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ. Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцдэг.
Ингэхдээ зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцээн явагдах ба ийм тохиолдолд шүүхэд талуудын мэтгэлцэх зарчим бүрэн утгаараа хангагдсан гэж үзнэ.
5. Хариуцагч О.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “...Миний бие Баянхонгор аймагт байрлах “Шаргалжуут амралт, эрүүл мэндийн цогцолбор”-т 2024 оны 7 дугаар сарын 01-ээс 2024 оны 7 дугаар сарын 09-нийг дуустал эмчлүүлэх тул товлогдсон шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлт гаргажээ. /2-р хх-н 11/
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 62 дугаар тогтоолоор хариуцагч О.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулгын “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэржаргал болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагч П.Б, хариуцагч О.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүнийг эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болохоор зохицуулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд шүүх хуралдаанд нэхэмжлэгч, эсхүл хариуцагчийн аль нэг нь ирээгүй тохиолдолд шүүх хуралдаанд оролцож байгаа зохигч талуудын аль, аль нь хэргийг шүүх хуралдаанд ирээгүй талын эзгүйд шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэргийг тухайн үед цугларсан баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэж болохоор хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл дээрх зохицуулалт нь нэхэмжлэгч, хариуцагчийн аль нэг нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн тохиолдолд хамааралтай бөгөөд тэдгээрээс шүүх хуралдаанд ирээгүй зохигч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан, эсхүл гаргаагүй байсан ч шүүх хэргийг шийдвэрлэж болохоор байна.
7. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх хуралдаанд зохигч талуудын хэн аль нь хүрэлцэн ирээгүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэж үзэх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
8. 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болоржаргалын “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн үед хамт байсан гэх гэрч ........... нарыг асуулгах” тухай хүсэлтийг /1хх-н 55-56/ анхан шатны шүүх хангаж, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 151/ШТ2020/00017 дугаартай шүүхийн тогтоол гаргасан байна.
Улмаар 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 151/ШТ2020/00033 дугаар шүүхийн тогтоол гаргаж гэрч М.Е-ээс мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгэж ирүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгаж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар гэрч ........... нарыг шүүхэд дуудан ирүүлж, мэдүүлэг авах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн.
Мөн дахин 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШТ2020/00047 дугаар шүүхийн тогтоолоор Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа М.Е-ийг гэрчээр мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгэж ирүүлэхийг Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгаж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар гэрч ............ нарыг шүүхэд дуудан ирүүлж, мэдүүлэг авах ажиллагаа явуулахаар шийдвэрлэжээ.
9. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд анхан шатны шүүхээс гэрч М.Е-ээс мэдүүлэг авах талаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус даалгасан боловч биелэгдээгүй, Г.Билэг-Эрдэнэ, Н.Эрхэм нараас мэдүүлэг авах ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хоорондох мэтгэлцээний үндсэн дээр явагддаг онцлогтой.
Мэтгэлцээний хүрээнд хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээлэл болох нотлох баримтаа өөрөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.
Харин хэргийн нотлох баримт болох гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч нь гэрчээс мэдүүлэг авхуулах хүсэлт гаргах эрхтэй.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “............ нараас гэрчийн мэдүүлэг авхуулах” тухай хүсэлтийг хангасан мөртлөө эдгээр нэр бүхий хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч, нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа хийгдээгүй, шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
11. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
12. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг дээрх үндэслэлээр хангасан тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,380 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2024/00640 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэржаргалын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ......... ХХКдавж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,380 /хоёр зуун жаран таван мянга гурван зуун ная/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ