| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0527/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/522 |
| Огноо | 2019-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2019/ШЦТ/522
2019 5 31 2019/ШЦТ/522
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2019/0527/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
Улсын яллагч: Ц.Амгаланбаатар,
Нарийн бичгийн дарга: С.Уранбилэг,
Шүүгдэгч М.Н /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Н-д холбогдох эрүүгийн 1809056740484 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 23 настай, эмэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХААИС-ийн 4-р курсын оюутан, ам бүл 7, ах, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Уяачдын 3 дугаар гудамжны 4-130 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх М.Н /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Н нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Твин Таур төвийн 6 давхрын ариун цэврийн өрөөнд орхиж гээгдүүлсэн Самсунг Жи-7 маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч Л.Батбаярт 552.000 төгрөгийн хохирол учруулан гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Л.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 30-ны орой 19 цаг 20 минутын үед би ариун цэврийн өрөө рүү хаях хог баруун гартаа бариад, зүүн гартаа утсаа бариад орсон, тэнд хогийн саван дээр утсаа тавьсан байснаа мартаад ариун цэврийн өрөөнөөс гарсан. ...2018 оны 10 сарын 31-ний өглөө 11 цагийн үед би камер шүүлгэсэн. Камер шүүлгэж үзэхэд намайг сүүлд ариун цэврийн өрөөнөөс гарснаас 10 минутын дараа М.Н орсон, дараа нь манай нөхөр, тэгээд Доогий гэх хүн орсон, өөр хүн бол ороогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,
Гэрч М.Хаш-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...цагдаагийн байгууллагад тухайн гар утсыг хүлээлгэн өгсөн. Тэгээд тухайн гар утсыг ямар хүн тавьсныг шүүж үзэхэд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр М.Н гэх 89118325 дугаарын утастай иргэн манай ломбарданд тус утсыг 250.000 төгрөгөөр тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 15-16 тал/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15-16 тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 25 тал/,
Шүүгдэгч М.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тухайн үед надад сургалтын төлбөр төлөхөд мөнгө хэрэгтэй байсан учраас гар утсыг авсан. Би ломбарднаас гар утсыг буцаан авч, хохирогчид хүлээлгэж өгсөн байгаа. Би маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Н нь 2018.10.30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Твин Таур төвийн 6 давхрын ариун цэврийн өрөөнд хохирогч Лхүндэвжамцын Батбаярын орхиж гээгдүүлсэн Самсунг Жи-7 маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж авч, түүнд 552.000 /таван зуун тавин хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулан завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Н-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч М.Н-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Хохирогч Л.Батбаяр нь “...Миний бие өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авч ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 48 дугаар талд өгсөн байх тул шүүгдэгч М.Н-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Н-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг прокурор болон шүүгдэгчийн саналаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч М.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Н-г бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч М.Н-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэндэх хүртэл шүүгдэгч М.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР