| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01123/И |
| Дугаар | 01158 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 01158
2016 оны 09 сарын 23 өдөр Дугаар 142/ШШ2016/01158 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 08 дугаар гудамжны 07 тоотод оршин суух, Сайхан хулж овгийн Пүрэвсүрэнгийн Энхтайваны /регистрийн дугаар ХИ63101309/ хүсэлттэй нас тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Энхтайван, гэрч Г.Дугаржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Энхтайван шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Пүрэвсүрэн овогтой Энхтайван нь 1961 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн. Өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл иргэний цахим үнэмлэхэнд 1963 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн гэж бичигдсэн. Одоо Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаанд 1961 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн гэж бүртгэгдсэн байна. Иймд 1963 оныг 1961 он болгож өгнө үү ” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Энхтайван нь 1961 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн 55 настай болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.П.Энхтайваны Төрсний бүртгэлийн 00/003623 дугаар лавлагаанд “Пүрэвсүрэнгийн Энхтайван 1961 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн” гэжээ.
2.Пүрэвсүрэнгийн Алимаагийн иргэний үнэмлэхний хуулбарт “төрсөн он 1964 сар 05 өдөр 05, регистрийн дугаар ФМ64050551” гэжээ.
3.Пүрэвсүрэнгийн Дугаржавын иргэний үнэмлэхний хуулбарт “төрсөн он 1959 сар 02 өдөр 19, регистрийн дугаар ФБ59021930” гэжээ.
4.Гэрч П.Дугаржав шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Манай аавыг Жамбын Пүрэвсүрэн, ээжийг Дугарын Цэрмаа гэдэг байсан. Бид эцэг эхээс 6-лаа П.Алтанцэцэг, П.Гоёцэцэг, би, П.Энхтайван, П.Алимаа, П.Энхцэцэг. П.Энхтайван 1961 онд төрсөн. Алимаа луу жилтэй, 1964 онд төрсөн” гэв.
Нэхэмжлэгч П.Энхтайван нь 1961 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн болох нь П.Энхтайваны төрсний бүртгэлийн 00/003623 тоот лавлагаа, гэрч П.Дугаржавын мэдүүлгээр тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч П.Энхтайваны төрсөн дүү П.Алимаагийн иргэний үнэмлэхний хуулбар хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд П.Алимаагийн төрсөн он сар өдрийг 1964 оны 05 дугаар 05 гэсэн байна. Харин нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхэд түүний төрсөн он сар өдрийг 1963 оны 10 дугаар сарын 13 гэсэн ба нэхэмжлэгч 1963 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн бол дүү П.Алимаа нь 1964 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн байх боломжгүй юм.
Нэхэмжлэгч П.Энхтайван 1961 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн 55 настай болох нь хэрэгт авагдсан 00/003623 тоот лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч П.Дугаржавын мэдүүлгээр нотлогдож байгаа дээрхи баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сайхан хулж овгийн Пүрэвсүрэнгийн Энхтайваныг 1961 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн 55 настай болохыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА